Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0003

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 30 өдөр                    

               Дугаар          

     128/ШШ2020/0003

              Улаанбаатар хот

                               

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Гомдол гаргагч: У ХК

Хариуцагч: СЗХны улсын байцаагч Ц.Э.

Гомдлын шаардлага: “СЗХны улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, Б.П, өмгөөлөгч Б.О, хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч У ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдөөс шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч СЗХны хяналтын улсын байцаагч Ц.Э-ийн шийтгэлийн хуудаст “...У ХК нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн” гэж үзсэн.

У ХК болон “Н” ХХК нь 2013 онд байгуулсан зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сунгасан шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргасан байна” гэх үндэслэлээр торгосон. Зээлийн гэрээг сунгасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаарахгүй гэж үзэж байгаа. Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үнэ тогтоосон, төлбөр тооцоо гүйцэтгэсэн үйлдэл байгаагүй. Шийтгэлийн хуудас дээр хэдий Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан, гэрээг сунгасан үйлдэл гэж заасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбараар зээлийн тооцооны үнэ тогтоосон болон валютаар төлбөр тооцоог гүйцэтгэсэн байна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл зээлийн үйлчилгээний хувьд “Н” ХХК-иас "У" ХК-д зээлийн үйлчилгээ үзүүлсэн гэж тооцогдож байгаа. Зээлийн үйлчилгээний хувьд үнэ тогтоох гэдгийг зээлийн хүүгийн хувиар тогтоосныг ойлгох ба үнэ тогтоох гэдгийг хуулиар тайлбарласан зүйл байхгүй ба эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл тухайн бараа, ажил үйлчилгээг гадаад, дотоод хүчин зүйлээс үл шалтгаалан тогтоосон үнийг хэлдэг ба үнэ тогтоох аргачлалын дагуу тухайн бараа, ажил үйлчилгээг бүтээхэд хэрэглэсэн түүхий эдийн зардал, тоног төхөөрөмжийн зардал, ажлын явцад гарсан өртөг болон уг бараа, ажил үйлчилгээний маркетингийн зардал, бусад зардлууд болон байгууллагын дотоод зохион байгуулалт зэргээс хамаарсан дотоод, гадаад хүчин зүйлээс шалтгаалан үнэ тогтоодог. Гадаад хүчин зүйлсэд зах зээлийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээ, зах зээлийн төлөв байдал, бусад хүчин зүйлүүдийг судалсны үндсэн дээр үнэ тогтоодог.

Үнэ тогтоох асуудал нь тухайн ажил, үйлчилгээ үзүүлэх гэж байгаа тал нь бараа, ажил үйлчилгээгээ зах зээлд гаргахаасаа өмнө дээр дурдсан дотоод болон гадаад хүчин зүйлсийг харгалзан зах зээлд нийлүүлэх үнийг шийдвэрлэхийг үнэ тогтоох гэдэг. Бидний хувьд “Н” ХХК-иас зээлийн үйлчилгээ авсан. Зээлийн үйлчилгээг “Н” ХХК нь үзүүлэхээсээ өмнө зээлийн хүүгийн хувийг 2013 оны гэрээнд 1.22% гэж тогтоосон. Бидний ямар нэг оролцоогүй. Уг тогтоосон байгаа үнийг зээлийн үнэ тогтоох гэдэг. Хувиараа зээл олгож байгаа хүний хувьд ч гэсэн 10 хувь гэж тогтоолоо гэж бодоход бидний ямар нэг оролцоогүйгээр тогтоосон байдаг.

Иймд үнэ тогтооход У ХК нь ямар нэг байдлаар оролцоогүй. Хугацааны хувьд ч гэсэн 2013 оноос өмнө тогтоосон байна. Төлбөр тооцоог валютаар гүйцэтгэсэн гэж байгаа ч манай компанийн хувьд төлбөр тооцоог валютаар гүйцэтгэсэн зүйл байхгүй. Монгол мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж байсан. Төлбөр тооцоо гүйцэтгэнэ гэдэг нь нэг этгээд нөгөө этгээдэд төлбөрийг шилжүүлж буй үйлдлийг хэлдэг. Төлбөр тооцоог бэлэн мөнгөөр эсхүл арилжааны банкны дансаар шилжүүлдэг. У ХК-ийн хувьд Голомт банкны дансаар шилжүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн ба баримт нь нотлох баримтаар авагдсан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гэрээний хувьд таван гишүүний гаргасан тогтоолыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж байгаа ч Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэсэн гурван заалт заасан. Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т заасан “үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан” гэсэнтэй уялдсан гэж тайлбарласан ч Төлөөлөн удирдах зөвлөлийн гэрээг сунгасан шийдвэр гаргасан нь үнэ тогтоох, төлбөр тогтоох, зарлан сурталчлах үйлдлийн алинд нь ч хамаарахгүй. Нэгэнт уг зүйлд хамаарахгүй байгаа учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэхгүй байгаа бол шийтгэл оногдуулахгүй” гэсэн заалтын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх үйлдэлтэй нийцэхгүй байгаа тул зөрчлийн хэргийг нээж, шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЗХны даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу У ХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Уг шалгалтын хүрээд СЗХны хяналтын улсын байцаагч нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд У ХК болон “Н” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “3ээлийн нэмэлт гэрээ” байгуулсан байсан. Энэхүү гэрээгээр Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ” гэсний дагуу хийж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан. Үндсэндээ “Н” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний Зээлийн нэмэлт гэрээний дүнг 3,500,000 ам.доллараар гэрээ байгуулах санал тавьж, У ХК нь хүлээн зөвшөөрч байгуулсан буюу 3,500,000 ам.доллараар гэрээний үүргийн үнийн дүнг илэрхийлж байгуулсан үйлдэл нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн шийтгэл оногдуулж, хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон.

Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. У ХК болон “Н” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний зээлийн нэмэлт гэрээг 3,500,000 ам.доллараар байгуулж, үүргийн үнийн дүнг гадаад валютаар илэрхийлсэн ба 3,500,000 ам.долларыг зээлийн нэмэлт гэрээний хавсралтаар хувиар тооцож баталсан байдаг. Энэ нь өмнөх шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгчийн дотоод дансны хуулгаар нотлогдож байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХК болон “Н” ХХК нь анх байгуулсан валютын зээлийн гэрээ 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сунгалт хийсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг “зээлийг сунгасан” гэж буруутгаагүй. Зээлийн гэрээний үнийн дүнг валютаар хийсэн үйлдэл буруу. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3.500.000 ам.доллараар зээлийн гэрээ хийгдэж, зээлийн үнэ нь тухайн сарын хүүгээр тодорхойлогддог. Иймд сар тутам 3,500,000 ам.долларын хүүг сар бүр валютаар тогтоож, хүүгээ төлж чадахгүй байгаа тул зээлийн үлдэгдэл дээр нэмж төлөх хүсэлтүүдийг сар бүр хийхээр болсон. Зээлийн хүү гэдэг нь зээлийн хувь гэж тодорхойлогддог. Зээлийн хүүг сар бүр валютаар илэрхийлэхдээ зээлийн дүн дээр нэмж өгнө гэсэн хүсэлтүүдээс зээлийн дүнг валютаар хийсэн нь нотлогдож байна. Тухайн байгууллага нь банкаар шилжүүлсэн гэж хэлж байна. Хуульд зааснаар бэлэн болон бэлэн бус гэж заагаагүй. Банкаар гүйлгээ хийх нь бэлэн бус гүйлгээ гэж тооцогдоно. Компани хооронд дотоодын валютын данс нээж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн байгаа ба үүнийг бэлнээр гүйцэтгэж байгаа төлбөр тооцооны нэг хэлбэр гэж үзнэ. Төлбөр тооцоог валютаар хийсэн гүйлгээ нь тухайн байгууллагын шалгалтын ажлын хэсэгт гарын үсэг зурж, тамга дарж өгсөн дотоодын дансны хуулгаар нотлогдож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч У ХК тус шүүхэд хандан “СЗХны улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т  заасанчлан ”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” ойлгох бөгөөд

СЗХны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т тус тус заасанчлан Хороо нь “...хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийх” бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхээ Хорооны даргын томилсон хянан шалгагчаар дамжуулан хэрэгжүүлдэг.

2. СЗХны даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаар тушаалаар У ХК-ийн үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалтыг хийх удирдамжийг батлан, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 216 дугаар тогтоолоор хяналт шалгалтын хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

Ажлын хэсэг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр У ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтын тайланг нэгтгэн гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “газар дээрх шалгалтын дүгнэлтийг үндэслэн “У” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Х, гүйцэтгэх захирал С.С нарт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр Хорооны улсын байцаагчийн Албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөх нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн дагуу Ажлын хэсгийн ахлагч СЗХны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах зөвлөх, улсын байцаагч Н.Н 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагаар хяналт шалгалтын явцад илэрсэн 14 төрлийн зөрчилтэй холбогдуулан тодорхой үүрэг, даалгаврыг өгч биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хороонд  албан ёсоор ирүүлэхийг үүрэг болгожээ.

3. Улмаар шалгалтын явцад холбогдогч У ХК-ийн үйл ажиллагааны явцад Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т заагдсан зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” –т заасан журмын дагуу мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр У ХК болон “Н” ХХК-д холбогдуулан 1901000008 зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу 1901000008 дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагааг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах зөвлөх Н.Н, хянан шалгагч Ц.Э нар явуулжээ.

4. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтан болох Ц.Э нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр холбогдогч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, У ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х нараас мэдүүлэг авч, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 05 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 3/06 дугаар тогтоолоор хэрэг бүртэлтийн хугацааг 30 хоногоор тус тус сунгуулан, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалыг холбогдогчид танилцуулж, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсаар У ХК-д 0055525 дугаар шийтгэлийн хуудсаар “Н” ХХК-д тус бүр дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

5. Гомдол гаргагч У ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ “...зээлдүүлэгч тал ... зээлээ ам доллароор олгоно гэснээр ... аргагүйн эрхэнд ам доллароор зээлийн гэрээ байгуулсан”, “... хуульд заагдсан үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэдэг нь зээлийн харилцааны хувьд зөвхөн зээлдүүлэгчид хамаарах заалт”, “... зээлийн буцаан төлөлт, хүүг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж байсан”, “... зээлийн гэрээг анх 2013 онд байгуулсан... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” хэмээн тайлбарлан маргаж байна.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, У ХК болон “Н” ХХК-иуд нь Монголбанкнаас олгогдсон албан ёсны тусгай зөвшөөрөлгүйгээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ZH/7/18 дугаар Зээлийн гэрээ /шугамын зээл/ байгуулан 3.500.000 ам долларыг 5 жилийн хугацаатай зээлэн авсан, гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор У ХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Н” ХХК-тай ZH/7/18-01 дугаар “ZH/7/18 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ” гэрээг байгуулан, гэрээний хавсралт “Зээл, зээлийн хүүг төлөх хуваарь”-т “Зээлийн хэмжээ: $3.500.000” , “зээлийн хугацаа 60 сар” байхаар харилцан тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.” гэх заалтыг зөрчсөн болох хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан 1901000008 дугаар зөрчлийн хэрэг, Монголбанкны 2019 оны Б-10/1225 дугаар албан бичиг, “Л” ХХК-ийн 2019  оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/19/18 дугаар албан бичиг, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий ZH/7/18 дугаар Зээлийн гэрээ /шугамын зээл/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий ZH/7/18-01 дугаар ZH/7/18 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ, Зээл, зээлийн хүүг төлөх хуваарь, 12******* дугаар У ХК-ийн зээлийн дансны  2016 оны 1 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн харилцагчийн хуулга болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоож, зөрчил гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”-т заасан шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хууль нийцсэн байна гэж шүүх үзэв.

8. Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “энэхүү зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч гомдол гаргагчийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Н” ХХК-тай ZH/7/18-01 дугаар “ZH/7/18 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ”-г байгуулснаараа Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-г зөрчсөн,

хариуцагч улсын байцаагч хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын дүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар СЗХны улсын байцаагч шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдлийг У ХК гаргасан болохыг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2. “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”-т нийцсэн байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн СЗХны улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий У ХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА