Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч Б.Дөлгөөн,  

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байл овогт Бямбадоржийн Дд холбогдох эрүүгийн 2211 00112 0263 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Байль овогт Бямбадоржийн Д /РД:./,

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 4-р курсийн оюутан, ам бүл 3, аав ээжийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10-1-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д нь үл ялих зүйлээр шалтаглан үсдэж унагаагаад дээр гарч суугаад нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж М.Мөнгөн-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Элемент” нэртэй бааранд байхдаа үл ялих зүйлээр шалтаглан үсдэж унагаагаад дээр гарч суугаад нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж М.Мөнгөн-Эрдэний хамар ясны хугарал, баруун дээд зовхи, хамрын нурууны зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт, баруун гарын дунд хурууны үзүүрийн шивнүүрийн цус хуралт, нэгдүгээр үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэргийн талаар маргаан байхгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..." гэх /хх-ийн 76х/,

Хохирогч М.Мөнгөн-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Элемент нэртэй бааранд найзууд болох Отгонцэнгэл, Мөнгөнхундага, Билгүүн нарын хамт орж 8 ширхэг сэнгүр 0,5 литрийн шилтэй пиво авч уусан. Тус баарны гол хэсэгт Отгонцэнгэлийн хамт бүжиглэж байгаад Отгонцэнгэл угаалгын өрөө ороход тэнд бүжиглэж байсан үл таних эмэгтэйг санаандгүй түлхчихсэн юм. Тэгээд би уг охиноос уучлалт гуйхад намайг зөрүүлээд түлхэж унагаасан. Удалгүй манай найз Отгонцэнгэл ирэхэд би түлхэж унагаасан талаар хэлэхэд Отгонцэнгэл тэр охин дээр очиж “Яасан бэ яагаад зодоон болоод байгаа юм бэ?” гэж асуухад намайг түлхэж унагаасан охин намайг үсдэж унагаагаад дээр гарч хэвтээд нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохисон...” гэх /хавтас хэргийн 22-23 дугаар тал/,

Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Элемент бааранд найз Мөнгөн-Эрдэнэ, Мөнгөнхундага, Отгонцэнгэл нарын хамт орж 8 ширхэг 0,5 литрийн шилтэй “Сэнгүр” захисан ба би маргааш нь ажилтай байсан учраас уугаагүй. Мөнгөн-Эрдэнэ, Мөнгөнхундага, Отгонцэнгэл нар бүжгийн талбайд бүжиглэж байсан би ширээндээ ганцаараа сууж байсан. Тэгэхэд бүжгийн талбай дээр үймээн болоод байхаар нь очиход Мөнгөн-Эрдэнэ газар хэвтэж байсан ба дээр нь нэг эмэгтэй Мөнгөн-Эрдэнийг үсдчихсэн байдалтай байхад нь би салгасан...” гэх /хавтас хэргийн 24-25 дугаар тал/,

Гэрч Г.Отгонцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнгөн-Эрдэнэтэй хамт баарны бүжгийн талбайд бүжиглэж байгаад би ариун цэврийн өрөө орохоор явсан. Ариун цэврийн өрөө ороод 4-5 минут болоод бүжгийн талбайд буцаж ирэхэд Мөнгөн-Эрдэнэ хүнд зодуулчихлаа гэж хэлээд 170 см орчим өндөр охин руу заасан. Би тухайн охин дээр очиж юу болсныг асуух гэтэл 155 см орчим өндөр шүдэндээ аппараттай, 155 см цагаан өндөр цагаан цамцтай хоёр охин ирж Мөнгөн-Эрдэнийг дахин үсдэж газар унагааж цагаан цамцтай охин нь дээр нь гарч гараараа нүүрэн тус газар нь цохисон...Цохиулсны дараа хэвийн байсан ба бүжгийн талбай дээрээс ширээн дээрээ ирэхэд нүд нь хөхөрсөн байсан...” гэх / хавтас хэргийн 26-29 дүгээр тал/,

Гэрч Ч.Нямчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 1 дүгээр сарын 5-ны 00 цагийн үед ажил руугаа буюу Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо “Элемент” клаб руу ороход манай клабын бүжгийн талбай дээр хоёр охин үсдэлцсэн тонгойчихсон байдалтай байсан. Тэгэхэд нь би очиж тухайн охидуудыг салгаад юу болсныг асуухад нэг охин нь миний нүүр лүү өшиглөчихлөө гэсэн...” гэх / хавтас хэргийн 30-31 дүгээр тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн №1396 дугаартай:

М.Мөнгөн-Эрдэний биед хамар ясны хугарал, баруун дээд зовхи, хамрын нурууны зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт, баруун гарын дунд хурууны үзүүрийн шивнүүрийн цус хуралт, нэгдүгээр үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 37х-38х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Дд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул шүүгдэгч Б.Дг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10-1-16 тоотод оршин суух хаягаас сургууль, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг нэг сарын хугацаагаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Б.Дд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Байль овогт Бямбадоржийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10-1-16 тоотод оршин суух хаягаас сургууль, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг нэг сарын хугацаагаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                           П.АРИУНБОЛД