Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 177/2022/0033/э |
Дугаар | 2022/ШЦТ/38 |
Огноо | 2022-03-09 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, гэм буруугийн шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг тус тус суулган улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч Н.П, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас өсвөр насны шүүгдэгч Н.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135001930012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2007 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 15 нас 01 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн 9д ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Нийн П, /РД: ОП07230812/.
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 04-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, З ургийн овогт Бын Т, /РД: ОЭ79111361/.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч Н.П нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 23-08 тоотод байрлах иргэн Д.Нгийн гэрээс 2021 оны 9 дүгээр сард 3600 юань (БНХАУ-ын мөнгөн тэмдэгт) буюу 1,587,021 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 10,100 юань буюу 4,474,106 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Нд нийт 6,061,127 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Т нь өсвөр насны хохирогч Н.Пийн хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 2,500 юанийг Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны төв тооцооны төвд төгрөгөөр солиулж өгөхдөө 1,105,250 төгрөг болсныг “банк юанийг бэлэн мөнгөөр солиулахаар татвар авдаг юм гээд авчихлаа” гэж хуурч түүнд 500,000 төгрөг өгч, түүнээс 585,250 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135001930012 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: -2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн “...Н.Пийн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр худалдаж авсан гэх 2 ширхэг унадаг дугуйнд үзлэг хийлээ... Тухайн үзлэг хийж буй унадаг дугуйнууд шинэвтэр унадаг дугуйнууд байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Н.Пийн явсан зам, зааж өгсөн газар буюу үйлчлүүлсэн, хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө зарцуулсан гэх газрыг тогтоох зорилгоор ажиллав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өсвөр насны шүүгдэгч Н.Пийн нас тоолсон мөрдөгчийн “Насанд хүрээгүй Н овогтой П /ОП07230812/ нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үедээ буюу анх гэмт хэрэг үйлдэхдээ 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 нас 6 сар 4 хоногтой байсан байна” гэх тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
-Хаан банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5819/01 дугаартай албан бичиг түүний хавсралт, мөн төв тооцооны төвийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5822/03 дугаартай албан бичгийг (1 дэх хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын “...яллагдагч Н.Пийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо худалдан авч ашигласан CROLAN гэх бичиглэлтэй унадаг дугуй нэг ширхэг, REID гэх бичиглэлтэй унадаг дугуй нэг ширхэг зэргийг битүүмжилсүгэй. Битүүмжилсэн эд хөрөнгийг Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт битүүмжилж, хадгалах, хамгаалах үүргийг өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд хүлээлгэсүгэй” гэх 3 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 онд БНХАУ-ын Эрээн хот руу наймаа хийхээр яваад буцаад ирэхдээ үлдэгдэл 15,000 юань авч ирж гэртээ хадгалсан байсан юм. Тэр юанийг гэртээ байдаг 2 давхар цоожтой шүүгээнд гараар оёсон мөнгө хадгалах зориулалттай биедээ бүслээд аваад явчихдаг бүслэвчинд хоёр хуваагаад 10,000, 5,000 юаниар нь хуваагаад хийчихсэн, дандаа 100 юанийн дэвсгэрттэй мөнгөнүүд байсан. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би юань хадгалж байсан шүүгээгээ нээгээд үзсэн чинь 1300 юань буюу 13 ширхэг зуутын юань байсан, бусад мөнгө нь байхгүй байсан. Тэгээд манай хамар хашаанд байх төрсөн дүү Нид “манай гэрт байсан юань алга болчихсон байна, хулгай орсон юм шиг байна” гэж хэлэхэд манай дүү Н “юань гэж юу байдаг юм бэ” гэж надаас асуусан. Тэгтэл Нийн 12 настай хүү Н гэгч нь “үсээ хойшоо самначихсан хүний зурагтай, улаан өнгийн мөнгө байдаг” гэж хэлсэн. Тэгээд “чи яаж мэддэг” юм гэсэн чинь түүний ах П хажуунаас нь “зах дээр хүүхдүүд юань солиулах гээд явж байсныг наадах чинь харсан, тэгээд мэдэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн тэр орой манай төрсөн дүү Н “таны юанийг манай хүүхэд П авсан юм шиг байна, банкны гадна очоод хүнд өгч оруулаад монгол төгрөгөөр солиулж аваад байсан юм шиг байна лээ” гэж надад хэлсэн. Түүний дараагаар дүү Нийн эхнэр Баярмаатай уулзахад “манай П авсан байна, дүүг нь асууж байж хэлүүллээ, би Птой уулзаж ярилцлаа, ямар хүнд өгч мөнгө солиулсан талаар нь би асууж тодруулсан” гэж хэлсэн. Надад гэмт хэргийн улмаас нийт 13,700 юань буюу 6,165,000 төгрөгийн хохирол учраад байгаа. Шүүгээг хэрхэн онгойлгосон талаар мэдэхгүй байна, шүүгээний түлхүүрийг гэрт нуугаад гоо сайхны ширээний тавиур дээр тавьчихдаг байсан. Түлхүүрийг олоод онгойлгосон байх боломжтой уг шүүгээний цоожинд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Манай гэрээр төрсөн дүү Нийн хүүхдүүд чөлөөтэй орж гараад явдаг юм. Бид нарыг ажилдаа явсны дараагаар манай хүүхэд болон хөдөө байдаг дүүгийн хүүхэд гэрт үлддэг” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Манай бэр Баярмаа, дүү Н нар нь 700,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид хохирол төлж өгөхөөр тохиролцсон. Бид хохирлыг хэрхэн төлж өгөх талаар ярилцаж зөвшилцсөн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр насанд хүрээгүй гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт авга эгч Д.Нгийн гэрт амьдарч, хичээлдээ явдаг бөгөөд тэдний гэрээс эгчийн хятад мөнгө, юань хулгайлагдсан талаар саяхан мэдсэн юм. Д.Н эгчийн хамар хашаанд манай авга Нийнх байдаг бөгөөд тэдний хүүхдүүд болох Н, П нар бид нарыг гэртээ байхад Д.Н эгчийн гэрээр орж гардаг байсан. П нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх Д.Н эгчийн гэрт түлхүүр бариад гэрт байсан цоожнуудад хийж үзээд яваад байсан. Би юу хийгээд байгаа талаар нэг удаа асуухад П нь надад “гражийн түлхүүр хайж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш би дахиж асуугаагүй, тОгүй юм. Сүүлд Н эгч “та нар хүн орж ирээд мөнгө авч байхад юу хараад суугаад байдаг юм, утас хараад сууж байдаг юмуу” гэж загнасан. Н, П нар хятад мөнгөн дэвсгэрттэй байсан талаар би хараагүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр насанд хүрээгүй гэрч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн ах Н.Пт үсээ самнасан хүний зурагтай, улаан өнгийн мөнгө байгааг би 2021 оны 10 дугаар сард байх цаг хугацааг мэдэхгүй байна харсан. Ах П нь тухайн улаан өнгийн дэвсгэрттэй мөнгийг Д.Н эгчийн байшингийн коридорт барьчихсан явж байсан. Би “наадхаа яах гэж байгаа юм бэ” гэж ахаас асуухад “бутархай мөнгөөр солиулна” гэж хэлж байсан. Тэр үед харахад үсээ самнасан хүний зурагтай, улаан өнгийн мөнгө байсан. Түүнээс өмнө Д.Н эгчийн байшингийн урд талын хэсэгт П ах монгол мөнгө барьчихсан зогсохыг би харсан. Би П ахаас “надад мөнгө өг” гэхэд ах П “надад мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. П ах мөнгө халаасандаа хийж байхад Д.Н эгчийн хүүхдүүд байсан. Сүүлд Д.Н эгч намайг аав Н, ээж Баярмаа нарын хамтаар гэртээ байхад орж ирээд миний шүүгээнд байсан юань алга болчихлоо гэж хэлсэн. Тэр үед манай аав Н “юань гэж юу байдаг юм бэ” гэхээр нь би “үсээ хойшоо самнасан хүний зурагтай, улаан өнгийн мөнгө байдаг” гэж хэлсэн. Надаас “чи яаж мэдэж байгаа юм” гэхэд П ах “зах дээр хүүхдүүд юань солиулж явааг харсан юм байна лээ” гэсэн. Удалгүй манайхаас Д.Н эгч гараад явчихсан. Түүний дараа манай ээж надаас “чи яаж тэр мөнгийг мэдсэн юм” гэж асуухаар нь би “ахыг Д.Н эгчийн гэрт барьчихсан явахад нь харсан” гэж хэлсэн. Д.Н эгчийн байшинд тухайн үсээ самнасан хүний зурагтай, улаан өнгийн мөнгийг барьж явах үед Д.Н эгчийн гэрт тэдний хүүхэд мөн хөдөөнөөс ирж амьдарч байгаа Н гэх хүүхэд байсан. Би улаан өнгийн, үсээ самнасан зурагтай мөнгийг ахаас аваагүй, мөн Д.Н эгчийн гэр лүү орж аваагүй, би төрсөн ах Пт байсныг харсан. Тухайн үед ах тэр мөнгийг “Юань” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай хадам эгч Д.Н намайг гэртээ нөхөр Н, хүү Н, П нарын хамтаар байхад “манай гэрт хулгай орсон байна, гэрт байсан юань алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр “юань гэж юу байдаг юм бэ” гэхэд манай хүү Н “үсээ самнасан хүний зурагтай, улаан өнгийн мөнгө байдаг” гэж хэлсэн. Тэгтэл Д.Н “чи яаж мэдэж байгаа юм бэ” гэхэд хүү П хажуунаас нь “хүүхдүүд зах дээр юань монгол мөнгөөр солиулж байхыг харсан байна лээ” гэж хэлсэн. Д.Н эгч цагдаад мэдэгдэхээс гэж хэлчхээд гараад явсан. Дараа нь би Нгийн хэлсэн зүйлийг сэжиглээд арай гэж юу болсон талаар хэлүүлэхэд “П ах үсээ самнасан хүний зурагтай, улаан өнгийн мөнгийг Х ахын байшингийн коридорт бариад зогсож байсан, би юу болох талаар тодруулахад юань гэж хэлсэн” гэсэн. Тэр үед П сургууль дээрээ байсан бөгөөд гар утсаар яриад асуухад Д.Нгийн гэрээс юань авсан талаараа надад хэлсэн. Орой ирэхээр нь уулзаж нарийн асууж тодруулахад мөнгө удаа дараа орж авсан, насанд хүрсэн хүмүүсээр солиулсан, нэг таксины жолоочид 20,000 төгрөг өгсөн, харин Н гэх хүүхдийн ээжээр мөнгө солиулахад 500,000 төгрөг шимтгэл гэж авсан гээд 1 сая гаруй төгрөгөөс үлдэгдэл мөнгийг нь өгсөн” гэж хэлсэн. Нэлээд олон удаа орж авсан байсан, хичнээн удаа орж авсан талаар би мэдэхгүй. 2021 оны 9 дүгээр сарын 10-наас анх хараад авч эхэлсэн гэсэн. Уг мөнгийг монгол мөнгөөр солиод тухайн мөнгийг өөрөө захиран зарцуулсан юм байна лээ. Гэртээ ямар нэг зүйл аваагүй, гэр бүлийн хүмүүст ямар нэг мөнгө өгсөн зүйлгүй, хоол хүнсний зүйл аваагүй, өөртөө унадаг дугуй худалдаж авсан байсан. Түүнийг нь би “хэнийх вэ” гэж анх авч ирэхэд нь асуухад хүүхдийн дугуй түр ашиглаж байгаа гэж хэлсэн. Өөр зарцуулалтын талаар мэдэхгүй байна. Би Пийг Д.Н эгчийн мөнгийг авсан талаар нь мэдээд нөхөр Нид хэлж Н эгчид хэлүүлсэн. Ганцаараа авсан гэж хэлсэн. Өөр түүнтэй хамт ямар нэг хүн хулгай хийгээгүй, манай хүүхдүүд Н эгчийн гэрээр орж гараад чөлөөтэй явдаг, манай нөхрийн хадам эгч юм” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрч Ч.Хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би нэг өдөр зах дээр явж байхад П нь намайг таниад танд иргэний үнэмлэх байна уу гэхээр нь би байхгүй, иргэний үнэмлэх аваагүй байгаа гэж хэлсэн. Тухайн үед 2021 оны 10 дугаар сард байх. ...Тэр өдөр С эгч юанийг сольж өгсөн. Тухайн мөнгөнөөс надад электрон тамхи авч өгсөн. Түүний дараагаар хэд хоноод дахиад юань барьчихсан “манай эгч өгсөн юмаа, манай эгч намайг солиулаад ир гэж хэлсэн” гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн ээж С руу яриад “энд нэг хүүхэд мөнгө солиулах гэсэн чинь иргэний үнэмлэхтэй хүн байхгүй байна гэнэ, та туслаад өгөөч, эгч нь солиулаад ир гэсэн гэнээ” гэж хэлээд гэрт очиж ээжийг дагуулаад Хаан банкны Увс аймаг дахь салбарын төв тооцооны төвд очиж хятад мөнгөн дэвсгэртийг монгол мөнгөнд шилжүүлж авч өгсөн. Тэр мөнгийг аваад “би одоо талыг нь эгчид өгөх ёстой, эгч намайг тоолоод 50,000 төгрөг ав гэсэн” гэж хэлсэн. Тэр үед Н гэх хүүхэд мөн явсан бөгөөд П, Н бид хоёрыг дагуулаад Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Өнхрүүш бэйкери орж ундаа, салат, чанадаг гоймон гэх мэт зүйл авч идсэн. Түүнийг П даасан. Дараа нь хэсэг хугацааны дараа 6-7 хоноод надтай ирж уулзаад “дахиад монгол мөнгө болгомоор байна, хэрэгтэй байна, манай зах дээр зогсдог эгч солиулаад ир гээд байна” гэхээр нь би С эгч рүү ярихад “завгүй байна” гэхээр нь ээжид хэлж гуйгаад дахиад Хаан банкны Увс аймаг дахь салбарын төв тооцооны төвд ээж Сд өгч солиулсан юм. П мөнгөө ээжээс аваад Н бид хоёрыг дагуулаад зах дээр очоод бид гурав бороохой авсан, тэгээд Гэрэлт заал ороод тоглож байгаад бид гурав гараад тамхи татчихаад такси барьж яваад ...харьчихсан юм. Н Ж бид хоёрыг П зааланд тоглох, хоол унд идэх, тамхи авч өгөх, интернэт тогтлоомыг тоглох үед даадаг байсан. Би хаанаас ийм их мөнгөтэй болсон талаар асуухад “манай зах дээр ажилладаг эгч өгдөг” гэж хэлдэг байсан. Хамгийн сүүлд Нгийн ээж Туяа /Т/ гэх хүнээр П юанийг монгол мөнгөөр солиулсан. Тэр үед Н, П, Нгийн ээж Туяа /Т/ бид нар Туяа эгчийн автомашинтай Улаан загалмайн байрны доод талын хэсэгт очоод Н бид хоёрыг бууж бай гэж буулгачихаад нэлээн удаж байгаад гараад ирсэн. Тэр үед П мөнгөө халаасандаа хийчихсэн бууж ирсэн бөгөөд Туяа эгч явчихсан. П энгэрийн халаасанд байсан бүх мөнгөө надад өгсөн бөгөөд би тоолоход 500,000 төгрөг байсан бөгөөд буцааж өгсөн. Банкинд өгөхөд 24 ширхэг юанийн мөнгөн дэвгсэрт байсан. Би Туяа эгчид 24 ширхэг байна гээд тоолоод өгсөн юм. Нг дэлгүүр орсны дараагаар би Поос “бүх мөнгө чинь энэ юм уу” гэж асуухад тийм гэж хэлсэн. Н дэлгүүрээс гарч ирээд дэлгүүрээс авсан зүйлийг бид нар идчихээд Н бид хоёрыг буулгачихаад П гэр лүүгээ явчихсан. Сүүлд Н, П бид нар явж байгаад Н байхгүй байхад П “Нгийн ээж 500,000 төгрөгийг банк суутгаад татдаг гэж хэлээд авчихсан, би Нгийн хажууд байсан учраас хэлж чадаагүй” гэж хэлсэн. Би Нгийн эмээгийн гэрт тэр өдөр нь очсон бөгөөд Туяа эгчээс “та 500,000 төгрөг суутгадаг гэж хэлээд авсан юм уу” гэхэд “би аваагүй, тэр хүүхэд мөнгөө хоёр хуваагаад авсан, нэгийг нь өмдний халаас руу нэгийг нь энгэрийнхээ цамцны халаас руу хийгээд авсан” гэж хэлсэн” гэх мэдүүлгийг (1-р хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрч Ч.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байх би гэртээ байж байхад 11 цагийн үед манай төрсөн хүү Хтэй П гэх хүүхэд хамт ирсэн юм. Тэгээд П гэх хүүхэд намайг “та мөнгө солиулаад өгөөч, хүүхдэд өгөхгүй гэж байна, манай эгч Замын-Үүдэд ажилладаг юм, надад энэ мөнгийг өгч явуулсан юм, би дугуйн холбоонд суралцдаг, түүний төлбөр төлөх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд тухайн хүүхдийн надад өгсөн 11 ширхэг хятад юань гэх мөнгөн дэвсгэртийг Хаан банкны Увс аймаг дахь салбарын төв тооцооны төвд аваачиж өгөөд монгол мөнгөөр солиулсан. Нийт монгол мөнгөөр 400,000 гаруй төгрөг болсон бөгөөд түүнийг би тухайн П гэх хүүхдэд өгөөд тэгээд би гэр лүүгээ явсан. Түүнээс би ямар нэгэн мөнгө, төгрөг аваагүй. Түүний дараа дахиад “эгчээс мөнгө шилжиж ирлээ, түүнийг солиод өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би хулгайн гэдгийг нь мэдэлгүй солиод өгчихсөн. Би П гэх хүүхдийг танихгүй. Манай хүү Хтэй хамт ирсэн, түүний найз гэхээр нь танилцсан юм” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрч Х.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2 жилийн өмнөөс тус аймгийн Цогцолбор 1-р сургуульд суралцдаг байхад Пийг танидаг болсон. Намайг 2021 оны 9 сард байх цаг хугацааг тодорхой мэдэхгүй байна, намайг ус авч явж байхад П нь Жгийн хамтаар явж байгаад намайг гаръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт гараад бид Өнхрүүш бэйкерид хоол идсэн, Гоулд караокед орж дуу дуулсан, интернэт тоглоомын газарт сууж тоглосон, түүний дараагаар Одондаваа гэх хүүхдийн гэр лүү явсан. Тэдний гэрт орохоос өмнө дэлгүүрээс П тамхи авсан. Тэр өдөр Одондаваагийн гэрт очоод дэлгүүрээс авсан ундаа, пиво, талх гэх мэт зүйлээ ууж идээд, би орой нь гэртээ харьчихсан юм. Түүнээс хойш хамт гадуур явсан зүйл байхгүй. Х бид Нс өөр хүмүүстэй хамт бас яваад мөнгөөрөө юм аваад байсан юм шиг байна лээ. Пт байсан юань хулгайн мөнгө гэдгийг мэдээгүй. ...Манай ээжээс урьд нь зээлж авсан 20,000 төгрөгийг ээж авсан. Хтэй хамт зогсож байгаад би машинд суучихсан. Ээжийг мөнгийг нь сольж өгөх үед л хамт явсан. Өөр хамт явсан зүйл байхгүй. П мөнгөө идэх уух зүйл, архи, пиво, тамхи, цахилгаан бороохой, интернэт тоглоом, спорт зааланд тоглосны төлбөр гэх мэтээр зарцуулдаг байсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Намайг тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах зах дээр таксинд явах гээд байж байхад нэг хүүхэд суусан. Тэгээд Өгөөмөр тооцооны төвд очоод тэр эрэгтэй хүүхэд надад хятад мөнгө өгөөд “манай эгч солиулаад ир гэсэн юм, өөрөө зах дээр зогсдог, намайг хүүхэд гээд сольж өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд дугаарлаж зогсоод бараг 1 цаг орчим болоод солиулсан. 9 ширхэг хятад мөнгийг монгол мөнгөөр солиулсан. 350,000 орчим монгол мөнгө болсон. Тэгээд надад таксины хүлээлгийн мөнгө, такси үйлчилгээний мөнгө гээд 10,000 төгрөг өгсөн. Би солиулсан монгол мөнгийг бүгдийг нь тухайн хүүхдэд өгсөн. Би тэр хүүхдийг харвал танина. Би хулгайн мөнгө гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 86 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын сүүлээр цаг хугацааг тодорхой мэдэхгүй байна, тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны төв тооцооны төвийн гадна талын хэсэгт эхнэр өдрийн тооцО дансанд хийхээр орсон юм. Би түүнийг хүлээгээд машиндаа тамхи татаад сууж байхад 10 дугаар ангийн хүүхэд бололтой унадаг дугуйтай эрэгтэй хүүхэд ирж уулзаад “ахаа би танаас нэг зүйл асуучих уу” гэхээр нь “тэг, тэг” гэхэд тэр хүүхэд “та завтай бол энэ мөнгийг солиулаад өгөөч” гэж хэлсэн. Би тэр хүүхдэд хандаж “чи өөрөө яагаад солиулж болдоггүй юм” гэхэд “харин унадаг дугуйндаа юм авах гэхэд эгч ийм мөнгө өгчихлөө, иргэний үнэмлэх байхгүй” гэх зүйл хэлсэн. Тэр хүүхэд хажуудаа өөрөөсөө намхан хүүхэдтэй хамт явсан бөгөөд найзууд юм шиг байсан. Тэр хоёр намайг дагаж ороод хүлээлгийн сандал дээр сууж байсан. Би мөнгийг нь монгол мөнгөөр солиод тэр хүүхдүүдэд авч өгчихөөд явчихсан. Би мөнгөн дүнг яг хэд болсон талаар мэдэхгүй байна ойролцОр 350,000 орчим төгрөг болсон гэж бодож байна. Би хулгайн мөнгө гэдгийг мэдээгүй. ийм мөнгө өгчихлөө бичиг баримт байхгүй та солиод өг гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 88 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хүүхдийн хамтаар эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гараад гэртээ байж байхад манай хадам дүү Хтэй хамт нэг эрэгтэй хүүхэд орж ирээд “манай эгч оюутан, та надад энэ мөнгийг монгол мөнгөөр солиулаад өгөөч, би эгч рүүгээ мөнгө явуулах гэсэн юм, надад ямар нэгэн бичиг баримт байхгүй байна” гэж хэлсэн. Би “чамд аав, ээж байдаггүй юмуу, өөр хүнээр солиулчихаж болохгүй юмуу” гэхэд тэр хүүхэд “манай нэг эгч зах дээр зогсдог тэр эгч энэ мөнгийг өгсөн, нэг эгч оюутан, надад мөнгө солиод өгчих хүн байдаггүй, та солиод өгөөч” гэж хэлсэн. Тэгээд такситай ирж намайг авсан бөгөөд би Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны Увс аймаг дахь салбарын төв тооцооны төв орж хятад мөнгийг монгол мөнгөөр солиулсан. Нийт монгол мөнгөөр 430,000 орчим төгрөг болсон, одоо санахгүй байна түүнийг нөгөө хүүхдэд өгсөн. Намайг гэрийн гадна таксигаар буулгачихаад тэд нар явчихсан юм. Түүний дараа “дахиад 1 удаа солиод өг” гэж гэрт ирээд гуйхаар нь би “завгүй, чадахгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш над руу мөнгө солиод өг гэж яриагүй, ирж гуйгаагүй. Хулгайн мөнгө гэдгийг мэдсэн бол би зөвшөөрөхгүй байх байсан. Би мөнгө сольж өгснийхөө төлөө ямар нэг хөлс мөнгө аваагүй. Мөн солиулсан мөнгийг дутуу өгсөн зүйл байхгүй. Миний дансаар дамжуулж АТМ-ээс картаар авсан бөгөөд миний дансанд үлдэгдэл 9.000 төгрөг үлдсэн. Бусад мөнгийг нь тухайн хүүхэд авсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 90 дүгээр хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч Э.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах гэртээ байж байтал манай хороололд амьдардаг байх 3 хүүхэд ирсэн бөгөөд нэг хүүхэд нь “та банк ороод надад хятад мөнгийг монгол мөнгөөр солиулаад өгөөч, зах дээр зогсдог эгч маань намайг энэ мөнгийг солиулаад тэр мөнгөөрөө дугуй ав гэж хэлсэн, надад бичиг баримт байхгүй болохоор болохгүй байна, та туслаад өг” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэд нартай хамт Хаан банкны Увс аймаг дахь салбарын Өгөөмөр тооцооны төвд очиж 2 давхарт гарч 11 ширхэг юанийг монгол мөнгөөр шилжүүлсэн. Тэгээд уг мөнгийг солиулаад 400,000 гаруй төгрөг болсон, яг хэдэн төгрөг болсон талаар би сайн санахгүй байна, тэгээд тухайн хүүхдэд солиулсан мөнгийг өгөхөд надад “баярлалаа” гээд 20,000 төгрөг өгсөн. Би “зүгээрээ мөнгөө буцааж ав” гэхэд “үгүй ээ, тусалсанд баярлалаа” гэж хэлээд мөнгөө аваад явсан. Би анх “хулгайн мөнгө биш биз, ямар учиртай мөнгө юм” гэхэд “зах дээр ажилладаг эгч маань солиулаад унадаг дугуй ав гээд өгсөн” гэж хэлсэн. Би хулгайн мөнгө гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч С.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах зах дотор таксины зогсоолд зогсож байхад хоёр эрэгтэй хүүхэд ирээд “ахаа таксинд явах уу” гэхээр нь би “явна, мөнгө байгаа юм уу” гэхэд “байгаа” гэж хэлсэн. Тэгээд миний таксинд суугаад тэд Нс хаашаа явах эсэх талаар асуухад “Хаан банкны төв тооцооны төв рүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны төв тооцооны төвийн гадна очоод “таксины мөнгөө” гэхэд нэг эрэгтэй хүүхэд “ахаа манай эгч нялх хүүхэдтэй, бид нарыг энэ мөнгийг солиулаад ир гэсэн юм” гэхээр нь “ямар мөнгө” гэхэд юань надад харуулсан. Тэгээд “бид нарыг хүүхэд бичиг баримтгүй учраас сольж өгөхгүй, та солиод өг” гэж гуйсан. Би тэгэхээр нь зөвшөөрөөд хамт дагуулж ороод теллерээс хятад мөнгөн дэвсгэртийг монгол мөнгөн дэвсгэртэд шилжүүлээд теллер нь миний данс руу мөнгийг нь хийсэн. Тухайн хүүхэд миний хажууд харж байсан бөгөөд би АТМ-ээс 200,000 төгрөг авч өгөөд өөрийн биед бэлэн байсан 20,000 төгрөг өгөхөд буцаагаад надад таксины мөнгө гээд 10,000 төгрөг өгсөн. Тэгээд тухайн хүүхдүүдийг буцаагаад хаашаа явах талаар асуухад Мгийн засварын газрын тэнд Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах газарт буугаад үлдсэн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Ү овогтой Чийг танина. Бид хоёр найзууд юм. Тухайн өдөр би өөрийн найз Ү.Чийн хамтаар Увс аймгийн Улаангом сумын нутагт өөрийн 55-39 УВА улсын дугаартай Приус-20 загварын автомашинтай таксинд явж байхад Цас тогтохын баруун талын Мгийн дугуй засвараас 3 хүүхэд суугаад Өгөөмөрийн Хаан банкны салбар, Төв тооцооны салбар, дараа нь Голомт банкны Увс аймаг дахь салбар дээр очсон. Тэгээд би миний автомашинд явсан 3 хүүхдээс “таксины мөнгөө авна” гэхэд “таксины мөнгө байхгүй, хэрэв үүнийгээ солиулсан бол таксины мөнгө өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Манай найз Ү.Ч тухайн хүүхдүүдэд “наадхаа хэдэн төгрөгөөр өгөх юм” гэхэд “30,000 төгрөгөөр өгнө” гэхээр нь найз Ү.Ч худалдаж авсан. Тэр хүүхдүүд надад таксины мөнгө гэж 10,000 төгрөг өгөөд тэгээд явцгаасан. Тэр хүүхдүүдийг харвал танихгүй. Ү.Ч асуухад “эгч нь өгч явуулаад солиулаад ир гэсэн” гэж хэлж байсан. Хулгайлж олсон мөнгө гэх зүйл хэлээгүй. Одоо Ү.Ч Дархан-Уул аймгийн ШУТИС-д суралцдаг” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 96 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч Н.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ойролцоор 11 цагийн орчимд гэр лүүгээ өөрийн Приус-30 загварын 27-01 УНГ улсын дугаартай автомашинтай явж байхад миний танидаг Ж гэх хүүхэд хажуудаа 1 хүүхэдтэй хамт ирээд “ахаа та таксинд явах уу” гэж хэлсэн. Тэр хүүхэд нь би сүүлд танидаг болсон П юм. Би “явна” гэхэд “ахаа таны иргэний үнэмлэх байна уу” гэхээр “яах гэсэн юм” гэхэд хятад мөнгөн дэвсгэрт гаргаж үзүүлээд “үүнийг солиулах гэхэд бид нарт иргэний үнэмлэх байхгүй болохоор сольж өгөхгүй байна” гэж хэлсэн. Би хэний мөнгө болох талаар тухайн үед асуухад мөнгө гаргаж ирсэн П гэх хүүхэд “эгчийн мөнгө, манай эгч зах дээр зогсдог юм, өөрөө завгүй болохоор намайг солиод ир гэж хэлсэн юм, та сольж өгчихөөд таксиныхаа мөнгийг авчих” гэж хэлсэн. Би хаширлаад “та нар хулгай хийсэн юм биш биз” гэхэд “юу гэж тийм юм байдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүүхдүүдэд итгээд тэд нарыг суулгаад Хаан банкны төв тооцооны төвд ирээд 1200 юань солиулсан. Тухайн мөнгөн дүн 500,000 гаруй төгрөг болсон теллер нь миний данс руу уг мөнгийг хийсэн бөгөөд би уг мөнгийг данснаас гаргаад Пт өөрт нь бэлнээр өгсөн. П, Ж гэх хүүхэд Улаангом сумын захын үүдэнд очиж буусан, надад таксины мөнгө, мөнгө сольж өгсөн гээд нийтдээ 20,000 төгрөг өгсөн. Би хоёр тийшээ явж үйлчилсэн, хүлээлгийн мөнгө гээд 10,000 төгрөг тооцож авсан. Түүний дараа 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ ганцаараа байхад гаднаас Х орж ирээд “ахаа гараад ирээч” гэж дуудсан. Би “яав” гээд гэрээс гарахад П ирээд “ахаа, дахиад мөнгө монгол мөнгөөр солиод өгөөч” гэж хэлсэн. Би “ямар учиртай мөнгө солиулах гээд байгаа юм бэ” гэхэд “эгч түрүүн сольж өгсөн хүнээрээ дахиад солиулаад ир, яахав 5,000, 10,000 төгрөг өгөөд солиулчих гэж хэлсэн” гэсэн. Би “намайг асуудалд оруулах юм биш биз, та нар хулгай хийгээд тэр мөнгөө надаар солиулж байгаа юм биш биз” гэхэд “үгүй ээ, тийм зүйл байхгүй, эгч солиулаад ир гэж хэлсэн” гэсэн. Мөн “би үүнээс 100,000 төгрөг авдаг, үлдсэнийг нь аваачиж өгнө” гэж хэлсэн. Би шалгаад асуухаар ямар нэгэн нүүрний хувиралгүй, тоосон шинжгүй байхаар нь үнэнээ хэлж байгаа юм байна гэж бодсон. Би 2 дахь удаад нь 1500 юань Өгөөмөрийн Хаан банкны тооцооны төвд очиж солиулж шилжүүлээд өөрийнхөө данснаас гаргаж өгсөн. Уг нь эгчийнх нь данс руу шилжүүлэх гэхэд “намайг 100,000 төгрөгийг ав гэсэн, үлдэгдлийг нь би өөрөө хүргэж өгнө” гэж хэлсэн учраас би бэлнээр АТМ-ээс гаргаж өгсөн юм. Тухайн мөнгө нь 600,000 гаруй төгрөг болсон. Тэд нар Өлзий төв, Нарлаг төвийн тэнд очоод буусан юм. Надад таксины мөнгө, мөнгө сольж өгсөн гээд 20,000 төгрөг өгсөн юм. Түүнээс хойш дахиж мөнгө солиулах талаар уулзаагүй. Хэд хоногийн дараа гадуур явж байгаад гэртээ ороход манай эхнэр тэр хүүхдийг загнаад явуулж байсан. Тэр үед манай эхнэр Т “би чиний зах дээр зогсдог эгчийг танина, очиж хэлнэ” гэхэд П “тийм юм байхгүй, очоод хэл, хэл” гэж хэлж байсан. Х гэх айлд байдаг хүүхэд гэж манай эхнэр Т хэлж байсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүй гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танихгүй эрэгтэй хүүхэд Хаш дэлгүүрийн ойролцоо таараад надад 7 ширхэг зуутын юань үзүүлээд “та энэ мөнгийг солиод өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “чадахгүй, цагдаа энээ тэрээ болвол яах юм” гэхэд “таныг ямар ч хэрэг төвөгт оруулахгүй, манай эгчийнх, манай эгч зах дээр зогсдог, би энэ мөнгийг хулгайлж аваагүй эгчээсээ авсан, намайг солиулаад аваад ир гэж хэлсэн юм” гэсэн. Тэгээд “та банк ороод солиулаад өг” гэж хэлсэн. Тэр үед ганцаараа дугуйтай явж байгаад надтай таарсан. Би уг мөнгийг нь Өгөөмөрийн Хаан банкны тооцооны төв рүү ороод солиулсан. Нийтдээ хичнээн төгрөг болсон талаар одоо санахгүй байна бэлнээр аваад би тухайн хүүхдэд өгсөн. Мөнгө сольж өгсөн гээд 10,000 төгрөг надад өгсөн. Түүний дараа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би тэр хүүхдэд мөнгө сольж өгсөн эсэхийг санахгүй байна. Нэг өдөр над руу гар утсаар яриад “ах та гражныхаа гадаа гараад ир” гэж хэлсэн. Би гараад зогсож байхад тэр хүүхэд өөрийнхөө ногоон өнгийн унадаг дугуйтай ирсэн бөгөөд над руу инээгээд байсан. Би “чи яагаад инээгээд байгаа юм бэ” гэхэд “ах, дахиад 700 юань эгчээс авлаа” гэхээр нь “надад ямар хамаатай юм” гэхэд “та надтай хамт банк ороод солиулаад өгөөч” гэж хэлсэн. Би “чадахгүй, өөр хүн олоод солиулж ав” гэж хэлсэн. Тэр хүү надад хэлэхдээ “би таныг хэрэгт оруулахгүй, энэ чинь хулгайлсан мөнгө биш, манай эгч зах дээр зогсдог, энэ мөнгийг эгч монгол мөнгөөр солиод талыг нь өөрөө хэрэглээд талыг нь авчирч өг гэж хэлсэн, цагдаа энэ тэр болохгүй, би мэдэж байна” гэж хэлсэн. Бид хоёр унадаг дугуйтай яваад Хаан банкны төв тооцооны төв дээр очиж би солиулах гэхэд “чи 18 нас хүрээгүй байна, болохгүй” гэж хэлээд сольж өгөөгүй. Тэгээд нэг настай хүнээр солиулсан юм. Мөнгөө солиулчихаад “ахаа, хоолонд оръё” гээд бид хоёр Өнхрүүш бэйкерид орсон, би таныг даана гээд надад 1 гоймон, 1 пицца авч өгсөн. Түүнээс гараад бид хоёр гэр лүүгээ явсан. Тэрний маргааш нь миний дугуйг худалдаж авна гээд надтай ирж уулзсан. Тэгэхээр нь би өөрийн төрсөн аав Бд “миний дугуйг хүүхэд авна гэж байна, 400,000 төгрөгөөр зарчих уу” гэхэд аав “650,000 төгрөгөөр авсан дугуй, яаж 400,000 төгрөгөөр зардаг юм, 550,000 төгрөгт өг” гэхээр нь “за за, урьд нь өмнө нь надаас дугуйны сэлбэг авч байсан учраас 400,000 төгрөгөөр зарчихъя” гэж ярьсан. Тэгээд аавыг дуудаж “дугуй авдаг хүүхэд ирчихсэн байна” гэсэн, тэгтэл аав гарч ирээд уулзсан. Би тухайн хүүхдэд хандаж “ахын дүү, чи яагаад ойр, ойрхон юань авчраад байгаа юм бэ, хулгай хийгээд байгаа юм уу” гэхэд “би хулгай хийдэг хүн биш, та намайг яагаад тэгж бодоод байгаа юм бэ” гэхээр нь би “чи ойр ойрхон мөнгө авч ирээд байхад, хулгайн мөнгө биш биздээ” гэхэд “манай эгч зах дээр наймаа хийдэг, хэрвээ тэр дугуй чинь чамд таалагдаж байвал энэ мөнгийг шилжүүлээд талыг нь надад авч ир, талаар нь дугуйгаа худалдаж ав гэсэн” гэж хэлсэн. Тэгтэл аав Б “энэ юун хүүхэд вэ” гэхээр нь би “энэ миний уралдааны хар дугуйг авах гэж байгаа хүүхэд” гэж хэлсэн. Тэр хүүхэд аавтай яриад “би О ахын дугуйг авах гэж байгаа хүүхэд байна” гэж хэлсэн. Тэгээд аавтай ярилцаад аав бид гурав мөнгө солихоор болж Хаан банкны төв тооцооны салбар дээр аавын автомашинтай явж очоод аав мөнгийг нь сольж өгсөн. Тухайн хүүхэд аавд “хулгайн мөнгө биш” гэж хэлсэн байсан. Манай аав урьд өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байсан учраас маш сайн асууж тодруулсан байсан. Тэгээд мөнгөө монгол мөнгөөр солиулсаны дараагаар аавд 10,000 төгрөг сольж өгсөн гээд өгсөн. Миний эзэмшлийн хар өнгийн уралдааны унадаг дугуйг авахаар болоод 300,000 төгрөгийг аавд өгөөд миний унадаг дугуйг худалдаж авсан. Дугуйны үлдэгдэл 100,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бэлэн өгнө гэж хэлсэн. Би фейсбүүк чатаар нь 2021 оны 12 дугаар сарын эхээр он гарахаас өмнө үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэхэд миний фейсбүүк хаягийг блоклочихсон” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байх цаг хугацааг тодорхой санахгүй байна үдээс урагш би гэрт байж байгаад грашаас машин гаргах гээд граш луу очиход хүү О, түүний хажууд намхан дэлдгэр чихтэй, бор царайтай хүүхэд байсан. Тэгээд би “энэ юун хүүхэд вэ” гэж хүү Оаас асуухад “миний унадаг дугуйг авах гэж байгаа хүүхэд” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэд нүүрэмгий, хурц хэллэгтэй хүүхэд байсан. Намайг “сайн байна уу? Ах” гэхэд нь би “сайн, сайн байна уу? чи ямар хүүхэд вэ” гэхэд “би О ахаас уралдааны дугуйг нь худалдаж авах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед тухайн хүүхэд унадаг дугуйтай ирчихсэн байсан юм. Тэр хүүхэд ярианы хөгжил сайтай, нүүрэмгий тийм зантай хүүхэд байсан. Тэгээд “би О ахаас дугуй авна” гэхээр нь би “хэдэд авах гэж байгаа юм” гэхэд “400,000 төгрөгөөр авах гэж байгаа” гэж тэр хүүхэд хэлсэн. Би “үгүй ээ, 650,000 төгрөгөөр худалдаж авсан, хар замын уралдааны дугуй” гэхэд “одоо надад мөнгө бага байна” гэхээр нь “тэгвэл бид нар дугуй зарах гээд яараад байх зүйл байхгүй, чи дугуйгаа мөнгөө бүрдүүлээд ав” гэж хэлсэн. Тэгэхэд “үгүй ээ ахаа, одоо би танд 300,000 төгрөгийг нь өгчихье, үлдэгдлийг нь би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд өгнө, манай аав, ээж хөдөөний малчин хүмүүс, шинэ пробокс машин авсан, надад шинэ мотоцикл авч өгсөн, ачааны автомашинтай, гэрт дутагдах гачигдах зүйл байхгүй, ...би уралдааны гоё дугуй авмаар байна миний дугуй муу” гэж хэлсэн, би хүүхдийн амнаас гарахааргүй үг гарахаар нь “чи урьдчилгаа хэдийг өгөх юм” гэхэд “би танд бэлэн 300,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгээд “чи үлдсэнийг нь хэзээ өгөх юм” гэхэд “би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бэлэн өгнө, би айлын эрх хүүхэд, аав, ээж миний санасаныг авч өгдөг” гэж хэлсэн. Тэгээд би үгэнд нь итгээд тухайн хүүхдэд дугуй өгөхөөр болсон. Тэгээд би “чамд бэлэн мөнгө байгаа юм уу” гэж асуухад “байна” гэж хэлээд цоо шинэ давхарласан ямарч нугалаагүй юань мөнгө гаргаж ирсэн. Тэгээд “ах, та надад энийг солиод өгөөч, надад сольж өгөхгүй байна” гэхээр “яагаад” гэхэд “насанд хүрээгүй гээд” гэж хэлсэн. Би “чи энэ юанийг хаанаас авсан юм бэ” гэхэд “миний дээд талын эгч зах дээр наймаа хийдэг баян хүн байдаг, миний эгч миний хэлсэн мөнгийг надад өгдөг” гэж хэлсэн. Би “за тэгвэл эгчийгээ яриулчих” гэхэд “энэ мөнгийг эгч надад өгсөн, миний мөнгө, эгчтэй ярих шаардлагагүй” гэж хэлээд яриулаагүй. Тэгээд “чи энэ юанийг өөр хүнээр солиулж яагаад болдоггүй юм” гэхэд “би энэ дугуйг авах гэж байгаа юм чинь та солиод өг” гэж хэлээд бичиг баримтаа өгөөд солиулсан. Яг хэдэн юань өгсөн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрч К.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын эхээр байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна би тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт Өгөөмөр тооцооны төвийн гадна автомашинтайгаа зогсож байхад нэг бага насны эрэгтэй хүүхэд ирээд “ахаа, та энэ мөнгийг монгол мөнгөөр солиод өгөөч, намайг солиулах гэхээр насанд хүрээгүй гэж хэлээд сольж өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд “манай ээж намайг солиулаад ир гэж хэлээд явуулсан, ээж гэрт нялх дүүг харж байгаа, теллер насанд хүрсэн хүнтэй ирж солиул гэж хэлсэн” гэхээр нь би итгээд зөвшөөрсөн юм. Тэгээд тухайн хүүхдийн өгсөн 2 ширхэг зуутын мөнгөн дэвсгэртийг аваад монгол мөнгөөр солиулсан, 1 ширхэг нь нугалагдаж, үрчийсэн мөнгийг теллер нь аваагүй. 2 ширхэг мөнгөн дэвсгэрт болох 200 юанийг солиулаад 70,000 орчим төгрөг болж байсан шиг санагдаж байна мөнгийг бэлнээр аваад би тухайн хүүхдэд өгсөн. Тэр хүүхэд мөнгөө аваад явсан. Би уг хүүхдээс мөнгө сольж өгсний төлөө ямар нэгэн мөнгө төгрөг, эд зүйл аваагүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 107 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, манай төрсөн эгч Н нь манай гэрт орж ирээд сейфэнд байсан юань алга болчихсон байна гэж хэлсэн. ...хүү Пийг авсан байж магадгүй гэж хардаад асуухад авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар гар утсаар манай эхнэр эгчид хэлсэн бөгөөд манай гэрт орой нь Н эгч орж ирээд тэгээд Птой бид нар уулзаад П мөнгө авсан талаараа хүлээн зөвшөөрсөн уг мөнгийг монгол мөнгө болгож шилжүүлээд ашиглаад дуусгасан юм байна лээ. П анх хэлэхдээ Т гэх эгч мөнгө сольж өгчихөөд 500,000 төгрөг өгөөд бусад мөнгийг өөртөө авчихсан. ...Сүүлдээ тэр эмэгтэй нь өгөхгүй, би чамаас мөнгө аваагүй гэх мэт зүйл ярьж байгаа гэсэн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өсвөр насны шүүгдэгч Н.Пийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын эхээр тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах авга эгч Д.Нгийн гэрт байхдаа би тэдний гэрт Н эгчийн өрөөнд байх тавилгыг онгойлгоод дотор нь байсан цэнхэр бүсэлчихдэг цүнхэн доторхийг гаргаж харахад улаан өнгийн хятад мөнгөн дэвсгэрт байсан юм. Би тэр үед үзчихээд буцаагаад хийчихсэн. Би дүү нарын хамтаар Д.Н авга эгчийнхээ гэрээр байнга орж гардаг тэдний гэрт Д.Нгийн хүүхэд Ц, тэдний гэрт нь амьдарч суралцдаг Н, П гэх хүүхдүүд байдаг байсан. Би анх үзсэний маргааш нь ороод тухайн тавилгыг онгойлгоод цүнхнээс мөнгө авсан. Уг мөнгийг аваад би тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Өгөөмөрийн Хаан банкны салбарт очоод өөрөө солиулах гэхэд “насанд хүрээгүй байна” гээд сольж өгөөгүй, тэгэхээр нь би зах дээрээс такси бариад солиулсан. Тэр үед би ганцаараа явж байсан ба таксины ахын надад солиулж өгсөн мөнгөөр юм авч идээд, халуун усанд ороод, өөртөө хэрэглээд дууссан. Түүний дараагаар би удаа дараа Д.Н эгчийн гэр лүү ороод цүнхнээс нь юань буюу хятад мөнгөн дэвсгэртийг авсан. Би ганцаараа Н эгчийн гэрээс мөнгө авдаг байсан бөгөөд намайг тэдний гэр лүү ороход тэдний төрсөн хүүхэд нь тэдний гэрт амьдардаг хүүхэд нар байдаг байсан. Эзэнгүй байхад нь тэдний гэр лүү орж мөнгө хулгайлж байсан удаа байхгүй, гэрт нь хүн байх үед би ордог байсан. Би 2 дахь удаа орохдоо мөн хэдэн ширхэг юань мөнгөн дэвсгэрт аваад захын ойролцоо гэр нь байдаг танидаг нэг хүүхдээр солиулсан. Хаан банкны Увс аймаг дахь салбарын төв тооцооны төвд солиулсан. Солиулсан мөнгөө би өөртөө хэрэглэсэн. Би одоо хэдэн удаагийн үйлдлээр Д.Нгийн гэрээс мөнгө авсан талаараа, хэдэн удаа хүнээр солиулсан талаараа санахгүй байна. Би ихэвчлэн таксины жолооч Нр Б.О гэх хүүхдээр, түүний төрсөн аав Б гэх хүнээр, Ч, Хийн ээж Саар, Хийн бэр эгч С гэж эгчээр, Б.Т гэх мэт хүмүүсээр мөнгө солиулсан. Намайг Д.Н эгчийн гэрээс мөнгө аваад гэртээ ирээд гарах гэж байхад төрсөн дүү Н миний куртикны халаасны хэсэгт байсан юань мөнгөн дэвсгэртийг харсан юм. Түүний дараа хэсэг хугацааны дараа авга эгч Д.Н манай гэрт орж ирээд улаан өнгийн мөнгө алга болсон талаар хэлэхэд дүү Н нь харсан талаараа хэлсэн юм. Х надтай хамт мөнгө солиулах үед явдаг байсан бөгөөд мөнгө зарцуулахдаа би бас Хийг хоолонд оруулах, зааланд даах, юм авч өгч байсан. Би Хөд хэлэхдээ манай эгчийн мөнгө гэж хэлдэг байсан бөгөөд солиулаад талыг нь намайг ав гэж хэлдэг, тал нь эгчийн мөнгө гэж хэлдэг байсан. Би найз Хөд бэлэн мөнгө өгч байгаагүй. Би уг мөнгөөр өөртөө 2 унадаг дугуй худалдаж авсан, 1 дугуй нь Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах дугуй худалдааны газраас 370,000 төгрөгөөр авсан, мөн уг унадаг дугуйнд тоноглол хийгээд 500,000 гаруй төгрөг болсон, түүний дараагаар Оаас уралдааны унадаг дугуйг 400,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 250,000 төгрөг өгөөд дахиад 50,000 төгрөг өгсөн. Одоо 100,000 төгрөг өгөх ёстой. Өөр би интернэт тоглоомын газарт тоглоход түүний хажууд байдаг гуанзанд орох, Өнхрүүш бейкери орох, караоке орох, зааланд тоглох гэх мэтээр найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэхдээ зарцуулсан, Улаангом сумын захаас цахилгаан бороохойтой гэрэл 3 ширхгийг аваад Х, О нарт өгөөд өөрөө нэгийн нь аваад эвдчихсэн, тэд нар мөн эвдчихсэн юм байна лээ, түүний өмнө би 2 ширхгийг аваад өөрөө хэрэглээд эвдчихсэн, тухайн үед 1 ширхгийг нь 15,000 төгрөгөөр худалдаж авч байсан, захад байрлалтай Цас гэх дэлгүүрээс 65,000 төгрөгийн чихэвч 2 ширхэг, 13,000 төгрөгийн чихэвч 1 ширхгийг, 9,000 төгрөгийн чихэвч 1 ширхгийг худалдаж аваад ашиглаж байгаад эвдчихсэн, мөн найзуудтайгаа хамт саунд орж байсан, халуун усны хажуугийн дэлгүүрээс шингэн тамхи 8 ширхгийг худалдаж авч байсан, 25,000 төгрөгөөр 1 ширхэг, 20,000 төгрөгөөр 4 ширхэг, 15,000 төгрөгөөр 3 ширхэг, нийт 8 ширхгийг худалдаж авч байсан. Уг тамхийг Х, Н бид нар татдаг байсан. Би найз нартаа тамхи авч өгдөг байсан. Мөн цахилгаан бороохой авсан газраас унадаг дугуйны хувцас авсан, каск 65,000 төгрөгөөр, хувцасыг нь 55,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай гэрийн хойд талд байрлах Хүрэн хайрхан гэх нэртэй дэлгүүрээс пиво, идэж уух юм тогтмол авдаг байсан. Би уг мөнгөнөөс өөрийн амьдарч буй гэртээ зарцуулсан, аав, ээж, ах, дүү нартаа ямар нэг мөнгө төгрөг өгч байсан зүйл байхгүй. Зөвхөн өөртөө, мөн найзуудтайгаа хамт гадуур явахдаа 2021 оны 9, 10 дугаар сард 2 сарын хугацаанд зарцуулсан юм. Өөр би бусад байдлаар мөнгө төгрөг зарцуулаагүй, дээрх байдлаар зарцуулаад тухайн хулгайлж аваад солиулсан мөнгийг дуусгасан. Би хэн нэгэнд мөнгө өгсөн, зээлсэн зүйл байхгүй. Б.Т эгчээр мөнгө солиулсаны дараагаар Х, Т-гийн хүү Н нарын хамтаар явж байхад Улаангом сумын нутагт байрлах Улаан загалмайн байрны зүүн талын хэсэгт машинтай очиж зогсоод Х, өөрийн төрсөн хүү Н нарыг буулгаж байгаад надад 500,000 төгрөг өгсөн. Би бусад мөнгийг нь асуухад “банк юань солиулахаар татвар авдаг гэнэ, тэгээд авчихлаа” гэж хэлсэн. Би түүний дараа түүний гэрт нь очоод Т эгчээс “үлдэгдэл мөнгөө авъя” гэхэд “банк татвар гээд авчихсан, одоо 500,000 төгрөг яаж олно гэж бодож байхад” гэж хэлээд өгөөгүй. Б.Т эгч 500,000 төгрөг өгсний дараагаар найз Хөд хэлээд өгөөд тоолуулсан. Намайг айлгаж хулгай хийлгэсэн хүн байхгүй, би өөрөө хулгай хийсэн юм. Би Хийг урьд нь танидаг байсан. Х намайг мөнгө хулгайлж байгаа талаар мэдээгүй, би Хөд хэлэхдээ манай эгчийн мөнгө намайг солиулаад ир гэж хэлсэн, талыг нь өөрөө аваад талыг нь солиулаад ир гэж хэлдэг гэх мэтээр хэлж итгүүлдэг байсан. Тэгээд Хтэй болон бусад найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөхдөө мөнгө ашигладаг байсан. Би Тгаас 500,000 төгрөгөөс бусад мөнгөө аваагүй, банкны хүү гээд надаас авчихаад одоо болохоор надаас мөнгө аваагүй, намайг гүтгэж байна гэж яриад байгаа юм. Бусад мөнгийг би 2 сарын хугацаанд захиран зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Би Д.Н-гийн гэрээс мөнгө авч байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлаж ойлгож байсан. Мөнгө солиулахад Т эгчээс бусад хүмүүс нь бүгдээрээ сольсон мөнгийг гүйцэт өгч байсан. Би таксины нэг жолоочид 20,000 төгрөг, бусад жолоочид таксины мөнгийг өгсөн, мөнгө сольсон зарим хүмүүст 10,000, 20,000 төгрөг өгдөг байсан. Б.Т эгч бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би Б.Т эгчээр мөнгө солиулахаас өмнө түүнээс 20,000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөөр би өөрийнхөө дуртай зүйлийг авч хэрэглэсэн юм. Тэгээд маргааш нь мөнгө солиулсаны дараагаар Б.Т эгч надад 500,000 төгрөг өгчихөөд “би чамаас зээлсэн 20,000 төгрөгөө авсан шүү” гэж хэлсэн. Би “за, за” гэж хариулсан. 20,000 төгрөгнөөс өөр өр авлагын асуудал байгаагүй. ОдОр авга эгч Д.Н эгчид хохирол 700,000 төгрөг барагдуулсан. Бусад хохирлыг цаашид төлж барагдуулна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 175-177 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ОдОр 700,000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид хохирлыг боломжоороо төлж барагдуулна. Т гэх эмэгтэй нь Пт мөнгө сольж өгөхдөө 500,000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь “Хаан банкнаас татвар гэж хэлээд авчихсан гээд өгөөгүй” талаар надад болон төрсөн аав Н, авга эгч Н нартаа хэлсэн. Бид өөр мөнгө дутуу өгсөн хүн байгаа эсэх талаар асуухад өөр хүн байхгүй гэж хэлсэн. Дараа нь хүү Н.П мөнгө очиж авахаар Б.Т-тай уулзахад банкнаас татчихсан гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Насанд хүрээгүй хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 182 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Пийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 9, 10 дугаар сард тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт оршин сууж амьдардаг авга эгч Д.Нгийн гэрээс удаа дараагийн үйлдлээр юань хулгайлж авч монгол мөнгөөр солиулан өөрийн хувийн хэрэгцээндээ ашигладаг байсан юм. 2021 оны 10 дугаар сард байх би Н, Х нарын хамтаар Нгийн төрсөн ээж Т эгчээр Увс аймгийн Хаан банкны салбарын төв тооцооны төвд 25 ширхэг буюу 2500 юань монгол мөнгөөр солиулсан бөгөөд Б.Т эгч бид нар Улаан загалмайн байрны зүүн талын хэсэгт очиж зогсоод Х, Н хоёрыг машинаас буулгаж байгаад 500,000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь “би үлдэгдэл мөнгө нь яасан юм бэ” гэхэд “банк татвар гээд авчихсан” гэж хэлсэн. Тэгээд би автомашинаас буугаад Хөөр Т эгчийн өгсөн мөнгийг тоолуулахад 500,000 төгрөг байна” гэж хэлсэн. Би өөрөө тоолоогүй, би мөнгөний тоо мэднэ. Маргааш нь би Б.Т эгчтэй очиж уулзаад “үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэж хэлэхэд “юуны чинь үлдэгдэл мөнгө, банк татвар гээд авчихсан, одоо 500,000 төгрөгийг нь яаж олж өгнө гэж бодож байхад” гэж хэлсэн. Түүнээс хойш надад ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг Б.Т эгч өгөөгүй юм. Урьд өмнө би Б.Т эгчээс 20,000 төгрөг зээлээд авчихсан байсан, мөнгө сольж өгч байхдаа тухайн мөнгөө буцааж авч байгаа талаар хэлсэн. Би энэ талаар өөрийн төрсөн аав, ээж, авга эгч Н нарт хэлсэн. Мөн хулгай хийсэн талаараа хэлсэн. Одоо Б.Т эгчид өгсөн мөнгөө буцааж авч Д.Н эгчийн хохирлыг төлж өгмөөр байна. Би нийт 2500 юань Б.Т эгчийг “солиулаад өг” гэж хэлээд өгсөн, түүнээс надад солиулаад 500,000 төгрөг өгсөн, 20,000 зээлсэн байсан түүнийгээ авлаа гэж хэлсэн. Үлдэгдэл мөнгийг банк татвар гээд суутгаад авчихлаа гэж хэлсэн. Би 2500 юань монгол мөнгөөр солиулсан мөнгөн дүнгээс 520,000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгөн дүнгээр надад хохирол учруулсан. Б.Т эгч ганц удаа надад мөнгө сольж өгсөн юм. Уг мөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэж мэдээгүй, би хулгайлж авсан гэж хэлээгүй, манай эгч над руу явуулсан эгчийн мөнгө гэж хэлсэн юм. Би хохирлоо төлүүлж авмаар байна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сард байх өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна намайг гэртээ байхад П гэх хүүхэд өдөр 15 цагийн орчимд ирээд “20,000 төгрөг зээлээч эгчээ, маргааш өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд надаас гуйгаад байхаар нь би өөрт байсан мөнгөнөөсөө 20,000 төгрөг өгөөд явуулсан юм. Түүний маргааш нь намайг гэртээ байхад 08 цаг өнгөрч байхад П нь ганцаараа ирсэн ба “юу хийж явна, яасан” гэхэд надад П хандаж “эгчээ та гараад ирээч уулзмаар байна” гэж хэлсэн. Би гэрээс хувцасаа өмсөөд гарахад П нь “эгчээ надад манай эгч Замын-Үүдээс 2500 юань явуулсан байна, энийг та солиулж өгчихөөд зээлсэн 20,000 төгрөгөө авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи худал хэлж байгаа юм биш үү, би чамайг танина, чи Н гэх айлын гэрт амьдраад тэд нартай хамт намайг халуун усанд ажиллаж байхад ирдэг байсан биз дээ, эгчид чинь хэлнэ” гэхэд “тэр хүний мөнгө бишээ, та очоод хэл хэл, манай эгч явуулсан юм, талыг нь би эгч рүүгээ явуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө авах гээд гэрээс гараад Хаан банк руу П, манай хүү Н, Х нартай хамт явсан. Бид нар тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны Увс аймаг дахь салбарын төв тооцооны төвд очоод 2500 юанийг монгол мөнгөөр би солиулахад 1,105,250 төгрөг болсон бөгөөд миний данс руу хийх гэхээр нь би “хэрэггүй эгчийн дүү, миний виза карт хугарчихсан, тэгээд ч би эзэн нь биш эзэн нь гадаа байна” гэж теллерт хэлээд бэлнээр авахаар болсон юм. Би мөнгөө бэлнээр авахад Х гэгч нь бүсэлхий хэсгээрээ зүүчихсэн урд талдаа цахилгаантай цүнхтэй ирсэн бөгөөд “ийшээ хийчих” гэхээр нь би “хүүхдийн мөнгө чамд өгөхгүй” гээд өгөөгүй. Тэгээд ...Х, Н хоёр машинаас буугаад явчихсан, П “та солиулсан мөнгөө надад өгчих” гэж хэлээд надаас мөнгө авсан. Би тухайн хүүхдийн хамаатан Х, Н гэх хүмүүсийг зүс танидаг байсан бөгөөд дараа нь хүүхэд ээж аавдаа, гэр бүлийнхээ хүмүүстэй энэ талаар хэлээгүй байж магадгүй, эсхүл ээж, аав нь хэрүүл маргаан хийгээд ирж магадгүй, ер нь үлдэгдэл мөнгийг нь зүс танидаг Н, Х нарт өгнө гэж бодоод 500,000 төгрөгийг тоолж Н.Пт өгсөн. Би өөрийнхөө зээлсэн 20,000 төгрөг авч байгаа талаараа Пт тухайн үед хэлсэн. Тухайн мөнгөнөөс үлдэгдэл 585,000 төгрөгийг би өөртөө хадгалж байсан бөгөөд Н, Х нартай уулзаж чадаагүй, үлдэгдэл мөнгийг тухайн үед мөнгөний шаардлага гарахаар нь хэрэгцээндээ хэрэглэчихсэн, тэгээд мөнгөтэй болохоор өгчихье гэж бодсон. ...Би асууж тодруулж “Х, Н нарт хэлнэ” гэхэд тоосон шинжгүй, үл тоосон байдалтай “тэг тэг, тэд нарын мөнгө биш манай төрсөн эгч Замын-Үүдэд ажилладаг, эгч над руу явуулсан, би монгол мөнгөөр солиулаад талыг нь эгч рүү явуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэд юм чинь хэрэг хийж авсан бол айж сандрах ёстой байтал ямар ч тоосон шинжгүй байгааг хараад итгэчихсэн юм. Би уг нь Х, Н нарт өгье гэж бодсон бөгөөд мөнгөний шаардлага гарахаар нь хэрэгцээндээ зарцуулчихсан юм. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, цаашид төлж барагдуулна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас),
-Увс аймаг дахь Монгол банкны салбарын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/11 дугаартай албан бичиг, түүний хавсралт, түүнийг үндэслэсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гаргасан нийт хохирлын тооцоог 6,061,127 төгрөг болсон талаарх “Хохирлын тооцоо”-ны хүснэгт (2 дахь хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ө.Н: Гэм буруугийн талаар маргахгүй тул хувийн байдлыг нотолсон баримтуудаас: -2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Бид нар тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны Увс аймаг дахь салбарын төв тооцооны төвд очоод 2500 юанийг монгол мөнгөөр би солиулахад 1,105,250 төгрөг болсон. ...500,000 төгрөгийг тоолж Н.Пт өгсөн. Би өөрийнхөө зээлсэн 20,000 төгрөг авч байгаа талаараа Пт тухайн үед хэлсэн. Тухайн мөнгөнөөс үлдэгдэл 585,000 төгрөгийг би өөртөө хадгалж ...хэрэгцээндээ хэрэглэчихсэн. ...Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, цаашид төлж барагдуулна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 245 дугаар хуудас),
-Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Улаангом сумын 9 дүгээр багийн иргэн Бын Т нь ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт 4-001 тоотод оршин суудаг. Б.Т нь багийн нийтийн ажилд идэвхтэй оролцдог, эмзэг бүлгийн иргэн болно” гэх 33 дугаартай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 248 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг,
Өвсөр насны шүүгдэгч Н.Пийн өмгөөлөгч М.Мөнхөө: Гэм буруугийн талаар маргахгүй тул хувийн байдлыг нотолсон баримтуудаас: -2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өсвөр насны шүүгдэгч Н.Пийн нас тоолсон мөрдөгчийн “Насанд хүрээгүй Н овогтой П /ОП07230812/ нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үедээ буюу анх гэмт хэрэг үйлдэхдээ 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 нас 6 сар 4 хоногтой байсан байна” гэх тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.П нь зан байдлын хувьд хурц шийдэмгий зан байдаггүй, тайван, төлөв даруухан, олон нийтийг хамарсан ажилд идэвхи санаачлагатай оролцдог, нийгмийн идэвхи сайтай хүүхэд юм” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өсвөр насны шүүгдэгч Н.Пийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хулгай хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 175-177 дугаар хуудас),
-Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн иргэн Нийн П /ОП07230812/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 6 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 723 дугаартай албан бичгийг (1 дэх хавтаст хэргийн 200 дугаар хуудас),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас),
-Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Дын Н нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 23-10 тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх 834 дугаартай тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 220 дугаар хуудас),
-Увс аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр цогцолбор сургуулийн сургалтын менежер Т.Мийн “Н.П нь тус цогцолбор сургуулийн 9д ангид суралцдаг нь үнэн болно” гэх тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 221 дүгээр хуудас),
- Увс аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр цогцолбор сургуулийн 9д анги удирдсан багш Д.Б-гийн “Сурагч Н.П нь 2019-12021 оны /6-9 дүгээр анги/ хооронд энэхүү ангид суралцаж байна. Суралцаж байх хугацаандаа олон нийтийн болон анги хамт олныг хамарсан ажилд идэвхитэй оролцдог, үг дуу цөөтэй, биеэ зөв боловсон авч явдаг болно” гэх тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 222 дугаар хуудас),
-Өсвөр насны шүүгдэгч Н.Пийн сурагчийн хувийн хэргийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 223-225 дугаар хуудас),
-Өсвөр насны шүүгдэгч Н.Пийн төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 226 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.П нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 23-08 тоотод байрлах иргэн Д.Нгийн гэрээс 2021 оны 9 дүгээр сард 3600 юань (БНХАУ-ын мөнгөн тэмдэгт) буюу 1,587,021 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 10,100 юань буюу 4,474,106 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Нд нийт 6,061,127 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэргээс шинжлэн судлагдсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас), 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас), Хаан банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5819/01 дугаартай албан бичиг түүний хавсралт, мөн төв тооцооны төвийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5822/03 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас), хохирогч Д.Нгийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 51-52, 54-55 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Д.Н-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Н.Н-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас), гэрч Д.Б-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73 дугаар хуудас), гэрч Ч.Х-ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас), гэрч Ч.С-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 78 дугаар хуудас), гэрч Х.Н-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас), гэрч Ц.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86 дугаар хуудас), гэрч Ц.Б-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88 дугаар хуудас), гэрч Б.С-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), гэрч Э.А-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар хуудас), гэрч С.У-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), гэрч Б.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96 дугаар хуудас), гэрч Н.Ч-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас), насанд хүрээгүй гэрч Ж.О-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас), гэрч Ц.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас), гэрч К.А-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107 дугаар хуудас), гэрч Д.Нийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас), өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас), Увс аймаг дахь Монгол банкны салбарын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/11 дугаартай албан бичиг, түүний хавсралт, түүнийг үндэслэсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гаргасан нийт хохирлын тооцоог 6,061,127 төгрөг болсон талаарх “Хохирлын тооцоо”-ны хүснэгт (2-р хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Б.Т нь өсвөр насны хохирогч Н.Пийн хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 2,500 юанийг Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны төв тооцооны төвд төгрөгөөр солиулж өгөхдөө 1,105,250 төгрөг болсныг “банк юанийг бэлэн мөнгөөр солиулахаар татвар авдаг юм гээд авчихлаа” гэж хуурч түүнд 500,000 төгрөг өгч, түүнээс 585,250 төгрөгийг залилан авсан болох нь гэрч Ч.Хийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас), гэрч Х.Нын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас), өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас), насанд хүрээгүй хохирогч Н.Пийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас), шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас), Увс аймаг дахь Монгол банкны салбарын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/11 дугаартай албан бичиг, түүний хавсралт, түүнийг үндэслэсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гаргасан нийт хохирлын тооцоог 6,061,127 төгрөг болсон талаарх “Хохирлын тооцоо”-ны хүснэгт (2-р хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Н.Пийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Тг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.
Өсвөр насны шүүгдэгч Н.П нь нэг объектэд хэд хэдэн удаагийн үйлдлээр халдсан буюу хохирогч Д.Нгийн /авга эгч/ гэрт хадгалагдаж байсан 15,000 юань /БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт/-ийг бага багаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, өөр өөр цаг хугацаанд өөрийн эзэмшилд шилжүүлэн авч байсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн хулгайлах гэмт хэргийн субъектийг 14 наснаас дээш байхаар хуульчилсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Н.П нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд буюу 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 14 нас 6 сар 4 хоногтой байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас), төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 226 дугаар хуудас)-аар нотлогдсон тул тэрээр хулгайлах гэмт хэргийн субъект мөн.
Өсвөр насны шүүгдэгч Н.П нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Тиймээс өсвөр насны шүүгдэгч Н.Пийн үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч Б.Тг яллах дүгнэлтдээ “...Яллагдагч Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хулгайн юань байж магадгүй гэж бодож асууж тодруулсан боловч надад хулгайн юань гэдгийг хэлээгүй. Би мэдээгүй гэсэн утга бүхий мэдүүлэг өгч байгаа нь Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байсан. ...Хэдийгээр өсвөр насны яллагдагч Н.П нь тухайн 2500 юанийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон боловч Б.Т нь Н.Пийн эзэмшилд бүрэн орсон түүний өөрөөр нь солиулах гэж өгсөн юанийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдээгүй байхдаа түүнд худал хэлж хохирогч Н.Поос 585,250 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл “Мөнгө угаах” гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан байх гэсэн гол шинжийг хангасан байхыг шаарддаг бөгөөд өвсөр насны хохирогч Н.Пийн “...Б.Т эгч ганц удаа надад сольж өгсөн юм. Уг мөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэж мэдээгүй, би хулгайлж авсан гэж хэлээгүй, манай эгч над руу явуулсан эгчийн мөнгө гэж хэлсэн юм...” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас), шүүгдэгч Б.Тгийн “...Би асууж тодруулж “Х, Н нарт хэлнэ” гэхэд тоосон шинжгүй, үл тоосон байдалтай “тэг тэг, тэд нарын мөнгө биш манай төрсөн эгч Замын-Үүдэд ажилладаг, эгч над руу явуулсан, би монгол мөнгөөр солиулаад талыг нь эгч рүү явуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэд юм чинь хэрэг хийж авсан бол айж сандрах ёстой байтал ямар ч тоосон шинжгүй байгааг хараад итгэчихсэн юм. Би уг нь Х, Н нарт өгье гэж бодсон бөгөөд мөнгөний шаардлага гарахаар нь хэрэгцээндээ зарцуулчихсан юм. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, цаашид төлж барагдуулна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас)-үүдээр мөнгө хулгайлсан гэдгээ нуун далдалж, энэ мөнгө миний өмчлөлийнх гэдгийг итгүүлэн, улмаар мөнгөө солиулахаар болсон нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тгийн тухайд “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй, уг гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Харин залилах гэмт хэргийн хохирогчоор Н.Пийг тогтоосон нь үндэслэлтэй юм. Учир нь Н.П хулгайлах гэмт хэргийн улмаас юанийг өөрийн өмчлөл, эзэмшилд оруулж захиран зарцуулах эрхтэй болсон нь хэргийн үйл баримтаас тодорхой харагдаж байна. Хохирогч Д.Н хэдийгээр хулгайлагдсан юанийн жинхэнэ эзэмшигч мөн боловч залилан мэхлэх гэмт хэргийн тухайд Д.Н хохирогч болох боломжгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Т нь Д.Нг бус Н.Пийг хуурч түүний өмчлөл, эзэмшилд нэгэнт орчихсон байсан юанийг солиулж өгөхдөө “юань солиулахад банк татвар авдаг юм байна” гэж мөнгийг дутуу өгч өөртөө завшсан болох нь тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Тг өсвөр насны хохирогч, шүүгдэгч Н.Пийн хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 2,500 юанийг Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны төв тооцооны төвд төгрөгөөр солиулж өгөхдөө 1,105,250 төгрөг болсныг “банк юанийг бэлэн мөнгөөр солиулахаар татвар авдаг юм гээд авчихлаа” гэж хуурч түүнд 500,000 төгрөг өгч, түүнээс 585,250 төгрөгийг залилан авсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.П, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирлын талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нд нийт 6,061,127 төгрөгийн хохирол учирсан болох нь Увс аймаг дахь Монгол банкны салбарын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/11 дугаартай албан бичиг, түүний хавсралт, түүнийг үндэслэсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гаргасан нийт хохирлын тооцоог 6,061,127 төгрөг болсон талаарх “Хохирлын тооцоо”-ны хүснэгт (2 дахь хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар, харин өсвөр насны хохирогч Н.Пт 585,250 төгрөгийн хохирол учирсан болох нь өсвөр насны хохирогч Н.Пийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас), шүүгдэгч Б.Тгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас), шүүгдэгч Б.Тгийн Хаан банк дахь дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 36 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Иймд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч Д.Нд 700,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх бөгөөд үлдэгдэл 5,361,127 төгрөгийг Иргэний хуулийн дээрх зүйлүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний хариуцагч Д.Бгаас гаргуулж хохирогч Д.Нд олгуулахаар, шүүгдэгч Б.Тгаас 585,250 төгрөгийн хохирлыг гаргуулж өсвөр насны хохирогч Н.П, түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар тус тус шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н Нс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах санал гаргасныг хүлээн авч ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсаны дараа шүүгдэгч Б.Т нь хохирогчид учирсан хохирол болох 585,250 төгрөгийг бэлнээр нөхөн төлж, холбогдох баримтыг хавтаст хэрэгт тусгуулсан тул шүүгдэгч Б.Тг бусдад төлөх хохирол төлбөргүй, шийтгэх тогтоолоор гаргах хохиролгүй гэж үзлээ.
Харин өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирол 5,361,127 төгрөгийг нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаархи шүүхийн дүгнэлт:
Өсвөр насны шүүгдэгч Н.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Өсвөр насны шүүгдэгч Н.Пийн хувийн байдлын талаар гэрч Д.Нийн “Манайх 4 хүүхэдтэй, 2 дахь хүүхэд маань П юм. ...Н.П нь бага боловсролтой, зан байдлын хувьд цовоо сэргэлэн, хулгай хийдэггүй, урьд өмнө янз бүрийн асуудал гаргаж байгаагүй, сургуулийн орчинд ямар нэг асуудал гаргаж байгаагүй, ажилсаг, тусархуу, эелдэг, бусадтай зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршил байдаггүй. П эрүүл чийрэг биетэй, урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, сэтгэцийн хувьд эрүүл, унадаг дугуй унах сонирхолтой, гайгүй суралцдаг. Хэрэгт шалгагдсанаас хойш Н.Пийн сэтгэл санааны байдал тогтворгүй, гутранги, хэрэг хийсэндээ гэмшсэн байдалтай байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас), гэрч Н.Амгаланбаатарын “...Н.П нь зан байдлын хувьд хурц шийдэмгий зан байдаггүй, тайван, төлөв даруухан, олон нийтийг хамарсан ажилд идэвхи санаачлагатай оролцдог, нийгмийн идэвхи сайтай хүүхэд юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн иргэн Нийн П /ОП07230812/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 6 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 723 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 200 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас), Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Дын Н нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 23-10 тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх 834 дугаартай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 220 дугаар хуудас), Увс аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр цогцолбор сургуулийн сургалтын менежер Т.Мийн “Н.П нь тус цогцолбор сургуулийн 9д ангид суралцдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 221 дүгээр хуудас), Увс аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр цогцолбор сургуулийн 9д анги удирдсан багш Д.Байгалмаагийн “Сурагч Н.П нь 2019-12021 оны /6-9 дүгээр анги/ хооронд энэхүү ангид суралцаж байна. Суралцаж байх хугацаандаа олон нийтийн болон анги хамт олныг хамарсан идэвхитэй оролцдог, үг дуу цөөтэй, биеэ зөв боловсон авч явдаг болно” гэх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 222 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.П нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр цогцолбор сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тгийн хувийн байдлын талаар гэрч Н.Чын “Б.Т нь миний эхнэр юм. Бид хамт амьдраад 4 жил гаруй болж байна. Дундаасаа 1-3 насны 2 хүүхэдтэй. Надтай суухаасаа өмнө 2 ихэр хүүхэдтэй байсан. Нэг нь хүү, Н гэдэг, нөгөө нь охин, Саранцэцэг гэдэг. Б.Т нь сэргэлэн цовоо, бусадтай зөв боловсон харилцдаг, эелдэг, ажилсаг, нийтэч, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, муу зуршилгүй, үнэнч, шударга, хүмүүжилтэй, олон нийтийн дунд биеэ зөв авч явдаг, гэр бүлдээ сайн харилцаатай, цэвэрч нямбай хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 245 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Улаангом сумын 9 дүгээр багийн иргэн Бын Т нь ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт 4-001 тоотод оршин суудаг. Б.Т нь багийн нийтийн ажилд идэвхтэй оролцдог, эмзэг бүлгийн иргэн болно” гэх 33 дугаартай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 248 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаа болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон 6,6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол өсвөр насны шүүгдэгч Н.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч “Өсвөр насны шүүгдэгч Н.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх” саналыг, өсвөр насны шүүгдэгч Н.Пийн өмгөөлөгч М.Мөнхөө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” авах саналыг, шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ө.Н “Шүүгдэгч нь нялх хүүхдүүдтэй, нийтэд тустай ажил хийх боломж муутай, тиймээс шүүгдэгчид хорих ял оногдуулгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Н.П нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, бусдад учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэвч өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, ...хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.
Тиймээс өсвөр насны шүүгдэгчийг нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, хүмүүжиж, сурч боловсрох нөхцөл боломжийг олгох үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Н.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Н.Пт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 186 дугаар зүйлүүдэд зааснаар өсвөр насны ялтан Н.П, ялтан Б.Т нарт хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Өсвөр насны шүүгдэгч Н.П, шүүгдэгч Б.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Тгаас хохирогч Н.Пт 585,250 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Тгаас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Нс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч Н.Поос хуурч, залилан авсан нийт 585,250 төгрөгийг өөртөө зарцуулсан буюу гэмт хэрэг үйлдэж ашиг орлого олсон, өсвөр насны шүүгдэгч Н.П нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 6,061,127 төгрөгийн ашиг орлого олсон, уг мөнгөнөөс CROLAN гэх бичиглэлтэй, 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхгийг, REID гэх бичиглэлтэй, 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхгийг тус тус худалдаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Тгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 585,250 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулах, өсвөр насны шүүгдэгч Н.Поос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6,061,127 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгаас гаргуулж, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох CROLAN гэх бичиглэлтэй унадаг дугуй 1 ширхэг, REID гэх бичиглэлтэй унадаг дугуй 1 ширхгийг тус тус хурааж хохирогч Д.Нгийн учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Н.П нь насанд хүрээгүй хүүхэд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Н.Пийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.Бгаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хойшлуулсан, мөн шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б ургийн овогт Нийн Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З ургийн овогт Бын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Н.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Пт оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Пийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 162 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар өсвөр насны ялтан Н.П, ялтан Б.Т нарт хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Пт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсугай.
9. Өсвөр насны шүүгдэгч Н.П, шүүгдэгч Б.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Тгаас хохирогч Н.Пт 585,250 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Тгаас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Нс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5,361,127 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний хариуцагч Д.Бгаас гаргуулж хохирогч Д.Нд олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар
-шүүгдэгч Б.Тгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 585,250 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулах,
-өсвөр насны шүүгдэгч Н.Поос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6,061,127 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгаас гаргуулж,
-хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох CROLAN гэх бичиглэлтэй унадаг дугуй 1 ширхэг, REID гэх бичиглэлтэй унадаг дугуй 1 ширхгийг тус тус хурааж хохирогч Д.Нгийн учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.П, шүүгдэгч Б.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН