| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00803/И |
| Дугаар | 102/ШШ2017/00778 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/00778
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/00778 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ажилчны гудамж, 131/4 тоотод оршин байх, “Жи Пи Ди” ХХК /РД:5581427/-ийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Пүре Голд Майнинг” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Пүрэвдорж/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Пи Ди” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жи Пи Ди” ХХК нь “Пүре Голд Майнинг” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн. Гэрээний урьдчилгаа 50 хувь болох 29,370,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр уг компаний захирал Оролмаа овогтой Пүрэвдоржид бэлнээр өгсөн. Гэвч “Пүре Голд Майнинг” ХХК нь гэрээний 1.3, 2.2, 4.1, 4.2, 9.4-р заалтуудыг зөрчсөн нь илэрсэн. Иймд “Пүре Голд Майнинг” ХХК-д урьдчилгаа төлбөр болгон өгсөн 29,370,000 төгрөгөөс 67 тууш метр өрөмдсөн ажлын хөлс болох 8,710,000 төгрөгийг хасаад үлдэгдэл болох 20,660,000 төгрөг, мөн “УУҮО” ХХК-ийн уурхайгаас авсан 400 литр дизель түлшний үнэ болох 576,474.80 төгрөг, гэрээний 4,2-р заалтын дагуу ажлыг хугацаанд нь эхлээгүйгээс гарсан хохирол болох 4,550,000 төгрөг, нийт 25,786,474.80 төгрөгийг “Пүре Майнинг” ХХК, захирал О.Пүрэвдоржоос нэхэмжилсэн. “Пүре Голд Майнинг” ХХК болон захирал О.Пүрэвдорж нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Иймд хариуцагч “Пүре Голд Майнинг” ХХК болон захирал О.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригт шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Жи Пи Ди” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригт би “Пүре голд Майнинг” ХХЗ-ийн захирал О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон. Миний эзгүйд хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Пи Ди” ХХК нь “Пүре голд Майнинг” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,786,474.80 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2016/24987 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Дээрх шүүгчийн захирамжаас үзвэл нэхэмжлэгч “Жи Пи Ди” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Пүре голд Майнинг” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Пүрэвдорж/-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Пүре голд Майнинг” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Пүрэвдорж/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Жи Пи Ди” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
“Пүре голд Майнинг” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Пүрэвдорж/ нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Газар бизнес төв, 303 тоотод оршин байсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Пүре голд Майнинг” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Пүрэвдорж/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Пүре голд Майнинг” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Пүрэвдорж/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Жи Пи Ди” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Нэхэмжлэгч: “Жи Пи Ди” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригт, утас: 9999-5398, 9500-0099
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ