Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­21

 

  

 

 

 

2022 оны 01 сарын 28 өдөр                                  Дугаар 2022/ШЦТ/­­­­21                                                Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: О.Б  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т О.Б    холбогдох 2129002530013 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б  нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр, нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 122 дахь километрт 19-38 ХӨН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Ү   амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-27-р хуудас/

     Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32- р хуудас/

     Гэрч Т.Д : “...Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны өглөө эхнэр хүүхдүүдийн хамтаар Ханбогд, Дэмчогийн хийд орох гээд явсан ...Чойгийн тохой гэх газарт ирэхэд түрүүн гүйцэж түрүүлээд явсан хар өнгийн приүс-30 маркийн автомашин замын зүүн тал руу онхолдсон байдалтай зүүн тийшээ хараад хэд хэд өнхөрсөн гэмээр байдалтай 4 дугуй дээрээ зогсож байсан.... осолд орсон машины хажууд очиход босоод зогсож байсан хүүхэн “бид хоёртой хүүхэд явсан, хүүхэд хаана байна” гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийг нь хайсан чинь нөгөө хүүхэд машины урд талд 10 орчим метр газарт байх замын ховил дотор хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 103-104-р хуудас/

     Гэрч Б.А “...2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед би найз залуу Бтай, Б өөрийн бага охин талийгаач Ү аваад бид дөрөв Бийн хуурай дүү болох Б гэх хүний 19-38 ХӨН улсын дугаартай тоёота приүс-30 маркийн хар өнгийн автомашинаар Улаанбаатараас гараад Өмнөговь аймгийн Цагаан хад руу явсан. манай найз залуу Б уг машиныг жолоодон явсаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өглөө үүрээр 07 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд ирээд Б үлдээд цаашаа Бт машиныг нь өгсөн. Цогтцэций сумаас Цагаан хад руу Б өөрөө машинаа бариад явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Талийгаач Ү арын суудал дээр хөндлөн байрлалтай унтаж явсан... өөдөөс нар тусаад нүд гялбаад халууцаад явж байтал эргэлтэн дээр гэнэт замаас гарчихсан. Би тэр хэсгийн юмыг сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111-р хуудас/

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2269 дугаартай “1. Талийгаачид гавал тархи, мөчдийн хавсарсан гэмтэл, гавал тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл дээрх ялтаслаг цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн орой, хажуу завсар, суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн зулай, чамархайн хажуу, зүүн дух, чамархайн дэлбэн, дух, чамархайн баруун дэлбэнгийн эдийн няцрал, суурь ясны хугарал, хуйханд цус хуралт. Баруун атгаал ясны далд хугарал, нүүр, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдсэн, нэг цаг хугацаанд үүссэн, шинэ, амь насанд аюултай гэмтлүүд байна. 3. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх гавал тархины хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас тархины үхжил, зөөлрөл, зогсонгишлын хатгаагаар хүндэрч нас баржээ. 5. Талийгаач нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны 10 цаг25 минутад нас барсан байна. 6. Талийгаач нь О/1/ бүлгийн цустай байна. 7. ГССҮТ-д эрчимт, сэхээн амьдруулах эмчилгээ 3 хоног хийгдэж байгаад нас барсан тул шүүх химийн шинжилгээ хийгдээгүй. 8. Ходоод шинжлэхэд 10,0-20,0 мл цайвар ногоон шингэн агууламжтай” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 158-164-р хуудас/

            Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тоёота приүс-30 маркийн 19-38 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан О.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэх магадалгаа /хх-ийн 154-155-р хуудас/

Яллагдагч О.Б ийн: “...би 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад гэх газар луу 20 цагийн үед Алтансарнай, Б, талийгаач охин нарын хамт гарсан. Тухайн үед Б машиныг жолоодон Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэл яваад өглөө нь 07 цаг болж байхад Цогтцэций суманд орж ирсэн. Тэгээд би үргэлжлүүлэн 19-38 ХӨН улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон цааш явсан. Тэгээд явж байсан чинь машин гэнэт зүүн гар тийшээ дараад замын хажуу руу орчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-184-р хуудас/

Шүүгдэгч О.Б ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 232-р хуудаст/,

О.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 202-р хуудас/,

О.Б ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 204-228-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч О.Б  нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр, нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 122 дахь километрт 19-38 ХӨН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Ү   амь нас хохирсон байна.

Шүүгдэгч О.Б ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Шүүгдэгч О.Б  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Ү   амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч О.Б  нь 19-38 ХӨН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 3.7.а, 1.3, 12.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Ү   амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ү   амь нас хохирсон байна.

Хохирогч Б.Ү   амь нас хохирсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2269 дугаартай “1. Талийгаачид гавал тархи, мөчдийн хавсарсан гэмтэл, гавал тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл дээрх ялтаслаг цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн орой, хажуу завсар, суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн зулай, чамархайн хажуу, зүүн дух, чамархайн дэлбэн, дух, чамархайн баруун дэлбэнгийн эдийн няцрал, суурь ясны хугарал, хуйханд цус хуралт. Баруун атгаал ясны далд хугарал, нүүр, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдсэн, нэг цаг хугацаанд үүссэн, шинэ, амь насанд аюултай гэмтлүүд байна. 3. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх гавал тархины хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас тархины үхжил, зөөлрөл, зогсонгишлын хатгаагаар хүндэрч нас баржээ. 5. Талийгаач нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны 10 цаг25 минутад нас барсан байна. 6. Талийгаач нь О/1/ бүлгийн цустай байна. 7. ГССҮТ-д эрчимт, сэхээн амьдруулах эмчилгээ 3 хоног хийгдэж байгаад нас барсан тул шүүх химийн шинжилгээ хийгдээгүй. 8. Ходоод шинжлэхэд 10,0-20,0 мл цайвар ногоон шингэн агууламжтай” /хх-ийн 158-164-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нарансүрэн нь шүүгдэгч О.Б ээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч О.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч О.Б ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч О.Б  нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 202 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч О.Б  нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нарансүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Бийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч О.Б т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нарансүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ