Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Эгийн Эд холбогдох эрүүгийн 2217000500028 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 28-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Петорвис ХХК-д ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны .......  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Т... овогт Эгийн Э /РД:........................./

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны .......... тоотод байх гэртээ хадам аав Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гал түлсэн байсан халуун зуух руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь биеийн хэвлийн  доод хэсгээр түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хүргэлтийн хоолноос болоод эхнэртэйгээ маргалдсан гэтэл эхнэр утсаар аавыг дуудсан байсан. Хадам аав ирээд охиноо авч явна гэхээр нь маргалдаж байгаад санамсаргүй түлхтэл зуухан дээр ойчсон. Тэгээд эхнэр охин 2-г аваад явсан. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, цаашид архи дарснаас уухгүй, архинаас татгалзаж байна гэв.

2. Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2022 оны 03 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байсан чинь 20 цагийн үед манай охин Б надруу утсаар залгахаар нь автал над руу ярихгүй цаанаа нөхөртэйгөө хэрэлдээд байгаа бололтой байж байгаад утсаа салгасан. Тэгээд би Бг нөхөртэйгөө муудаад байгаа юм байх гэж бодоод эхнэр Гантөмөрийн хамт Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 1-109 тоотод байх хүргэн Эыд ирсэн. Манай эхнэр машинд үлдээд би гэр лүү нь орсон. Тэгэхэд хүргэн Э архи уусан бололтой сууж байсан. Би Эаас юу болоод байгаа юм бэ гэсэн чинь яагаа ч үгүй гээд юм хэлэхгүй байхаар нь охиноо авч явна гэсэн чинь Э явуулахгүй гээд миний өөдөөс босож ирээд надтай маргалдаад охин Б руу дайраад байхаар нь би Эыг суу гээд орлуу түлхээд суулгасан чинь Э зөрүүлж намайг түлхээд би зуухан дээр хэвлийн баруун хэсгээрээ тэгнээд ойчсон. Тухайн үед зууханд гал түлсэн халуун байсан болохоор миний гэдэс хэсэг хөндлөнгөөрөө түлэгдсэн. Унах үед миний өмсөж байсан цамц сөхөгдөөд гэдэс гарсан байсан. Тэгээд би охин Бг аваад гэрээс гарсан чинь Э хүүхдээ тэврээд араас гарч ирээд Бд өгөөд гэрлүүгээ орохоор нь бид нар машиндаа суугаад хөдлөөд явсан. Надад Эд холбогдуулж гаргах гомдол санал байхгүй, эмчилгээний мөнгө төгрөг ороогүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 20 цагийн үед манай нөхөр Э нилээн согтоод хүргэлтийн хоол дутуу ирсэн байна гээд нөгөө газарлуу байн байн залгаад байхаар нь би явуулах байлгүй дээ байн байн залгаад байгаа юм бэ гэсэн чинь юундаа хүргэлтийн хоолны хүн өмөөрөөд байгаа юм гээд надруу уурлаад бид 2 маргалдаад хэрэлдээд намайг цохисон. Тэгээд би аав руу залгасан чинь намайг яриулахгүй хэрэлдээд байсан дахиж залгаагүй. Тэгээд гэртээ байж байсан чинь 22 цагийн үед манай аав Ц.Б гэрт ирээд юу болоод байгаа  юм бэ гээд намайг хувцасаа өмс авч явна гэсэн чинь манай нөхөр Э намайг явуулахгүй гээд аавтай маргалдаж байгаад аавыг зуух руу түлхсэн. Манай нөхөр гэрийн баруун талын орны хажууд аав өөдөөс нь хараад маргалдаад зуухны хажууд зогсож байхад нь зуух руу түлхсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

4. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар дүгнэлтэнд:

Ц.Бын биед хэвлийн доод хэсгээр түлэгдсэн шарх гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь халуун хэмийн үйлчлэлээр 2022 оны 03 дугаар сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 30 хуудас/

5. Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 35-41 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 32 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Э.Э нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 1-109 тоотод байх гэртээ хадам аав Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гал түлсэн байсан халуун зуух руу түлхэж унагаан хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Э.Эы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эы өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Б, гэрч Х.Г, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

Мөн шүүгдэгч Э.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Э.Эрдэнэсйахан  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо гэр бүлийн асуудлаар хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Э.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Эыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Эгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ