Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Дын Бт холбогдох эрүүгийн 2217000490027 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 01-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Хуучин Андууд” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн .......  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Ц овогт Дын Б /РД:................/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өлзийтийн 1-14 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.Нтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнтэй гар утас булаацалдаж ноцолдох, зууралдах, толгойн тус газар нь гараараа цохих, орон дээрээс татаж унагаах зэргээр эрүүл мэндэд нь баруун мөрөнд, баруун чихний дэлбэнд, баруун өвдөгт, зүүн гарын гуравдугаар хуруунд цус хуралт, толгойд баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг ажилтай байхад ус авч өг гэсэн. Би ажилтай байна айлын машин хүлээж байгаад ус авч өгье гээд гадаа гараад сууж байсан. Охиныхоо утсыг аваад ярих гэсэн чинь утас аваад алга болчихно гээд утас булаацалдсан. Уг нь тэр утсыг би охиндоо авч өгч байсан. Нгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Толгой руу нь алгадсан, унахдаа  гараа гэмтээсэн байх. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу, дахиж ийм зүйл гаргахгүй гэв.

2. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би нөхөр Д.Быг 14 цагийн орчим утсаар залгаад гэрт усгүй болчихлоо, ирж ус авч өг гэж дуудахад Б 15 цагийн орчимд гэртээ ирээд ажилтай байхад хүн дуудаад байх юм, усандаа өөрөө явахад яадаг юм гээд бид 2 маргалдсан. Б гэрээс гараад тамхи татаад сууж байх үед Бын барьж байсан миний охин Э-ийн утас дуугараад би охиндоо аавынх нь утас дуугараад байна аваад өг, миний охин өөрөө утсаа барьвал яадаг юм бэ гээд Б бид 2 дахин тухайн утаснаас болоод маргалдаж утас булаацалдаж эхэлсэн. Тэр үед Б намайг орон дээр сууж байхад миний толгойн орой хэсэгт баруун гараараа 2 удаа алгадсан, орноос татаж унагаахад би газар өвдгөөрөө унасан, мөн миний зүүн гарын 3 хуруу хөхөрч гэмтсэн байсан би хуруугаа утас авах гэж ноцолдож зууралдаж байхдаа гэмтээсэн гэж бодож байна. Баруун мөр, баруун чих хөндүүрлэж бага зэрэг хөхөрсөн байсан тэрийг би орноос унах үедээ болон ноцолдож байх үед гэмтсэн гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/

3. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед намайг хашаан дотроо тоглож байсан чинь гэрт аав Б, ээж Н нар хэрэлдээд муудалцаад байсан. Миний утас аавд байсан, аав өөрийнхөө утсыг эвдсэн болохоор миний утсыг барьж байсан, тэр утсыг аав надад авч өгч байсан. Миний аав Б нь ээж, дүү нартай их гоё харьцдаг, бид нарыг загнадаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37 хуудас/

4. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Д.Б нь гэр бүлийнхэнтэйгээ их ойр дотно байдаг, их зөв харилцаатай , хүн чанартай гэр бүлийнхэндээ халамжтай хүн шиг санагддаг. Эхнэр хүүхдүүдтэйгээ муухай харьцаж загнаж байхыг би харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/

5. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “     Д.Нгийн биед учирсан баруун мөрөнд, баруун чихний дэлбээнд, баруун өвдөгт, зүүн гарын 3-р хуруунд цус хуралт, толгойд баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй харин нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөр, баруун чихний дэлбээнд, баруун өвдөгт зүүн гарын 3-р хуруунд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ, зууралдах ноцолдох үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

6. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаар дүгнэлтэнд:

Д.Нгийн биед учирсан баруун мөрөнд, баруун чихний дэлбээнд, баруун өвдөгт, зүүн гарын 3-р хуруунд цус хуралт, толгойд баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 03 дугаар сарын 12-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 15-16 хуудас/

7. Аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулбар /х.х-ийн 5-7 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 62 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Д.Б нь Д.Нтой ажилтай байхад усаа өөрөө авсангүй гэдэг шалтгаанаар маргалдаж улмаар түүнтэй гар утас булаацалдаж ноцолдох, зууралдах, толгой тус газар нь гараараа цохих, орон дээрээс татаж унагаах зэргээр эрүүл мэндэд нь баруун мөрөнд, баруун чихний дэлбэнд, баруун өвдөгт, зүүн гарын гуравдугаар хуруунд цус хуралт, толгойд баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Н, насанд хүрээгүй гэрч Н.Э, шинжээч эмч Л.Жаргалтогтох нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

Мөн шүүгдэгч Д.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Д.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо гэр бүлийн асуудлаар хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Д.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Быг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Д.Быг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Дын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ