| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2016/07947/И |
| Дугаар | 102/ШШ2017/00703 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/00703
| 2017 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/00703 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэрлэлийн гудамж, 34/1 тоотод оршин байх, “Үүр тээл” ХХК /РД:2703548/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, хараагүйчүүдийн сургалтын төвд оршин байх, “Хар Үжин” ХХК /РД:5376157/-д холбогдох
9,728,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд, хариуцагчийн төлөөлөгч Ж.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Үүр тээл” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 16/07 тоот зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 1 тонн арматурыг 850,000 төгрөгөөр нийт 460 тонн арматур нийлүүлэх тусгай нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан болно. Үлдэгдэл төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулах ёстой байсан. Гэвч хариуцагч гэрээний заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч одоог хүртэл үлдэгдэл төлбөр төлөөгүй байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1 дэх хэсгийг үндэслэн 16/07 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 6,485,790 төгрөгийн гэрээний 6.3 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,242,895 төгрөгийн алданги нийт 9,728,685 төгрөгийг Хар үжин ХХК-иас шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Үүртээл” ХХК болон хариуцагч “Хар үжин” ХХК-иуд нь дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч “Үүртээл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,728,685 төгрөгийн 2,728,685 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж байна. Үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч “Хар үжин” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд гурав хувааж өгнө. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг. Улсын тэмдэгтийн хураамж 7,000,000 төгрөгт орсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Үүртээл” ХХК нь хариуцагч “Хар үжин” ХХК-д холбогдуулж 9,728,685 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч тал 9,728,685 төгрөгийн шаардлагын 2,728,685 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч “үлдэх 7,000,000 төгрөгийг хуваарь гаргаж төлнө” гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрчээ.
Тодруулбал, хариуцагч 7,000,000 төгрөгийн 2,500,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2,500,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, үлдэх 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч тал 9,728,685 төгрөгийн шаардлагын 2,728,685 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч “Хар үжин” ХХК нь үлдэх 7,000,000 төгрөгийн 2,500,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2,500,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ