| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00822/И |
| Дугаар | 102/ШШ2017/00777 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/00777
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/00777 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, энгельсийн гудамж, ҮТБ 10 дугаар байр, 68 тоотод оршин суух, Жонон овогт Сурмаадоржийн Батсүх /РД:хз72081711/-ийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхжаргал, Ц.Сайхантуяа нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сурмаадоржийн Батсүх нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 10 дугаар байрны 68 тоотод амьдардаг бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Батхуягийн Энхжаргалаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж 8 дугаар байрны зоорийн давхар 47 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий гаражийг худалдан авч, гаражийн үнэ 10,000,000 төгрөгийг төлж, Б.Энхжаргал нь гаражийг миний нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээж гэрчилгээг биедээ авч явсан боловч сураггүй болсон. 2016 оны 10 дугаар сард Б.Энхжаргалд мөнгөө залилуулсан гэх үл таних хүн над руу утасдаж 41 тоот гаражийг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тухайгаа хэлсэн юм. Ингээд Б.Энхжаргал утсаа авахгүй эсвэл утас нь салгаатай байсаар удалгүй өөрийн үеэл эгч гэх Ц.Сайхантуяаг утсаар яриулж, шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байхыг хүсч, удахгүй хохирлыг минь барагдуулна гэдгээ хэлсэн юм. 2016 оны 10 дугаар сарын 21-нд Ц.Сайхантуяа нь Б.Энхжаргалын хамт манай ажил дээр ирж анхнаасаа намайг залилж шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн гаражийг надад зарсан болохоо хэлж миний 10,000,000 төгрөгийг хамтран төлж барагдуулна, хохирол барагдуулах хүртлээ машиныг чинь тавих гаражийн түрээсийн төлбөрийг төлнө гэдгээ амлаж баталгаа бичиж өгсөн боловч гаражийн үнэ 10,000,000 төгрөг, гаражийн түрээсийн төлбөрт 960,000 төгрөг нийт 10,960,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй болно. Ингээд миний бие 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Энхжаргалын оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэдэг шалтгаанаар нэхэмжпэлийг буцаасан. Иймд хариуцагч Б.Энхжаргал, Ц.Сайхантуяа нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Батсүх шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн С.Батсүх миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Энхжаргал, Ц.Сайхантуяяа нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Шүүх хурал 2017 оны 3 дугаар сарын 20-ны 10 цаг 00 минутад товлогдсон. Миний эзгүйд хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Батсүх нь хариуцагч Б.Энхжаргалд холбогдуулж 10,000,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШЗ2016/27132 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч С.Батсүхэд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхжаргал, Ц.Сайхантуяа нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхжаргал, Ц.Сайхантуяа нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч С.Батсүхэд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Энхжаргал, Ц.Сайхантуяа нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Энхжаргал, Ц.Сайхантуяа нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч С.Батсүх /99190071/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Хүсэлт гаргагч С.Батсүх, утас: 9919-0071
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: Боржигин овогт Батхуягийн Энхжаргал /РД:мя81082005/,
утас: 9909-4437, 9664-4747
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ