Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ө-ийн М, С овгийн Чын Ц, Х овгийн Ш Г, Б овгийн П-ийн С, З овгийн Пгийн Б нарт холбогдох 2128003070018 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм 3 дугаар багийн Даланхайлааст гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд 2.349.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Ш.Ггийн хамт Гурвантэс сумаас гарсан. Бид нарын өмнө Баярхүү, П.С 2 трактор ачсан машинтайгаа аймаг явж байсан. Бид 3 Баяндалай сум дээр уулзсан. Баяндалай сум дээр мөн П.Бтэй таарсан. П.Б сумаас 20 гаруй километрт хэдэн нүх байгаа булаатахъя, манай хадмын ойролцоо газар байгаа гэж хэлсэн. Тэгээд би Баярхүү, С хоёртой уулзаж Сэлэнгийн машинтай бүгд явж нөгөө 7, 8 нүхийг булсан. Мөн металл хайгч тавьж үзсэн. Экскеваторын шүд хугарчихаад олдохгүй байсан учраас машинд байсан хайгчийг гаргаж чагнаж үзсэн. Тэгээд гарч яваад Баяндалай сумын цагдаа нартай таарч машин техникээ хураалгасан.

Шүүгдэгч Ч.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би аймаг руу унагалдай авч ирэх гэж П.С-ийг гуйж явсан. Тэгээд явж байгаад Баяндалай суман дээр Ө.Мтай тааралдаж сумаас 20 гаруй километрт нүх булж янзалъя гэж хэлэхээр нь тийшээ явж нүх булчихаад буцаад гарч байхад Баяндалай сумын 2 цагдаа ирсэн. Алт олборлох гэж хайсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид нар Баяндалай сум дээр тааралдсан. Баяндалай сумаас П.Сэлэнгийн машинаар бүгд хамт явсан.

Шүүгдэгч Ш.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Ө.Мтай Гурвантэс сумаас Ланд-80 авто машинаар Баяндалай сум руу явсан нь үнэн. Баяндалай суман дээр ирж энэ хүмүүстэй тааралдаж Баяндалай сумын Даланхайлааст гэх газарт очиж нүх байсан газрыг ухаж, задалж үзээд явсан нь үнэн. Бид нарын буруу, би буруугаа хүлээж байна. Тэгээд нүх булчихаад хөндийн ам руу орж явахад Баяндалай сумын цагдаа төлөөлөгч ирж байцаагдсан нь үнэн.

Шүүгдэгч П.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Гурвантэс сумаас Ч.Ц намайг гуйж техник барьж явсан. Баяндалай суман дээр ирж бид нар нэгдээд хэлэлцэн тохироод Даланхайлааст гэх газарт очиж газар ухсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

Шүүгдэгч П.Б: Миний бие Ө.М нарын хамт Баяндалай Даланхайлааст гэх газарт нүх булах явцдаа алт байж магадгүй гэж бодож явсан. Гэм буруугаа хүлээж байна. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн. Баяндалай сумын Далан хайлааст гэх газар улсын тусгай хамгаалалттай газарт орно. Өмнө нь хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн гараар уг талбай эвдрэлд орсон. Гэхдээ нөхөн сэргээлт буюу техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай байсан. Баяндалай сумын Далан хайлааст орчимд эртнээс ухагдаж газрын хэвлийд халдсан. Байгаль орчинд нийт 0.86 га газар техникээр ухагдсан байна. Үүнээс байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ дүгнэлтээр 2.300.000 төгрөг, нөхөн сэргээлт нь 795.000 төгрөг болсон байна. Нийт хохирол 3.095.000 төгрөг байна. Энэ хохирлыг нэхэмжилнэ. /хх-ийн 60 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ. Би өмнөх мэдүүлэгтээ байгаль орчинд 2.300.000 төгрөгийн хохирол
учруулсан гэж буруу мэдүүлсэн байна. Дүгнэлтээр 2.349.520 төгрөг хохирол учирсан
байна. Нөхөн сэргээлтэнд 795.000 төгрөгийн хохирол учруулсан нийт: 3.144.520
төгрөгийн хохирол учирсан. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5
дахь хэсгийн 5.1-т зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэ
мжээгээр төлүүлнэ гэсэн байдаг. Одоогийн байдлаар байгаль орчинд
учруулсан 2.300.000 төгрөг, нөхөн сэргээлтийн 795.000 төгрөг нийт 3.095.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Үлдсэн хохирол болох 2.399.040 төгрөг нэхэмжлэнэ. /хх-ийн 62 дахь тал/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дахин мэдүүлэгтээ: Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн машинаар Баяндалай сумруу явах гэж байсан чинь Бтэй таараад Баяндалай сум явах гэж байна гэсэн чинь Б хүнсэнд явах гэж байлаа, хамт явъя гээд бид 2 хамт Баяндалай сум руу явсан. Баяндалай суманд ирээд би гэртээ харих гэж байхад Б замдаа буусан. Би Бийг буулгаад гэртээ харьсан. /хх-ийн 76 дахь тал/         

Гэрч Б.З Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн нутаг Далан хайлааст гэх газраас баруун хойш 6 орчим километрт оршин суудаг. Сая хүмүүс ирж экскеватороор нүх ухсан гээд яриад байгаа газар бол Богчны шар гэдэг газар юм. Далан хайлаастын амны зүүн адаг. Хуучин алт гараад хүмүүс гар аргаар ухсан байсан хуучин ухмалтай газар байгаа. Ойрын үед хүн ухаагүй тийм газар байсан. /хх-ийн 84 дэх тал/

Гэрч Б.О Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний нэр дээр DOOSAN Маркийн экскеватор байдаг. Манай ах Ц нь 2021 оны 10 сард Цогтцэций суманд замын ажил хийнэ гэж авсан. Би өөрийнхөө ахад өгч явуулсан болохоор ямар нэгэн гэрээ хийгээгүй өгч явуулсан. Сарын 3 сая төгрөгний үнэ хөлс надад өгөхөөр тохироод Цогтцэций сум руу авч явсан юм. Би 2019 оны 06 сард Өвөрхангай аймгийн хүнээс авч байсан. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй улсын дугааргүй байгаа. Яагаад гэвэл суманд тээврийн хэрэгслийн үзлэг тооллого болох үед нь 2 ч удаа хүмүүстэй нь уулзахад улсын дугаар өгөөгүй. Одоо надад гаалийн бичиг нь л байдаг. Би 2019 онд 40 сая төгрөгөөр авч байсан. Яг одоогийн зах зээлийн ханшийг нь мэдэхгүй байна. /хх-ийн 86 дахь тал/

2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89 дэх тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1000997 дугаартай автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 97 дахь тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1000998 дугаартай автомашин техникийн үнэлгээ  /хх-ийн 99 дэх тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 621/2938 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: металл хайгч 7000 нийт үнэ 8.500.000 төгрөг /хх-ийн 101 дэх тал/

Шүүгдэгч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11-р сарын 02-ны өдөр би Цогтцэций суманд замын ажил хийх гээд Оын унагалдай буюу жижиг экскеваторыг түрээслээд Сэлэнгийн машин дээр ачуулаад гарч байхад Гурвантэс суманд Мтай таарсан. Тэгээд аймаг руу хамт явахаар болсон. М Г ахтай хамт өөрийн машинтай явж байсан. Бид 4 Гурвантэс сумаас гараад Баяндалай суман дээр ирсэн чинь М энд ойрхон айлын өвөлжөөн дээр очоод нүх булах хэрэгтэй байна хөлсөнд нь мал өгнө гэсэн гэхээр нь бид нар бүгдээрээ хамт явсан. Замдаа Б гэх хүнтэй М уулзаад тэр хүн бид нарт газарчилж явсан. Бид нар Баяндалай сумаас хойшоо 20-иод километрт очиход ухсан 7-8 ширхэг нүх байхаар нь экскеватороо буулгаад ухсан нүхийг булсан. Булахдаа шанаганы шүд хугарч унахаар нь Ггийн хайгчийг ашиглаж шанаганы шүд олж авсан. Тэгээд техникээ ачаад хөдөлж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Экскеватор манай сумын Оынх. Ачиж явсан 05-40 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Сэлэнгийн эхнэр Насанжаргалынх. Гэрчилгээ нь Насанжаргалын нэр дээр байдаг. Тэр машин Сэлэнгийн хадмын машин гэж байсан. /хх-ийн 138-139 дэх тал/

Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11-р сарын 03-ны өдөр би Баяндалай суман дээр явж байгаад М руу залгаж хаана байна гэсэн чинь Баяндалай суманд орж ирж байна гэсэн. Тэгээд уулзсан. Мтай яриад сууж байсан чинь М аймаг руу экскеватор аваад явж байна гэхээр нь би энд ухсан нүх байна тэрийг ухаад өгөөч гэж санал гаргасан чинь тэгье гэсэн. Тэгээд Баяндалай сумаас хойшоо 20-иод километрт очоод ухсан 7-8 ширхэг нүхнүүд байхаар нь сэтлээд буцааж булсан чинь цагдаа нар ирээд бид нарыг барьсан. Нүх сэтлэхэд Ц гэсэн байх би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Экскеватороо жолоодож нүх булсан. Би хараад хажууд нь зогсож байсан. Нүх сэтэлж байхад экскеваторын нэг шүд нь унаад тэгээд хайгчаар хайсан чинь олдсон. Тэгээд бид нар техникээ ачаад явах гэж байхад цагдаа нар ирсэн. /хх-ийн 141-142 дахь тал/

Шүүгдэгч П.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11-р сарын 02-ны өдөр намайг Ц экскеватор ачаад аймаг хүргээд өгөөч гэхээр нь би 05-40 ӨМЭ улсын дугаартай FUSO маркийн машинаар аймаг руу хүргэж өгөх гээд гарч байхад замд М Г хоёртой таарсан. Тэгээд хамт аймаг явж байсан чинь Баяндалай суман дээр М ах намайг Баяндалай сумаас хойшоо 20-иод километрт очоод ирье гэхээр нь би машинтайгаа хамт дагаж явсан. Баяндалай сумаас хөдлөхөд Б гэж хүн М ахтай уулзаад газрыг нь зааж өгсөн. Би очих газар нь очоод унтсан. Надтай хамт Г ах хамт унтсан. Ц экскеватороо буулгаад хөдлөөд явсан. Тэд нар нүх ухсан гэж хэлсэн. Би машинд унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Тэгээд техникээ ачаад хөдлөх гэж байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан. /хх-ийн 144 дэх тал/

Шүүгдэгч Ш.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11-р сарын 02-ны өдөр М, С, Ц нарын хамт Гурвантэс сумаас Даланзадгад сум руу явж байгаад замдаа Баяндалай суман дээр М нэг хүнтэй утсаар яриад байсан хэнтэй ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгээд Баяндалай сумаас хойшоо нэг ууланд очсон байсан. Би хаана очсоноо мэдээгүй. Тухайн үед би унтаж байгаад очсон газар нь сэрсэн. Намайг сэрэхэд тэр газар Б, М, Ц нар экскеватор машинаас буулгаад газар ухаж байсан. С бид 2 Сэлэнгийн машин дотор унтаж байсан. Тэгээд миний хайгчийг М аваад алт байна уу үгүй юу үзээд ирье гээд авч яваад удалгүй алт илрэхгүй байна гээд буцаж явах гэж байсан чинь цагдаа нар ирсэн. /хх-ийн 147 дахь тал/

Шүүгдэгч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11-р сарын 02-ны өдөр Г, С, Ц нарын хамт Гурвантэс сумаас Даланзадгад сум руу явж байгаад замдаа Баяндалай суман дээр Б над руу залгаад хаана байна гэхээр нь би Баяндалай суман дээр явж байна гэсэн чинь уулзъя гэсэн. Тэгээд бид 4 Бтэй уулзсан. Тухайн үед Б ганцаараа явж байсан. Бийн хөдөө гэрийн хажууд ухсан нүх байгаа тэнд мал унаж үхээд байна тэр нүхийг булаад өг гэхээр нь би зөвшөөрөөд тэд нарыг дагуулаад Бөөр газарчлуулаад Баяндалай сумаас зүүн хойшоо 20-иод километрт очсон. Тэр газар Б, Г, Ц, С бид 5 явсан. С Г 2 Сэлэнгийн машин дотор унтаж байсан. Ц экскеватороо буулгаж ухсан нүхийг задалж булсан. Б хажууд хараад зогсож байсан. Би Г ахын хайгчийг аваад нүхэн дээр барьж үзсэн боловч алт илрээгүй. Тэгээд бид нар нүхээ булчихаад хөдлөх гэж байсан чинь цагдаа ирээд бид нарыг барьсан. /хх-ийн 149 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх- 18 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/гэрэл зургийн үзүүлэлт /1хх- 20-26 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлт /1хх -27-37 дахь тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлт /1хх- 38-42 дахь тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл- /1хх- 51-52 дахь тал/

Сайхан ариун дэлхий ХХК-ийн 2021.11.21-ний 02 тоот дугаартай Шинжээчийн дүгнэлт /1хх-89-93 дахь тал/

Ашидбилгүүн ХХК-ийн 2022.01.29-ний ӨМА:1000997 дугаартай Авто машин, техникийн үнэлгээ /1хх-96-103 дахь тал/

Ш.Ггийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх- 157 дахь тал/

П.Сэлэнгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-158 дахь тал/

Ө.Мын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-159 дахь тал/

П.Бийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх- 160 дахь тал/

Ч.Цын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх- 161 дахь тал/

Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2022.01.25-ны 09 дугаартай Ч.Цын тодорхойлолт /1хх-173 дахь тал/

Ч.Цын Иргэний үнэмлэхний хуулбар /хх-174 дахь тал/

9408764 дугаартай Ч.Цын Дунд боловсролын үнэмлэхний хуулбар /х.х-174 дахь тал/

Гурвантэс сумын Гоёот багийн Засаг даргын 2022.01.26-ний 30 дугаартай П.Сэлэнгийн тодорхойлолт /1хх- 182 дахь тал/

П.Сэлэнгийн Иргэний үнэмлэхний хуулбар /1хх-183 дахь тал/

9433749 дугаартай Суурь боловсролын гэрчилгээ /1хх-188 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-193 дахь тал/

Ө.Мын Иргэний үнэмлэхний хуулбар /хх- 200 дахь тал/

Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2022.01.25-ний 10 дугаартай тодорхойлолт /1хх-201 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-202 дахь тал/

Ш.Ггийн Иргэний үнэмлэхний хуулбар /1хх- 208 дахь тал/

Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2022.01.25-ний 11 дугаартай тодорхойлолт /1хх-209 дэх тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-213 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм 3 дугаар багийн Даланхайлааст гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч  Б.Бийн: ...Баяндалай сумын Далан хайлааст гэх газар улсын тусгай хамгаалалттай газарт орно. ...Байгаль орчинд нийт 0.86 га газар техникээр ухагдсан байна. /хх-ийн 60 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Зын: Би Өмнөговь амгийн Баяндалай Сумын Төхөм багын нутаг Далан хайлааст гэх газраас баруун хойш 6 орчим километрт оршин суудаг. Сая хүмүүс ирж Экскеватороор нүх ухсан гээд яриад байгаа газар бол Богчны шар гэдэг газар юм. Далан хайлаастын амны зүүн адаг. Хуучин алт гараад хүмүүс гар аргаар ухсан байсан хуучин ухмалтай газар байгаа. Ойрын үед хүн ухаагүй тийм газар байсан. /хх-ийн 84 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Оын: Миний нэр дээр DOOSAN Маркийн экскеватор байдаг. Манай ах Ц нь 2021 оны 10 сард Цогтцэций суманд замын ажил хийнэ гэж авсан. Би өөрийнхөө ахад өгч явуулсан болохоор ямар нэгэн гэрээ хийгээгүй өгч явуулсан. Сарын 3 сая төгрөгний үнэ хөлс надад өгөхөөр тохироод Цогтцэций сум руу авч явсан юм. Би 2019 оны 06 сард Өвөрхангай аймгийн хүнээс авч байсан. /хх-ийн 86 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм 3 дугаар багийн Даланхайлааст гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд 2.349.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирч, Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм. Иймд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул...явуулсан гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Иймд шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр бүлэглэн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм 3 дугаар багийн Даланхайлааст гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас газрын хэвлийд 2.349.520 төгрөгийн хохирол учирсан, биологийн нөхөн сэргээлт хийхэд 795.000 төгрөг шаардлагатай болох нь: 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн нутаг Далан хайлааст гэх газарт Ө.М, Ч.Ц, П.С, Ш.Г нар нь техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул хийхдээ газрын хэвлийд 2.349.520 төгрөгийн хохирол учруулсан байна. ...Эвдрэлд оруулсан 0.86 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхэд 795.000 төгрөг шаардлагатай байна. /хх-ийн 89 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар “...газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох тул шүүгдэгч нарын газрын хэвлийд учруулсан хохирол болох 2.349.520 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай 795.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар нь энэхүү хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.С нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 158 дахь тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 183 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 184 дэх тал/ 9433749 дугаартай Суурь боловсролын гэрчилгээний хуулбарт: Сургуулийн улсын шалгалтын комиссын 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан гэрчилгээ олгов. /1хх-ийн 188 дахь тал/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Ө.М нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 159 дэх тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 200 дахь тал/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолтод: Ө.М нь 1975 онд төрсөн. Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Тус сумын Урт багийн иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 201 дэх тал/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Ч.Ц нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн” /хавтаст хэргийн 161 дэх тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 163-172 дахь тал/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны 09 дугаартай тодорхойлолтод: Ч.Ц нь 1976 онд төрсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Ч.Ц нь тус сумын Урт багийн иргэн мөн болохыг тодорхойлов. /хх-ийн 173 дахь тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 174 дэх тал/, 9408764 дугаартай Дунд боловсролын гэрчилгээний хуулбарт: Сургуулийн улсын шалгалтын комиссын 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан гэрчилгээ олгов. /1хх-ийн 174 дэх тал/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Ш.Г нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 157 дахь тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 208 дахь тал/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолтод: Ш.Г нь 1957 онд төрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг өндөр настан иргэн. Ш.Г нь тус сумын Тост багийн иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 209 дэх тал/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч П.Б нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 160 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 139 дугаартай тодорхойлолтод: П.Б нь Баруунсайхан 17-07 тоотод ам бүл 3, оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /хх-ийн 192 дахь тал/ Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 193 дахь талзэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч П.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлж ... хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.М, П.С, П.Б нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан ба шүүх улсын яллагчийн саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ө.М, П.С, П.Б нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ч.Ц, Ш.Г нарт улсын яллагчийн ялын саналын хэмжээнд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц, Ш.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ И.Насанжаргалын эзэмшлийн Fuso маркийн 05-40 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Оын эзэмшлийн solar 55 gold маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх тээврийн хэрэгслүүдийг прокурорын тогтоолоор битүүмжилж шийдвэрлэсэн байх тул уг прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, тээврийн хэрэгслийн үнэлгээ нь: Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1000997 дугаартай автомашин техникийн үнэлгээнд: И.Насанжаргалын эзэмшлийн 05-40 ӨМЭ улсын дугаартай fuso маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 15.000.000 төгрөг /хх-ийн 97 дахь тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1000998 дугаартай автомашин техникийн үнэлгээнд: Д.Оын эзэмшлийн solar 55 gold улсын дугаартай fuso маркийн автомашины зах зээлийн дундаж үнэ 18.000.000 төгрөг /хх-ийн 99 дэх тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн ба улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан И.Насанжаргалын эзэмшлийн Fuso маркийн 05-40 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 төгрөг, Б.Оын эзэмшлийн solar 55 gold маркийн тээврийн хэрэгслийн үнэ 16.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөгнөөс шүүгдэгч Ө.Маас 6.200.000 төгрөг, шүүгдэгч П.Сэс 6.200.000 төгрөг, шүүгдэгч П.Бөөс 6.200.000 төгрөг, шүүгдэгч Ч.Цаас 6.200.000 төгрөг, шүүгдэгч Ш.Ггээс 6.200.000 төгрөгийг тус тус гаргуулан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн MINELAB GB 7000 бичигтэй металл хайгч 1 ширхэгийг хурааж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт 5.494.040 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Ө-ийн Мыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С овгийн Чын Цыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Ш Гг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн П-ийн С-ийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З овгийн Пгийн Бийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч П.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.М, П.С, П.Б нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М, П.С, П.Б нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Ц, Ш.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц, Ш.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан И.Н-ын эзэмшлийн Fuso маркийн 05-40 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 төгрөг, Б.Оын эзэмшлийн solar 55 gold маркийн тээврийн хэрэгслийн үнэ 16.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөгнөөс шүүгдэгч Ө.Маас 6.200.000 төгрөг, шүүгдэгч П.Сэс 6.200.000 төгрөг, шүүгдэгч П.Бөөс 6.200.000 төгрөг, шүүгдэгч Ч.Цаас 6.200.000 төгрөг, шүүгдэгч Ш.Ггээс 6.200.000 төгрөгийг тус тус гаргуулан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

8. И.Н-ын эзэмшлийн Fuso маркийн 05-40 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Оын эзэмшлийн solar 55 gold маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт олгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн MINELAB GB 7000 бичигтэй металл хайгч 1 ширхэгийг хурааж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт 5.494.040 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М, Ч.Ц, Ш.Г, П.С, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА