Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­22

 

 

 

  

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр                                  Дугаар 2022/ШЦТ/­­­­22                                                Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ц.З  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.З т холбогдох 2229000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.З  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт байх иргэн Т.Н ын гэрт байхдаа иргэн Б.М ыг зодож, биед нь зүүн хацар, доод уруулын язарсан шарх, баруун шанааны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З  нь мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 сарын 30-ний өдөр Н  төрсөн өдрөөрөө ууна гэж 2 шил архийг ууж байгаад сүүлдээ 1 шил архи үлдсэн байсныг М , Отгонбаяр гэх 2 хүн орж ирээд Отгонбаяр өөр айлд орно гээд явсан. Тэгээд М , Н  бид 3 нэг шил архиа уугаад согтоод унтчихсан байсан. Шөнө 3 өнгөрч байхад сэрсэн чинь М ын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд яачив гэсэн чинь чи шөнө босож ирээд намайг зодсон гэсэн. Би согтуугийн улмаас М ыг зодож гэмтээсэн байна” гэв.

Хохирогч Б.М ын: “...2021 оны 11-р сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Руншийн шан ХХК-ний бөмбөлөг, тусгаарлах байрнаас гараад ...Т.Н ын гэрт нь Л.О хамтаар яваад очиход Ц.З , Т.Н  хоёр гэртээ архи уусан байдалтай байсан ...Т.Н , Ц.З  хоёр уугаад үлдээсэн бүтэн шил архиа задлаад бид гурав хувааж ууж дуусгаад байж байхад би нэлээн согтоод эхэлсэн. ...би орондоо ороод унтаж байхад миний дээрээс миний нүүр лүү хэд хэдэн удаа хүн цохиод авахаар нь би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй болиоч гэж хэлээд хөнжлөө нөмрөөд унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрэхэд миний шанаа хавдсан, уруул язарсан байхаар нь би “хэн намайг зодсон юм бэ” гээд Т.Н , Ц.З  хоёроос асуухад “мэдэхгүй бид хоёр уусан архиндаа тасарсан байна” гээд надад хэлсэн... тухайн үед намайг согтуу байхад Ц.З  ямар ч байсан намайг унтаж байхад боогоод намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

Л.О : “...2021 оны 11 сарын 30-ны өдөр ... Б.М  ах Т.Н  гэдэг хүний гэрт нь үлдээд би тэр айлаас гараад өөр газар очиж унтсан. Тэгээд маргааш өглөө буюу 2021 оны 12 сарын 01-ний өглөө би Т.Н  гэдэг хүний гэрт нь яваад ороход Б.М  ах газарт унтчихсан, хөнжил шанаа нүүр хэсгээр цус болчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

Гэрч Т.Н ын “...2021 оны 11 сарын 30-ны өдөр ...Ц.З ын хамтаар ...Цагаан хаданд байдаг манай гэрт ирээд хоол идэж байх зуураа гэртээ төрсөн өдрөөр хэрэглэнэ гэж хадгалсан байсан хоёр шил Эдэн нэртэй архиа гаргаж ирээд Ц.З  бид хоёр нэг шил архиа хувааж уугаад бараг дуусах гэж байхад Б.М , Л.Отгонбаатар гэдэг залуугийн хамтаар манай гэрт ороод ирсэн байсан... Л.Отгонбаатар би өөр газарт очиж амарлаа гэж хэлээд манай гэрээс гараад яваад өгсний дараа бид гурав үлдсэн нэг шил архиа хувааж уугаад би унтаад өгсөн байсан. Тэгээд шөнө дунд 03:00 цагийн үед сэрээд харахад Б.М ын нүүр ам нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад Ц.З  хэвтэж байхад намайг цохисон гээд надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9 дугаартай “1. Б.М ын биед зүүн хацар, доод уруулын язарсан шарх, баруун шанааны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27- 28-р хуудас/

Яллагдагч Ц.З ын “...би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ..Т.Н ын гэрт нь Б.М  гэдэг хүн орж ирээд бид гурав үлдсэн нэг шил архиа хамт хувааж уугаад Б.М  газарт ор засаад унтаад өгсөн юм. Би уусан архиндаа нилээн согтсон байсан санагдаж байна. Тэгээд шөнө дунд сэрэхэд Б.М ын нүүр ам нь цус болчихсон байхаар нь асуухад “чи намайг орондоо ороод хэвтэж байхад ямар ч шалтгаангүй цохисон” гээд надад хэлсэн. Би тухайн үед уусан архиндаа нилээн согтсон байсан болохоор Б.М  гэдэг хүнийг унтаж байхад нь цохиж зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/

             Шүүгдэгч Ц.З ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 47-51-р хуудаст/,

Ц.З ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 54-р хуудаст/,

Ц.З ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 37-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.З т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 Шүүгдэгч Ц.З  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт байх иргэн Т.Н ын гэрт байхдаа иргэн Б.М ыг зодож, биед нь зүүн хацар, доод уруулын язарсан шарх, баруун шанааны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.З  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.З ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.М ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.З  нь хохирогч Б.М ын зүүн хацар, доод уруулын язарсан шарх, баруун шанааны зулгаралт, хүзүүний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.З  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Б.М ын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9 дугаартай “1. Б.М ын биед зүүн хацар, доод уруулын язарсан шарх, баруун шанааны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27- 28-р хуудас/ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.М  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “...Б.М  миний би 2021 оны 11 сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд Ц.З  гэх хүнд зодуулж биедээ хөнгөн гэтэл авсан. Миний зүгээс Ц.З  гэдэг хүнд ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-н 58-р хуудаст/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Ц.З  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.З  нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 54-р хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ц.З ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.З  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.З ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.З т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.З  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Ц.З  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М  нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.З ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ