Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 26

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Баасанхүү,

хохирогч Э.Отгонбат,

шүүгдэгч П.Лхагва-Очир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянбүрд овгийн Пүрэвдоржийн Лхагва-Очирт холбогдох эрүүгийн 201624000309 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн А-1 танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Баянбүрд овгийн Пүрэвдоржийн Лхагва-Очир Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ үе мерси” ХХК-нд тавилгын угсрагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянгын 23 дугаар гудамжны 268 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ИА84120851 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч П.Лхагва-Очир нь Сонгинохайрхан дүүргийн нутагт 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн үед “Тоёота Пробокс” маркийн 64-58 УНН улсын дугаартай авто машиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчин, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Э.Отгонбатын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, 59-00 ЗАН улсын дугаартай “Тоёота Дүэт” маркийн авто машинд 1,465,000 төгрөгийн шууд, 1,845,800 төгрөгийн нийт хохирол, иргэний нэхэмжлэгч А.Сувд-Эрдэнийн эзэмшлийн Б.Мөнх-Од жолоодож явсан 49-08 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн авто машинд 470,000 төгрөгийн шууд, нийт 520,400 төгрөгийн нийт хохирол, иргэний нэхэмжлэгч  Ө.Тамирын жолоодож явсан Бэрс Капитал ХХК-ний өмчлөлийн 46-90 УБИ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашинд 185,000 төгрөгийн шууд, 222,800 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Лхагва-Очир мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Отгонбат мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын үед 59-00 ЗАН улсын дугаартай “Тоёота Дүэт” маркийн авто машиныг жолоодон геологийн төв лабораторийн зүүн талын төв замаар урдаасаа хойш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байгаад улаан гэрэл дохио асах үед дохион дээр зогсож байхад гэнэт араас машин ирж мөргөсөн. Тэгээд цагдаа нар ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Энэ автомашины ослоос болж миний хүзүүний сэртэн яс хугарсан, автомашин хойд урд талаасаа хонхойсон байсан. П.Лхагва-Очироос эм тариа болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэргийг нэхэмжилсэн. Мөрдөн байцаалтад эрүүл мэндэд учирсан хохиролд 160,000 төгрөгийн эм тариа авч өгсөн. 770,000 төгрөгийг бэлнээр өгснийг хүлээн авсан. Мөн шүүхийн шатанд 400,000 төгрөгийг хүлээж авсан. 59-00 ЗАН улсын дугаартай “Тоёота Дүэт” маркийн авто машиныг бүрэн засварлуулж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Мөн эрүүгийн 201624000309 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчдийн тайлбар болон бусад баримтууд болох:

Хохирогч Э.Отгонбатын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цаг өнгөрөөгөөд Толгойт дахь гэрээсээ  бэр эгч П.Наранцэцэгийн надад бэлгэнд өгөөд миний нэр дээр шилжүүлэн авч амжаагүй байсан 59-00 ЗАН дугаартай “Т.Дүэт” маркийн машиныг жолоодож явсан. Ганцаараа хотын төв орох гээд 21 дүгээр хороололоос доошоо уруудаад 5 шарын уулзвараар зүүн гар тийш эргэх гээд 5 шарын уулзвар дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглээд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаад уулзвар дөхөөд иртэл улаан гэрэл ассан тул миний урд талд “Т.Приус 20” маркийн, түүний урд талд “Т.Приус 11” маркийн машинууд зогсож байсан. Ингээд би бас тэр хоёр машины хойд талд нь ирээд зогсож байсан чинь гэнэт л миний машины хойноос тас хийгээд л явсан. Би тэр үед их хүчтэй доргилт авч ухаан манараад байж байтал миний машины урд талын машины жолооч намайг машинаас гаргасан. Ингээд жаахан ухаан ороод арай гайгүй болж ирээд “яасан юу болов” гэсэн чинь “миний хойд талд 64-58 УНН улсын дугаартай “Т.Пропокс” маркийн машин ирж мөргөсөн, тэр машины жолооч нь гэх залуу шал согтуу байна” гэсэн. Ингээд хэн нь ч юм цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Ингээд 103 ирээд намайг үзээд чи гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Мөн тэр үед цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Тэгээд хэмжилт хийлгэсний дараа би гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр үед үеэл эгч Наранчимэг ирж надтай хамт гэмтлийн эмнэлэг рүү явж зураг авахуулсан чинь хүзүүний 5 дугаар нугаламын яс нь хугарсан гэж хэлсэн. Томографикийн зураг авхуулж, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед хөдөлгөөний нягтаршил байхгүй байсан, цас ороогүй байсан. Тэр орчимд гэрлэн дохио байсан. Улаан гэрэл асаад би болон миний өмнөх хоёр машин зогсож байсан. Би тухайн үед суудлын даруулга зүүсэн байсан. Харин зүүсэн тулдаа гайгүй гэмтсэн гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [1],

Мөн түүний мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “... Осол хэрэг болсон цагаас хойш жолооч залуу надад бэлнээр 770,000 төгрөг, мөн баримттай баримтгүйгээр нийлээд 160,000 төгрөгийн эм тариа авч өгсөн нь үнэн. Надад нийт 930,000 төгрөг өгсөн. Ажилдаа явахгүй 2 сар болох учраас 2 сарын цалингаа энэ хүнээс нэхэмжилж байна. Би цалингийн тодорхойлолтоо гаргаж өгсөн. Дунджаар 750,000 төгрөг сар бүр гар дээрээ авдаг. Би энэ хүнээс одоо хоёр сарын цалингийн 1,500,000 төгрөг, мөн өөрөөсөө эмчилгээнд хүзүүний бэхэлгээ 23,000 төгрөг, 4950 төгрөгийн эм, томографийн 240,000 төгрөг нийт 268,000 төгрөг, нийлээд 1,768,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс дээр хэлсэн 930,000 төгрөгөө хасаад нийт 830,000 төгрөг нэхэмжилж байна. ...Миний машиныг өөрөө засварын газарт өгөөд засуулсан учраас миний машинтай холбоотой төлбөрийг барагдуулсан гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг [2],

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ө.Тамирын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Тухайн үед жолоодож явсан 46-90 УБИ улсын дугаартай “Тоёото Приус 10” маркийн машин миний өөрийн эзэмшлийн машин байсан. Ингээд би мөнгөний хэрэг гараад “Бэрс капитал” ББСБ-д барьцаанд тавьсан. Харин 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөнгөө төлж, Сангибат овогтой Чинзориг гэдэг хүнд зараад түүний нэр дээр нь шилжүүлж өгсөн. Энэ осол гарч миний машинд “Вендо” ХХК-аас үнэлгээ хийсэн чинь 185,000 төгрөгийн шууд, харин нийт 222,800 төгрөгийн хохирол учирсан. Ингээд би осол гаргасан жолооч П.Лхагва-Очироос энэ мөнгөө бүгдийг нь барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн би тухайн үед биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэх шаардлагагүй ...” гэсэн тайлбар [3],

 

Мөн түүний 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “…Би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны оройн 23 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Таван шарын уулзвар “Геологийн төв лабортор”-ын зүүн талын замд өөрийн эзэмшлийн байсан боловч “Бэрс” ББСБ-д барьцаанд тавьсан байсан хар хөх өнгийн 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус 10” маркийн машиныг ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглээд явж байгаад уулзвар дөхөөд миний явах улаан гэрэл асахаар нь хамгийн урд талд зогсож байсан чинь түс тас гээд явсан. Ингээд бууж ирээд харсан чинь миний машины хойд талд 49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн машин миний хойд талыг, түүний хойноос 59-00 ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн машин, харин түүний хойд талаас нь 64-58 УНН улсын дугаартай “Т.Пропокс” маркийн машин мөргөөд зогссон байсан. Би хамгийн арын машин дээр яваад очсон чинь жолооч нь гэх залуу шал согтуу сууж байсан. Миний хойд талд байсан 49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн машины жолооч 102, 103-т дуудлага өгсөн. Харин 59-00 ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн машины жолооч залуу нь “миний хүзүү эвгүй болчихлоо” гээд байсан. Удалгүй түргэн ирж тэр залууг үзсэн. Харин би, миний хойд талын машины жолооч нар тэр үед биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй учраас үзүүлээгүй. Ингээд удалгүй Замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд бид нар явцгаасан. Миний бодлоор хамгийн хойд талын согтуу жолооч их согтолттой байж машин барьж яваад хойноос ирж мөргөснөөс болж энэ осол гарсан. Өөр юу осол гарахад нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэр осол болсон газар засмал замтай, гэрэлтүүлэг сайн, үзэгдэх орчин сайн, халтиргаа гулгаа цас бороо орсон зүйлгүй, гэрлэн дохионы бид нарын явах эгнээний улаан гэрэл ассан байсан. Би ганцаараа явж байсан. Миний машины хойд талын багаж хонхойсон, хойд талын гупер халцарсан...” гэх мэдүүлэг [4],

 

Иргэний нэхэмжлэгч А.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Тухайн үед жолоодож явсан 49-08 УБӨ улсын дугаартай “Тоёото Приус 20” маркийн машин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ би машинаа нэг их унадаггүй, харин манай нөхөр Б.Мөнх-Од байнга унадаг. Мөн тухайн осол хэрэг болох үед манай нөхөр өөрөө унаж явсан. Энэ осол гарч миний машинд “Вендо“ ХХК-иас үнэлгээ хийсэн чинь 470,000 төгрөгийн шууд, харин нийт 520,400 төгрөгийн хохирол учирсан. Би осол гаргасан жолооч П.Лхагва-Очироос энэ мөнгөө бүгдийг нь барагдуулж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэрэв шүүх хурал болсон тохиолдолд миний бие суух боломжгүй байна...” гэсэн тайлбар [5],

Гэрч Б.Мөнх-Одын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны оройн 22 цаг өнгөрөөд бараг 23 цаг 00 минут болж байх үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, таван  шарын уулзвар “Геологийн төв лабортор”-ын зүүн талын замд өөрийн эхнэрийн эзэмшлийн 49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн машиныг ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглээд жолоодон явж байтал уулзвар дөхөөд иртэл миний явах улаан гэрэл асчихсан байсан. Миний өмнө талд 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус 10” маркийн машин зогсож байсан. Ингээд би тэр машины харалдаа хойд талд нь очиж зогсоод гэрэл асахыг хүлээж байсан чинь түс тас гээд явсан. Тэгээд би урд талын машиныхаа хойд талын гупер рүү мөргөөд, өөрөө машиныхаа хойд тал руу мөргүүлээд авсан. Бууж ирээд харсан чинь миний машины хойноос 59-00 ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн машин, харин түүний хойд талаас нь 64-58 УНН улсын дугаартай “Т.Пробокс” машин мөргөөд зогссон байсан. Хамгийн урд талын машины жолооч залуу бууж ирээд, би тэр залуутай хамгийн хойд талын машин дээр яваад очсон чинь жолооч нь гэх залуу нэлээн согтуу сууж байсан. Тэгээд би 88036195 дугаарын гар утаснаас 102, 103-т дуудлага өгсөн. Харин 59-00 ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн машины жолооч залуу “миний хүзүү эвгүй болчихлоо” гээд байх шиг байсан. Удалгүй 103 ирж тэр залууг үзсэн. Тэр үед би, миний урд талын машины жолооч нар биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй учраас үзүүлээгүй юм. Ингээд удалгүй Замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд бид нар явцгаасан. Миний бодлоор хамгийн хойд талын согтуу жолооч их согтолттой байж машин барьж яваад хойноос ирж мөргөснөөс болж энэ осол гарсан. Тэр осол болсон газар засмал замтай, гэрэлтүүлэг сайн, үзэгдэх орчин сайн, халтиргаа гулгаа цас бороо ороогүй, гэрлэн дохионы улаан гэрэл ассан тул хүлээгээд зогсож байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Миний машин манай эхнэрийнх учраас өөрөө байцаалт өгч хэлэх байх. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тэр залуугаас өөрийн эхнэрийн өмнөөс 520,000 төгрөг бэлнээр авсан. Одоо надад болон эхнэрт маань ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Шүүх хурал болсон үед би болон эхнэр очих боломжгүй байна...” гэх мэдүүлэг[6],

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Долгоржавын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “…23 цагийн үед Лхагва-Очир надруу утсаар яриад би таван шарын уулзвар дээр машинтайгаа явж байгаад осол гаргалаа гэхээр нь яваад очсон чинь яг урд талын машины жолооч нь хүзүүндээ гэмтэл авсан эмнэлэг рүү явсан, харин урд талын 2 машины жолооч нар нь байсан. Замын цагдаа нар хэмжилт хийж байсан. Ингээд хэмжилт хийж дуусаад Лхагва-Очирын машин нь явах боломжгүй болсон гээд ачигчаар журмын хашаа руу явсан. Харин би дүүгээ аваад гэр рүүгээ яваад маргааш нь Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газарт очсон. ...Манай дүү надад хэлэхдээ би архи уусан нь үнэн, гэхдээ би тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа андуурч гишгээд энэ осол гарсан гэж хэлсэн. ...”  гэх мэдүүлэг [7],

Мөрдөн байцаалтад гэрч П.Эрдэнэ-Очирын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...тэр оройдоо эгч Долгоржав руу ах залгаад эгч очсон гэсэн. ...Дараа нь ахтай уулзаад “яагаад ийм хэрэг гарчихваа” гэж асуухад согтуу явж байгаад таван шарын уулзвар дээр зогсож байсан машинуудын хойноос ирж байгаад машинаа зогсоох гэж тоормосоо гишгэсэн чинь андуурч хаазаа гишгэж санамсаргүй ийм хэрэг болсон гэж хэлсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг [8],

Мөрдөн байцаалтад гэрч Э.Амарбатын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...59-00 ЗАН улсын дугаартай машин миний нэр дээр байсан юм. Би машинаа мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьсан байгаа юм. Би машинаа төрсөн дүү Э.Отгонбатад өгсөн, нэг ёсондоо зарсан гэсэн үг юм. Машины эргэн төлөлтийн мөнгийг манай дүү надад өгч би тушаадаг юм. Одоо энэ машин надад ямар нэгэн байдлаар хамаагүй, миний дүүгийн эзэмшлийн машин байгаа юм. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [9],

 

Мөрдөн байцаалтад П.Лхагва-Очирын сэжигтнээр 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, Толгойтод  өөрийн эзэмшлийн 64-58 УНН улсын дугаартай “Т.Пропокс” маркийн машинтай явж байгаад зүс таних ...Батаа гэдэг найзтайгаа уулзсан юм. Ингээд машинд  суугаад жаахан буу халж байгаад хоёулаа хоорондоо яриад нэг шил 0,75 граммын архи авч уусан. Тэгээд нэг мэдсэн нилээн муудсан машинтайгаа гудамжинд сэргэсэн. ...гэр рүүгээ харихаас гэж бодоод машинаа жолоодоод ганцаараа “Чингис Соосэ” сургуулийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт чиглэн явж байгаад 21-р хорооллоор ертөнцийн зүгээр урагшаа эргээд 5-н шарын уулзвар чиглээд явсан. Ингээд таван шарын уулзвар дөхөөд “Геологийн төв лабортор”-ын зүүн талын автобусны буудлын орчимд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан чинь миний явах урсгалын улаан гэрэл асаад нилээн хэдэн машин зогсож байсан. Би дөхөж ирээд хурдаа хасаж тоормос гишгэх гэж байгаад хаазаа гишгэж урдаа зогсож байсан 59-00 ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн машиныг хойд талаас нь мөргөж жолоочийнх нь хүзүүнд гэмтэл учруулсан. Түүний ард талд байсан 49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн, мөн түүний урд талд байсан 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус 10” машинуудыг мөргөж хохирол учруулсан. Тэгээд би машиндаа сууж байсан чинь нөгөө мөргүүлсэн машины жолооч нар ирж уулзсан. Тэгээд намайг согтуу гэдгийг мэдээд 102, 103-т дуудлага өгсөн. Ингээд түргэн тусламж ирж нөгөө гэмтсэн Отгонбат гэдэг жолоочийг авч явж, харин цагдаа нар нөгөө хоёр жолооч болон намайг байлгаж байгаад замын хэмжилт хийсэн. Ингээд миний машин явах хөдлөх боломжгүй байсан учраас ачигч дуудаж журмын хашаанд хийсэн. Би “В” ангилалтай жолооч, тэр үед ганцаараа явж байсан. Би өөрөө “А” цэгийг зааж өгсөн. Тэр үед гадаа харанхуй болсон байсан. Замын хөдөлгөөний нягтаршил гэх зүйл байхгүй байсан. Би архи ууж өөрийн болгоомжгүй үйлдлээс энэ хэрэг гарсан. Би тэр үед 40-50 км цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байсан. Хэрэг болох үед унаж явсан машин миний өөрийн нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин. Тиймээс би өөрийн машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Би хохирогч Б.Мөнх-Одод хохирлын 520,400 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн. Хохирогч Ө.Тамирт 222,800 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Харин Э.Отгонбатад машиныг нь засаж өгч, мөн дээрээс нь эмчилгээ болон бусад зардлыг барагдуулна...” гэх мэдүүлэг[10],

 

Мөн түүний яллагдагчаар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би 49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн машин, 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус 10” маркийн машинуудад учирсан хохирлыг бүрэн бүтнээр нь өгч барагдуулсан, Харин 59-00 ЗАН улсын дугаартай Т.Дүэт маркийн машиныг өөрөө засварт оруулаад засаад өгсөн. Хохирогч Отгонбат надад машинтай холбоотой гомдол байхгүй, харин эмчилгээнд нийт надаас 930,000 төгрөг бэлнээр болон эм тарианд авсан. Одоо надаас 830,000 төгрөг гаргаад өгвөл гомдолгүй гэсэн. Иймээс би өөрийн боломжоороо хохирлыг нь барагдуулах гээд хичээж байна...” гэх мэдүүлэг [11],

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4726 тоот:

1. Э.Отгонбатын биед  хүзүүний 5-р нугалмын баруун талын үений дээд сэртэнд хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч М.Энхтайван/ гэсэн дүгнэлт[12],

-Техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 231 тоот:

“...1. 59-00ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн машины жолооч Э.Отгонбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2.49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн машины жолооч Б.Мөнх-Од нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус 10”  маркийн машины жолооч Ө.Тамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. 64-68 УНН улсын дугаартай “Т.Пробокс” маркийн машины жолооч П.Лхагва-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно”:

а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. /Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзориг/ гэх дүгнэлт [13],

-Зам тээрийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[14],

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилт хийсэн бүдүүвч зураг[15],

-2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23.21 цагт жолооч П.Лхагва-Очирын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл [16],

            -Хохирол нэхэмжилсэн баримтууд [17],

            -Хохирол төлсөн баримтууд [18],

- Т.Пробокс маркийн 64-58 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа [19],

- “Вендо” ХХК-ний гаргасан автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлтүүд, автомашинуудын гэрэл зураг [20],

-Шүүгдэгч П.Лхагва-Очирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [21] ,

-Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн газрын гаргасан жолоочийн лавлагаа, мэдээлэл буюу П.Лхагва-Очирын “В” ангилалын үнэмлэх хүчинтэй тухай лавлагаа  [22] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.Лхагва-Очир нь Сонгинохайрхан дүүргийн нутагт 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн үед “Тоёота Пробокс” маркийн 64-58 УНН улсын дугаартай автомашиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журмыг зөрчин, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно”: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Э.Отгонбатын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж,  “Ричфинанс” ББСБ-ын эзэмшилд бүртгэлтэй, 59-00 ЗАН улсын дугаартай “Тоёота Дүэт” маркийн авто машинд 1,465,000 төгрөгийн шууд, 1,845,800 төгрөгийн нийт хохирол,

-иргэний нэхэмжлэгч А.Сувд-Эрдэнийн эзэмшлийн Б.Мөнх-Од жолоодож явсан 49-08 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн авто машинд 470,000 төгрөгийн шууд, 520,400 төгрөгийн нийт хохирол,

-иргэний нэхэмжлэгч Ө.Тамирын жолоодож явсан “Бэрс Капитал” ХХК-ний эзэмшлийн 46-90 УБИ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашинд 185,000 төгрөгийн шууд, 222,800 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-хохирогч Э.Отгонбатын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цаг өнгөрөөгөөд Толгойт дахь гэрээсээ  ...59-00 ЗАН дугаартай “Т.Дүэт” маркийн машиныг жолоодоод ганцаараа хотын төв орох гээд 21 дүгээр хороололоос доошоо уруудаад ...таван шарын уулзвар дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглээд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаад уулзвар дөхөөд иртэл улаан гэрэл ассан. ... миний урд талд Т.Приус 20 маркийн, түүний урд талд Т.Приус 11 маркийн машинууд зогсож байсан. Ингээд би бас тэр хоёр машины хойд талд нь ирээд зогсож байсан чинь гэнэт л миний машины хойноос тас хийгээд л явсан. ...яасан юу болов гэсэн чинь миний хойд талд 64-58 УНН улсын дугаартай Т.Пропокс маркийн машин ирж мөргөсөн,  тэр машины жолооч нь гэх залуу шал согтуу байна гэсэн...” гэх мэдүүлэг [23], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-Ө.Тамирын гэрчээр мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “…Би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны оройн 23 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, таван шарын уулзвар “Геологийн төв лабортор”-ын зүүн талын замд ...хар хөх өнгийн 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус 10” маркийн машиныг ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглээд явж байгаад уулзвар дөхөөд миний явах улаан гэрэл асахаар нь хамгийн урд талд зогсож байсан чинь түс тас гээд явсан. ...бууж ирээд харсан чинь 49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн машин миний хойд талыг, түүний хойноос 59-00 ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн машин, харин түүний хойд талаас нь 64-58 УНН улсын дугаартай “Т.Пропокс” маркийн машин мөргөөд зогссон байсан. Би хамгийн арын машин дээр яваад очсон чинь жолооч нь гэх залуу шал согтуу сууж байсан. ...” гэх мэдүүлэг [24],

-гэрч Б.Мөнх-Одын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны оройн ...23 цаг 00 минут болж байх үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, таван шарын уулзвар, “Геологийн төв лабортор”-ын зүүн талын замд эхнэрийн эзэмшлийн 49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн машиныг ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглээд жолоодон явсан. ...уулзвар дөхөөд иртэл миний явах улаан гэрэл асчихсан байсан. ...өмнө талд 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус 10” маркийн машин зогсож байсан. ...би тэр машины харалдаа хойд талд нь очиж зогсоод гэрэл асахыг хүлээж байсан чинь түс тас гээд явсан. Тэгээд би урд талын машиныхаа хойд талын гупер рүү мөргөөд, өөрөө машиныхаа хойд тал руу мөргүүлээд авсан. Бууж ирээд харсан чинь миний машины хойноос 59-00 ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн машин, харин түүний хойд талаас нь 64-58 УНН улсын дугаартай “Т.Пробокс” машин мөргөөд зогссон байсан. ...” гэх мэдүүлэг[25],

-гэрч П.Долгоржавын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “…23 цагийн үед Лхагва-Очир надруу утсаар яриад би таван шарын уулзвар дээр машинтайгаа явж байгаад осол гаргалаа гэхээр нь яваад очсон чинь яг урд талын машины жолооч нь хүзүүндээ гэмтэл авсан эмнэлэг рүү явсан, харин урд талын 2 машины жолооч нар нь байсан, замын цагдаа нар хэмжилт хийж байсан. Ингээд хэмжилт хийж дуусаад Лхагва-Очирын машин нь явах боломжгүй болсон гээд ачигчаар журмын хашаа руу явсан. ...”  гэх мэдүүлэг [26],

-шүүгдэгч П.Лхагва-Очирын мөрдөн байцаалтад сэжигтнээр 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, Толгойтод  өөрийн эзэмшлийн 64-58 УНН улсын дугаартай “Т.Пропокс” маркийн машинтай явж байгаад зүс таних ...Батаа гэдэг найзтайгаа уулзсан юм. Хоёулаа хоорондоо яриад нэг шил 0,75 граммын архи уусан. Тэгээд нэг мэдсэн нилээн муудсан машинтайгаа гудамжинд сэргэсэн. ...машинаа жолоодоод ганцаараа “Чингис Соосэ“ сургуулийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт чиглэн явж байгаад 21-р хорооллоор ертөнцийн зүгээр урагшаа эргээд таван шарын уулзвар чиглээд явсан. Таван шарын уулзвар дөхөөд “Геологийн төв лабортор”-ын зүүн талын автобусны буудлын орчимд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан чинь миний явах урсгалын улаан гэрэл асаад нилээн хэдэн машин зогсож байсан. Би дөхөж ирээд хурдаа хасаж тоормос гишгэх гэж байгаад хаазаа гишгэж урдаа зогсож байсан 59-00 ЗАН улсын дугаартай Т.Дүэт маркийн машиныг хойд талаас нь мөргөж жолоочийнх нь хүзүүнд гэмтэл учруулсан. Түүний ард талд байсан 49-08 УБӨ улсын дугаартай “Т.Приус 20” маркийн, мөн түүний урд талд байсан 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус 10” машинуудыг мөргөж хохирол учруулсан. ...намайг согтуу гэдгийг мэдээд 102, 103-т дуудлага өгсөн. ...цагдаа нар нөгөө 2 жолооч болон намайг байлгаж байгаад замын хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг[27],

Мөн түүний яллагдагчаар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [28],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4726 тоот дүгнэлт [29],

Техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 231 тоот дүгнэлт [30],

-Зам тээрийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[31],

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилт хийсэн бүдүүвч зураг[32], 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цаг 21 минутад жолооч П.Лхагва-Очирын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл [33], “Вендо” ХХК-ний гаргасан автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний дүгнэлтүүд, автомашинуудын гэрэл зураг [34] зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Лхагва-Очир нь тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2.14 хувийн хэмжээтэй согтууралтай байсан нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цаг 21 минутад П.Лхагва-Очирын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч П.Лхагва-Очир нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журмыг зөрчин хохирогч Э.Отгонбатын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгийн бүрэлдэхүүнийг хангасан байх ба, харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тус хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шаардлагыг хангасан буюу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болсон байна.

Иймд Тээврийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Лхагва-Очирыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг согтуугаар зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Э.Отгонбатын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан байх ба эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжилсэн баримтыг хавтаст хэргийн 20 дугаар талд ирүүлжээ. Эдгээр баримтыг үзвэл хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан баримт нь хүзүүний бэхэлгээ, эм тариа, томографикийн зураг авахуулсан зэрэг зардлын баримтуудыг ирүүлсэн, эдгээр нь 267,950 төгрөг болж байна. Мөн түүний жолоодож явсан, “Ричфинанс” ББСБ-ын эзэмшлийн 59-00 ЗАН улсын дугаартай Т.Дүэт маркийн авто машинд 1,845,800 төгрөгийн шууд зардал, нийт 2,113,750 төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн иргэний нэхэмжлэгч А.Сувд-Эрдэнийн эзэмшлийн 49-08 УБӨ улсын дугаартай Т.Приус-20 маркийн авто машинд 470,000 төгрөгийн шууд, 50.400 төгрөгийн шууд бус, нийт 520,400 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ө.Тамирын жолоодож явсан, “Бэрс Капитал” ХХК-ний эзэмшлийн 46-90 УБИ улсын дугаартай “Т.Приус“ маркийн авто машинд 185,000 төгрөгийн шууд, 37,800 төгрөгийн шууд бус хохирол, нийт 222,800 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбар, “Вендо” ХХК-ний үнэлгээ зэргээр тогтоогдсон.

Үүнээс шүүгдэгч П.Лхагва-Очир нь хохирогч Э.Отгонбатад 500,000 төгрөг, 270,000 төгрөг, нийт 770,000 төгрөг бэлнээр төлсөн баримт хэрэгт авагдсан, мөн 160,000 төгрөгийн эм тариаг тус хохирогчид авч өгсөн талаар, мөн Э.Отгонбатын жолоодон явсан “Ричфинанс” ББСБ-ын эзэмшлийн 59-00 ЗАН улсын дугаартай “Т.Дүэт” маркийн автомашиныг 1,800,000 төгрөгөөр засварын газраар засуулж өгсөн талаар талууд харилцан мэдүүлж байх бөгөөд  шүүхийн шатанд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч П.Лхагва-Очироос хохирогч Э.Отгонбатад 3,165,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг нотариартаар баталгаажуулж ирүүлжээ. [35] Шүүх хуралдаанд хохирогч Э.Отгонбат нь мөрдөн байцаалтад 770,000 төгрөг бэлнээр, 160,000 төгрөгийн эм тариаг авсан. Харин шүүхийн шатанд бэлнээр 400,000 төгрөг авсан, автомашиныг бүрэн засварлуулж авсан, хохиролд нийт 3,165,000 төгрөг төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй, цаашид ч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

  Мөн иргэний нэхэмжлэгч А.Сувд-Эрдэнэ нь 520,000 төгрөг, Ө.Тамир нь 228,000 төгрөг тус тус  барагдуулж авсан талаар мөрдөн байцаалтад мэдүүлж, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгч П.Лхагва-Очир нь энэ тогтоолоор хохирогч Э.Отгонбат, иргэний нэхэмжлэгч А.Сувд-Эрдэнэ, Ө.Тамир нарт төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч П.Лхагва-Очир нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно.                                                                                                              

Шүүхээс шүүгдэгч П.Лхагва-Очирт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг сайн дураараа бүрэн нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлүүлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт хураагдан ирүүлсэн шүүгдэгч П.Лхагва-Очирын жолооны  В ангиллын 1013047 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч П.Лхагва-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 


[1] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 63-64 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 65 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 98-100 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 102 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 73 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 4-6 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 111 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 17, 18, 37,

[19] Хавтаст хэргийн 115 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 78-79, 81-82, 84-86 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 119 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 113 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 53-53 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 98-100 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 102 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 73 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[31] Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 4-6 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 111 дүгээр тал.

[34] Хавтаст хэргийн 78-79, 81-82, 84-86 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 154 дүгээр тал.