Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/02622

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, о, Б.Доржийн гудамж, 108Б-р байрны 1-6 тоот хаягт байрлах З******* ХХК /РД:*******/, төлөөлөгч Доржготовын Нямлхагва /утасны дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сонгинохайрхан дүүргийн *******,*******-р хороолол, Хүнс трейд 6а байр, 9 тоот хаягт оршин суух Боржигон овгийн Лх*******ын М******* /РД:*******/, /утасны дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямлхагва, нарийн бичгийн дарга Ч.Нарантуяаг суулцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямлхагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай З******* ХХК нь зээлдэгч Л.М******* 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №2017/24 тоот зээлийн гэрээ, №Ф2017/24 тоот фидуцийн гэрээгээр 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй 3 500 000 төгрөгийг 71-76 УНА улсын дугаартай, Toyoto crown маркийн суудлын автомашин барьцаалан зээлүүлсэн. Үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй огт төлөлт хийгдэлгүй, холбоо барих боломжгүй, гэрийн хаягтаа амьдардаггүй, удаа дараа шаардах хуудас хүргүүлээд амьдардаггүй болох нь тогтоогдсон. Иймд Лх*******ын М******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З******* ХХК нь Л.М*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт, Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно., мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж зохицуулсны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

З******* ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.М*******ыг эрэн сурвалжлуулахыг хүсч байна гэж тайлбарласан.

Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаар З******* ХХК болон Л.М******* нарын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З******* ХХК нь Л.М*******ын гэрийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн *******,*******-р хороолол, Хүнс трейд 6а байр, 9 тоот хаягаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх боловч уг хаягт ийм хүн байхгүй гэсэн хариуг өгсөн байна.

3******* ХХК-ийн Л.М*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Сонгинохайрхан дүүргийн *******,*******-р хороолол, Хүнс трейд 6а байр, 9 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Л.М*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овгийн Лх*******ын М******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Л.М*******ыг эрэн сурвалжлах, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч

 

 

гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН