Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э овогт А-н Э-д холбогдох эрүүгийн 2217000470025 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 24-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Г аймаг, С 2 дугаар баг, Л ......... тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх Э овогт А-н Э-д  /РД:........./,                                                    

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг 4 дүгээр сургуулийн дотуур байрны 301 тоот өрөөнд 2022 оны 03 дугаар сарын 10-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хүүхэд уйлахад хүүхдээ авсангүй гэж маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний толгойн дух, баруун хацар, нүүр хэсэгт гараараа алгадах, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь духанд, зүүн нүдний зовхинд, эрүүний баруун буланд, баруун суга орчимд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духанд баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000470025 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч А.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай найз С хотоос ирээд С-гийн машинд 0.5 литрийн савалгаатай LX нэртэй 0.5 литрийн савалгаатай архи хувааж уугаад 24 цагийн үед гэртээ орсон. Тухайн үед манайх 4 дүгээр сургуулийн дотуур байрны 301 тоот өрөөнд амьдардаг байсан. Тэгээд гэртээ ортол манай эхнэр М, хүү У /2 ойтой/ 2 байсан ба би амрахаар орондоо ороод хэвттэл манай хүү уйлаад байсан. Тэгтэл манай эхнэр хүүгээ аваач гэж надад хэлэхээр нь би чи өөрөө аваач гэж хэлсэн. Эхнэр бид 2 тухайн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Гэнэт миний уур хүрээд М-ийн баруун шанаанд нэг удаа духанд нь гараараа цохисон. Манай эхнэр надад цохиулаад гэрээсээ гараад явсан ба төд удалгүй цагдаа орж ирээд намайг цагдаагийн хэсэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар хуудас),

Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, дундаасаа нэг хүүхэдтэй. Манай хүүг У гэдэг 2 настай. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 00 цагийн үед Баянтал сумын 1 дүгээр баг 4 дүгээр сургуулийн дотуур байрны 301 өрөөнд унтахаар хүү У-ын хамт орондоо ороод хэвтэж байтал нөхөр Э гаднаас архи уусан согтуу орж ирсэн. Тэгээд Э гэрт орж ирээд газар ор засаад унтахаар хэвтээд төд удалгүй намайг дуудсан юм. Би Э-ийн хажууд очоод суутал Э гэнэт миний дух руу нэг удаа баруун хацар луу алгадсан. Тухайн үед манай хүүхэд цочиж айгаад уйлсан ба би гэрээс гарах гэтэл Э миний араас ирж явахдаа усан дээр халтираад унасан. Тэгээд гарч яваад хажуу айлындаа ороод цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),

 

1.4. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай дүгнэлтэд:

- Д.М-ын биед духанд, зүүн нүдний зовхинд, эрүүний баруун буланд, баруун суга орчимд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духанд, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.03.10-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 35-36 дугаар хуудас),

 

1.5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 20-22 дугаар хуудас),

 

1.6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 55-57 дугаар хуудас) зэрэг болно.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг 4 дүгээр сургуулийн дотуур байрны ......... тоот өрөөнд 2022 оны 03 дугаар сарын 10-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хүүхэд уйлахад хүүхдээ авсангүй гэж маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний толгойн дух, баруун хацар, нүүр хэсэгт гараараа алгадах, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь духанд, зүүн нүдний зовхинд, эрүүний баруун буланд, баруун суга орчимд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духанд баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Э нь хохирогч Д.М-ын биед духанд, зүүн нүдний зовхинд, эрүүний баруун буланд, баруун суга орчимд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духанд, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.

Мөн шүүгдэгч А.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хүүхэд уйлахад хүүхдээ авсангүй гэж маргалдаж, улмаар түүнийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон хандлага, гэр бүл, хамтын амьдралын талаарх тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл байна гэж шүүхээс дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч А.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.М-ын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.  

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч А.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч А.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Э-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э нь Сүмбэр сумын 2 дугаар баг Лүнгийн 101 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Э нь зан байдлын хувьд тайван, даруу төлөв, наргианч хошин зантай хүн байгаа юм. Нэг гэм нь бусадтай буруу харьцчих гээд байдаг талтай. Э архи бага зэрэг хэрэглэдэг... гэх мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),

 

2.2. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А.Э нь Сүмбэр сумын 2 дугаар баг Лүнгийн 101 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Э нь зан байдлын хувьд даруу төлөв, архи дарс хэрэглэдэггүй, илүү дутуу ааш зангүй сайн залуу байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас),

 

2.3. Шүүгдэгч А.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54 дүгээр хуудас),

 

2.4. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 97-112 дугаар хуудас),

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/28 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 68-69 дүгээр хуудас),

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2017/ХМШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 114-116 дугаар хуудас),

 

2.7. Шүүгдэгч А.Э-ийн Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 121 дүгээр хуудас) зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч А.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч А.Э нь хувийн байдлын тухайд урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ба дахин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байхад прокуророос түүний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлж байгаад онцгой анхаарах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Э-өд холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч А.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

            Иймд шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Э овогт А-н Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ