Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/02591

 

2017 оны 08 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2017/02591 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, Чингисийн өргөн чөлөө, С ХХК-ийн байр, * тоотод байрлах Ф Хадгаламж зээлийн хоршооны /РД*********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, ШШГЕГ-ын * байр, * тоотод оршин суух, 41 настай, эрэгтэй, Б овогт А Б /*******/ холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 373 413 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Иргэн А.Б нь тус хоршооноос 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 30 хоногийн 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 12 800 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн **хороо, **хороолол, ШШГЕГ-ын *байрны 40 тоот орон сууцны зориулалттай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл авахаар тохирч зээлийн болон барьцааны гэрээг хийсэн юм.

А.Бгийн зээлийн түүх дараах байдалтай байна. Үүнд:

- Зээл, барьцааны гэрээ хийгдсэнээс хойш эргэн төлөлт удаашралтай байсан тул удаа дараа утасдаж, шаардлага тавьсан. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтээрээ А.Б нь эдийн засгийн хүндрэлээс болоод тоглоомын газрын орлого муу байгаагаа илэрхийлсэн.

- 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүсэлт гаргахдаа мөн л эдийн засгийн хүндрэл тоглоомын газрын үйл ажиллагаанд нөлөөлж байна. 2016 оны 10 дугаар сарын 01-нд зээлийн төлбөрийг төлөх тул түр хүлээнэ үү. Тоглоомын төвийн үйл ажиллагаагаа зогсоосон. Харин хотын төвийн А зэрэглэлийн газраа зарах гээд хөөцөлдөж байна гэсэн.

- Гэтэл 2016 оны 10 дугаар сар болоход А.Б нь тохирсноороо төлбөрөө хийгээгүй тул 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16/10 тоот зээлийн гэрээний дүн дээр төлөгдөөгүй хуримтлуулсан зээлийн хүү болох 2 000 000 төгрөгийг нэмж зээл олгосон.

Өнгөрсөн хугацаанд А.Б нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байж утсаар холбогдох гэхээр утсаа авахгүй, ихэнх тохиолдолд утсаа салгасан байдаг тул удаа дараа эгч Цтай холбогдож байдлыг мэдэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл төлсөн төлбөр нь зөвхөн хүүгийн төлбөрөөс хасагдах төдий байсан ба одоогоор утас нь огт холбогдохгүй байна.

Иймд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16/10 тоот зээлийн гэрээний 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дуустал үндсэн зээл 14 800 000 төгрөг, хуримтлуулсан зээлийн хүү 2 977 844,38 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 595 568,88 төгрөг, нийт 18 373 413,26 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Зээл авсан нь үнэн. Зээлийг зориулалтын дагуу ашигласан. 2016 он болон 2017 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд төлбөрийн чадвар багассан. Манай аав хэвтрийн өвчтэй байдаг. Би асардаг. Тэр нөхцөл байдлаас шалтгаалаад зээл төлөх чадвар муудсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хугацаа л олгооч гэж хүч байна гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ф Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 17 373 413 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ч шүүхээр шийдвэрлүүлье, төлөх хугацааны хувьд шууд төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан зээлийг гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.

Зохигч талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 16/10 дугаар бүхий гэрээ байгуулагдаж, нэг талаас зээлдүүлэгч буюу Ф ХЗХ нь 12 800 000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар гэрээ байгуулсан нь тэдгээрийн тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 8, 9 дэх талд/ тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд буюу Ф ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 3 дахь талд/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралт /х.х-ийн 4, 5 дахь талд/ болон талуудын байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд зохигчид хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ гэж үзэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлээ хугацаанд төлөөгүй бол үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх зээлдүүлэгчид хуулиар олгогдсон байна.

Зээлийн гэрээ байгуулагдсан болон мөнгө зээлсэн, зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан үйл баримт, нэхэмжлэлийн тооцооллын хувьд хариуцагч маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Иймд дурдсан үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх хэдий ч төлөх хугацааны хувьд тодорхой тохиролцоонд хүрээгүйн улмаас нэхэмжлэгч маргааныг шүүхээр шийдвэрлүүлье гэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх хэдий ч хугацааны хувьд тохиролцох боломжгүй гэж тайлбарласан.

Шүүхээс тус зээлийн гэрээний маргаанд хууль зүйн дүгнэлт өгөхдөө төлбөр төлөх хугацааг тогтоож шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар зээлийн үндсэн төлбөрт 14 800 000 төгрөг, хуримтлуулсан зээлийн хүүнд 2 977 844,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 595 568,88 төгрөг, нийт 18 373 413 төгрөг гаргуулна гэсэн тооцоолол нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн товчоо /х.х-ийн 15, 16 дахь талд/, кассын зарлагын ордеруудаар /х.х-ийн 18, 19 дэх талд/ тогтоогдож байна гэж үзэв.

Төлбөрийн нөхцөл байдлаас хамааран хүү болох 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээний нөхцөлөөр дахин зээлдүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч тус гэрээг нэмэлт өөрчлөлтөөр талууд хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэж хариуцагч хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дурдсан үндэслэлээр 18 373 413 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд, зохигчид хооронд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15/04 дугаартай барьцааны гэрээг байгуулсан, тус барьцаа хөрөнгөөр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар гэрээнд тусгасан талаарх тайлбар нь тус барьцааны гэрээний хуулбар, /х.х-ийн 10, 11 дэх талд/ зээлийн гэрээний 3.1.4-т заасан нөхцөл зэргээр тогтоогдож байна.

Гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-*******, гэрчилгээний *********бүхий Баянзүрх дүүргийн **хороо, **хороолол, ШШГЕГ-ын *байр, 40 тоотод байрлах 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан байх бөгөөд зээлдэгчийн өмчлөлийн хөрөнгө гэж зээлдэгч буюу хариуцагч тайлбарлаж байна.

Тус барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иймд барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хуульд зааснаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 1**зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Бгаас зээлийн гэрээний төлбөрт 18 373 413 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф Хадгаламж, зээлийн хоршоонд олгож, тус үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-*******, гэрчилгээний *********бүхий Баянзүрх дүүргийн **хороо, **хороолол, ШШГЕГ-ын *байр, 40 тоотод байрлах 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2. Хариуцагчийн тодорхой хөрөнгийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан тогтоогоогүй бөгөөд хуульд заасан журмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Бгаас 249 817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф Хадгаламж, зээлийн хоршоонд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН