Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1974

 

Ж.Х-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01789 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Х нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Т, Ц.Ц нарт холбогдох

2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ж.Х-аас Ж.Т-д олгогдсон итгэмжлэл хууль бус байсныг тогтоолгох, дээрх итгэмжлэлийн дагуу Ж.Т, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагч Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н

Хариуцагч Ц.Цэнгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Т, Ц.Ц нар 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 52 тоот 2 өрөө борон сууцыг барьцаалсан. Уг орон сууц Ж.Х-ны өмчлөлийнх бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалуулсан. Өөрөөр хэлбэл, Ж.Х нь Ж.Т-д итгэмжлэл олгоогүй бөгөөд энэ талаар огт мэдээгүй байхад тэрээр бусдад барьцаалсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 9 дүгээр сард уг орон сууцыг битүүмжлэх мэдэгдэл ирүүлэхэд мэдсэн. Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын шүүхэд Ц.Ц нь Ж.Т-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасныг мэдээд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч шүүх 2 сарын хугацаа өнгөрсний дараа хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ж.Х-ны Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлээс авсан архивын хуулбарт Ж.Т, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 6-д барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгч буюу барьцаалагчид шилжүүлэхээр заасан нь нэхэмжлэгч Ж.Х-ны өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ж.Т хууль бусаар барьцаалаад зогсохгүй зээлийн төлбөрт шууд шилжүүлэн өгөхөөр гуравдагч этгээдтэй гэрээ хийсэн нь Ж.Х-ны өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Уг барьцааны гэрээг байгуулахдаа Ж.Т нотариатч Д.Дашцэдэнгийн гэрчилсэн итгэмжлэлийг үндэслэсэн тул нотариатчийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00434 дүгээр шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нотариатч Д.Дашцэдэнгийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэлийг гэрчилж 1105 дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ж.Х-аас Ж.Т-д олгогдсон гэх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.4-т заасан  шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 64.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус итгэмжлэл юм. Иймээс дээрх хууль бус итгэмжлэлийн дагуу Ж.Т, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Х манай эхнэрийн төрсөн дүү. Иргэний үнэмлэх нь гэрт ширээн дээр байхад нь аваад өөр хүн дагуулж явж нотариатч дээр очоод итгэмжлэл хийлгэсэн. Энэ итгэмжлэлийн дагуу Ц.Ц-ээс 80 000 000 төгрөг зээлж Ж.Х-ны өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Миний бизнес бүтэлгүйтээд Ц.Ц-д зээлээ төлж чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Т, Ц.Ц нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд Ж.Т нь Ц.Цэнгэл 80 000 000 төгрөг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 52 тоот Ж.Х-ны өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Ц.Ц нь барьцааны гэрээ байгуулахдаа итгэмжлэл, түүнд тусгагдсан мэдээллийг үндэслэн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ц.Ц-тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байхад маргаан бүхий эд хөрөнгийг гуравдагч этгэдээс хууль бус, хүчин төгөлдөр бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар Ц.Ц маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч бөгөөд Ц.Ц-тэй байгуулсан барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцааг шаардах эрх хүчинтэй юм. Шүүхээс Ж.Х-аас Ж.Т-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч Д.Дашцэдэнгийн үйлдлийг хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэн хүчингүй болгосон хэдий ч итгэмжлэлийг хүчингүй болгосон зүйлгүй. Иймд Ц.Ц-тэй байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцааны гэрээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Ж.Т, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Т-аас 314 075 төгрөг, Ц.Ц-ээс 314 075 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Халиунд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Ц үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.Х-аас Ж.Т-д олгосон итгэмжлэлийг үндэслэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ц.Ц зээлийн болон барьцааны гэрээ байгуулахадаа итгэмжлэлийг гуравдагч этгээдээс хууль бус, хүчин төгөлдөр бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагвартай холбоотойгоор Ц.Ц-д холбогдуулан шаардлага гаргах үндэслэлгүй. Ж.Х-аас Ж.Т-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байгаа ч хариуцагч буюу барьцаалагч Ц.Ц барьцааны эрхийг хууль бусаар аваагүй. Ц.Ц, Ж.Т-тай барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Ж.Х-аас олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон шийдвэр гараагүй байсан богөөд уг хэлцлийг хийхэд нотариатч журам зөрчсөн гэх нөхцөл байдлыг хариуцагч буюу барьцаалагч мэдэх боломжгүй байсан. Ц.Ц нь Ж.Төмөрбаттай барьцааны гэрээ байгуулахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр нотариатчаар баталгаажсан итгэмжлэлийн үндсэн дээр байгуулснаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцэл хийгээгүй учир барьцааны гэрээ байгуулах үед Ж.Х-аас Ж.Т-д олгосон итгэмжлэлээр зохих этгээдийн зөвшөөрөл батлагдаж байсан. Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Ж.Т, Ц.Ц нарт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ж.Х-аас Ж.Т-д олгогдсон итгэмжлэл хууль бус байсныг тогтоолгох, дээрх итгэмжлэлийн дагуу Ж.Т, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Х-аас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ж.Т-д олгосон итгэмжлэлийн үндэслэн Ж.Т нь мөн өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 522 тоот, 2 өрөө орон сууцыг Ц.Ц-д барьцаалуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх итгэмжлэл болон барьцааны гэрээтэй холбоотой хэлцлүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байхыг хуулиар тогтоосон байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шийдвэр гаргаснаар ямар нэгэн үр дагавар шийдвэрлэх гэж буй нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнээр үр дагаврыг хэрхэн арилгуулах тухай шаардлага гаргасан нь тодорхойгүй байхад шүүх тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

Нэхэмжлэгч өөрийг нь мэдээгүй байхад өмчлөх эрхийг нь шилжүүлэн авсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч энэ тухай нэхэмжлэлийг бичгээр гаргаагүй, хариуцагч өөрийгөө шударга эзэмшигчийн хувьд өмчлөх эрхийг шударгаар олж асван гэх хариу тайлбар гаргаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй шууд холбоотой эсэхийг тодруулах нь маргааны зүйлийг тогтоох боломжтой болно.

           Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01789 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц-эс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА