Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар    2022/ШЦТ/­­­­15 

 

 

 

 

 

2022 оны   01 сарын 14 өдөр                                  Дугаар    2022/ШЦТ/­­­­15                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэсувд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Н.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох 2129000000124 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  нь мэдүүлэхдээ: Би тэр өдөр цалин буугаад хоёр хүүхэд дээрээ очсон. “Тэгээд гэрт орсон чинь бүгдээрээ архи ууцгаасан сууж байсан. Хоёр хүүхдээ үнсчхээд гаръя гэсэн чинь яах гэж ирсэн юм. Хүүхдүүдээ хаяж явчхаад яах гэж ирж байгаа юм гээд хуучин салсан эхнэр маань тэгж хэлсэн.  Хоёр хүүхдээ үнсчхээд цалин буусан мөнгө өгчхөөд явъя гэсэн чинь тэндээс Зулбаяр арчаагүй эр юм. Эхнэр хүүхдээ хаяж явчхаад гэхээр нь би чамд хамаагүй миний амьдрал гэж хэлчхээд явж байсан чинь дахиж хэрүүл өдөөд дайраад намайг аваад орсон. Тэгсэн 3, 4 хүүхэн гэрээс гар гээд яг гараад явсан чинь араас хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нойл орчхоод буцаад явж байсан чинь гадаа тамхи татаад зогсож байхаар нь цохисон. Тэгээд нэг дэвссэн.” гэв.

Хохирогч Ч.З : “...би жоохон сууж байгаад Б  хамт нойл орчхоод гэр лүү буцаад алхаж байтал гэнэт нүүр лүү хүн хоёр удаа цохичихсон. Тэгээд чихнээс цус гараад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р хуудаст/,

Гэрч Ц.О : “...тэгээд нөгөө орж ирсэн залуу З наашаа гараад ирдээ чаддаг юм бол гээд байсан. Ц чи яах гээд байгаа юм бэ, яв гар гээд түлхээд гэрээс гаргасан. Тэгээд Зр Байгалаа хоёр бие засах гээд гэрээс гарчихсан байж байгаад Зр гэнэт цус болчихсон хэн нь мэдэгдэхгүй намайг цохичихлоо гээд ороод ирсэн. Байгалаа араас нь “сая Цгийн хуучин нөхөр Золоог цохичхоод явчихлаа” гээд ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 14-15-р хуудаст/,

Гэрч Б.У : “...би нойл орчхоод гэр лүү орох гээд явж байхад хажуу талаас нэг хүн ирээд Зрыг цохиж унагачхаад дээр нь гараад зодоод байхаар нь би хажуу талаас нь татаад хүн аллаа шдэ гэхэд Зр найз Д машин дотроосоо гүйж ирээд “чи найз яагаад зодоод байгаа юм бэ” гээд нөгөө залууг салгахад Зр гэр лүү гүйгээд орсон. Тэгээд Зрыг цохисон залуу гэрийн араар ороод яваад өгсөн. Тэгээд Зрын чих нь сэтэрчихсэн цус гараад байхаар нь цагдаа дуудсан”, “би болиоч хүн аллаа гээд татахдаа харсан Цгийн салсан нөхөр бид нарыг сууж байхад орж ирсэн залуу мөн байсан. Гарт нь нэг юм байсан харанхуй байсан болохоор яг юу байсныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 16-17-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 522 дугаартай “1. Ч.З  биед баруун чихэнд шарх, зүүн дээд 1, 2-р шүдэнд сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Ч.З  биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Ч.З  биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23-р хуудаст/,

             Шүүгдэгч Н.Б ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 53-57, 59-61-р хуудаст/,

Н.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 31-р хуудаст/,

Н.Б ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 35-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 Шүүгдэгч Н.Б  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Цэций уулын 601 тоот хашаанд 2021 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Ч.Зртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж, нүүр рүү нь өшиглөн зодож, баруун чихэнд шарх, зүүн дээд 1, 2-р шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б ийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.З  эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Б  нь хохирогч Ч.З  толгойн тус газар нь чулуугаар цохиж, нүүр рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.З  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 522 дугаартай “1. Ч.З  биед баруун чихэнд шарх, зүүн дээд 1, 2-р шүдэнд сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Ч.З  биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Ч.З  биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-н 22-23 дугаар хуудас/

Хохирогч Ч.Зр шүүгдэгч Н.Б ээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг баримтгүйгээр нэхэмжилсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж хохирогч нь эмчилгээний гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Н.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б  урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Б ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Б  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.З  шүүгдэгчээс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон тул хохирогч эмчилгээний гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ