Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д-ийн Ш-т холбогдох 2217000000023 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Ш /РД:................/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, .......... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 259 дүгээр зүйлд зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтаан бүгд 1 жил хорих ялаар, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 3 дугаар байрны 1-1 тоотод Б.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар заазуураар цохиж эрүүл мэндэд нь толгойн оройд, толгойн орой дагз хэсгийн заагаар зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13-14 цагийн үед найз Алтаншагай дуудахаар нь машинаа зогсоол дээр тавиад гэрт нь ороход Төмөрбаатар согтуу байсан. Тэгээд 1 шил архи хуваан ууж байтал Төмөрбаатар агсараад маргалдаж байгаад миний ар хэсэгт цохихоор нь би уурлаад хажууд заазуур байхаар нь аваад ар хэсгээр нь толгой руу нь цохисон. Тэгээд Төмөрбаатарын толгойноос нь цус гараад угаах гээд явахад нь би гэрээс нь гараад яваад өгсөн. Тухайн үед бид хоёроос өөр хэрүүл маргаан үүсгэсэн хүн байхгүй. Тын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Архи болон миний уурнаас болж гэмт хэрэг гарсан. Би болсон явдлыг санаж байгаа. Өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Төмөрбаатарыг гэмтээсэндээ маш их харамсаж байна гэв.

2. Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ. “2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15-16 цагийн орчимд Найрамдал хотхоны 3-1 тоотод А, Ш нарын хамт Хараа гэх нэртэй 0.75 литрийн савалгаатай архи хувааж уугаад би нилээн согтоод Алтаншагайгийн хамт газар хэвтээд байж байх үед миний толгойг гэнэт нэг юм цохих шиг болохоор нь босоод харахад Ширмэнбаатар баруун гартаа саарал өнгийн заазуур барьчихсан зогсож байсан. Би босоод хаалгыг онгойлгох гээд болохгүй байхаар нь ариун цэврийн өрөөнд гүйгээд ортол Ш араас цусаа угаа гэж байсан. Цусаа угаагаад гараад ирэхэд Ш гараад явсан байсан. Би Штай тухайн өдөр Алтаншагайгийн гэрт таарсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёрын дунд муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Би Шын биед халдаагүй. Миний биед заазуураар цохиж гэмтэл учруулсан. Эмнэлэгт цэвэрлүүлэхэд 3 шарх байсан. Тэр үед 3 удаа цохисон болохыг мэдсэн. Ш би заазуурын ар талаар цохисон гэж бодож байна. Иртэй талаар нь цохисон бол илүү их гэмтэл учирч шарх гүн орох байсан байх. Миний бие хэвийн шарх эдгэрч байгаа. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-20 хуудас/

 

3. Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ 0.75 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи Ттай хамт хувааж уугаад нилээн согтоод унтаж байгаад 16 цагийн орчимд бие засах гээд сэрээд ариун цэврийн өрөө орох үед Т нь ариун цэврийн өрөөнд толгой хэсгээсээ цусаа гойжуулчихсан сууж байхаар нь би сандраад цагдаад дуудлага өгсөн. Т бид хоёрт муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Би Ш ирэх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хэдэн цагийн орчимд ирсэн талаар нь санахгүй байна. Ямар зорилгоор ирсэн талаар нь мэдэхгүй, ямартай ч надтай уулзах гэж ирсэн байх” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

4. Шинжээч эмч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б.Тын биед толгойн оройд 2 ширхэг, толгойн орой дагз хэсгийн заагаар 1 ширхэг шархтай байсан. Энэ 3 шарх нь 3-н удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус шархууд нь заазуурын ар хэсгээр цохиход үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/

 

5. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр дүгнэлтэнд: Д.Шын биед баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2022.03.02-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 29 хуудас/

 

6. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар дүгнэлтэнд: Б.Тын биед толгойн оройд, толгойн оройн дагз хэсгийн заагаар зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр 2022.03.02-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүсэгдсэн шарх гэмтлүүд нь гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 32-33 хуудас/

 

7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6-14 хуудас/

 

8. Мөрдөн шалшах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /х.х-ийн 53-55, 57, 71-73 хуудас/

 

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 75-99 хуудас/

 

10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 104-106 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 3 дугаар байрны 1-1 тоотод Б.Тыг баруун чихний ар хэсэгт цохисон шалтгаанаар маргалдаж улмаар түүний толгойн тус газар заазуурны ар хэсгээр 3 удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн оройд, толгойн орой дагз хэсгийн заагаар зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Д.Шын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Тын өгсөн мэдүүлгүүд, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

 

Мөн шүүгдэгч Д.Ш нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Д.Ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Шүүгдэгч Д.Ш нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хамт архидан согтуурах явцдаа маргалдаж хохирогч Б.Тын шүүгдэгч Д.Шын баруун чихний цохисон зүй бус үйлдлээс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгчийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Д.Ш нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж прокурортой тохиролцсон хэмжээний торгох ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Хохирогч Б.Тт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч Д.Ш нь хохирогч Б.Тт халдаж толгойн тус газарт заазуурны ар хэсгээр 3 удаа цохисон үйлдлийн улмаас бие махбодид нь толгойн оройд, толгойн орой дагз хэсгийн заагаар зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Д.Шыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

 

Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, бариулын урт 12 см, ажлын хэсгийн урт 17 см нэг ширхэг заазуурыг устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Дийн Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шт оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, бариулын урт 12 см, ажлын хэсгийн урт 17 см 1 ширхэг заазуурыг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА