Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2022/0013/Э |
Дугаар | 2022/ШЦТ/16 |
Огноо | 2022-01-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/16
2022 оны 01 сарын 14 өдөр Дугаар 2022/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,
Шүүгдэгч: Т.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/,
Шүүгдэгч: Д.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Ө, Д.Т нарт холбогдох 2129000000158 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Х.А И” ХХК-ийн ажилчдын амрах байранд О.П эрх чөлөөнд халдаж, хөмсөг хэсэгт цохиж улмаар тархи доргилт зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Х.А И” ХХК-ийн ажилчдын амрах байранд О.Пг хайчаар цээжин тус газар нь хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө нь мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нь мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч О.П : “...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байдаг “Х.А ” ХХК-ийн амралтын 2 дугаартай өрөөндөө ажлаасаа буугаад амрах гэж байхад манай өрөөний ажилтан Т архи уучихсан согтуу байсан. Тэгэхэд МАНАЙ ӨРӨӨНД Цогт гаднаас орж ирэхдээ гартаа улаан иштэй жижиг хайч барьчихсан орж ирээд Ттэй юм яриад байсан тэр үед би гар утсаар оролдоод орон дээрээ дээгүүрээ шалдан хувцасгүй хэвтэж байгаад орон дээрээ сууж байсан чинь Т нөгөө хоёр хүнийг хайчаар чичлээд байж байснаа над руу хүрч ирээд “ингэчихвэл яах вэ” гэж хэлээд шууд миний цээж рүү барьж байсан хаячаа дүрчихсэн тэгэхээр нь би босоод Т нүүр лүү нэг удаа цохиж аваад цаашаа нэг давхар орон дээр хэвтэж байсан Өг Ц андуураад нэг удаа цохиж авсан чинь Ө намайг зөрүүлээд нэг удаа цохиж авсан. Тэгэхэд миний зүүн талын хөмсөг сэтэрч цус гарсан. Тэгээд би өрөөнөөс гараад кемпийн эмч дээр очоод үзүүлсэн. Тэгээд кемпийн эмч намайг сумын эмнэлэг дээр авчирч эмчид үзүүлэхэд эмч миний хөмсөг болон цээжин дээр нэг нэг оёдол тавьж боосон... согтуудаа л намайг хайчаар дүрсэн. Өмнө нь нэг удаа бид хоёр хоорондоо маргаж байсан өөр ямар нэгэн шалтгаан байхгүй... өрөөнд Т, Ө , Ганзориг бид дөрвүүл байсан мөн Цогтоо орж ирсэн. Намайг өрөөний баруун талын нэг давхар орон дээр сууж байхад Т хайчийг тэр барьж байсан залуугаас аваад над руу хүрч ирээд зүүн хөхний доод хэсэгт нь нэг удаа дүрчихсэн... Т намайг хайчаар нэг удаа дүрсэн. Мөн Ө миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохиж авсан... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 24-р хуудаст/,
Гэрч Ө.Хишигбаярын: “...Би 2021 оны 11 сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хишиг-Арвин И” ХХК-ийн кемпийн ажилчдын амрах өрөөндөө амрах гээд хэвтэж байхад гаднаас манай нэг тогооч орж ирээд хоёр оператор нэгнийхээ цээж рүү хайчаар дүрээд гэмтээчихлээ эмч байна уу гэж орж ирэхээр би тогоочоос хаана юу болсон талаар асуухад тогооч “гэмтсэн хүн нь А корпусд ирчихсэн байна гэж хэлэхээр би явж эмчийг аваад А корпус дээр очиход А-25 тоот өрөөнд П дээгүүрээ шалдан цээжнийхээ зүүн хэсэг орчимд юмаар зүсч гэмтээсэн шархтай түүнээс цус гарч байсан. Тэгээд би юу болсон Пгээс асуухад манай өрөөний ах Т миний цээж рүү нэг удаа хайчаар дүрчихсэн гэж хэлсэн. тэгээд бид нар амралтын Ю-2 дугаартай өрөөнд ороход оператор Т нь архи уучихсан согтуу байдалтай орон дээр сууж байхаар “яагаад архи дарс уучихсан юм бэ” гэхэд өөдөөс ээлжээр ирэхдээ Цогт-Овоо сумын дэлгүүрээс жижиг шилтэй архи авч уусан гэж хэлсэн. тэгээд ямар шалтгааны улмаас Пгийн биед гэмтэл учруулсан талаар асуухад “би зүгээр хайч өгөх гээд шидсэн чинь цээжин тус газар зүсэгдсэн” гэж л хэлсэн. тэгээд би харуулын хүмүүс рүү ярьж Т, Ө нарыг драйгер багажаар согтолтын зэргийг нь шалга гэж хэлчхээд сумын цагдаагийн дуудлагын утас руу ярьж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 11-12-р хуудаст/,
Гэрч Д.Ц : “...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт байдаг “Х.А ” ХХК-ийн ажилчдын амрах кемп дээрээ байж байгаад 1 дугаартай амрах байранд ороход тэнд Ганзориг, П, Т, Ө тэр дөрвүүл байсан. Би орохдоо улбар шардуу бариултай жижиг хайчийг авч орсон байсан юм. Гутлын улавч хайчлах гэж байсан юм. тэгээд өрөөнд ороход Т ах юу хайч юм бэ гэхээр би гутлын улавчийг хайчлах гэж байгаа юм гэж хэлсэн чинь надаас тэр хайчийг нааш өгөөдөх гэж хэлээд миний барьж байсан хайчийг надаас авсан. Тэгтэл тэр хайчийг Өлзий Т ахаас аваад цааш нь хийчих шиг болсон тэгээд би тэд нартай юм яриад сууж байхад Т ах нөгөө хайчийг авчихсан миний хажууд зогсож байсан. Би тэгээд за за явлаа гээд босоод үүд рүү эргэтэл П та намайг хатгачихлаа шдээ гэсэн чинь Т ах “өө ёстой дүү уучлаарай гэж хэлсэн чинь цээж хэсгээс нь цус гарч байсан тэгтэл П ах миний хажуугаар ороод орон дээрээ сууж байсан Ө ахыг цохиод автал, Ө ах зөрүүлээд Пгийн нүүр хэсэгт нь нэг удаа цохиод авчихсан. Би Ө ахыг та яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Т ах хайчаа надад өгөхөөр нь би тэр хайчийг аваад өөрийнхөө өрөөний шургуулгад хийчихсэн. Тэгээд удаагүй намайг кемпийн харуул хамгаалалтын хүмүүс дуудаад юу болсон талаар асуусан... би Т, Өлзий ах нартай мэнд асуух гэж орсон юм. Би эсгий улавч хайчлах гэж хайч аваад явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-н 40-41-р хуудаст/,
Гэрч О.Н : “...намайг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт байдаг “Х.А ” ХХК-ийн ажилчдын амрах кемп дээр амарч байхад манай кемп менежер өрөөнд орж ирээд хүн үзүүлье гэж хэлэхээр би өрөөнөөс хамтдаа гараад ажлын өрөө рүүгээ явж байхад коридорт ажилтан П дээгүүрээ нүцгэн байдалтай цээж болон хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд өрөөнд оруулан үзэхэд зүүн цээжний зүрх орчимд зүсэгдсэн шархтай, мөн зүүн нүдний хөмсөг хэсэгт нь язарсан шархтай байхаар би үзэж цусыг тогтоон боолт хийлгүүлээд Цогтцэций сумын эмнэлэг рүү авч яваад сумын эмнэлэгт үзүүлэхэд цээж болон хөмсгөнд нийт 3 оёдол тавьсан. Тэгээд аймар руу явж цээжний зургаа авхуул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 40-45-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 644 дугаартай “1. О.П биед тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, цээжний өмнө хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2. Цээжний өмнө хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 57-58-р хуудаст/,
Т.Ө яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ний орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт байдаг “Х.А ” ХХК-ийн ажилчдын амрах кемп дээрээ ажлаасаа бууж ирчхээд оройныхоо хоолондоо орчхоод амрах гэж байхад манай өрөөний Ганзориг, П, Т нар байцгаасан. Тэр үед Т архи уучихсан жаахан халамцуу байдалтай байсан. Тэгээд бид нарыг орон дээрээ хэвтэж байхад гаднаас Цогт орж ирсэн өрөөнд орж ирэхдээ ягаан өнгийн бариултай жижиг хайч бариад орж ирсэн. Тэгээд удаагүй Цогтыг одоо гар гээд Т барьж байсан хайчийг аваад цааш хийсэн. Тэгэхэд Т ах Пг “Одоо унтацгаая, чи унтахгүй юу хийгээд байгаа юм бэ гээд гараа хөдөлгөх шиг болоход П Тийг “та намайг хайчаар дүрчихлээ” гэж хэлсэн. Тэгэхэд П намайг орон дээр хэвтэж байхад хүрч ирээд миний баруун талын шанаа руу нэг удаа цохиж авахаар би цааш түлхээд нүүр лүү нэг удаа цохиж авсан чинь хөмсөгнөөс нь цус гарсан тэр үед Цогт хүрч ирээд бид хоёрыг боль гэж хэлсэн. Тэгэхэд Пгийн зүүн талын хөхний хавьд зүсэгдсэн шарх байсан, мөн зүүн талын нүдний хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэр үед Т ах Пд “ахыгаа уучлаарай, би буруу юм хийчихлээ” гэж хэлсэн тэгээд удаагүй П өрөөнөөс гараад явчихсан. Тэр үед өрөөний шалан дээр дуссан байсан цусыг Т ах даавуугаар арчиж цэвэрлэсэн. Тэгээд удаагүй кемп менежер, Хөдөлмөр хамгаалалтын ажилтан харуулын дарга нар ирээд юу болсон талаар асуугаад бид нарыг өрөөнөөс гаргаж өрөө өрөө рүү оруулсан. Намайг орон дээрээ хэвтэж байхад гэнэт хүрч ирээд “чи муу хайч өгдөг хэн бэ” гэж хэлээд намайг цохихоор би зөрүүлээд нэг удаа цохисон чинь зүүн нүдний дээд хөмсөг нь язарчихсан тэгээд түүнээс нь цус гарсан. Намайг Ц андуураад цохиж авсан. Тухайн үед П шоконд орчихсон байсан байх. Бусдаар бол намайг цохих ямар нэгэн шалтгаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 79-90-р хуудаст/,
Д.Т ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос ажилдаа явах гэж “Х.А ” ХХК-ийн ажилчдын автобусаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байдаг кемп дээрээ ирсэн юм. Би тэгээд замдаа Цогт-Овоо сумын дэлгүүр дээр ирээд жижиг савтай /100 грамм/-ын 2 шил архийг худалдаж аваад түүнийгээ уучхаад автобусандаа суугаад орой 20 цагийн үед кемп дээрээ ирсэн. Тэгээд кемп дээрээ хувцсаа сольж оройны хоолоо идчихээд В-2 тоот өрөөндөө амрах гэж байхад манай хажуу талын өрөөний Цогт гаднаас орж ирсэн тэр өрөөнд орж ирэхдээ гартаа нэг хул шар өнгийн иштэй жижиг хайч барьчихсан орж ирсэн. Би тэгэхээр тэр хайчийг нь Цогтоос аваад голын төмөр хувцасны шкабанд хийсэн чинь Цогт би хайчаа авлаа би гутлын улавч хайчлах гэж байгаа юм гээд хайчаа аваад явахаар би хүрч очоод хайчийг авчхаад байж байхад П орон дээр шалдан хувцасгүй утасны чихэвчээ зүүчихсэн сууж байхаар би Пг унтаач гээд гартаа барьж байсан хайчаараа зүүн хөхний доод хэсэгт нь нэг хатгасан чинь П намайг зүсчихлээ, орчихлоо шүү дээ гэж хэлсэн чинь хатгасан нүхнээс цус гараад ирэхээр би Пг “өө ахыгаа уучлаарай, миний буруу шүү” гэсэн чинь П босож ирээд миний цээж рүү 2 удаа цохиж авахаар би “ахын чинь буруу” гэж хэлсэн чинь П цусаа гоожуулаад Ө дээр хүрч очоод нэг удаа нүүр лүү цохиод авсан чинь Ө зөрүүлээд Пгийн зүүн талын хөмсөгний хавьд нэг удаа цохиж авсан чинь хөмсөг нь язраад түүнээс мөн цус гарсан. Тэгтэл түүнийг Цогт очоод салгасан тэгэхээр би Пгийн гарсан цусыг арчих гээд өрөөнөөс гаргахгүй гэж хоёр гараас бариад байж байхад П кемпийн удирдлагад мэдэгдэнэ гээд намайг түлхчхээд өрөөнөөс гараад явчихсан. Тэгээд удаагүй кемп менежер А, Хөдөлмөр хамгаалалтын ажилтан Хишигээ, харуулын дарга Зоригтбаатар нар ирээд юу болсон талаар асуугаад өрөөнөөс гаргаж өөр өрөө рүү оруулсан. Миний буруу би хайч барьж байгаад Пгийн зүүн хөхний доод хавьд нь нэг удаа хайчаар дүрчихсэн. Бусдаар бол ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би өөрөө жаахан архи уусан байснаас болж ийм үйлдэл гаргачихлаа” гэх мэдүүлэг /хх-н 85-86-р хуудаст/,
Шүүгдэгч Д.Т ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 96-113, 120-127-р хуудаст/,
Д.Т ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 95-р хуудаст/,
Д.Т ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 116-119-р хуудас/
Шүүгдэгч Т.Ө хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 134-140-р хуудаст/,
Т.Ө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 114-р хуудаст/,
Т.Ө Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 129-133-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Өлзий, Д.Т нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Т.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Х.А И” ХХК-ийн ажилчдын амрах байранд О.П эрх чөлөөнд халдаж, хөмсөг хэсэгт цохиж улмаар тархи доргилт зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Х.А И” ХХК-ийн ажилчдын амрах байранд О.Пг хайчаар цээжин тус газар нь хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Өлзий, Д.Т нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Өлзий, Д.Т нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч О.П эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.Ө нь хохирогч О.П нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон, Д.Т нь хохирогч О.П цээжин тус газар нь хайчаар хатган зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Өлзий, Д.Т нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Өлзий, Д.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.П эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 644 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд 1. О.П биед тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх, цээжний өмнө хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2. Цээжний өмнө хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, тархи доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-н 57-58 дугаар хуудас/
Хохирогч О.П нь Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Оюунчимэг овогтой П би Өлзий болон Т нарт гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.
Хохирогч О.П гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Т.Ө, Д.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Т.Ө, Д.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ө урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 114 дүгээр хуудас/,
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Ө, Д.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө, Д.Т нарыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Ө, Д.Т нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т , Т.Ө нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Өлзий, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.Ө, Д.Т -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өлзийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Т , Т.Ө нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Т , Т.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.П гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т , Т.Ө нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т , Т.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ