Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 03 өдөр                    

               Дугаар          

     128/ШШ2020/0013

              Улаанбаатар хот

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Гомдол гаргагч: Н.Н

Хаяг:

Хариуцагч: СЯ-ийн улсын ахлах байцаагч Б.С.

Гомдлын шаардлага: “Монгол Улсын СЯ-ийн улсын ахлах байцаагч Б.С 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Н.Н тус шүүхэд гаргасан гомдолдоо: “...ИНЕГерөнхий нягтлан бодогч Н.Н нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан ерөнхий нягтлан бодогчийн үүргээ биелүүлээгүй болох нь иргэн О.Над ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг давхар олгосон нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.1.25 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж шийтгэл оногдуулсан юм.

Энэхүү шийтгэлийн хуудас нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах хэлбэрийн наад захын шаардлагыг хангасан байх ёстой. Гаргасан зөрчлийн үндэслэл нь зөрчилтэйгөө тохирч байх юм. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2.2-т “... шийтгэл оногдуулах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт,...” тусгахаар зохицуулсан байхад шийтгэлийн хуудаст холбогдогчийг ерөнхий нягтлан бодогчийн яг ямар үүргийг биелүүлээгүй талаар тодорхой дурдаагүй байна.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.1.25-д заасны дагуу ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн нь хуульд заасан ямар зөрчил гаргасныг, ерөнхий нягтлан бодогчийн үүргээс алийг нь зөрчсөн нь тодорхойгүй байхад нийтлэг байдлаар үүргээ биелүүлээгүй гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан ерөнхий нягтлан бодогчийн 13 төрлийн үүргээс алийг нь Н.Н зөрчсөн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн ИНЕГерөнхий нягтлан бодогч нь бусад нягтлан бодогчийн ажил үүргийн тодорхойлолт болон үйл ажиллагааны журмаар хүлээсэн үүргээ дутуу, муу хийсэн хариуцлагыг хүлээх хууль зүйн           үндэслэлгүй байх тул дээрх үндэслэлээр Монгол Улсын СЯ-ийн улсын ахлах байцаагч Б.С2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү” гэжээ

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИНЕГерөнхий нягтлан бодогч Н.Н нь тус шүүхэд гомдол гаргасан. Гомдлын агуулга нь СЯ-н улсын ахлах байцаагч Б.С-ийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагаа дэмжиж байна. Агуулгын хувьд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.18 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих гэсэн агуулгаар тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.18.1.25 дахь хэсэгт заасан ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Гомдол гаргагч нь ИНЕГт ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Гэхдээ тухайн үед зөрчлийн арга хэмжээ авсан улсын байцаагчийн актаас нь харахад эдгээр нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий нягтлан бодогчийн үүрэг байна. Ерөнхий нягтлан бодогчид 5 эрх болон 13 үүрэг хүлээлгэсэн. Эдгээр 13 үүргээр ерөнхий нягтлан бодогч Н.Н нь аль аль үүргүүдийг хэрхэн зөрчсөн бэ? Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулах болсон үндэслэлийн тухай шийтгэл оногдуулсан акт дээрээ тодорхой заагдаагүй байгаа учир тус актыг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн гомдлын шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Хариуцагч СЯ-ийн улсын ахлах байцаагч Б.С шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ИНЕГерөнхий нягтлан бодогч Н.Н нь ажиллах хугацаандаа Нисэх буудлын бодлого, зохицуулалтын хэлтсийн Бодлогын зохицуулалтын мэргэжилтэн О.Н-д Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/00348 дугаар шүүхийн шийдвэрээр 19,383,928 төгрөгийг тус байгууллагын данснаас суутгасан байтал төлбөр тооцоонд цаг хугацаанд нь хяналт тавилгүй, хайнга хандсаны улмаас О.Н-ад ИНЕГХудалдаа, хөгжлийн банкны 499133504 тоот төгрөгийн данснаас “2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/00348, ЗУГ-ын 2017.02.05-ны 206 дагуу” гэсэн утгатай 11,020,055.20 төгрөгийг дахин шилжүүлсэн байсан нь баримт болон Н.Н өөрийн мэдүүлж байсан мэдүүлэгтээ дурдсан.

Иймд ИНЕГ ерөнхий нягтлан бодогч Н.Нийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 20.2.6, 20.2.11-д тус тус заасан ерөнхий нягтлан бодогчийн үүргийг хангалттай биелүүлээгүй байсан нь холбогдох баримт болон мэдүүлгээр нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 11.25 дахь хэсэгт заасны дагуу 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтох шийтгэл оногдуулан, шийтгэлийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Н.Н тус шүүхэд хандан “Монгол Улсын СЯ-ийн улсын ахлах байцаагч Б.С2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан 1801000008 дугаар зөрчлийн хэрэг, ИНЕГ2019 оны 01/4041, 01/4323 болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 2/19307, 2/20955 болон 2/26116 дугаар албан бичгүүдээр тус шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд,

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/00348 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар буруу халснаас ажилгүй байсан хугацааны олговорт 19.383.928 төгрөгийг хариуцагч ИНЕГ-аас гаргуулан нэхэмжлэгч О.Н-д олгохоор” шийдвэрлэсэн.

Энэ дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17291011/17291014 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/00348 /О.Н-д холбогдох/ болон 2017 оны 183/ШШ-2017/00791 дүгээр шийдвэрт холбогдох 2 гүйцэтгэх баримт бичгийн төлбөрт нийт 88.733.946 төгрөгийг ИНЕГданснаас хасалт хийх тухай мэдэгдлийг Улаанбаатар хотын банканд хүргүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хасалт хийгдэж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжин орж ирснийг иргэн О.Нын Голомт банкан дахь дансанд нь шилжүүлсэн.

2. Ийнхүү Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсаны дараа ИНЕГ-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн О.Н-ын Голомт банк дахь дансанд шүүхийн шийдвэрээр олговол зохих 19.383.928 төгрөгөөс ХХОАТатварт 1.903.392.80 төгрөг, байгууллагын нэр дээр бүртгэлтэй үндсэн хөрөнгөөс дутагдуулсан 6.710.000 төгрөгийг тус тус суутган нийт 11.020.055.20 төгрөгийг дахин шилжүүлжээ.

3. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан иргэн О.Н-аас 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр СЯ-д гомдол гаргаснаар тус яамны Улсын ахлах байцаагч Б.С 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ИНЕГ ерөнхий нягтлан бодогч Н.Н-т холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25 дахь хэсэгт заасан үндэслэлээр 1801000008 дугаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулжээ.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтан болох Б.С нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр холбогдогч Н.Н-ээс, 10-ны өдөр хохирогч О.Н-аас, 11-ний өдөр гэрч Г.Д /ИНЕГ-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч/ болон Ц.Б /нягтлан бодогч/ нараас мэдүүлэг авч, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2017/001 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 06 дугаар тогтоолоор хэрэг бүртэлтийн хугацааг 15 хоногоор тус тус сунгуулан, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэргийн материалыг холбогдогчид танилцуулж 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Нт “ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25 дугаар зүйлд заасан дагуу дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэх шийтгэл оногдуулсан.

4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 20 дугаар зүйл “Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг”–ийн 20.2-т “.Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ: 20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.11.өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах;” хэмээн,

Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйл “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих” , 11.18 дугаар зүйлийн 1.25-д “ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тус тус заажээ

Үүнтэй холбогдуулан шүүхээс, хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ИНЕГдаргын 2015 оны А/358 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн үндсэн баримтад гарын үсэг зурах схем”-г үндэслэн “Н.Н тус гүйлгээг хянах үүрэг хүлээгээгүй”, “Зөрчлийн тухай хуульд заасанчлан ерөнхий нягтлан бодогчийн яг ямар үүргийг биелүүлээгүйг нь зөрчил хэмээн үзэж торгууль оногдуулж байгаа нь тодорхойгүй”  хэмээн тайлбарлаж байх боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлээр хүлээсэн ерөнхий нягтлан бодогчийн үүргээ хэрэгжүүлээгүй гомдол гаргагчийн үйлдлийг байгууллагын дотоодод үйлчлэхээр батлагдсан тушаалыг үндэслэн зөвтгөх боломжгүй,

хэрэгт нотлох баримтаар авагдсан 1801000008 дугаар Зөрчлийн хэрэг дэх холбогдогчоос авсан тайлбар, холбогдох бусад баримтаар гомдол гаргагч Н.Н нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” , 20.2.11 “өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах” гэсэн ерөнхий нягтлан бодогчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, энэ үндэслэлээр шийтгэл хүлээсэн болохоо мэдэж байсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагч Н.Нийн Монгол Улсын СЯ-ийн улсын ахлах байцаагч Б.С-н 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 20.2.11, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч Н.Нээс СЯ-ийн улсын ахлах байцаагч Б.С-д холбогдуулан гаргасан “Монгол Улсын СЯ-ийн улсын ахлах байцаагч Б.С2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/2-001 дугаар шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА