| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/03032/И |
| Дугаар | 101/ШШ2017/02580 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2017/02580
2017 оны 08 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2017/02580 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, * гудамж * тоотод оршин суух, 36 настай, эмэгтэй, Ө овогт Л Д /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * гудамжны * тоотод оршин суух, 49 настай, эмэгтэй, Б овогт З О /*****6/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
З.О нь 2016 оны 07 дугаар сарын 18-нд Л.Дгээс 1 800 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн байна. З.О нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүүнд 145 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 27-нд 144 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-нд 140 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-нд 2016 оны 11 сараас 2017 оны 3 сарын хүүнд 720 000 төгрөг тус тус төлсөн.
Л.Д, З.О нар 2017 оны 01 дүгээр сарын 15-нд өмнөх тохиролцоог нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Л.Д нь З.Оээс үндсэн зээлд 1 800 000 төгрөг, 2017 оны 04, 05 дугаар сарын хүү 288 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-оос 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх алданги 612 000 төгрөг буюу нийт 2 700 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч З.О нь нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч З.Од холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 2 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 800 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн хүүнд 1 149 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагч тал шүүхэд тайлбар өгөөгүй тул маргаагүй гэж үзэх үндэслэлтэй ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн үндсэн төлбөрт 1 800 000 төгрөг, зээлийн хүүнд буюу 2017 оны 04, 05 дугаар сарын хүүнд 288 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх алдангид 612 000 төгрөг буюу нийт 2 700 000 төгрөг гаргуулна гэжээ.
Зохигчид хооронд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж гэрээний дагуу 1 800 000 төгрөг зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд агуулгын хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, 1 800 000 төгрөг шилжүүлснээр гэрээний үүрэг хэрэгжсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 1 800 000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн гэрээний хувьд бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах эрхгүй байна.
Хавтаст хэргийн 4 дэх талд зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд тус зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн гэж бичигджээ. Тус гэрээний 2 дахь хэсэгт, Зээлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сарын 8%-ийн хүүтэй зээлдүүлэх ба зээлдэгч 1 800 000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. гэж заажээ.
Хүү авах хүсэл зориг хэдийд илэрхийлэгдсэн эсэхээс үл хамааран бичгээр хэлбэржүүлэн баталгаажуулсан байх хүсэл зоригийн хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаж байх тул 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс бичгээр гэрээг хэлбэржүүлэх хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд хүү тооцон шаардах эрхгүй байна.
Харин хүү авах тохиролцоо, хүсэл зориг байгааг хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тус гэрээнд заасны дагуу хүү тооцон шаардах эрх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу бүрдсэн байна.
Гэрээний үүргийн дагуу 145 000 төгрөг, 144 000 төгрөг, 140 000 төгрөгийг зээлдүүлэгч тал хүлээн авсан гэж тайлбарлан тухайн хугацаа нь хүү тооцогдохгүй хугацаанд хамаарч байх тул дурдсан дүнгээр зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.
Тооцооллын дагуу 1 371 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү тооцон гэрээг бичгээр байгуулах үеэс хүү тооцогдвол зохих зээлийн төлбөрийн хэмжээ гэж тодорхойлов.
Иймд үндсэн зээлийн төлбөрт 1 371 000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хуульд зааснаар гаргуулах үндэслэлтэй.
Тус үнийн дүнд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс бичгээр хийсэн хугацаанаас хойш гэрээнд зааснаар 8 хувиар, 2017 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл тооцоход хүүний төлбөрт 237 640 төгрөг /1 сард 109 680 төгрөг*2 сар, 5 хоног-18 280 төгрөг/ гэж тооцоолов.
Үндсэн зээлийн төлбөрт 1 371 000 төгрөг, зээлийн хүүнд 237 640 төгрөг, нийт 1 608 640 төгрөгөөс 2017 оны 03 дугаар сарын 21-нийг өдрийг хүртэл тооцон хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа 720 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй. Ийнхүү хасч тооцон 888 640 төгрөгийг гүйцэтгээгүй байгаа үүргийн үнийн дүн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар гэрээнд заасны дагуу алдангид 612 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алданги гаргуулах тохиролцоог талууд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр үйлдсэн гэрээнд тусган, энэ дагуу шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцнэ.
Харин алдангийн тооцооллын хувьд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу 68 хоног тодорхойлж байгааг буруутгах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэн 302 137.6 буюу 302 138 төгрөг гэж тооцоолов.
Шаардах эрхийн хүрээнд өмнөх тооцооллуудад үндэслэн зээлийн үндсэн төлбөр болон хүүнд 888 640 төгрөг, алдангид 302 138 төгрөг, нийт 1 190 778 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй байна.
Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт товлосон бөгөөд зохигчид шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлэхэд хариуцагч тал хүлээн авсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Оээс 1 190 778 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 509 222 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч З.Оээс 33 129 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН