Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 39

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Баасанхүү,

шүүгдэгч Б.Баасанжав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Харчин овгийн Батсүхийн Баасанжавт холбогдох эрүүгийн 201624000285 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн А-1 танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Харчин овгийн Батсүхийн Баасанжав Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 05 насны хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо, Их нарангийн 19 дүгээр гудамж 33 тоотод оршин суудаг, МЛ76012313 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Баасанжав нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Их нарангийн 19 дүгээр гудамжинд 2016 оны 03 дугаар сарын 29-ний шөнийн 01 цаг 30 минутын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Хьюндай Аксент” маркийн 43-14 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Янжмааг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан, мөн дүрмийн 2.5 а,б,в дэх заалтуудыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баасанжав: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Эрүүгийн 201624000285 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, иргэний хариуцагчийн тайлбар болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Янжмаагийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай бага охин айлд бэр орсон юм. Тэр айлдаа очиж цай уугаад, орой гэртээ ирцгээсэн. Баасанжавын гэр рүү орж унтацгаа гэж хэлсэн. Тэгээд манай охин Даваахишиг орондоо ороод унтсан, Баасанжав за гэж хэлсэн. Тэгээд би эргээд гэртээ ороод унтах гэж байтал машин асах шиг болсон. Цонхоороо хартал хашаанаас гараад явж байсан. Тэгээд араас нь гарч харахад харагдаагүй. Тэгэхээр нь гудамжаа уруудаад хүргэн Батцоожийн гэрт ороход унтаж байсан. Тэгээд би харих гээд буцаад явж байтал гудамжны үзүүрт машин зогсож байхаар нь хартал Б.Баасанжав машинтайгаа зогсож байсан. Тэгээд очоод “намайг хүргээд өгчих” гэсэн чинь нэг юм хэлэхээр машиных нь урд талаар тойроод суух гээд явж байтал гэнэт хөдлөөд мөргөчихсөн. Тэгээд зогсохоор нь намайг босгож авах юм байна даа гэж бодоод байж байтал гэнэт хөдлөөд яваад өгсөн. Тэгээд байж байтал Санчир, Мөнх-Эрдэнэ хоёр хүрч ирсэн байсан. Ослын улмаас толгой, чих, аарцагны яс цуурсан, зүүн мөр мултарсан, баруун гар талын хавирганууд хугарсан байсан. Б.Баасанжав өөрийнхөө машинтай кабиндаа ганцаараа явж байсан. Би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Баасанжав нилээн согтолттой байсан. Би эмчилгээндээ ойролцоогоор 1,700,000 төгрөг зарцуулсан, баримт гэх зүйл бараг байхгүй. Эмчилгээний зардлаа төлүүлсэн. Би одоо гомдолтой гээд яах билээ, намайг хөл дээр минь босгоод өгөх байлгүй дээ. Эмчилгээндээ 2,000,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг [1],

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнх-Эрдэнийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “…2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим дүү Санчирын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, Их нарангийн 19 гудамж руу машинтайгаа эргээд орох үед Даваахишиг эгчийн эзэмшлийн “Хюндай Аксент” маркийн автомашин манай гэрээс гарч ирдэг гудамжнаас гарч ирээд цаашаа эргээд мухар гудамж руу явж байхаар нь урдуур нь андаж очих санаатай гарч ирсэн. Гудамж руу эргээд орох үед нэг хүн гудамжинд шороон зам дээр хэвтэж байсан. Тэгээд Санчирыг буугаад хараадах гэсэн чинь айгаад очихгүй байхаар нь би машинаасаа буугаад очоод хартал манай эмээ байсан. Тэгээд би шууд түргэн дуудаад эмээгийн толгой доор нь юм эвээд дүүг гэрлүүгээ явуулж эгчийг дуудуулсан. Тэр үед араар Даваахишиг эгчийн машин гэрлээ унтраачихсан төв зам руу явсан. Тэгээд 102 руу дуудлага өгөөд байж байтал  хөдөлгөөнт эргүүлийн машин дотор Б.Баасанжав ах суучихсан ирсэн. Тэгээд цагдаагаас “машин нь яасан бэ” гэсэн чинь төв зам дээр саатуулагдаад журмын хашаа руу машин нь явчихсан гэж байсан. ...Баасанжав ах согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Найрнаас тараад гэртээ ирэх үед Б.Баасанжав ах гайгүй байсан, гэхдээ согтуу байсан. ...Намайг гудамж руу эргэж орох гээд явж байхад гудамжнаас гарч ирээд цаашаа эргээд явсан. Хэзээ яаж мөргөөд буусан үгүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг [2],

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Санчирын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 03 дугаар сарын 28-нд 22 цаг өнгөрч байхад ах Мөнх-Эрдэнийн хамт Төв аймаг явчихаад 29-ний 01 цагийн орчим ирээд Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, Их нарангийн 19-р гудамж руу машинтай эргээд орох үед цагаан өнгийн автомашин дээшээ эргээд явж байсан. Тэгээд гудамж руу эргээд орох үед нэг хүн гудамжны голд шороон зам дээр хэвтэж байсан. Тэгээд буугаад хараадах гэхээр нь айгаад буугаагүй. Гэтэл Мөнх-Эрдэнэ ах бууж харчихаад эмээ байна, эгчийг дууд гэсэн. Тэгээд машинаас бууж очоод харсан чинь эмээ байсан. ...Эгчийг дуудаад буцаж очоод түргэн дуудаад, дараа нь цагдаа дуудсан. ...Удалгүй эргүүлийн машин ирсэн, дотор нь Б.Баасанжав ах сууж байсан. Түргэн ирээд эмээг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...Сүүлд эгчийг дуудаж ирчихээд байж байхад Даваахишиг эгчийн машин байна гэж байсан. Тэрнээс биш би тэр машиныг хараад таниагүй. Б.Баасанжав ах хэргийн газар зогссон юм уу, зогсоогүй юм уу гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг [3],

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Норжмаагийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ унтаж байтал дүү Санчир гэрт орж ирээд “эмээ гудамжинд дайруулчихсан байна” гэхээр нь гүйгээд гартал дүү Мөнх-Эрдэнэ “Б.Баасанжав ах сая ийшээ явчихлаа, дайрчихсан юм шиг байна, түргэн дуудчихлаа” гэсэн. Тэгээд надтай хамт манай нөхөр Батцоож гарч ирсэн байсан. Цагдаад дуудлага өгье гээд утсаараа дуудлага өгсөн. ...удалгүй цагдаа ирэхээр нь манай нөхөр “сая ийшээ цагаан өнгийн аксент явсан уу” гэсэн чинь “энэ мөн үү” гэсэн. Цагдаагийн машин руу харсан чинь Б.Баасанжав суучихсан байж байсан. Тэгээд би “ээжээс яасан бэ, юу болов” гэхэд “Баасанжав намайг дайрчихлаа, тэгээд яваад өгсөн” гээд байж байтал түргэн ирээд манай нөхөр бид хоёр ээжийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Мөнх-Эрдэнэ Баасанжавыг машинтайгаа гудамжнаас гарч ирээд араар нь явахыг харсан. Тэрнээс биш яг мөргөсөн, дайрсаныг нь хараагүй гэсэн. ...Ээж бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн, Б.Баасанжав нилээн согтолттой байсан. “Хюндай Аксент” маркийн 43-13 УБС улсын дугаартай автомашин манай дүү Даваахишигийн нэр дээр байдаг. Гэхдээ Баасанжав ихэнх дээ унадаг байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

  Мөрдөн байцаалтад гэрч Б.Батцоожийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал дүү Санчир гэрт орж ирээд “эмээг гудамжинд дайрчихсан байна” гэхээр нь эхнэр Норжмаагийн хамт гартал ээж гудамжинд хэвтэж байсан. Тэгсэн Мөнх-Эрдэнэ түргэн дуудчихсан гэж байсан. Би өөрийн утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд байж байтал удалгүй цагдаа хүрээд ирэхээр нь “цагаан аксент явсан уу, манай хүргэн дайрчихсан гэж ээж хэлж байна” гэсэн чинь энэ машин дотор сууж байгаа хүн мөн үү гэтэл Б.Баасанжав цагдаагийн машин дотор сууж байсан. ...Ээж тухайн үед хэлэхдээ Баасанжавыг явуулахгүй гээд гараа алдлаад зогссон чинь Баасанжав шууд хүрч ирээд дайрчихсан гэж хэлж байсан. …” гэх мэдүүлэг [5],

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тодгэрэлийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би “Цамба-16” шөнийн эргүүлээр үүрэг гүйцэтгэж явах үед “АТ-1”-ээс Сонгинохайрхан дүүргийн 4 хорооны Их нарангийн хуучин эцэс дээр согтуу жолооч баригдсан байна гэсний дагуу явж очиход замын баруун талд “Хюндай Аксент” маркийн 43-13 УБС улсын дугаартай автомашин гэр хороолол дотор газар булчихсан дугуй мөргөөд зогсчихсон хэв журмын хоёр цагдаа барьчихсан байж байсан. Тухайн жолоочийг хөдөлгөөнтийн машинд суулгаад ачигч дуудчихаад дөнгөж төв зам руу ортол хоёр залуу гар өргөж зогсоогоод “бид хоёрыг хөдөөнөөс ирсэн чинь манай эмээг машин мөргөөд зугтчихсан байна” гэсэн. “Хаана юм бэ” гээд дагаад явсан чинь гудамж руу орсон. Тэгсэн нэг эмээ гудамжны борооны усанд идэгдсэн хувил дотор хэвтэж байсан. Хүүхдүүдээр 103-руу залгуулаад өөрөө замын цагдаа буюу “АТ-1” руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй түргэн ирээд эмээг аваад явсан, удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. “Хюндай Аксент” маркийн 43-13 УБС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан хүн ганцаараа явж байсан. Уг жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, үлээлгэж шалгахад 2,59 хувьтай гарсан. Жолооч ослын талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Хүүхдүүд нь хэлэхдээ “хүргэн ах тамхи авахаар машинтай согтуу гэрээсээ гарахаар нь ээж болиулах гэж гарсан” гэж байсан. Тэгээд хүүхдүүдэд нь “энэ хүргэн ах чинь мөн үү” гээд согтуу жолоочийг харуулахад “мөн байна” гэсэн. Тэгээд би согтуу жолоочийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг [6],

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Д.Даваахишигийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...“Хюндай Аксент” маркийн 43-14 УБС улсын дугаартай автомашин миний эзэмшлийн машин. Энэ машиныг нөхөр Б.Баасанжав бид хоёр ээлжлээд унадаг, манай гэр бүлийн дундын өмч, нэр нь л миний нэр дээр байдаг. Нөхөр бид хоёр жолоо барих эрхийн үнэмлэхтэй. ...Б.Баасанжав хэлэхдээ тамхи авах гээд гэрээс гарсан гэж байсан. Машины түлхүүр Б.Баасанжавт байсан. хохирогчийн эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрнө, төлөхөд татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг [7],

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4456 тоот:

“...1.Ц.Янжмаагийн биед зүүн талын 3, 4, 5 болон баруун талын 7, 8 9, 10 дугаар хавирга ясанд хугарал, 2 талын цээжний хөндийд шингэн хуралт, 2 дал ясанд хугарал,  зүүн умдаг суудал ясанд хугарал, зүүн мөрний үеэнд мултрал, тархи доргилт,  зүүн зулай чамархайн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, эрүүнд шарх, цус хуралт, зүүн хацар зүүн чихний дэлбээ, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт [8],

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2870 тоот:

“1.2 Шинжилгээнд ирүүлсэн “Янжмаа 71 эм” гэсэн хаягтай цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч ДО.Золзаяа /” гэсэн дүгнэлт [9],

 

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийн:

“1. Тухайн авто машины ажлын болон зогсоолын тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ, их гэрлийн эрчим, дугуйн хээний гүн зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын крылоны үзүүр хэсэгт хонхойж зэвэрсэн хуучин сэвтэй, хойд 2 крылоны замаска хагарч төмөр нь зэвэрсэн хуучин сэвтэй, урд буферийн зүүн гар талын урд дугуйрсан хэсэгт будаг халцарч хуучирсан, баруун гар талын бэхэлгээний сэнж мултарсан, ар талын тээшний хөндийн тагны хэсэгхэн газарт будаг халцарч төмөр нь зэвэрсэн хуучин сэвтэй, зүүн гар талын хойд оврын болох тоормосны гэрлийн чийдэн асахгүй, гидронасосноос шингэн алдагддаг зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэл /галын хор, эмийн сан/-гүй байв. Иймд уг автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Уг автомашины зүүн гар талын урд кырлоны үзүүр хэсэгт хонхойж зэвэрсэн хуучин сэвтэй, Зүүн гар талын крылоны үзүүр хэсэгт хонхойж зэвэрсэн хуучин сэвтэй, хойд хоёр крылоны замаска хагарч төмөр нь зэвэрсэн хуучин сэвтэй, урд буферийн зүүн гар талын урд дугуйрсан хэсэгт будаг халцарч хуучирсан, баруун гар талын бэхэлгээний сэнж мултарсан, гидронасосноос шингэн алдагддаг зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Уг автомашины зүүн гар талын урд крыло сэвтсэн, урд буферийн зүүн гар талын булангийн будаг халцарсан зэрэг нь ямар нэгэн хатуу биеттэй мөргөлдөх, шүргэлцэх үед  үүсэх боломжтой. Хойд 2 крылоны замаска хагарч төмөр нь зэвэрсэн хуучин сэвтэй, ар талын тээшний хөндийн тагны хэсэгхэн газарт будаг халцарч төмөр нь зэвэрсэн хууин сэвтэй, гидронасосноос шингэн алдагддаг зэрэг нь ашиглалтын явцад үүссэн байна. Баруун гар талын бэхэлгээний сэнж мултарсан нь гадны ямар нэг биетийн хүчний үйлчлэлээр үүсэн боломжтой. Зүүн гар талын хойд оврын болон тоормосны гэрлийн чийдэн асахгүй байх нь өөрийн гэсэн ажиллах цаг хугацаа дуусах болон доргилтоос шалтгаалж үүсдэг болно. 

4. Уг автомашины зүүн гар талын урд кырлоны үзүүр хэсэгт хонхойж зэвэрсэн хуучин сэвтэй, хойд 2 крылоны замаска хагарч төмөр нь зэвэрсэн хуучин сэвтэй, урд буферийн зүүн гар талын урд дугуйрсан хэсэгт будаг халцарч хуучирсан, ар талын тээшний хөндийн тагны хэсэгхэн газарт будаг халцарч төмөр нь зэвэрсэн хуучин сэвтэй болон гидронасосноос шингэн алдагддаг зэрэг эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол хэрэг гарахаас өмнө үүссэн байна. Харин урд буферийн баруун гар талын бэхэлгээний сэнж нь мултарсан, зүүн гар талын хойд оврын болон тоормосны гэрлийн чийдэн асахгүй байгаа зэрэг эвдрэл гэмтлүүд нь  тухайн зам тээврийн осол хэрэг гарахаас өмнө, хойно эсхүл ослын улмаас үүссэн эсэх талаар тодорхойлох боломжгүй.

5.Уг автомашинд илэрсэн дээрх эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй. Жолооны механизмын эд анги болох гидронасосноос шингэн алддаг боловч хяналтын саванд байгаа шингэний түвшингийн хэмжээ min/минимум/ буюу хамгийн бага түвшнээс дээш хэмжээтэй байв. Жолоодлого хийж үзэхэд жолооны механизм хэвийн ажиллагаатай байв. /Шинжээч зөвлөх инженер О.Батхишиг, зөвлөх инженер Н.Алтанхуяг, авто тээврийн мэргэшсэн инженер М.Жамсранжав/ гэсэн дүгнэлт, бэхжүүлсэн гэрэл зургийн хуулбар [10],

 

- Техникийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 274 дугаартай:

“1.Хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд “Хьюндай Аксент” маркийн 43-14УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Баасанжав нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана, 2.7-д зааснаар “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”:

а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”:

а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодж яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.Янжмаа нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. /Цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунболд/ гэсэн дүгнэлт” [11],

 

Мөрдөн байцаалтад Б.Баасанжавын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай хадам дүү айлын  бэр болоод Баянзүрх дүүргийн нутаг Американ дэнжид гэр бүл, хадам ээж нарын хамт найранд очоод тэндээс 21 цагийн орчим гэртээ харьцгаасан. Тэгээд гэртээ ороод тамхи татах гэсэн боловч тамхи дуусчихсан байсан болохоор нь тамхи авахаар гэрээсээ гарч байсан санагдаж байна, тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн машин зогс гэж байсан, тэгээд зогсоход бичиг баримт шалгаад согтуу байна гээд машиндаа суулгасан. Тэгтэл дуудлага ирлээ гээд гудамж руу эргэж орсон чинь газар нэг хүн хэвтчихсэн, манай эхнэр болон эхнэрийн эгч, хүүхэд нь болох Мөнх-Эрдэнэ нар зогсож байсан. Тэгээд цагдаа нар бууж явчихаад эргэж ирээд чи энэ хүнийг дайрчихсан юм биш үү, танай хадам ээж байна гэж хэлсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Хадам ээж, эгч бид нар нэг хашаанд тус тусдаа амьдардаг, намайг гэрээсээ гарах үед хадам ээж хаана байсныг мэдэхгүй байна. Би айлын найран дээр архи нилээн уусан. Миний жолоодож явсан машин “Хьюндай Аксент” маркийн 43-14 УБС улсын дугаартай манай эхнэр Даваахишигийн эзэмшлийн машин байсан. Тухайн өдөр машинаа унаагүй байж байгаад тамхи авах санаатай гарахдаа машинаа бариад гарчихсан юм байна лээ, энэ талаар надад санаж байгаа зүйл байхгүй. Би жолоо барих эрхийн үнэмлэхтэй, яагаад машин барьсанаа мэдэхгүй, их согтчихсон байсан болохоор мэдэхгүй байна. Цагдаа зогсоох үед ганцаараа өөрөө машинаа жолоодоод явж байсан. Автомашины түлхүүр миний хувцасны халаасанд байсан. Хохирлоо төлнө...” гэх мэдүүлэг [12],

 

Мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэрийн дүү бэр болж айлд очсон юм. Тэгээд манай хадамын талынхан нөгөө айлд очиж цай ууцгаасан. Тэгээд тэр айлдаа архи ууцгаагаад би нэлээн согтсон байсан. Тэгээд 21 цагийн орчим санагдаж байна гэртээ харьцгаасан. Гэртээ ороод тамхи татах гэсэн боловч тамхи дуусчихсан байсан болохоор нь тамхи авахаар гэрээсээ гарч байсан санагдаж байна, тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн машин зогс гэж байсан, тэгээд зогсоход бичиг баримт шалгаад согтуу байна гээд машиндаа суулгасан. Тэгтэл дуудлага ирлээ гээд гудамж руу эргэж орсон чинь газар нэг хүн хэвтчихсэн, манай эхнэр болон эхнэрийн эгч Норжмаа, өөр нэг эгчийнх нь хүүхэд нь болох Мөнх-Эрдэнэ нар зогсож байсан. Тэгээд цагдаа нар бууж явчихаад эргэж ирээд чи энэ хүнийг дайрчихсан юм биш үү, танай хадам ээж байна гэж хэлсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Хадам ээж, эгч бид нар нэг хашаанд тус тусдаа амьдардаг, намайг гэрээсээ гарах үед хадам ээж хаана байсныг мэдэхгүй байна. Би осол хийсэн талаараа сайн мэдэхгүй, санахгүй байгаа. Сүүлд осол гарсан газар энэ гэж зааж өгсөн, манай гэрээс 100 гаруй метрийн зайд байна лээ. Би айлын найран дээр архи нилээн уугаад согтчихсон байсан. Миний жолоодож явсан машин Хюндай Аксент маркийн 43-14УБС улсын дугаартай манай эхнэр Даваахишигийн нэр дээр байдаг манай гэр бүлийн дундын өмч байгаа юм. Би жолоо барих эрхийн үнэмлэхтэй, яагаад машин барьсанаа мэдэхгүй байгаа, их согтчихсон байсан болохоор мэдэхгүй байна. Ослын улмаас машинд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй. Намайг цагдаа зогсоох үед ганцаараа өөрөө машинаа жолоодоод явж байсан. Автомашины түлхүүр миний хувцасны халаасанд байсан. Одоогийн байдлаар хохирогчийн эмчилгээний зардалд 1,630,000 төгрөг зарцуулсан байгаа, хохирлоо төлнө...” гэх мэдүүлэг [13],

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл [14],

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтын бүдүүвч зураг [15],

            -Гэрэл зургийн үзүүлэлт [16] ,

-Ц.Янжмаагийн өвчний түүхийн хуулбар [17] ,

-Дуудлагын лавлагааны хуудас [18]

-Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа [19],

-Шүүгдэгч Б.Баасанжавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [20] ,

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн авто машин үнэлсэн үнэлгээ [21],

-“Хьюндай Аксент” маркийн 43-14 УБС улсын дугаартай автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгсэлийн лавлагаа [22]

-2016 оны 05 сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” [23] болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс дээрх нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл:

 

1.Шүүгдэгч Б.Баасанжав нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Их наран”-гийн 19 дүгээр гудамжинд 2016 оны 03 дугаар сарын 29-ний шөнийн 01 цаг 30 минутын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Д.Даваахишигийн эзэмшлийн “Хьюндай Аксент” маркийн 43-14 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана, 2.7а-д заасан  “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Ц.Янжмааг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг,

- Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”:

а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодж яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч Ц.Янжмаагийн мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би харих гээд буцаад явж байтал гудамжны үзүүрт машин зогсож байхаар нь хартал Б.Баасанжав машинтайгаа зогсож байсан. Тэгээд очоод “намайг хүргээд өгчих” гэсэн чинь нэг юм хэлэхээр машиных нь урд талаар тойроод суух гээд явж байтал гэнэт хөдлөөд мөргөчихсөн. Тэгээд зогсохоор нь намайг босгож авах юм байна даа гэж бодоод байж байтал гэнэт хөдлөөд яваад өгсөн. ...Ослын улмаас толгой, чих, аарцагны яс цуурсан, зүүн мөр мултарсан, баруун гар талын хавирганууд хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг [24],

-гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “…2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим дүү Санчирын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 хорооны “Их наран”-гийн 19-р гудамж руу машинтайгаа эргээд орох үед Даваахишиг эгчийн эзэмшлийн “Хюндай Аксент” маркийн автомашин манай гэрээс гарч ирдэг гудамжнаас гарч ирээд цаашаа эргээд мухар гудамж руу явж байхаар нь урдуур нь андаж очих санаатай гарч ирсэн. Гудамж руу эргээд орох үед нь нэг хүн гудамжинд шороон зам дээр хэвтэж байсан. Тэгээд ...би машинаасаа буугаад очоод хартал манай эмээ байсан. ...Тэр үед араар Даваахишиг эгчийн машин гэрлээ унтраачихсан төв зам руу явсан. ...” гэсэн мэдүүлэг [25],

-гэрч У.Санчирын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 03 дугаар сарын 29-ний 01 цагийн орчим ирээд Сонгинохайрхан дүүргийн 4 хорооны “Их наран”-гийн 19-р гудамж руу машинтай эргээд орох үед цагаан өнгийн автомашин дээшээ эргээд явж байсан. Тэгээд гудамж руу эргээд орох үед нэг хүн гудамжны голд шороон зам дээр хэвтэж байсан. ...Мөнх-Эрдэнэ ах бууж харчихаад эмээ байна, эгчийг дууд гэсэн. ...” гэх мэдүүлэг [26],

-гэрч Д.Норжмаагийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ унтаж байтал дүү Санчир гэрт орж ирээд эмээ гудамжинд дайруулчихсан байна гэхээр нь гүйгээд гартал дүү Мөнх-Эрдэнэ “Баасанжав ах сая ийшээ явчихлаа, дайрчихсан юм шиг байна, түргэн дуудчихлаа” гэсэн. ...би ээжээс “яасан бэ, юу болов” гэхэд “Баасанжав намайг дайрчихлаа, тэгээд яваад өгсөн” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг [27],

-гэрч Б.Батцоожийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал дүү Санчир гэрт орж ирээд эмээг гудамжинд дайрчихсан байна гэхээр нь эхнэр Норжмаагийн хамт гартал ээж гудамжинд хэвтэж байсан. …” гэсэн мэдүүлэг [28],

-гэрч Б.Тодгэрэлийн мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би Цамба-16 шөнийн эргүүлээр үүрэг гүйцэтгэж явах үед АТ-1-ээс Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, Их нарангийн хуучин эцэс дээр согтуу жолооч баригдсан байна гэсний дагуу явж очиход замын баруун талд “Хюндай Аксент” маркийн 43-13 УБС улсын дугаартай автомашин гэр хороолол дотор газар булчихсан дугуй мөргөөд зогсчихсон хэв журмын 2 цагдаа барьчихсан байсан. ...тухайн жолоочийг хөдөлгөөнтийн машинд суулгаад ачигч дуудчихаад дөнгөж төв зам руу ортол хоёр залуу гар өргөж зогсоогоод ...манай эмээг машин мөргөөд зугтчихсан байна гэсэн, хаана юм бэ гээд дагаад явсан чинь гудамж руу орсон. Тэгсэн нэг эмээ гудамжны борооны усанд идэгдсэн хувил дотор хэвтэж байсан. “Хюндай Аксент” маркийн 43-13 УБС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан хүн ...жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, үлээлгэж шалгахад 2,59 хувьтай гарсан....” гэсэн мэдүүлэг [29],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4456 тоот дүгнэлт [30],

- Техникийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 274 дугаартай дүгнэлт [31],

-шүүгдэгч Б.Баасанжавын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг [32], 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг [33],

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл [34], зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтын бүдүүвч зураг [35], гэрэл зургийн үзүүлэлт [36] , хохирогч Ц.Янжмаагийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар [37], дуудлагын лавлагааны хуудас [38] жолооч Б.Баасанжавын согтууралыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 52 минутад шалгасан магадлагаа [39] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай үзсэн болно.

Шүүгдэгч Б.Баасанжав нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2.59 хувийн хэмжээтэй согтууралтай байсан нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 52 минутад жолооч Б.Баасанжавын согтуурлыг багажаар шалгасан согтуурал шалгасан магадлалаар тогтоогдсон болно.

Иймд Тээврийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Баасанжавыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг согтуугаар зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ц.Янжмаагийн биед хүнд гэмтэл учирсан байх ба мөрдөн байцаалтад хохирогч нь 1,700,000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан, цаашид 2,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байдаг ба хавтаст хэрэгт   2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Аюурвэйд” эмнэлэгт 300,000 төгрөг төлж хэвтэж эмчлүүлсэн талаарх, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр цээжний компьютер томографикийн үзлэгт 160,000 төгрөг төлсөн талаарх, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Аюурвэйд” эмнэлэгт 390,000 төгрөг төлж, хэвтэж эмчлүүлсэний талаарх [40] тус тус баримтыг ирүүлжээ.

Зам тээврийн осол хэрэг нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болсон байх ба харин хохирогчийн дээрх ирүүлсэн баримтаас 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Аюурвэйд” эмнэлэгт 300,000 төгрөг төлж хэвтэж эмчлүүлсэн талаарх баримт энэ хэрэгт хамааралгүй буюу хохирлын тооцоонд хамрах үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Ц.Янжмаагийн ирүүлсэн хууль ёсны шаардлага хангасан баримтын үнийн дүн 550,000 төгрөг байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баасанжав нь хохирогч Ц.Янжмаагийн эмчилгээний зардалд 3,700,000 төгрөгийг нөхөн төлсөн гэж мэдүүлэх ба энэ талаар хохирлын мөнгийг шилжүүлсэн, бэлнээр хүлээлгэн өгсөн гэх баримтгүй байна.

Хохирогч Ц.Янжмаа нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд цаашид 2,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх боловч шүүхийн шатанд хохирогч Ц.Янжмаа нь шүүх хуралдаанд оролцохгүй гэж утсаар шүүгчийн туслахад мэдэгдэж, харин  “эмчилгээний зардалд 3,700,000 төгрөг авсан нь үнэн” гэж бичсэн агуулга бүхий 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон, Цэрэнбат овогтой Янжмаагийн гарын үсгийг үнэн зөв болохыг нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүхээс хохирогч Ц.Янжмаа нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Баасанжав нь  энэ тогтоолоор хохирогч Ц.Янжмаад төлөх төлбөргүй байна гэж үзэж, энэ хэрэгт иргэний хариуцагч Д.Даваахишигийн эзэмшилд бүртгэлтэй 43-14 УБС улсын дугаартай, “Хюндай Аксент”  маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэж, иргэний хариуцагч Д.Даваахишигийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Баасанжав нь  урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. [41]                                                                                                             

Шүүхээс шүүгдэгч Б.Баасанжавт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг сайн дураараа бүрэн нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлүүлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт хураагдан ирүүлсэн шүүгдэгч Б.Баасанжавын жолооны  В, C, D, E, М  ангиллын 9672 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэж, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдаж, 43-14 УБС улсын дугаартай, “Хюндай Аксент”  маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Д.Даваахишигт буцаан олгох нь зүйтэй байна.

  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 


[1] Хавтаст хэргийн 23-25 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 52-55 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 75 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 2 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 3-4 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 9-16 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 97 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 62, 103 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 102 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 23-25 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 75 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал.

[34] Хавтаст хэргийн 2 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 3-4 дүгээр тал.

[36] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[37] Хавтаст хэргийн 9-16 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[39] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[40] Хавтаст хэргийн 19-21 дүгээр тал.

[41] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.