Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1920

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01655 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ДБҮЭГ” ТӨҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “ДБҮЭГ” ТӨҮГ-ын  захирлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Тус газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1868 дугаар магадлалаар ерөнхий нягтлан бодогч түүнтэй адилтгах албан тушаалд томилуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалын дагуу албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, “ДБҮЭГ” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ДБ/51 тоот албан бичгээр Б.Болдаатар намайг ерөнхий нягтлан бодогчийн ажилд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эгүүлэн тогтоохоор “баталгаа” гаргаж өгсөн. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өргөдөл гаргасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/766 тоотоор газрын захиралд албан тоот хүргүүлсэн. “ДБҮЭГ” ТӨҮГ-ын баталгаа гаргасан хугацаа өнгөрсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албан даалгавар өгсний дагуу газрын захирлын 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Э-ыг ажлаас чөлөөлж, Б.Б-ыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилсугай гэж заасны дагуу миний бие 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн өглөө ажлаа хүлээн авахаар очоод Боловсон хүчний хэлтсийн дарга н.Эрдэнэбаатартай уулзахад “н.Нямжав захирал таныг ажилд авахгүй гэж байна лээ” та өөрөө уулз гээд ажил хүлээлцээгүй. Маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр н.Нямжав захиралтай уулзахад намайг тооцооны нягтлан хий гэсэн би таны гаргасан тушаалын дагуу хуучин ажилдаа орно гэж хэлсэн.

Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б/23 дугаар тушаалаар Б.Б-ыг ажлаас чөлөөлж, Д.Эрдэнэсувдын гаргасан өргөдлийг үндэслэн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон. Шүүхийн 3 шатны шийдвэрээр өмнө эрхэлсэн ажилд эгүүлэн томилсон. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа албан шаардлага хүргүүлэхэд захирал н.Нямжав “Б.Б-ыг хуучин ажилд нь авна, гэхдээ ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа н.Эрдэнэсувдын ар гэрт гачигдал гарсан, 49 хоногийг нь дуустал түр хүлээж байна уу. Бид н.Эрдэнэсувдыг ажилдаа ирэхээр нь ажлаас чөлөөлж, ажил хүлээлцүүлье” гэсэн хариу өгсөн. Ийнхүү Б.Б-ыг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хуучин ажилд эгүүлэн томилно гэдэг баталгаа гаргасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 тушаалаар Б.Б-ыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өмнө эрхэлж байсан ажилд нь томилж, тухайн өдөр ажил хүлээлцэхээр шийдвэрлээд ажлаа хүлээлцэхээр очиход ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилох боломжгүй гэж мэдэгдсэн. Би 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр н.Нямжав захиралтай уулзахад тооцооны нягтлан бодогчоор ажиллах санал тавиад хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр буюу ажилд томилох тушаалаасаа 2 хоногийн дараа ажлаас халсан. Уг тушаалдаа үндэслэлээ тусгаагүй. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг дүр эсгэсэн байдлаар биелүүлж хохироосонд нь гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас тушаал хүчингүй болгох шаардлагаас татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж байна. 2017 оны 3 дугаар сарын 22-30-ны өдрийн хоорондох 8 хоногийн цалин 495 568 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20 хоногийн цалин 1 238 920 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20 хоногийн цалин 1 424 758 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-07-ны хоорондох 4 хоногийн цалин 247 784 төгрөг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 7-ныг хүртэл 3 407 030 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд нь томилсон. Тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Эрдэнэсувд ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж гомдол гаргасан. Тиймээс Б.Б-т тооцооны нягтлан бодогчоор ажиллах санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Б-ыг “ДБҮЭГ” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,  

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч “ДБҮЭГ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 407 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан олговорт 3 407 030 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч “ДБҮЭГ” ТӨҮГ-т үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 69 462 төгрөг бүгд 139 662 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Б 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын Санхүү аж ахуйн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад түүнд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үйлдвэрийн захирлын Б/129 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журам зөрчиж ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн, хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргасан нь хөндлөнгийн төрийн хяналтын байгууллагын дүгнэлтэд байгууллагын ажлын үр дүнд нөлөөлсөн зэрэг зөрчил дутагдлаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж нягтлан бодогчоор томилсон. Б.Болдбаатар энэ шийдвэрийг эсэргүүцэж ажлаа хаяж явсан. 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 6/155 тоот тушаалаар шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 716 дугаар шийдвэрийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 тоот тушаалаар Б.Б-ыг тус газрын Санхүү эдийн засгийн хэлтэст Ерөнхий нягтлан бодогчоор томилсон. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэсувд ажлаас хууль бусаар халсан тул ажилдаа орох өргөдөл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар Д.Эрдэнэсувдыг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилж, Б.Б-ыг Ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн. Б.Б-т Санхүү эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчийн ажлын байрыг удаа дараа санал болгосон боловч зөвшөөрөөгүй. Ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхиин шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэв.   

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч “ДБҮЭГ” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 716 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1868 дугаар магадлалаар “ДБҮЭГ” ТӨҮГ-ын захирлын А/36 дугаар тушаалын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ыг тус байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 870 000 төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ““ДБҮЭГ” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийнн Б/20 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ыг Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон боловч, захирлын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 38 дугаар зүйлийн 35.1.2, 38.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын дүрмийн 5.5.8, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.2.1, 7.3.3 дахь заалт, Д.Эрдэнэсувдын гаргасан өргөдлийг тус тус баримталсан байна.

Ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар гэрээг цуцлахдаа ажил олгогч тушаалдаа ажлаас халсан үндэслэлээ заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримтлаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Түүнчлэн ажил олгогч нэхэмжлэгч Б.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс аль нэгийг баримтлах бөгөөд хариуцагч тайлбартаа “нэхэмжлэгчийн ажлын байранд ажиллаж байсан  Д.Эрдэнэсувдыг ээлжийн амралттай байхад чөлөөлсөн нь хууль зөрчсөн тул алдааг зассан гэж тайлбарлаж байгаатай харьцуулан үзвэл тушаал мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан үндэслэлээр чөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

Нэхэмжлэгч Б.Б-ыг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаалын үндэслэл нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотой бөгөөд мөн тушаалаар Д.Эрдэнэсувдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасантай нийцнэ. Энэ тохиолдолд Д.Эрдэнэсувд ээлжийн амралттай байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасанд хамаарахгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Б-ыг “ДБҮЭГ” ТӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 407 030 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1,  46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА