Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төртогтохын Энхмандах |
Хэргийн индекс | 165/2022/0025/Э |
Дугаар | 2022/ШЦТ/28 |
Огноо | 2022-03-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ны Б-т холбогдох эрүүгийн 221700000029 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 12 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа жонш худалдан борлуулах ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Г аймгийн Сумын дугаар баг, Р дүгээр гудамж тоотод түр оршин суух хаягтай, Г аймгийн С сумын дугаар баг, Р 1.... дүгээр гудамж ........ тоотод албан ёсны бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг журамлан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Г-н Б /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Б нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Рэгзэгийн 1-137 тоотод байх гэртээ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн бугалга хэсэгт хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000029 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим хамт ажилладаг залуу болох Б манай гэрт 0.75 литрийн Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн. Б бид хоёр архиа уугаад талдаа орж байх үед би Бд ажил таслаад алга болдог талаар хэлж байтал Б гэнэт босож ирээд намайг сандал дээр сууж байх үед миний ард гараад зүүн гараараа хоолойны урдуур боогоод баруун гараараа зүүн гараа түгжээд бариад авсан. Би Б-ыг тавь гэхэд Б улам чангалаад байсан. Тухайн үед би гэрийн зүүн урд хоол хийх гээд мах хутга гаргачихсан байсан шар эрээн өнгийн бариултай саарал өнгийн төмөр жижиг хутгыг аваад Б-ын зүүн гарын булчин хэсэгт 2 удаа зоочихсон юм. Тэгээд би Быг тавиулаад өөрөө босоход Б гараад явчихсан... гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас),
1.3. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим би хамт ажилладаг хүн болох Б-ын гэрт очих замдаа Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Одноогийн дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи 2 шилийг аваад очсон. Гэрт нь очоод Б-тай архи уугаад талдаа орж байхад Б агсраад нилээн согтоод байсан. Тэр үед би Б-тай ноцолдоод гарыг нь бариад хорьж байсан санагдаад байна. Өөр зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд миний гар луу 2 удаа хутгалчихсан. Тэгээд би гэрээс нь гараад явсан. Эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ. Мөн тухайн үед өмсөж явсан 2 цамц их цус болж өмсөх боломжгүй болсон учраас тухайн цамцны мөнгийг нэхэмжилнэ. Тухайн цамцнуудыг Улаанбаатар хотоос тус бүр 50 000 төгрөгөөр авч байсан, нийт 100000 төгрөг болсон. Одоо тухайн цамцнууд байхгүй, их цус болоод өмсөх боломжгүй муухай болсон учраас хаячихсан... гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),
1.4. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай дүгнэлтэд:
- Б.Б-ын биед зүүн бугалганд хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр 2022.03.21-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 19-20 дугаар хуудас),
1.5. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаартай дүгнэлтэд:
- Г.Б-ын биед оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.03.21-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 23 дугаар хуудас),
1.6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-10 дугаар хуудас) зэрэг болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Рэгзэгийн 1-137 тоотод байх гэртээ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн бугалга хэсэгт хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Б-ын зүүн бугалга хэсэгт хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Б-ын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Б-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Шүүгдэгч Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42 дугаар хуудас),
2.2. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-54 дүгээр хуудас),
2.3. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 55-58 дугаар хуудас),
2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 44-49 дүгээр хуудас),
2.5. Хохирогч Б.Б-ын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 74 дүгээр хуудас),
2.6. Шүүгдэгч Г.Б-ын Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 73 дугаар хуудас) зэрэг болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өдөрт 8 /найм/ цагаар тогтоов.
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өргөн нь 2 см, урт нь 13 см, бариул 9.5 см шар өнгийн бариултай, төмөр ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ы Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өргөн нь 2 см, урт нь 13 см, бариул 9.5 см шар өнгийн бариултай, төмөр ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ