Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ийн От холбогдох эрүүгийн 2217000000024 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 19-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, тусгай дун д боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, ..........дугаар байрны .......  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б........... овогт Б-ийн О /РД:................./

Холбогдсон хэргийнталаар: Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны 2 дугаар орцны гадна талд Н.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн хөл, толгой хэсэгт гараараа 1-2 удаа өшиглөх, газар унагаах, гараараа нүүр толгойн хэсэгт цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хөлний шилбэний гадна хавчаар ясны далд хугарал , зүүн, баруун нүдний зовхинд  цус хуралт, зүүн чихний омогт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед би Агийн гэрт буюу Сүмбэр сумын 3-р баг 3-1-2 тоотод Ж, Б нарын хамт орсон. Тэднийд орохдоо 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч орсоныг бид 4 хувааж ууж дуусаад дахиад нэмээд 3 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирснаа хувааж уугаад бид хэд нилээн согтсон байсан. Тэгтэл Б гаднаас шал согтуу 0,75 литрийн Хараа нэртэй архи бариад ороод ирсэн. Тэгээд тэр архийг ууж дуусаад би Быг гэрт нь хүргэж өгөхөөр Агийнхаас гарсан. Тэднийхээс гараад явж байтал Б согтоод 3-р байрны 2-р орцны гадаа орцны харалдаа засмал зам дээр миний цээж рүү гараараа 1 удаа цохихоор нь би уурлаад буцаагаад Быг цаашаа хараад явж байхаар нь баруун чих рүү нь гараараа нэг удаа алгадсан ба Б надад алгадуулснаас болоод газар унаад өгсөн. Тэгээд цаашаа юу болсныг би сайн санахгүй байгаа, архиндаа согтоод тасарчихсан байна лээ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 70-71 хуудас/

2. Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Агийн гэрт буюу 3-1-2 тоотод ортол А, О нар байсан. Би тэднийд орохдоо 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад орсон юм. Тэгээд миний авч орсон архийг бид 3 хувааж уугаад  бараг дуусаж байхад гаднаас  Ж, Б нар орж ирсэн. Тухайн үед би Агийнд орохдоо архи уусан байсан учраас болсон явдлын талаар дэлгэрэнгүй сайн санахгүй байна. Ямар ч байсан би От хандаад чи ээж дээрээ очихгүй юу хийгээд байгаа юм, арчаагүй царайлсан гөлөг гээд хэлчихсэн юм. Гэтэл О уурлаад миний нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би Отай муудаад яахав гэж бодоод Агийн гэрээс гараад  явж байтал О араас гарч ирээд миний зүүн хөлний шагайн тэнд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би өшиглүүлээд газар унаад өгсөн. Босоод 4-5 алхаад явж чадахгүй унасан. Гэтэл О хүрч ирээд миний дээрээс хөлөөрөө 2 удаа толгойн дагз хэсэгт өшиглөсөн. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг явсан...Оаас эмчилгээний төлбөрт 500 000 төгрөг авсан. Одоо От холбогдуулж гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-18 хуудас/

3. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед би гэрээсээ буюу 4 дүгээр байрны 2 дугаар орцны харалдаа машины зам дээр 2 хүн зодолдоод байгаа бололтой байхаар нь тэр 2 хүнийг болиулах гээд очиж явтал тэр 2 залуугийн нэг нь нөгөөдхөө хөл рүү нь өшиглөөд унагаасан ба унасан залуугийн дээр нь нөгөө залуу нь гараад суучихсан. Тэгээд тэр 2 залууд ойртож очоод О, Б нар болохыг таньсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

4. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Агийн гэрт худалдаж авсан архиа уугаад  байж байтал гаднаас О, Б нар ороод ирсэн. Тэгтэл А тэр 2-г гэртээ оруулахгүй гээд хөөгөөд  гаргасан. Тэгээд А, Ж бид 3 ууж байсан архиа дуусгаад би дахин дэлгүүррээс архи аваад буцаад Агийн гэр лүү явж байтал  3 дугаар байрны 2 дугаар орцны гадаа О Бын дээр нь гараад суучихсан түүнийг цохиж зодож байхыг харсан. Гэхдээ хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь цохисныг хараагүй. Тэгээд тэр 2-г салгая гэж бодсон боловч О том биетэй  би дийлэхгүй байх гэж бодоод тэр 2-т ойртож очоогүй шууд гэрлүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

5. Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл 11 цагийн үед Б гаднаас 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи бариад манайд ороод ирсэн.  Тэр манайд орж ирэхдээ нилээн согтуу байсан ба Бын авчирсан архийг дөнгөж задлаад байж байтал Б О нар муудалцаад маргалдаад байхаар нь би та нар манай гэрээс бүгдээрээ гар гээд тэд нарыг гаргасан. Түүнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

6. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Б өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 08-ны өглөө ажлаасаа 10 цаг 30 миунтын үе буугаад гэртээ ирсэн. Орж  ирэхэд нь архи уусан зүйл мэдэгдээгүй. Хаашаа явах гэж байгаа талаараа надад хэлээгүй гарчихаад ирье гээд гарсан. Гэрт орж ирэхдээ ямар нэг гэмтэл бэртэлгүй байсан. Тэгээд гарснаасаа хойш холбоо бариагүй, ирэхгүй байхаар нь би 14 цаг өнгөрч байхад утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

7. Насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед 5-р сургуульд гар бөмбөгийн бэлтгэлдээ орчихоод тараад гэрлүүгээ орохоор явж байхад замд 3 дугаар байрны 1-р орцны харалдаа машин зам дээр 2 эрэгтэй хүн зодолдоод байгаа бололтой нэг ах нь нөгөөдөхийнхөө дээр нь гараад суучихсан зам дээр ноцолдож байсан. Миний харснаар дээр нь гараад суучихсан байсан ах доор байгаа хүнийхээ нүүр лүү цохиод байх шиг байсан гэхдээ хэдэн удаа цохисныг нь би зайтай байсан болохоор хараагүй. Тэгээд дээр нь сууж байсан ах босох гэтэл доор нь байсан ах босгохгүй гараараа татаад зуураад байсан ба дээр байсан ах уурлаад буцаагаад доор байсан ахын үснээс зулгаагаад толгойных нь дагз хэсгээр газар 1 удаа мөргүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/

8. Гэрч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...О манай эхнэр Отгонсүрэнгийн дүү байгаа юм. О нь Говьсүбмэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 8-1-9 тоотод ээж П-ийн хамт амьдардаг. Дорноговь аймгийн Сайншанд суманд хамгаалагч ажилтай. Зан байдлын хувьд хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/

9. Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...О манай төрсөн хүү байгаа юм. 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 8-1-9 тоотод ээж П-ийн хамт амьдардаг. Дорноговь аймгийн Сайншанд суманд хамгаалагч ажилтай. Зан байдлын хувьд хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. 2012 оноос архи согтууруулах ундаа хэргэлдэг болсон...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/

10. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар дүгнэлтэнд:

Б.Оын биед цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 03 дугаар сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 41 хуудас/

11. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаар дүгнэлтэнд:

Н.Бын биед зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны далд хугарал, зүүн, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний омогт зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 03 дугаар сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хөлийн шилбэний хавчаар ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн чихний омогт зулгаралт гэмтэл нь зовхины цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 46-47 хуудас/

12. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн амбултороор үйлчлүүлэгчдийн картын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /х.х-ийн 51-54, 57-61 хуудас/

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 83 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Б.О нь хохирогч Н.Бтой архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэргэлсэн үедээ  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн хөл, толгой хэсэгт гараараа 1-2 удаа өшиглөх, газар унагаах, гараараа нүүр толгойн хэсэгт цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хөлний шилбэний гадна хавчаар ясны далд хугарал , зүүн, баруун нүдний зовхинд  цус хуралт, зүүн чихний омогт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Б, насанд хүрээгүй гэрч Э.Э, гэрч Т.А, Г.Б, О.О, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 69 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

Мөн шүүгдэгч Б.О нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч О.О нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Оыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, өөрийгөө хянах чадваргүй үедээ хохирогчид халдаж олон тооны шарх гэмтэл учруулсан байдал зэргийг тус тус харгалзаж улсын яллагчаас гаргасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ