Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00758

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00758

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2в-88 тоотод оршин суух, Хоовжий овогт Пүрэвдашийн Цэнд-Аюуш /РД:иц79042165/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, МАН-ын байрны 206 тоотод оршин байх “Нэт капитал” ББСБ, 

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4 дүгээр баг, Ган гудамж, 20-2 тоотод оршин суух, Бор овогт Гөлөгмаагийн Тавинжил /РД:ес75071121/ нарт холбогдох,

 

гэм хорын хохиролд 2,428,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш, хариуцагч Г.Тавинжилийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Сүхээ /0157/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хосгариг, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны  4 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 30 минутын үед “Барс” захын зам дээр өөрийн нөхөр Н.Мөнхтөрийн хамт зорчиж явахад 17-31 ДГО улсын дугаартай машин бидний машиныг мөргөсөн. Уг машины өмчлөгч нь “Нэт капитал ББСБ бөгөөд жолоодож явсан хүн нь Г.Тавинжил байсан. Ингээд ослын талаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 853 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг тогтоолд өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 499, 505, 510 дугаар зүйлд заасан ёсоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн болно. Миний бие 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нурууны хүнд хагалгаа хийлгэж байсан бөгөөд байнга эмчийн хяналтад байдаг. Уг зам тээврийн ослын улмаас надад хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон төдийгүй урьд хийлгэсэн хагалгаанд ямар нэг байдлаар нөлөөлсөн эсэхийг шалгуулж олон шинжилгээ хийлгэж, эмнэлэгийн байгууллагаар явсан. Осол болсны дараа дуудлагаар ирсэн цагдаа эмнэлэг дуудаж, гэмтлийн эмнэлэгт үзүүлж рентген зураг авахуулсан. Эмчийн бичиж өгсөн эмчилгээний дагуу нурууны МRI зураг шаардлагатай болсон тул маргааш нь “Гранд мед” эмнэлэгт МRI зураг авахуулах зэргээр эмнэлэгийн байгууллагуудаар явж хохирсон. Иймд миний эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл, эмнэлэгийн байгууллагад хийлгэсэн шинжилгээ, үзүүлсэн төлбөрийн хохиролд 572,155 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие хариуцагч Г.Тавинжилийн буруугаас болж зам тээврийн осолд орсон ба өөрт учирсан хохирлоо барагдуулах үүднээс 572,155 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шүүхэд анх хандсан. Үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ослын улмаас нуруу байнга өвдөж эрүүл мэндийн хувьд хохирсоор явна. Иймд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохирч байгаа зардлаасаа зарим хэсгийг нь ч болтугай нөхөн гаргуулах үүднээс дараах зардлыг нэхэмжилж байна. Үүнд эмчилгээний зардал 1,690,588 төгрөг, автомашинд учирсан хохирол 164,400 төгрөг, нийт 1,854,400 төгрөгөөр өөрийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Би хариуцагч Г.Тавинжилийн буруугаас болж дараах зардлуудыг гаргасан. Үүнд:

1/ Анх шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд эмчилгээнд зарцуулсан зардал 572,155 төгрөг;

2/ Нэг бүр нь 250,000 төгрөгийн үнэтэй 2 удаагийн зөгийн хатгуур эмчилгээний төлбөр 500,000 төгрөг;

3/ 482,600 төгрөгийн үений үрэвсэл дарах тарилга;

4/ Гранд мед эмнэлэгт хэвтэхдээ урьдчилгаанд төлсөн 476,000 төгрөг;

5/ Гранд мед эмнэлэгт хэвтсэний үлдэгдэл төлбөр 233,248 төгрөг;

6/ Хариуцагчийн миний машинд учруулсан хохирол 164,400 төгрөг;        

Нийт 2,428,403 төгрөгийг хариуцагч Г.Тавинжилээс нэхэмжилж байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тооцоолол дээр алдсан байсан. Ахин тооцоход 2,428,403 төгрөг болж байна. Би “Нэткапитал” ББСБ-ыг хариуцагч Г.Тавинжилийн автомашиныг барьцаалж, өмчлөгч нь болсон байсан учир хамтран хариуцагчаар татсан. Тэрнээс биш миний автомашинд болон эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөрийг Г.Тавинжил хариуцах ёстой. Г.Тавинжилийн буруутай үйлдлээс болж би одоо болтол эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж маш их хэмжээний зардал гаргаж байгаа. Би 2014 оны 6 дугаар сард нуруундаа маш хүнд хагалгаа хийлгэн эдгэрч байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр авто осолд орсноор миний нурууны өвчин сэдэрсэн. Би осолд орсны дараа MRI буюу шинжилгээнд ороход миний өмнөх хагалгаанд орсон байдлаас дордсон буюу нурууны диск гэмтсэн, хөдөлсөн гэхээр зүйл гараагүй боловч Гранд мед эмнэлгийн мэс заслын эмчийн тодорхойлолтоос үзэхэд “...нурууны үе холбоос бага зэрэг гэмтсэн байх талтай” гэсэн байна. Ийм ч учраас би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Өөрөөр хэлбэл осолд орсны улмаас би зайлшгүй хэвтэж эмчлүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч “Нэткапитал” ББСБ шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хосгариг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Цэнд-Аюуш нь “Нэткапитал”  ББСБ-ыг зам тээврийн ослын иргэний хариуцагчаар татсан байна. Манай байгууллага нэхэмжлэлийг хариуцахгүй. Учир нь тус байгууллагад иргэн Г.Тавинжил нь өөрийн эзэмшлийн автомашин болох “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын 17-31 ДГО улсын дугаартай автомашиныг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн NC-101201262 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан. Зээлдэгч Г.Тавинжил нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулан, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин зээл авсан. Иргэний хуулийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Иргэний хуулийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан нь тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдэг нь өмчлөгч болохыг заажээ. Тус байгууллагын  “Авто тээврийн газар”-т явуулсан албан тоотод барьцаанд бүртгэж өгөх тухай хүсэлт гаргасан. Өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаагүй болно. Авто тээврийн газарт тээврийн хэрэгслийг барьцаанд бүртгэх бүртгэлийн систем байхгүйгээс гэрчилгээн дээр тус байгууллагын нэр бичигдсэнийг тус байгууллага хариуцахгүй. Тус байгууллага нь иргэн Г.Тавинжил өмчлөлийн гэрээ байгуулаагүй барьцааны гэрээ байгуулж зээл олгосон болно. Уг барьцааны гэрээнд өмчлөгч буюу эзэмшигч гэсэн заалт тусгагдаагүй. Өмнө нь ийм хэргүүд үүсч байсан бөгөөд дээрх үндэслэлээр тайлбарласны дагуу өмчлөгч буюу эзэмшигч болох зээлдэгч нь хариуцаж байсан. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6.3 /Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна/-т заасны дагуу банк нь өмчлөгч буюу эзэмшигч нь байх тул нэхэмжлэлийн хариуцагч болдог. Харин тус банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүн гаргаагүй бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа тул өмчлөгч буюу эзэмшигч биш барьцаалагч болно. Иргэний хуулийн 228.3-т “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан эсхүл хэрэглээ зардал нъ нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг” төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж зааснаас өөр хохирол буюу зээлийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд эзэмшигч буюу өмчлөгч болох иргэн Г.Тавинжил гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй тул бидэнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Г.Тавинжилийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа, өмгөөлөгч Г.Сүхээ шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч биднээс үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Тавинжил нь автомашинаа унаж явахдаа санамсар болгоомжгүйгээр нэхэмжлэгчийн сууж явсан автомашиныг мөргөсөн, улмаар тодорхой хэмжээний гэмтэл, хохирлыг нэхэмжлэгчид учруулсан тал дээр бид маргахгүй. Хэдийгээр баримтаар нотлогдохгүй байгаа боловч нэхэмжлэгчийн анх шүүхэд хандахдаа шаардсан мөнгө болох 572,155 төгрөгийг нь бид төлье. Нэгэнт хүнд хохирол учруулсан тул бид ухамсартайгаар төлбөрийг нь төлнө. Харин нэхэмжлэгч осол болсноос хойш маш урт хугацааны дараа эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээ, сувилгааны мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Уг осол нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болсон байхад бүтэн 4 сарын дараа эмнэлэгт хэвтсэн мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлоо нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй. Уг машин нь нөхрийнх нь нэр дээр байдаг, тэрээр шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 572,155 төгрөгийн хэмжээнд хангаж өгнө үү гэжээ.     

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш хариуцагч Г.Тавинжил болон “Нэт капитал” ББСБ-д холбогдуулж өөрт учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролд  2,428,403 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Тавинжил нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 30 минутад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Барс” захын баруун хойд талын замд ДГО 17-31 улсын дугаартай, “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас иргэн Н.Мөнхтөрийн жолоодож явсан 02-98 УБН улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашиныг мөргөж, зорчигч П.Цэнд-Аюушийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 853 тоот Тээврийн прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжээчийн дүгнэлт”, зохигчийн тайлбаруудаар тогтоогдож байхаас гадна талууд энэхүү болсон үйл баримт дээр маргаагүй /хх 5-10 хуудас/. 

 

Хариуцагч Г.Тавинжил өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.Цэнд-Аюушд гэм хор учруулсан эсэх тал дээр маргаагүй хэдий ч “өөрийн хариуцан арилгах ёстой төлбөрийн хэмжээг хэтэрхий их байна” гэж өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч “Нэт капитал” ББСБ-аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба татгалзлын үндэслэлээ “...Г.Тавинжилийн осол болох үед унаж явсан 17-31 ДГО улсын дугаартай автомашин манай байгууллагын зээлийн гэрээний барьцаанд байснаас бус эзэмшилд байгаагүй тул гэм хорын хохирлыг бид хариуцахгүй” гэж тайлбарлажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүйг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заажээ. 

 

Дээр дурдсанчлан хариуцагч Г.Тавинжил нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Барс” захын баруун хойд талын замд ДГО 17-31 улсын дугаартай, “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашиныг жолоодож явахдаа иргэн Н.Мөнхтөрийн жолоодож явсан 02-98 УБН улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашиныг мөргөж, зорчигч П.Цэнд-Аюушийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу бусдад гэм хорын хохирол учруулсан тал дээр маргаагүй ба нэхэмжлэгчид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрх үүсчээ.   

 

Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 572,155 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Г.Тавинжилийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс уг нэхэмжилсэн мөнгийг төлөхийг зөвшөөрсөн. Хэдийгээр П.Цэнд-Аюушд 572,155 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх боловч хариуцагчаас үнийн дүн дээр маргаагүй тул хариуцагч Г.Тавинжилээс 572,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ /хх 11-13 хуудас/.       

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба нэг бүр нь 250,000 төгрөгийн үнэтэй 2 удаагийн зөгийн хатгуур эмчилгээний төлбөр 500,000 төгрөг, 482,600 төгрөгийн үений үрэвсэл дарах тарилга, нэхэмжлэгчээс “Гранд мед” эмнэлэгт хэвтэхдээ урьдчилгаанд төлсөн 476,000 төгрөг, “Гранд мед” эмнэлэгт хэвтсэний үлдэгдэл төлбөр 233,248 төгрөг, нийт 1,691,848 төгрөгийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг хуулиар хүлээх боловч гэм хор учруулсан этгээдийн үйлдэл /эс үйлдэл/ болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хэмжээ шалтгаант холбоотой байх учиртай.  

 

2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн ослоос шалтгаалж нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш зөгийн хатгуур эмчилгээ, үений үрэвсэл дарах тарилга хийлгэх болон “Гранд мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага бий болсон нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байхаас гадна “Гранд мед” эмнэлгийн мэс заслын эмч Э.Саруулын “...Пүрэвдорж овогтой Цэнд-Аюуш ...2014 оны 6 дугаар сарын 13-нд ...бүсэлхийн L4/5 нугаламын гулсалт, мэдрэлийн ёсоорын дарагдал оношоор ...хагалгаа хийгдэж эдгэрсэн. MRI шинжилгээнд хийгдсэн-хагалгаа нь өөрчлөлт үгүй боловч барьцалдаат нурууны үрэвслээс үүдсэн уян хатан чанар алдагдсан учир нурууны үе холбоос бага зэрэг гэмтсэн байх талтай байна” гэсэн тодорхойлолт П.Цэнд-Аюуш зам тээврийн ослоос шалтгаалж нэхэмжлэлд дурдагдсан эмчилгээг хийлгэх шаардлагатай болсныг нотлохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Түүнчлэн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан боловч 02-98 УБН улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашины эзэмшигч нь нэхэмжлэгчийн нөхөр буюу Н.Мөнхтөр тул уг автомашинд учирсан хохирлыг П.Цэнд-Аюуш шаардах эрхгүй байна.

 

“Нэт капитал” ББСБ-д холбогдох шаардлагын хувьд:

 

Автомашины тээврийн хэрэгслийн улсын бүртгэлээр ДГО 17-31 улсын дугаартай, “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашины өмчлөгч нь “Нэт капитал” ББСБ байх хэдий ч тус компанийг гэм хорын хариуцлагыг хүлээнэ гэж шууд тодорхойлох үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заасны дагуу иргэн Г.Тавинжил нь ДГО 17-31 улсын дугаартай, “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашины эзэмшигч, харин “Нэт капитал” ББСБ нь өмчлөгч буюу шууд бус эзэмшигч нь байна. 

 

Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан бөгөөд осол гарах үед “Нэт капитал” ББСБ нь ДГО 17-31 улсын дугаартай, “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын  автомашиныг барьцаалагч байсан тул нэхэмжлэгчийн шаардаж буй гэм хорын хохирлыг хариуцах учиргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 62,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тавинжилээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох хэсгийг буюу 17,815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Тавинжилээс 572,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цэнд-Аюушд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,248 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч “Нэт капитал” ББСБ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 62,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тавинжилээс 17,815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ

 

ШҮҮГЧ                                                                        М.МӨНХТӨР

 

                                                                        Ч.ЦЭНД