| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0051/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/25 |
| Огноо | 2022-02-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
2022 оны 02 сарын 21 өдөр Дугаар 2022/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ш.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/63 дугаартай магадлалаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд ирүүлсэн Ш.От холбогдох 2029002620063 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт 1-р баг, Дэнгийн ус гэдэг газарт хамтран амьдрагч Х.Н хувийн таарамжгүй харьцаанаас буюу “мал зарах” асуудлаас маргалдаж улмаар төмөр хайрцагтай багаж шидэх, үнс хийдэг төмөр хувингаар цохих зэргээр зодсоны улмаас тархи доргилт, YIII, IX хавирганы хугарлын улмаас үүссэн зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О мэдүүлэхдээ: “11 сарын 04-ний өдөр мал маллах зарах асуудлаас болоод бид хоёр маргалдсан. Гэнэт зүгээр байж байгаад малаа зараад явлаа гэсэн. Тэгээд би архи уучхаад Нандинцэцэгийн биед гэмтэл учруулсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Н өгсөн: “... Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө манай нөхөр Ш.О гэртээ ирэхдээ 1 шил архи авч ирээд архинаасаа бага зэрэг уугаад унтаад өгсөн 13 цагийн үед унтаж босоод намайг “чи малаа зарна гэлээ” гээд загнаж байгаад “авдарт байгаа архи гаргаад ир” гээд нэхээд байсан тэр архинд байсан архийг урд өдөр нь “манайд ирсэн хүнд гаргаж өг” гэж Ш.О утсаар хэлэхэд нь би гаргаад өгсөн байсан тэр тухай нь өөрт нь хэлэхэд “чи яасан дураараа юм бэ, чи миний юмыг мэдэх болоогүй шүү” гээд хараагаад байсан тэгээд би хоол хийгээд өгтөл хоолны мах улаан өнгөтэй болсон байсан тэгсэн Ш.О уурлаж "хоолны мах улаан болголоо” гээд уурлаад аягатай хоолоо над руу авч шидээд “одоо малаа ялгаад туугаад яв” гэж хөөсөн тэгэхэд нь би гэрээс гарч зугтахад миний араас гарч ирээд гэрийн хаяанд байсан дотроо машины түлхүүр багажтай төмөр хайрцаг аваад над руу шидэхэд миний зүүн талын далны доод хэсэгт оносон тэгэхэд би унаад босож чадахгүй байхад хүрч ирээд үнс хийдэг төмөр хувингаар зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа цохисон тэгээд Ш.О машинаа асаагаад намайг “дайрч ална” гээд машинаараа элдсэн би зугтаад гэр тойроход машинаараа гэрээ мөргөсөн тэгээд машинаа холдуулж тавиад амбаараас савтай бензин аваад гэрийн баруун урд дээвэр дээр цацаад шатаана гэж хэлээд намайг харааж, зүхэж байсан тэгэхэд би уйлаад гуйсан “дахиж тийм зүйл ярихгүй уучлаарай” гэж хэлэхэд намайг “гэр лүүгээ ор шээс минь, хувцсаа соль” гэж хэлсэн. тэгээд би хувцсаа солиод удаагүй байтал саахалт айлын гэр бүлийн хүмүүс болох Б.Э , С хоёр хүрч ирэхэд би “түргэн дуудаад өгөөч, түргэн иртэл цуг байж байгаач” гэж гуйсан. Тэгээд удалгүй түргэн тусламж, цагдаа ирээд Ш.О бид 2-г аваад сумын төв орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудаст/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.М өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 8, 9 цагийн үед Ш.О ийн хамт гэрт нь очиход Ш.О ийн эхнэр гэртээ хэвтэж байсан би гэрт орж цай уух гэсэн боловч байхгүй болохоор нь гэрээс гараад уяатай байсан морьдоо чөдөрлөж тавьчхаад мотоциклтой адуугаа хайхаар явж байгаад 14 цагийн үед Ш.О ийн гэрт ирэхэд Ш.О эхнэртэйгээ муудалцсан бололтой хоол ундаа асгачихсан хэрэлдэж маргалдаж байгаад Нандинцэцэг гэрээс гараад гүйхэд Ш.О араас нь гараад гэрийн үүдэнд байсан багажийн төмөр хайрцаг аваад Нандинцэцэгийн араас шидээд нуруун дээр нь оноход Нандинцэцэг унаад өгсөн тэгсэн Ш.О гадаа байсан үнсний хувин аваад Нандинцэцэг рүү далайхад би Ш.О ийг хорих гэтэл хажуугаар үнсний хувинг шидсэн тэгээд би тэр хоёрыг салгахад Ш.О гэрийн арагшаа гүйгээд хуванцар бензиний сав авч ирээд тагийг нь аваад Нандинцэцэгийн дээр тонгойлгоход нь би болиулж бензиний савыг нь булааж аваад гэрийн хойно байх амбаарт хийчхээд буцаад ирэхэд Ш.О тайвширсан бололтой Нандинцэцэгтэй гэр рүүгээ ороход нь би эмнэлэг орохгүй бол наад хүн чинь бие нь эвгүй байна гэхэд Ш.О эхнэрээ хувцсаа соль аймаг руу эмнэлэг явъя гээд хоорондоо учир зүйгээ олчих янзтай болохоор нь чөдөртэй морио харахаар гэрээс гараад явж байхад саахалт айлын Б.Э , эхнэрийн хамт мотоциклтой ирж яваа харагдсан тэгээд чөдөртэй адуугаа харчхаад эргээд ирж явахад эмнэлгийн машинтай эмч, цагдаа ирсэн байсан удалгүй Ш.О , Нандинцэцэг хоёрыг машинтай аваад сумын төв рүү машинд суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудаст/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Б өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн Могойт багийн эмч Ариунзаяа утсаар хэлэхдээ Могойт багийн нутаг Дэнгийн ус гэх газар нөхөр нь эхнэрээ зодсон байна гэх дуудлага ирлээ гэснээр эмч Ариунзаяа, эмнэлгийн жолооч Бат-Өлзий нарын хамт эмнэлгийн машинтай дуудлага өгсөн газар очиход цагаан бүрээстэй бага 4-н ханатай гэр байх ба гэрийн урд талд цагаан өнгийн ачаатай /портер/ машин, гэрийн баруун урд талд мотоцикл байсан гэрт ороход гэрийн баруун хойд талд эрэгтэй хүн унтаж байсан гэрийн зүүн хойд талд хураасан хөнжил гудас налаад суусан байдалтай нэг эмэгтэй хүн хөдөлж чадахгүй байна гээд сууж байсан, би унтаж байсан эрэгтэй хүнийг сэрээгээд юу болсон талаар асуухад гэр бүлийн маргаанаас болоод эхнэртэйгээ муудалцаад багажны сав шидэхэд нуруунд нь оносон гэж хэлсэн тухайн хүнээс эхнэртэйгээ маргалдаж байхад чинь та хоёроос өөр хүн байсан уу? гэж асуухад эхнэр бид хоёроос хүн байгаагүй гэж хэлсэн тэгээд би тэр хүний хувцсыг нь өмсгөөд гэрээс гаргаж шидсэн гэх багажны савыг аваад машинд суулгасан, эмч өвчтөнөө машинд суулгаад бид 5 сумын төвийн эмнэлэг рүү явсан би сумын төв дээр ирээд О гэх хүнийг Баян-Овоо сумын цагдаагийн хэсэг дээр авч очоод хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгч, согтуурлын зэргийг нь шалгахад 0,77%-ийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 59-р хуудаст/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Бат-Өлзийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Баян-Овоо сумын Могойт багийн нутагт хүн зодуулсан гэх дуудлага ирлээ гэж сувилагч хэлснээр эмч Ариунзаяа, цагдаа Буяндэлгэр нарын хамт албаны 75-97 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвөөс дуудлагад явсан. Уг газар нь Могойт багийн засаг дарга Бямбадэлгэрийн бууц, сумын төвөөс хойш 23 км зайд байх газар байсан ба очиход 4 ханатай цагаан бүрээстэй гэрийн үүдэнд уг айлын саахалт айлын гэх 2 хүн зогсож байсан гэрийн баруун хойд талд тэвштэй цагаан өнгийн машин, гэрийн урд талд цэнхэр өнгийн тэвштэй машин зогсож байсан ба гэр лүү эмч, цагдаа 2 түрүүлээд орсон би машиндаа сууж байгаад араас нь түргэний эмчийн цүнхийг аваад гэрт ороход гэрийн баруун хойно нэг эрэгтэй хүн дээл нөмрөөд унтаж байсан, гэрийн зүүн хойд талд нэг эмэгтэй хүн ёолоод хэвтэж байсан эмч үзлэг хийгээд байж байсан би эмчийн цүнхийг өгөөд, гэрийн гэрлийг асааж өгчхөөд гэрээс гарч машиндаа сууж байгаад буцаж гэрт ороод өвчтөнөө авч явах талаар асуухад эмч авч явна гэсэн тэгээд би эмчийн цүнхийг авч гараад машинаа гэрийн хаалганд ойртуулж байрлуулаад өвчтөнөө суулгаад, өвчтөний нөхөр гэх хүнийг бас суулгаад сумын төв рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудаст/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Сэржмядагийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед би нөхөртэйгөө гэртээ байхад манай саахалт айлын хүн болох О, манай нөхөр Бат-Эрдэнийн гар утас руу залгаад манай нөхөртэй утсаар ярихдаа гэрт хүрээд ир гэж хэлсэн би нөхөртэйгөө хамт манайхаас 10 километрийн зайд байх Оийн гэр лүү мотоциклтой хүрч очоод гэрт нь ороход Ш.О , Х.Нандинцэцэг нар гэртээ байсан ба Нандинцэцэг гэрийнхээ зүүн хойд талд ёолоод сууж байсан, О гэрийнхээ баруун талд сууж байсан. Бид 2 гэрт ороод юу болсон талаар асуухад О, Нандинцэцэг нар яасан талаараа дуугарахгүй байсан удалгүй О манай нөхрийг түргэний эмч дуудаад өгөөч гэж хэлсэн тэгээд манай нөхөр гар утасны сүлжээтэй газар очиж утсаар ярихаар гэрээс гарсан тэр хооронд О гэрээсээ орон гаран юм хийгээд байгаа бололтой байсан Оийг гэрээс гарсны дараа Нандинцэцэг надад намайг шээлгээд өг, гал түлээд өг гэж байсан тэгээд 2 цагийн дараа түргэний эмч, цагдаа ирээд Нандинцэцэг, О нарыг сумын төв рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудаст/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Бат-Эрдэнийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед би эхнэртэйгээ гэртээ байхад миний гар утас руу О өөрийнхөө дугаараас залгаад манайд хүрээд ир Нандинцэцэгийн бие нь өвдөөд байна гэсэн тэгээд би эхнэртэйгээ Оийн гэрт нь очиход Нандинцэцэг гэрийн зүүн хойд талд тонгойгоод суусан байдалтай ёолоод байж байсан О надад түргэн дуудаад өгөөч гэсэн тэгээд би Могойт багийн эмч болох 89860600 дугаарын утас руу залгаж түргэн тусламж дуудсан нэг цаг орчим хугацааны дараа эмч болон цагдаа нар ирээд О, Нандинцэцэг 2-ыг сумын төв рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудаст/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ариунзаяагийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны 16 цаг 20 минутад миний утас болох 89860600 дугаар луу 89801077 дугаарын утаснаас С.Б.Э гэх хүн холбогдож мэдээлэхдээ Могойт багийн нутаг сумын төвөөс хойш 20-иод км зайд Дэл цагаан хошуу гэх газар манай саахалт айлын эмэгтэйг нөхөр нь зодсоноос болж, цээжээр өвдөөд ёолоод байна гэх дуудлага ирсэн тэгээд сумын би цагдаагийн хэсэгт мэдэгдэж эмнэлгийн жолооч С.Бат-Өлзий, цагдаа С.Б нарын хамт дуудлага өгсөн газар очиход Нандинчимэг гэх 41 настай эмэгтэй цээжний зүүн талаар өвдөөд амьсгал авч чадахгүй байна гэсэн зовуурьтай хүн байсныг Баян-Овоо сумын эмнэлэгт авч ирсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудаст/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 610 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Х.Н биед тархины доргилт, зүүн талын YIII, IX хавирганы хугарал, уушгины гэмтэл, цээжний зүүн хөндийн цус хурдалт, цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудаст/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 216 дугаартай дүгнэлт хх- ийн 87-88-р хуудаст/
Шүүгдэгч Ш.О ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 122-129, 132-133, 140-156-р хуудаст/,
Ш.О ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 130-р хуудаст/,
Ш.О ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 158-164-р хуудас/
Ш.О ийн арван хурууны дардас /хх-н 74-75-р хуудас/,
Ш.О ийн 88289002 дугаартай гар утсанд орсон гарсан дуудлага мессежний лавлагаа /хх-н 135-137-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.О ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт 1-р баг, Дэнгийн ус гэдэг газарт хамтран амьдрагч Х.Н хувийн таарамжгүй харьцаанаас буюу “мал зарах” асуудлаас маргалдаж улмаар төмөр хайрцагтай багаж шидэх, үнс хийдэг төмөр хувингаар цохих зэргээр зодсоны улмаас тархи доргилт, YIII, IX хавирганы хугарлын улмаас үүссэн зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.О ийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Н эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ш.О нь хохирогч Х.Нандинцэцэгийг төмөр хайрцагтай багаж шидэх, үнс хийдэг төмөр хувингаар цохих зэргээр зодсоны улмаас тархи доргилт, зүүн талын YIII, IX хавирганы хугарлын улмаас үүссэн зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ш.О ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 610 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд 1. Х.Н биед тархины доргилт, зүүн талын YIII, IX хавирганы хугарал, уушгины гэмтэл, цээжний зүүн хөндийн цус хурдалт, цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаартай “1.Х.Н биед учирсан тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн талын YIII, IX хавирганы хугарлын улмаас үүссэн зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2. Х.Н зүүн талын YIII, IX хавирга далны шугамаар хугарсан шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.1.10-т “... нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн ...” бол амь насанд аюултай гэмтэлд хамаарахаар заажээ. Хохирогчийн хавирганы хугарал нь энэ заалтад хамаарахгүй 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Хохирогч Х.Н биед мохоо зүйлийн улмаас цээжний зүүн талын YIII, IX хавирга хугарч цээжний гялтанг цоолон зүүн хөндийд цусан хураа үүсэж улмаар уушгины авчилт үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 62-63, 85-88 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Нандинцэцэгээс эмчилгээний зардалд 500,146 /таван зуун мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангажээ. /хх-ийн 103-104 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ш.О ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,200,000 төгрөгийг хохирогч Х.Нандинцэцэгт нөхөн төлсөн болох нь хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 168 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.О нь хохирогч Х.Нандинцэцэгт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэн зүйл болон гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ш.О ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ш.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч Өршөөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Өршөөлийн тухай хуульд хамааруулах санал гаргав.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заажээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.”, 6.4 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.”, мөн хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ш.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Шүүгдэгч Ш.О нь бусдад төлөх төлбөргүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.О ийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэхэд /5,000:15=/ 333 хоног буюу 11 сар 3 хоногийн хорих ялтай тэнцэж байна.
Иймд шүүгдэгч Ш.О т оногдуулсан торох ялыг 11 сар 3 хоногийн хорих ялтай дүйцүүлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийг хасах үндэслэлтэй ба ялтанд биелүүлэх торгох ял үлдээгүй тул уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.О ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нимгэн төмрөөр гар аргаар хийсэн байж болох 33 см урттай, 12 см өргөнтэй, 12 см өндөртэй, дээшээ сөхөгдөж онгойдог тагтай, таг нь дээрээ бариултай, тагны урд талд дэгээ бүхий хоёр түгжээтэй, саарал өнгийн 1 ширхэг хайрцаг, хайрцаг дотор төмөр хуурай, отверка, эрэг, боолт, шлангны тасархай, жийрэг резин, пүрш, троцов, зэрэг багаж, сэлбэг, цэнхэр өнгийн 42 см өндөртэй, 26x26 см өргөнтэй, дээрээ бариул болон гүн цэнхэр өнгийн тагтай, савны амсар болон тагны дотуур жийрэглэж хийсэн гялгар ууттай 1 /нэг/ ширхэг хуванцар сав, будаг нь халцарч зэвэнд идэгдсэн, хонхойж хэлбэрээ алдсан нимгэн төмөр хувин 1 /нэг/ ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-ыг 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От оногдуулсан 5.000 /таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ялаас 2 жилийн хорих ялыг дүйцүүлэн өршөөн хасаж, торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Ш.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогчид 2.200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэн зүйл болон гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нимгэн төмрөөр гар аргаар хийсэн байж болох 33 см урттай, 12 см өргөнтэй, 12 см өндөртэй, дээшээ сөхөгдөж онгойдог тагтай, таг нь дээрээ бариултай, тагны урд талд дэгээ бүхий хоёр түгжээтэй, саарал өнгийн 1 ширхэг хайрцаг, хайрцаг дотор төмөр хуурай, отверка, эрэг, боолт, шлангны тасархай, жийрэг резин, пүрш, троцов, зэрэг багаж, сэлбэг, цэнхэр өнгийн 42 см өндөртэй, 26x26 см өргөнтэй, дээрээ бариул болон гүн цэнхэр өнгийн тагтай, савны амсар болон тагны дотуур жийрэглэж хийсэн гялгар ууттай 1 /нэг/ ширхэг хуванцар сав, будаг нь халцарч зэвэнд идэгдсэн, хонхойж хэлбэрээ алдсан нимгэн төмөр хувин 1 /нэг/ ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Оийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ