Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2018/ДШМ/69

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 17 өдөр                        

    2018/ДШМ/69                                                                Зуунмод

С.У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Батбямба,

Шүүгдэгч С.У ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, О.Баяраа,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Баттогтох, түүний өмгөөлөгч М.Түмэннаст,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.У-т холбогдох 1734003050027  дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч С.У  болон түүний өмгөөлөгч Н.Баяр, О.Баяраа нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.У , 1981 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Нарантуул олон улсын худалдааны төв дээр автомашины улсын дугаар наах ажил хийдэг, Улаанбаатар хот, ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 05 сарын 01-ний өдрийн 230 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн 2001 оны 04 сарын 19-ний өдрийн 126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан 3 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 22 хоногийн ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жил, 2 сар 22 хоногийн хугацаагар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2004 оны 6 сарын 28-ны өдрийн 113 тоот шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар:А......

 

   С.У  нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 05 цагийн орчим Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Самбарт гэх газарт 55-53 УНК улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3-т заасан заалтууд буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж Н.Атартуяа, П.Бурмаа нарын амь насыг хохироосон, Ц.Жанлав, Н.Даваадорж нарын эрүүл мэндэд хүнд, Н.Мөнгөнцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Мөнгөнзул, Л.Нарансүмбэ, И.Мөнхбаатар нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч С.У ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч С.У ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар С.У ын жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.У ын №7399500 дугаарын жолооны үнэмлэх 1 ширхэгийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгож,

Шүүгдэгч С.У  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцалдуламын 11.164.400 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бурмаагийн 11.073.090 төгрөгийг, хохирогч Н.Мөнгөнзулын 403.600 төгрөгийг, хохирогч Н.Мөнгөнцэцэгийн 925.330 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Баттогтохын 5.240.000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.У аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцалдулам, П.Бурмаа нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжээ, - хохирогч Ц.Цэцэгээ, М.Мөнхбат, И.Мөнхбаатар, Ц.Жанлав, Н.Даваадорж, Л.Нарансүмбэ, Н.Мөнгөнзул, Н.Мөнгөнцэцэг, Ж.Нарантуяа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж,  

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар шүүгдэгч С.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.У  гаргасан давж заалдах гомдолдоо:Би Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 22 өдийн дугаар 140 шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэм буруутайд тооцон 5 жилийн хорих ял оноосон. Миний хувьд шүүхээс намайг гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутайн хувьд маргах зүйлгүй болно. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулна. Би гэртээ ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би гэр бүлээ авч явдаг. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт хүсэж байна. Авто осол гарах үед унаж явсан 55-53 УНК улсын дугаартай истана маркийн машиныг хариуцагч Баттогтохоос худалдаж аваагүй. Бид хоёр тохиролцсон. Намайг нэг эрээсийг 100000 төгрөгөөр цалинжуулахаар аман хэлцэл хийж Цагаан хад руу явсан. Ер нь 2017 онд олон удаа явсан. Энэ машин нь Баттогтохын эзэмшлийн машин байгаа юм. Иймд хэргийг хянан үзэж, үнэн зөв шийдвэр гаргана уу.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан давж заалдах гомдолдоо: “С.У ын өмгөөлөгч Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Н.Баяр би Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-05-22-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхээс С.У ыг 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг өмгөөлөгчийн зүгээс ял хүндэдлээ.Иргэний хариуцагчаар Ж.Алтанцэцэг .М.Баттогтох нараас хохирол гаргуулаагүй нь хууль зөрчлөө гэж үзэн давж заалдаж байна.

2. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа: Дараах хуульд заасан үндэслэл нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй . Үүнд:

а/.Шүүх хэрэг учрал гарсан тэмдэглэл зэрэг хэд хэдэн баримтыг шийтгэх тогтоолын 5-р хуудасны ар талд дурьдсан байна. Дээрхи нотлох баримтууд нь тухайн үед С.У ыг тээврийн хэрэгсэл барьж явсан гэдгийг нотолсон нотолгоо биш юм.

Хэрэгт авагдсан 1.-р хавтас.зураг №18,19. 52 -д Стана маркийн тээврийн хэрэгсэл баруун талаараа унасан байдаг.Уг зургууд дээр жолоочийн урд шил хагарч цуурсан болохоос унаагүй . Харин жолоочийн хажуугийн суудлын урд шил дотроосоо гадагш цөмөрсөн . Урд шилний баруун доод буланд хагарсан шилний үлдэгдэл байна. Уг шилэн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон болох нь нөхөн үзлэгээр тогтоогдсон. Харин хойд шил нь бүтэн байсан. Хоёр жолоочид учирсан гэмтлийг авч үзэхэд :Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Нарансүмбэд хөнгөн гэмтэл. Биенд нь ямар нэг шарх сорви үүсээгүй .Тархи доргисон гэдэг нь тогтоогдсон.Тухайн үед Нарансүмбийн биенээс ямар нэг цус гарсан зүйлгүй. Харин: Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээгээр / хх-149, 160/ С.У ын биед хүндэвтэр гэмтэл учирсан.Юм мөргөснөөс зулай хэсэг нь хагарч гэмтсэн. Гэдэснийх нь баруун хэсэг газар нь олон ир үзүүртэй зүйлд зүсэгдсэн шарх сорви тогтоогдсон. С.У  машинаас шидэгдээд Станагын баруун урд унасан байсан гэдгийг Нарансүмбэ гэрчилдэг. Энэ байдлаас үзэхэд С.У  тухайн үед жолоо барьж явсан гэхэд үнэмшилгүй байгаа юм. Том биетэй С.У  жолооны хүрдний араас сугарч гараад Нарансүмбийн дээгүүр эсэхүл урдуур нь урд цонхоор унасан. Эсэхүл арагшаа суудал дээгүүрээ даваад заалны цонхоор шидэгдсэн байж болохуу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй .Энэ талаар дүгнэлт гаргаагүй .

Гэтэл гэрчүүд осол болохоос өмнө С.У  жолоо барьж явсан гэдэг. Энэ дээрх нөхцөл байдалтай огт нийцэхгүй байгаа.

Шүүх хуралд орсон шинжээч болохоор мөргөлдсөн ,унасан тохиолдолд эсрэг чигт унана гэж /мөргөсөн зүйлийнхээ эсрэг/ мэдүүлсэн. Үүнээс үзэхэд Стана тээврийн хэрэгслийн урд жолоочийн хажууд сууж явсан хүн зөвхөн урагшаа шидэгдэх боломжтой гэж үзэх үндэслэл байна.

Хэргийн нөхцөл байдал ийм эргэлзээтэй. С.У  нь гэм буруугаа хүлээж Бага ч гэсэн хохирол төлсөн.хохирлыг цаашид төлнө гэж хүлээн зөвшөөрсөн. Анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдсон бие нь муу зэрэг нь тогтоогдсон ба шүүх шийтгэх тогтоолдоо хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж заасан байтлаа хүнд ял оногдуулж ЭХХШТХ-ийн 1.15-ийн 2-д шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан С.У-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын 7 дугаар хэсэгт хохирогч болон тэдний хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирлыг С.У аас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба уг хэрэгт осол гарсан авто тээврийн хэрэгслийн өмчлөгч Ж.Алтанцэцэг, И.Баттогтох нарыг иргэний хариуцагчаар тогтоон шүүх хуралд оруулсан боловч эдгээр хүмүүс, оролцогчдыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “.. бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцаж арилгах үүрэгтэй” гэж заасан байхад С.У аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна. Осол гарсан Истана маркийн 55-53 УНК дугаартай тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэсэн тухай яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсангүй орхигдуулсан байна. Иймд хэргийг хянан үзэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ” гэжээ.

 

Хохирогч П.Бурмаагийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва гаргасан давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч бид дараахь үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан  шатны  шүүх шүүгдэгч  С.У ыг  Монгол Улсын  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь зөв ч түүнд оногдуулсан хорих ял нь хөнгөдлөө. С.У  нь 2 хүний амь хохироосон, олон хохирогчид хүнд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт ихээхэн хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан, учруулсан хохирлоо анхан шатны шүүх хуралдаанаас өмнө огт барагдуулаагүй үйлдсэн гэмт хэргээ ямар ч үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугаа хүлээгээгүй тул шүүхээс хуульд заасан хорих ялыг багасган оногдуулсан нь буруу юм.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирогч П.Бурмаагийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу cap тутам олгуулахаар шийдвэрлэсэнгүй. Ер нь шүүх шийдвэртээ хохирогчийн өмгөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох боломжтой гэж хүсэлт гаргасан, тэжээгчээ алдах үед хөлсний доод хэмжээ хэд байсан талаар нотлох баримт хэрэгт хавсаргаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй" гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Бид хохирогч П.Бурмаагийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджийг үндэслэж 254476 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гарган өгсөн атал   зөвхөн   цалингийн   тодорхойлолт   байхгүй   гэдгээр   уг   асуудлыг шийдвэрлээгүй болно. Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчдад хариуцуулаагүй нь буруу болов. Иргэний хариуцагчаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон Ж.Алтанцэцэг тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг М.Баттогтоход, М.Баттогтох нь С.У-т шилжүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч, иргэний хариуцагчид, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа тул Ж.Алтанцэцэг, М.Баттогтох нар Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй билээ. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 140 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батбямба гаргасан тайлбар дүгнэлтэдээ: С.У  тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Ял хүндэдсэн, хөнгөдсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх тал бүрээс нь харгалзан ял оногдуулсан. Хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг С.У , Баттогтох нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбартаа: С.У  болон миний зүгээс ял хөнгөрүүлж өгөөч гэсэн утгатай гомдол гаргасан. Гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэрэгтэй тохирдоггүй. Автомашинд үзлэг хийлгэхээр 2 удаа хүсэлт тавьсан. С.У  унтаж явсан гэдэг. Яг хэргийг үнэн зөв тогтоох баримт байхад энэ хүн хэлмэгдэж магадгүй байдалтай байгаа. Бодит байдал гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй байгаа  гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа гаргасан тайлбартаа: Гэм буруугийн талаар анхан шатны шүүх тогтоосон учраас маргахгүй. Иргэний хариуцагч Баттогтох хохирол төлөхөөс ямар үндэслэлээр чөлөөлөгдөж байгааг ойлгохгүй байна. Автомашиныг талаар шийдвэрлээгүй орхигдуулсан. 5 хоногийн завсарлага авч 500.000 төгрөгийг 2 хохирогчид хувааж өгсөн. Үүнийг хохирлоос хасч тооцуулах саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх С.У ын гэм буруугийн талаар зөв дүгнэлт хийсэн. Гэвч оногдуулсан ял хөнгөдсөн. 2 хүний амь хохирч, өчнөөн хүний биед гэмтэл учирсан. Цалин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг, иргэний нэхэмжлэлийг Баттогтох, Алтанцэцэг гараас гаргахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч М.Түмэннаст гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол үндэслэлтэй. Дан ганц гэрчилгээн дээрх өмчлөгчийн нэрээр хэн хохирол төлөхийг тогтоох боломжгүй. Баттогтох С.У ын хооронд эд хөрөнгө шилжсэн. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хохиролтой холбоотой анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэстэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх С.У-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.У , шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, О.Баяраа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарын давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.У  нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 05 цагийн орчим Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Самбарт гэх газарт 55-53 УНК улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3-т заасан заалтууд буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж Н.Атартуяа, П.Бурмаа нарын амь насыг хохироосон, Ц.Жанлав, Н.Даваадорж нарын эрүүл мэндэд хүнд, Н.Мөнгөнцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Мөнгөнзул, Л.Нарансүмбэ, И.Мөнхбаатар нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хууль сануулж, эрх үүргийг нь тайлбарлан мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа, Ц.Чанцалдулам, иргэний нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Баттогтох, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нарансүмбэ, Н.Мөнгөнзул, Н.Мөнгөнцэцэг, хохирогч Ц.Жанлав, Н.Даваадорж, И.Мөнхбаатар, шинжээч Н.Мөнхбат, С.Мөнхдалай, И.Ганболор нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Цэцэг, гэрч С.Бат-Амгалан, Ц.Батсүх нарын мэдүүлгүүд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл \хх-ийн 26-27 тал\, шүүх эмнэлгийн №150, №149, №586, №630, №598, авто техникийн лабораторын №5309, №490, №004 тоот дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч С.Мөнхдалай, шинжээч Н.Мөнхбатын нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

С.У-т холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.У-т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч С.У  болон түүний өмгөөлөгчийн гаргасан “шүүх шийтгэх тогтоолдоо хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж заасан байтлаа хүнд ял оногдуулж ЭХХШТХ-ийн 1.15–ийн 2-д “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

Шүүгдэгч С.У  нь 2017 оны 09 сарын 06-нд Төв аймгийн нутаг Самбарт гэх газрын ойролцоо 55-53 УНК улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Н.Мөнгөнцэцэгийн, Ц.Цэцэгийн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Н.Мөнгөнзул, хохирогч иргэний нэхэмжлэгч Л.Нарансүмбэ, хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Мөнхбаатар, хохирогч М.Мөнхбат нарын мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасныг танилцуулж 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Н.Мөнгөнцэцэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх С.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” тухай гомдлыг хүлээн авч ханган шийдвэрлэх боломжгүй байна.  

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарын давж заалдах гомдлын зарим хэсэг болох “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирогч П.Бурмаагийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу сар тутам  олгуулахаар шийдвэрлэсэнгүй. Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчдад хариуцуулаагүй.” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-р заалтад өөрчлөлт оруулав.

55-53 УНК улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь иргэний хариуцагч М.Баттогтох болох нь гэрч Ж.Алтанцэцэг, иргэний хариуцагч М.Баттогтохын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.У , иргэний хариуцагч М.Баттогтох нар нь Иргэний хуулийн 499, 508 дугаар зүйлд зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорыг хамтран хариуцах үндэслэлтэй байна гэж үзлээ.

2-р хавтаст хэргийн 20-23 дугаар хуудсан дахь нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар амь хохирогч П.Бурмаагийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 254.476 төгрөгийг шүүгдэгч С.У  болон иргэний хариуцагч М.Баттогтох нараас хувь тэнцүүлэн гаргуулж сар тутам  олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Хэргийн 2-р хавтасны 166, 167 дугаар хуудсанд шүүгдэгч С.У аас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа, хохирогч Н.Мөнгөнзулд тус тус 250.000 төгрөгийг төлсөн баримтууд байна. Энэ төлсөн мөнгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баярмаа, хохирогч Н.Мөнгөнзулын нэхэмжилсэн нийт хохирлоос хасч тооцоогүй байна.

Иргэний нэхэмжлэгч М.Баттогтоход учирсан 5.240.000 төгрөгний хохирлын тал хэсгийг буюу 2.620.000 төгрөгийг шүүгдэгч С.У аас гаргуулахаар өөрчлөлт оруулав. Үлдэх хэсгийн тухайд иргэний нэхэмжлэгч М.Баттогтох нь С.У-т сайн дурын үндсэн дээр тээврийн тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгч, хот хооронд хүн тээврийн үйлчилгээ эрхлүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул учирсан эрсдлээ өөрөө хариуцах үндэслэлтэй байна.

55-53 УНК улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан, битүүмжилсэн тухай ямар нэгэн шийдвэр хэрэгт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар С.У ын жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад “7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогч П.Бурмаагийн 2010 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн хүү Батболдын Бишрэлт, охин Батболдын Энэрэл нарыг 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл гэм хор учруулсны төлбөр 254.476 төгрөгийг сар бүр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцалдуламын 11.164.400 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бурмаагийн 10.823.090 төгрөгийг, хохирогч Н.Мөнгөнзулын 153.600 төгрөгийг, хохирогч Н.Мөнгөнцэцэгийн 925.330 төгрөгийг шүүгдэгч С.У , иргэний хариуцагч М.Баттогтох нараас тус тус тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Баттогтохын 2.620.000 төгрөгийг шүүгдэгч С.У аас гаргуулж олгон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чанцалдуламын тэжээгчээ алдсаны тэтгэмжээ, хохирогч Ц.Цэцэгээ, М.Мөнхбат, И.Мөнхбаатар, Ц.Жанлав, Н.Даваадорж, Л.Нарансүмбэ, Н.Мөнгөнзул, Н.Мөнгөнцэцэг, Ж.Нарантуяа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй. “ гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

   ШҮҮГЧИД                                                                     Т.ЭНХМАА

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ