| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2022/0042/э |
| Дугаар | 2022/ШЦТ/45 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Лын Цт холбогдох эрүүгийн 2235000000047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Лын Ц, /РД: ОО78012718/.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутагт байрлах гэртээ хохирогч Б.Б сандлаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235000000047 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: -Хохирогч Б.Б Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарыг (хавтаст хэргийн 10-28 дугаар хуудас),
-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Б цохиж гэмтээсэн гэх төмөр хөлтэй, модон тавцантай сандлыг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал 15 цагийн орчимд манай багийн Н гэдэг дүү манай гэрт ирээд бид хоёр манай гэрт байсан Соёрхол нэртэй 1 шил 500 граммын архи хувааж уучихаад гарах гэж байтал мөн манай багийн Д гэх ах ирсэн. Тэгээд бид 3 гэрээс гарч ганц хоёр айлаар буухаар хамт явсан. ...Тэгээд замд Цийн залуутай таараад уулзах хооронд Н, Д нар түрүүлээд явсан. Тэгээд Цийн гэрт ороход тэднийд Ц, Д, Н, Цийн 2 хүүхэд байсан ба би тэдний гэрийн баруун талаар сандал дээр суух гээд Цаас “Сайн байна уу?” гээд мэнд асуутал Ц гэрийн гол хавьд сандал дээр сууж байгаад сууж байсан сандлаа баруун гараараа аваад миний толгой руу цохихоор нь би толгойгоо хамгаалаад зүүн гараараа хаатал миний зүүн гарын шуу хэсгийг болон баруун хацар хэсгийг цохиж миний гар болон нүүрийг гэмтээсэн. Ц намайг сандлаар цохихдоо намайг “ална пизда минь” гэж хэлээд цохисон. Тухайн үед бид хоёрыг Н, Д нар дундуур орж салгасан. Тэгээд би юм хэлэлгүй Цийн гэрээс гараад морин дээрээ очоод мордох гэтэл миний зүүн талын гар хөдлөхгүй эвгүй болчихсон байсан. Тэгээд арай гэж морин дээрээ мордоод, тэднийхээс Ц гэх ахын гэрт ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Би цагдаагийн машинтай сумын төв дээр ирж сумын эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн гарын шууны яс цуурсан хугаралтай гэж зураг гарсныг харсан мөн миний толгой өвдөж байгаа, мөн баруун хацар сандлаар цохиулснаас болж салбарч цус гарсан. Намайг согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0.11 хувийн согтолттой гэж гарсан. Би Цт гомдолтой байна” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
-2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цийн гэр лүү явж байтал замд Цийн залуу хонь хариулж байхад нь таараад Б тэр хүүхэдтэй юм яриад үлдсэн. Харин Д ах бид хоёр Цийн гэрт ороод сууж байтал Б удалгүй араас ороод ирсэн. Тэгээд Цаас мэнд асуугаад бид нарын хажууд суух хооронд Ц уурлаж галын дээд талд сууж байсан сандлаа аваад Б цохиход Б гараараа хаагаад тэр хооронд Д бид хоёр салгаад авахад Б гараад яваад өгсөн. Тэгээд Д бид хоёр сууж байгаад гэрээс гарч гэр гэр лүүгээ харьсан. Ц тухайн үед Б өөрийн гэрт байсан төмөр хөлтэй, шар өнгийн модон тавцантай сандлаар нэг удаа цохиж зүүн гарыг болон хацрыг цохиж гэмтээсэн” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид нар Цийн гэрийн зүг явж байтал Цийн залуу таараад Б тэр хүүхэдтэй юм яриад үлдсэн. Харин Н бид хоёр түрүүлээд Цийн гэрт буугаад сууж байтал Ц 1.5 литрийн монгол архи задлаад тэр архинаас уугаад сууж байтал гаднаас Б орж ирээд суух хооронд Ц гэрийн хойморт сандал дээр сууж байгаад гэнэт уурлаад сууж байсан сандлаараа Б толгой руу цохих гэтэл Б толгойгоо хамгаалж зүүн гараараа хаатал зүүн гар, баруун хацар хэсэгт нь цохигдож гэмтээсэн. Н бид хоёр Б Цаас холдуулж салгаад Б гэрээс гаргахад Б “зүүн гар эвгүй болчихлоо” гэж байсан. Тэгээд би Цийн гэрээс гараад харьж яваад Ц гэх айлд буухад Б тэдний гэрт “гар өвдөж байна, хугарчихсан юм шиг байна” гээд сууж байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...19 цагийн орчим миний нагац дүү Б халамцуу манай гэрт ирээд “Ц миний зүүн гарыг сандлаар цохиод гэмтээчихлээ” гээд манай утсаар цагдаа руу яриад байсан. Ц, Б нар ямар шалтгааны улмаас маргалдаж зодолдсон гэдгийг мэдэхгүй. Тэгээд шөнө 23 цагийн орчим цагдаа ирээд Б аваад явсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “1. Үзүүлэгч Б.Б биед зүүн шууны богтос ясны гандан /дунд/ хэсгийн далд хугарал, баруун нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины доор болон баруун нүдний алимны арын зайд хий хуралдалт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 01 дүгээр сарын 31-нд үүсчихсэн байсан талаар эмчийн үзлэгт бичигдсэн байна. 4. Зүүн шууны богтос ясны гандан /дунд/ хэсгийн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины доор болон баруун нүдний алимны арын зайд хий хуралдалт, баруун хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн 68 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас),
-2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Л.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Д, Н хоёр манайд ирэхдээ “өнөөдөр Б архи уучихаад согтуу агсам тавихаар чамайг ална гэж хэлээд түрүүлээд гараад явсан, ирээгүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд 20-оод минутын дараагаар Б манайд орж ирсэн. Гэрт орж ирээд Б нь гэрийн баруун талын дээд хэсэгт байсан сандлыг орж ирээд өшиглөхөөр нь миний уур хүрээд тухайн сандлыг аваад Б руу шидэж нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл: -2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
-2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрч Л.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Төрсөн дүү Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, үг дуу цөөтэй, хүний хэлсэн үгээр байдаг, нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),
-2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нагац ах Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харилцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, ажилч, хөдөлмөрч хүн юм. Ахуй амьдралын хувьд Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт эхнэр, хүүхдүүдийн хамтаар мал маллан амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дээгүүр, аймгийн сайн малчин өрх юм. Малын ашиг шимээр амьдрал ахуйгаа авч явдаг хүн юм” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),
-Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн иргэн Лын Ц /ОО78012718/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 7 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх 89 дугаартай тодорхойлолтыг (хавтаст хэргийн 95 дугаар хуудас),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас),
-Увс аймгийн Тэс сумын Цагаан толгой багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Тус багийн иргэн Л овогтой Ц нь ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Л.Ц нь даруу төлөв зантай, тусархуу, ажилч хичээнгүй, нийгмийн идэвхи сайтай урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй нь үнэн болно” гэх 408 дугаартай тодорхойлолтыг (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас),
-Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын бүртгэлийн хуулбарыг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
-Хохирогч Б.Б Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “Тэс сумын 9 дүгээр багийн иргэн Ц нь миний гарыг хугалсан. Ц нь миний хохирол гомдлыг барагдуулсан. Одоо надад гомдол тэмцэл байхгүй болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас) зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Л.Цийг 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ хохирогч Б.Б сууж байсан сандлаараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, шүүгдэгч Л.Ц нь Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутагт байх өөрийн гэртээ иргэн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Б өөрийн сууж байсан сандлаар толгой хэсэг рүү нь цохиж түүний зүүн шууны богтос ясыг хугалсан үйл баримт болжээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан:
-Хохирогч Б.Б “Цаас “Сайн байна уу?” гээд мэнд асуутал Ц гэрийн гол хавьд сандал дээр сууж байгаад сууж байсан сандлаа баруун гараараа аваад миний толгой руу цохихоор нь би толгойгоо хамгаалаад зүүн гараараа хаатал миний зүүн гарын шуу хэсгийг болон баруун хацар хэсгийг цохиж миний гар болон нүүрийг гэмтээсэн. Ц намайг сандлаар цохихдоо намайг “ална пизда минь” гэж хэлээд цохисон. Тухайн үед бид хоёрыг Н, Д нар дундуур орж салгасан. Тэгээд би юм хэлэлгүй Цийн гэрээс гараад морин дээрээ очоод мордох гэтэл миний зүүн талын гар хөдлөхгүй эвгүй болчихсон байсан. Тэгээд арай гэж морин дээрээ мордоод, тэднийхээс Ц гэх ахын гэрт ирээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
-Гэрч Д.Нгийн “...Цаас мэнд асуугаад бид нарын хажууд суух хооронд Ц уурлаж галын дээд талд сууж байсан сандлаа аваад Б цохиход Б гараараа хаагаад тэр хооронд Д бид хоёр салгаад авахад Б гараад яваад өгсөн. Тэгээд Д бид хоёр сууж байгаад гэрээс гарч гэр гэр лүүгээ харьсан. Ц тухайн үед Б өөрийн гэрт байсан төмөр хөлтэй, шар өнгийн модон тавцантай сандлаар нэг удаа цохиж зүүн гарыг болон хацрыг цохиж гэмтээсэн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),
-Гэрч Н.Дгийн “...гаднаас Б орж ирээд суух хооронд Ц гэрийн хойморт сандал дээр сууж байгаад гэнэт уурлаад сууж байсан сандлаараа Б толгой руу цохих гэтэл Б толгойгоо хамгаалж зүүн гараараа хаатал зүүн гар, баруун хацар хэсэгт нь цохигдож гэмтээсэн. Н бид хоёр Б Цаас холдуулж салгаад Б гэрээс гаргахад Б “зүүн гар эвгүй болчихлоо” гэж байсан. Тэгээд би Цийн гэрээс гараад харьж яваад Ц гэх айлд буухад Б тэдний гэрт “гар өвдөж байна, хугарчихсан юм шиг байна” гээд сууж байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас),
-Гэрч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...19 цагийн орчим миний нагац дүү Б халамцуу манай гэрт ирээд “Ц миний зүүн гарыг сандлаар цохиод гэмтээчихлээ” гээд манай утсаар цагдаа руу яриад байсан. Ц, Б нар ямар шалтгааны улмаас маргалдаж зодолдсон гэдгийг мэдэхгүй. Тэгээд шөнө 23 цагийн орчим цагдаа ирээд Б аваад явсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас) тус тус нотлогдож байна.
“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Л.Ц нь хохирогч Б.Б биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн шууны богтос ясны гандан /дунд/ хэсгийн далд хугарал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 68 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас)-ээр тогтоогджээ. Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Ц хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл, хохирогч Б.Б биед учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Тиймээс шүүгдэгч Л.Цийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б Увс аймаг дахь Цагдаагийн газарт “Тэс сумын 9 дүгээр багийн иргэн Ц нь миний гарыг хугалсан. Ц нь миний хохирол гомдлыг барагдуулсан. Одоо надад гомдол тэмцэл байхгүй болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас) гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагджээ.
2. Шүүгдэгч Л.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Л.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөр гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Л.Цийн хувийн байдлын талаар гэрч Л.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Төрсөн дүү Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, үг дуу цөөтэй, хүний хэлсэн үгээр байдаг, нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас), гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нагац ах Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харилцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, ажилч, хөдөлмөрч хүн юм. Ахуй амьдралын хувьд Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт эхнэр, хүүхдүүдийн хамтаар мал маллан амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дээгүүр, аймгийн сайн малчин өрх юм. Малын ашиг шимээр амьдрал ахуйгаа авч явдаг хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн иргэн Лын Ц /ОО78012718/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 7 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх 89 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дугаар хуудас), Увс аймгийн Тэс сумын Цагаан толгой багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Тус багийн иргэн Л овогтой Ц нь ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Л.Ц нь даруу төлөв зантай, тусархуу, ажилч хичээнгүй, нийгмийн идэвхи сайтай урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй нь үнэн болно” гэх 408 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Л.Ц нь Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Л.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу ялтан Л.Ц-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхийг үүрэг болгож, хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр хөлтэй, модон тавцантай сандлыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Лын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Л.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр хөлтэй модон сандлыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН