| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2022/0016/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/19 |
| Огноо | 2022-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
2022 оны 01 сарын 24 өдөр Дугаар 2022/ШЦТ/19 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Т.Солонго,
Шүүгдэгч: Б.Х /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б. Х холбогдох 2229000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х нь мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Н найзтайгаа явж байхад З таараад бид хоёр өмнө нь адуу малын асуудал байсан. Түүнээс болж хоёул маргалдсан. Тэгээд Зтой маргалдаад тэр үед суман дээрээс бой хийчхээд явж байгаад гутлын түрүүнд нэг хутгатай байсан. Түүгээр зүссэн” гэв.
Хохирогч Э.Згийн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг Манлай сумын төвд найзтайгаа утсаар яриад гэрт нь очиж уулзах гээд явсан. 19 цагийн үед болж байсан санаж байна. Манлай сумын төвд Өлзийт гэх хэртэй дэлгүүрийн баруун талын засмал зам дээр тааралдсан. Найзтайгаа уулзаад гэрт чинь яваад очъё гэсэн юм яриад зогсож байхад манай найз бас уулзаад зогсож байсан 2 залуугийн нэг нь Х гэх нэртэй залуу гэнэт мотоцикпиосоо бууж ирээд надтай мэнд ус мэдсэнгүй гэж хэлээд намайг заамдаж миний зүүн шанаа руу баруун гаргаарай 2 удаа цохисон. Цаана нь зогсож нөгөө залуу болох Н шууд хүрч ирээд манай найзыг яагаад байна? гэж хэлээд баруун шанаа руу бас 1 даа цохисон тэгээд бид нар хоорондоо муудалцсан. Тэгээд тэр 2-ын дундаас муудалцаж салж гараад зогсож байхад Н эхлээд өөдөөс дайран хамаг хувцсаа тайлан бүсэлж явсан тэлээгээрээ намайг шавардаад зодож цохисонг нь хамгаалан эсэргүүцэл үзүүлсэн боловч Х нь хажуугаас орж ирээд гутлын түрийнээс хутга гаргаж ирэн өөдөөс над руу далайж дайрсан. Би эхлээд нэг хоёр удаа бултсан боловч миний зүүн гарын долоовор хурууг хутгаар зүссэн. Тэгээд би чи намайг зүсчихлээ гэсэн боловч миний өөдөөс дахин дахин хутгаа барин энэ хутгаар чамайг ална гээд байсан. Хажуу талаас нь Н гэгч залуу дээл бүсэлж явсан суран тэлээний арлаар нь шавхартах гээд дайраад байсан. Тэгээд зугтаагаад цагдаагийн байгууллага болон эмнэлэгт мэдэгдсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн ' гарын долоовор хуруунд 4 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 13-14-р хуудас/
Гэрч Ч.А“...:2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19 цаг өнгөрч байхад би Өмнөговь аймаг Манлай сумын төвд Өлзийт дэлгүүрийн баруун талын засмал зам дээр Б.З гэх найзтайгаа уулзаад зогсож байсан. Тэгэхэд манай 2 найз болох Н болон Х хоёр ирсэн. Тэгээд бид нар хоорондоо мэнд ус мэдэж юм ярьж зогсоцгоосон. Хэрүүл маргаан болох шинжтэй байхаар нь би явсан...өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Б.Нгийн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19 цаг өнгөрч байхад би Өмнөговь аймаг Манлай сумын төвд Өлзийт дэлгүүрийн баруун талын засмал зам дээр явж байхад Б.З авто машинтайгаа зам дээр зогсож байсан. Миний ард мотоцикпьтой Х явж байсан тэр хоёр хойно муудалцаж, хэрүүл маргаан хийж байсан. Тэгээд би буцаж явж очиход Б.З, Х 2 хорондоо маргалдаж байхад би найзыгаа аваад зүгээр явъя гэхэд дүү нар тэгдэггүй юм аа том том шаагаад байгаарай гэхлээр нь би муудалцсан. Би Зтой муудалцаад бүсэлж явсан суран бүсээрэй цохисон боловч оноогүй. З бид хоорондоо маргалдаж байхад Х хажуу талаас орж ирэн өшиглөж, нүүр рүү нь цохисон, Б.З намайг хутгалчихлаа гэхлээр нь би Х гутлынхаа түрүүнд байсан хутгаар зүссэн юм байна даа гэж мэдсэн...Хийн гарт нь хутга байхыг би харсан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 28-29-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 652 дугаартай “1. Б.Згийн биед баруун сарвууны 2-р хуруунд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун гарын 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Б.Згийн биед учирсан баруун сарвууны 2-р хурууны шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Б.Згийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Б.Згийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт / хх- ийн 35-36-р хуудас/
Шинжээч эмч Б.Б “...Б.Згийн биед баруун сарвууны 2-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 42-43-р хуудас/
Яллагдагч Б.Х ийн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Манлай сумын төвд Өлзийт дэлгүүрийн баруун талын засмал зам дээр автомашинтайгаа хүнтэй уулзаад зогсож байсан...Б.Зтой адууны малны асуудлаас маргалдсан, намайг ахтайгаа ингэж харьцдаг юм уу? Гээд бид 2 хоорондоо хэрэлдсэн Намайг Б.З та нар шиг хүүхдүүд ахтайгаа ингэж харьцдаг болчихсон юм уу? Гээд бариад авахаар нь би гутлын түрүүнээсээ хутга гаргаж ирж Згийн хурууг зүссэн...Би биед баруун сарвууны 2-р хуруунд шарх, баруун гарын 2 хуруунд зөөлөн эдлэлийн няцрал гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/
Шүүгдэгч Б.Х ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 52-57, 61-62, 68-75-р хуудаст/,
Б.Х ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 66-р хуудаст/,
Б.Х ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 77-86-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Өмнөговь аймаг Манлай сумын төв Өлзийт дэлгүүрийн баруун талд хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Зтой маргалдаж, хутгаар зүсэж баруун сарвууны 2-р хуруунд шарх, баруун гарын 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Х ийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Згийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Згийн баруун сарвууны 2-р хуруунд шарх, баруун гарын 2-р хурууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Згийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 652 дугаартай “1. Б.Згийн биед баруун сарвууны 2-р хуруунд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун гарын 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Б.Згийн биед учирсан баруун сарвууны 2-р хурууны шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Б.Згийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Б.Згийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт / хх- ийн 35-36-р хуудас/ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “Б.З миний бие 2022.01.03-ны өдөр Б.Б өөс эмчилгээний зардлын мөнгө авсан учир одоо гомдол санал байхгүй...” /хх-н 92-р хуудаст/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 66-р хуудас/,
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Х ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Х нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.З нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ