Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Л.Я нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Л-н Я-т холбогдох эрүүгийн 2217000000030 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 18-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ...... дүгээр байрны............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн гэх Б овогт Л-н Я /РД:............./,                                                      

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Я нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ 24 дүгээр байрны 302 тоот хашаан дотор байрлах монгол гэрт С.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар баруун гараараа нүүр хэсэгт нь алгадах, цохих, газар унагах, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, баруун хөмсөг, хоёр зовхи, зүүн хацар, хамар, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, бүсэлхий нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Я-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000030 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Шүүгдэгч Л.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл ямаа самналтанд явж ирээд, найзуудтайгаа уулзаад, С.Б-г архи битгий уу гэсэн чинь архи уусан. С.Б манайд ирэхдээ согтуу ирсэн. Би өөрөө архи уугаагүй. Архи уучихаад манай бурхан тахилыг өшиглөсөн. Манай 10 настай охин Х та яагаад бурхан тахил өшиглөөд байгаа юм бэ гэхэд манай охиныг хэл амаар дайрч доромжилсон. Бас намайг чи нөхрийгөө алсан биз дээ, чи нөхрийнхөө толгойг залгисан биз дээ гээд доромжлоод байхаар нь миний уур хүрээд зодсон нь үнэн. Би архи уугаагүй байсан гэв.

1.2. Шүүгдэгч Л.Я мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Н, Т, Б, Б нарын хамт 21 цагийн орчимд Говьсүмбэр аймаг Баянтал сумаас Сүмбэр суманд ирсэн. Тэгээд Дэлгэрэх хүнсний дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн савалгаатай 1 нэг шил архи, 0.5 литрийн савалгаатай 1 шил архи, 2.5 литрийн савалгаатай Сэрүүн пиво авчирч манай гэрт уугаад 23 цагийн орчим Б манай гэрт агсам тавиад хэрүүл маргаан үүсгээд хэл амаар доромжлоод байсан. Тэр үед би болиоч гэхэд мөн над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гараараа Б-гийн нүүрний зүүн хэсэгт 1 удаа алгадаж үснээс нь барьж доош нь дарж байгаад баруун далных нь доод хэсэгт баруун гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд төд удалгүй Б манайхаас гараад яваад өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 58-59 дүгээр хуудас),

 

1.3. Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед би Н, Т, Б, Я нарын хамт Баянтал сумын нутагт ямаа самнаж байгаад Говьсүмбэр аймагт Я эгчийн гэрт ирсэн. Я эгчийнд Н, Т, Б бид нар бүгдээрээ очсон. Очихдоо 2 шил архи мөн пиво авч очсон. Бид нар бүгд архиа хувааж уугаад би архиндаа согтоод тасарчихсан байна лээ. Нэг санахад Я эгч гэрийнхээ хойморт намайг унагачихсан нүүр лүү гараараа цохиж байсан. Хэдэн удаа цохисныг санахгүй байна. Би нилээн согтсон байсан болохоор Я эгчид эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд нэг сэрэхэд би гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Миний зүүн шүд хавдсан, 2 зовхи хөхөрсөн, мөн зүүн хацарны хавьд хөхөрсөн, зулай болон толгойн оройд хөндүүр ороод босож чадахгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 10-11 дүгээр хуудас),

 

1.4. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянтал сумын хөдөө айлд ямаа самнаж дуусаад Б, Я, Т, Б бид нар Яийн гэр буюу Сүмбэр сумын 1 дүгээр баг Х...... тоотод 21 цагийн үед ирсэн. Тэгээд Я-ийнд очоод дэлгүүрээс 2 шил архи худалдаж аваад Б, Я, Т, Б бид нар хувааж уусан. Би болон манай нөхөр Т бид 2 архиндаа согтоод тасраад унтаад өгсөн болохоор юу болсныг санахгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),

 

1.5. Гэрч Х.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянтал сумын хөдөө айлд ямаа самнаж дуусаад Б, Я, Н, Б нарын хамт Говьсүмбэр аймагт 21 цагийн үед машинаар ирсэн. Говьсүмбэр аймагт ирээд дэлгүүрээс 05, 0.75 граммын Хараа нэртэй 2 шил архи худалдаж аваад Б, Я, Т, Б бид нар Яийн гэр буюу Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ 24-302 тоотод хувааж уусан. Би хөдөөнөөс ирэхдээ бага зэрэг архи уучихсан согтуу байсан болохоор Яийнд очоод жижиг хундагаар 3 удаа архинаас уугаад тасраад унтаад өгсөн. Тухайн өдрийн шөнө юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас),

 

1.6. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянтал сумын хөдөө айлд ямаа самнаж дуусаад Я, Т, Б, Н нарын хамт Я-ийн гэр буюу Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ 24-302 тоотод 21 цагийн үед ирсэн. Тэгээд Чойрт очоод дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай, 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй 2 шил архи худалдаж аваад Н, Я, Т, Б бид нар Яийн гэрт хувааж уусан. Тэгээд Б бид хоёр харихаар Я-ийнхээс 22 цагийн үед гараад явах гэтэл Я араас гарч ирээд нэг шил архи хаана байна гээд Б-тай хэрүүл маргаан үүсгээд Бг үснээс нь зулгаагаад гэр лүүгээ аваад орсон. Яийн гэрт юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тэгээд би Яийн хажуу айл болох Бийн гэрт ороод унтаад өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

 

1.7. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Я эгч хөдөөнөөс айлын ямаа самнаж явж байгаад 22 цагийн үед Б, Н, Ж, Б нартай цуг гэртээ ирсэн. Я-ийнх манайх нэг хашаанд байдаг. Я эгч архи уугаад байгаа бололтой шуугилдаад байсан. Тэгээд би Я эгчийнх рүү яваад ортол Б, Н, Ж, Б нар нилээн согтсон байсан. Я эгчийг архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Намайг Яийнх рүү ороод удаагүй байж байтал Б Б хоёр харихаар Я эгчийн гэрээс гараад явсан ба Я эгч Б Б хоёрын араас очоод архи хаана байна гэж асууж байсан. Миний бодлоор Б Я хоёр архинаас болж муудсан байх. Тэгээд Я эгч Б-г гэртээ оруулж ирээд гэрийнхээ хойморт унагаагаад гараараа цээж хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Харин Б буцаагаад Я эгчийг зодсон асуудал байхгүй. Төд удалгүй 10-20 минутын дараа Б Я эгчийнхээс цагдаа дуудна гээд гараад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас),

 

1.8. Гэрч Ж.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өглөө 7 цагийн үед Б-гийн бага хүүхэд С-г хичээлд нь хүргэж өгөх гээд Бгийн гэр буюу Баянбулагийн 505 тоотод очтол Бгийн нүүр цус болчихсон, зүүн хацар хавдсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар асуутал Я согтуудаа зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь Бг эмнэлэг рүү хүргэж өгөөд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),

 

1.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтэд:

- С.Б-гийн биед тархи доргилт, зулайн хуйх, баруун хөмсөг, хоёр зовхи, зүүн хацар, хамар, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Ганзориг гэжээ. (хх-ийн 31-32 дугаар хуудас),

 

1.10. Хохирогч С.Б-гийн өвчтөний түүх (хх-ийн 36-49 дүгээр хуудас)

 

1.11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-5 дугаар хуудас) зэрэг болно.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Л.Я нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ 24 дүгээр байрны 302 тоот хашаан дотор байрлах монгол гэрт хохирогч С.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар баруун гараараа нүүр хэсэгт нь алгадах, цохих, газар унагах, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, баруун хөмсөг, хоёр зовхи, зүүн хацар, хамар, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, бүсэлхий нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Л.Я нь хохирогч С.Б-гийн нүүр хэсэгт нь алгадах, цохих, газар унагах, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Б, гэрч Б.Н, Х.Т, Г.Б, Н.Б, Ж.С нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.Яийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Я нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Л.Я нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Л.Я-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Я-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Л.Я-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч З.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Я нь 1978 оны 08 дугаар сарын 10-нд Говьсүмбэр аймагт төрсөн. Миний 4 дэх хүүхэд байгаа юм. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Одоо Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ 24-302 тоотод 3 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Я зан байдлын хувьд ширүүн дориун ааштай, гэхдээ цагаан цайлган сэтгэлтэй, өрөвч, тусч зантай, хүн байгаа юм. Я архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг... гэх мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),

 

2.2. Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ 24-302 тоотод 2 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Я зан байдлын хувьд шулуун шударга, ямар нэгэн зүйл болохгүй байвал хүнд шууд хэлчихдэг, ажилсаг, тусч, гадаа гарч эр, гэрт орж эм болж явдаг. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Я архи согтууруулах ундааны зүйлийг өнгөрсөн оны 10 сараас хойш огт хэрэглэхгүй байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас),

 

2.3. Шүүгдэгч Л.Я-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74 дүгээр хуудас),

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 78-84 дүгээр хуудас),

 

2.5. Шүүгдэгч Л.Я-ийн Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 89 дүгээр хуудас) зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Л.Я-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Л.Я-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Л.Я нь хувийн байдлын тухайд урьд нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба дахин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байхад прокуророос түүний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх асуудлыг онцгой анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Я-т холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Л.Ят эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Л.Я-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Я-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Л.Я нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Л.Я нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б овогт Л-н Я-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Л.Яийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Я-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Л.Я нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Л.Я нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Я-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ