Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар  2022/ШЦТ/33 

 

 

2022           02             25                                                        2022/ШЦТ/33                                  

                    

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Ө аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Иргэдийн төлөөлөгч: Ч.Ц,

Хохирогч: М.Т ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш.Сарангэрэл,

Шүүгдэгч: Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г.Г холбогдох эрүүгийн 2129002460157 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Ц сум 2 дугаар багийн /Билгэх/ нутаг дэвсгэрт байрлах Орон нутгийн таван толгойн уурхайн амны хажуугийн нүүрс тээврийн сайжруулсан замын урд талаас 2 дахь километрт 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 04-өөс 05 цагийн орчимд “утасны цаанаас томорсон гэж зодлоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зэвсгийн чанартай зүйл болох хайчаар бөөрөн тус газар хатгаж, М.Т гийн биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох эрүүгийн 2129002460157 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирогчид хохиролд нийт 8.212.000 төгрөг төлсөн. Хохирогчийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн 311.721 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Цалин гэж нэхэмжилж байгаа 10.800.000 төгрөгийн хувьд хэлэх зүйлгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өнөөдрийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн 1 хавтаст Г.Г холбогдох хэрэг энэ хэрэгт хууль журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудтай байна. Эд мөрийн баримт энэ хэрэгт хамааралтай. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон гэж үзэж байна. Зүйлчлэлийн хувьд зүйлчлэл тохирсон байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд залуучууд архидан согтуурсан архидан согтуурахтай холбоотойгоор энгийн үедээ ч гэсэн харилцаж байгаа харилцаа нь харилцааны доголдолтой юм байна. Би хуульч хүний хувьд тэгж дүгнэж байгаа. Зүгээр хоорондоо ярихдаа пизда минь гэж ярьж байгаа нь хоорондын харилцааны доголдлоос үүссэн байна. Хохирол хор уршгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлыг шүүгдэгч сайн дураар төлж барагдуулсан байна. Хор уршгийн хувьд хохирогч талаас хор уршигтай холбоотой баримт өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвар алдсан тухай баримт гэмт хэрэгт өртөхөөс өмнө цалин орлоготой байсан тухай баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Хэдийгээр тийм боловч хохирогч хэрэг эцэслэн шийдвэрлэсний дараа ч гэсэн зохих баримтыг бүрдүүлээд Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Хохирол төлбөрт шүүгдэгч талаас 8,212,000 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдож байна. Хохирогчийн хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримт нь 1,811,701 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Баримтуудыг нарийвчлан үзэх юм бол энэ гэмт хэрэгт хамаатай юм уу хамааралгүй юм уу гэж эргэлзэх зүйл байгаа. Гэхдээ манайх энэ дээр маргахгүй. Өнөөдрийн гаргаж өгсөн 311,721 төгрөгийн хувьд Г.Г өөрөө сайн дураараа төлье гэж байна. Үйлчлүүлэгч маань ингэж хэлж байгаа тохиолдолд би дүгнэлт хийх шаардлагагүй. Бид гэм буруугийн завсарлага авах үедээ энэ мөнгийг төлчихөөд ороод ирнэ. Тэгэхээр шийтгэх тогтоолд тусгах шаардлагагүй байна. Бусдад төлөх төлбөргүй гэж тусгуулах саналтай байна. Хохирогч мэдүүлгээрээ 3,583,630 төгрөг нэхэмжилсэн боловч энэ баримтаар нотлогдохгүй байна. Баримтаар нотлогдсон 1,811,701 төгрөгийг хохиролд тооцъё, илүү төлсөн 6,088,578 төгрөгийг түүнд төлсөн байна гэж шийтгэх тогтоолд тэмдэглүүлье. Гэмт хэргийн хувьд туйлын тодорхой гэмт хэрэг байгаа. Маргах зүйл байхгүй. Хохирогч шүүгдэгч нар хэн аль нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэж дахин хэлье. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүд тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнийг гэм буруугийн дүгнэлт дээрээ тусгуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдсонгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр төлөгдсөн гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч М.Т  гаргасан тайлбар, мэдүүлэгтээ:

Би “Ү.Г ” ХХК дээр 2 жилийн өмнө аавтайгаа цуг ажилладаг байсан. “Ү.Г ” ХХК 5 машинтай байсан, хоёр машин нь Оргилболдын ахынх нь би нөгөө хүнийх нь машин дээр гардаг байсан. Тэгээд аавыг Огийн машин дээр гаргаад цуг нэг газарт ажилладаг байсан. Тэгээд би яваад өөр хувь хүний машин бариад хажуу талын “Хавцгайт” ХХК-д орсон. Би орой 7 цагт шөнийн ээлжтэй байсан. Орой 7 цаг ээлждээ гараад 11 цагийн үед манай компанийн шороо дуусчихсан. Тэгээд шороо дуусчихлаа та нар юу хийж байгаа юм гэсэн чинь юу хийх вэ дээ С эгчийнд очиж жимбий идэх гээд явж байна гэсэн. Тэгэхээр нь би за за тэгвэл очиж хоол идье гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд би машинаа байрлуулчихаад дэлгүүр дээр очиход Огийн найз нь миний машиныг аваад явсан. Тэгээд удаагүй байж байсан чинь манай аав хүрээд ирсэн. Аав Огийн машины жолооч хийдэг байсан. Тэгээд би аавыг ажлаа хийгээд дуусчихсан бол гэртээ очоод сайхан амарчих би энд жимбий идчихээд очъё гэсэн. Тэгээд жимбий идэх гээд С эгчийнх рүү орсон чинь Г, О, С эгчийн охин, түүний нөхөр, нэг хүүхэн нэг залуу байсан, залуу нь согтчихсон, авгай нь явъя явъя гээд авгай нөхөр хоёр явсан. Тэгээд Ц эхнэртэйгээ О, Г бид нар очсон. Бид нарыг ороход 2 савтай пиво тавьсан ууж байсан. Тэгээд пивоноос цагаан стаканаар надад 2 өгсөн. Тэгээд уугаад байж байсан чинь Г пиво уухаар шээс хүрээд байна, хатуу юм ууя гэхээр нь би надад 1 шил архи байгаа, 20,000 төгрөг өгчих юм бол би гараад аваад ирье гэсэн чинь Ц ууя ууя гэсэн чинь Г О руу мөнгө мобайлдах гэж байгаад өөр рүүгээ мобайлдсан. Тэгээд Г старикстай байсан. Стариксд бөөнөөрөө суугаад хар амбаар дээр очиж уусан. Тэгээд Г согтуу О наадахаа явуул гээд Г, Ц, эхнэртэйгээ хамт аваад явсан. О бид хоёр үлдээд үлдсэн тал шил архи чинь яасан юм бэ гэхэд гаргаад асгачихсан гэсэн. Тэгээд чи уумаар байгаа юм уу гэхээр нь би хорхой хүрээд уумаар байна гэхэд хөлдөөгчөөсөө том пиво гаргаад ирсэн. Түүнийг би тал хүртэл нь уугаад байж байсан чинь Г О руу залгасан. О утсыг авах гэж байгаад наадах чинь ядаргаатай шөнөжин юм болно гээд утсыг нь аваагүй. Би аваад ярьсан чинь хаана байгаа юм гэхээр нь хар амбаар дээр байна гэхээр нь юу хийж байгаа юм гэхэд О пиво гаргаж өгсөн уугаад сууж байна гэхэд найз нь яваад очъё гэсэн. Тэгэхээр нь тэг гэж хэлсэн. Тэгээд би 10 гаруй минут хүлээж байгаад өөрийнхөө утаснаас Г руу залгаад хаана байгааг нь асуухад мань чинь хаана явж байгаагаа олохгүй байна гэхэд нь би ямар сонин юм бэ боль боль гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 10 минутын дараа дахиад Г залгаад хаана байгаа юм бэ гэж асуухаар нь хар амбаар дээр байна гэж хэлэхэд Г худлаа надаас архи нуугаад байгаа юм уу гэхээр нь би юу хуцаад байгаа юм бэ гэж хэлэхэд чи аавтайгаа нийлээд “Ү.Г ” ХХК-ийг базах гээд байгаа юм уу, чи базна гэж байхгүй шүү гэж хэлсэн. Чи юу базна гээд байгаа юм бэ пизда минь гээд бид хоёр утасны цаанаас хэрэлдээд чамаас би айхгүй, чи надаас айхгүй гээд хэрүүл эхэлсэн. Тэгээд энэ утсаар яриад би “Ү.Г ” ХК руу очсон чинь чи хаана байгаа юм гэж асуухад би кемп дээр байна. Чамаас би айхгүй. Хоёулаа уулзъя гээд би кемп дээр очсон чинь Г кемпийнхээ байрладаг гэртээ байхгүй байсан. Хажуу талын гэр рүү нь орсон чинь Төмөрөө хөгшин нь дөнгөж сая машин тэргээ янзлаад аймгийн төвөөс сая л орж ирлээ гэж байсан. Г хаачсан юм бэ гэж асуухад намайг ирэхэд байхгүй байсан гэж хэлэхээр нь Г руу залгасан чинь хөгшин нь элсэнд суучихлаа чи найз л юм бол ирээд авчих гэсэн. Тэгэхээр нь би Төмөрөөд цаадах чинь элсэнд суучихсан гэнээ чи 80-аа асаачих хоёулаа очиж авчихаад ирье гэхэд найзад нь татлага байхгүй гэхээр нь би татлагагүй ч гэсэн согтуу хүнийг яаж хээр хонуулах вэ дээ гэж хэлээд бид хоёр гараад утсаа салгасан. Тэгээд кемпээс гараад Төмөрөө цаадах руугаа залга даа гэхээр нь Төмөрөөгийн утсаар дахиад залгаад асуухад би сэнсний хажууд байна. Би өөрийгөө хаана байгааг мэдэхгүй байна гэсэн. Тэгээд бид хоёр тэр хавиар  2-3 цаг хайж байгаад очоод би Гыг чи муу утасны цаанаас яагаад томроод байгаа юм бэ гэж хэлэхэд томорсон ч яадаг юм бэ гэж хэлэхээр нь би Гын нүүр рүү мангастаад алгадсан.  Тэгсэн Г хойшоогоо 2 алхаад баруун талаасаа нэг зүйл ухаж гаргаж ирээд намайг хатгах шиг болсон. Тэгэхээр нь нээх эвгүй болоод гараараа тэмтэрч үзсэн чинь гар цус болсон байсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад авсан. Тэгээд өвдөглөчхөөд би амьсгаадаад Төмөрөөг дуудаад “Төмөрөө наадах чинь намайг нэг юмаар хатгачих шиг боллоо Гыг ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд Төмөрөө ирж салгаад би ягаан фодволктой байсан. Миний фодволкийг ирж сөхөж хараад чамайг хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд намайг шээ гэсэн чинь шээс гардаггүй. Аваарт орсны дараа шээвэл гайгүй байдаг гэж хэлж байсан. Би эхнэр, 2 хүүхдээ тэжээгээд явдаг байсан. 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. Намайг эмнэлэг дээр байхад Гын ах нь ирээд “ахын дүү чи дор хаяж 6 сар ажил хийхгүй юм байна тиймээс ах нь 6 сарын чинь цалинг өгье” гэж байсан. Тэгээд одоо хүртэл байхгүй байгаа. Тиймээс би сарын 1.800.000 төгрөгөөр тооцож, 6 сарын цалинд 10.800.000 төгрөг нэхэмжилж байна. Сая шүүх хуралдаанд баримтаар гаргаж өгсөн 311.721 төгрөгөө мөн нэхэмжилнэ. Шүүгдэгчийн миний данс руу шилжүүлсэн гэх мөнгөнд маргах зүйлгүй байхгүй, би түүнийг шүүгдэгчээс авч эмчилгээ болон ирэх явах зардалдаа зарцуулсан гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан дүгнэлтдээ:

Г.Г нь архидан согтуурсан үедээ хүний биед мэсээр хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

 

-Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтын зураг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т гээс авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Он өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд М.Т гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б  мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №529 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №2939 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №4621 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-68 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80, 82 дахь тал/,

 

-Хохирогч М.Т гийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 84, 86-104, 106-107 дах тал/,

 

-Шүүгдэгч Г.Гын ажил байдлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэх, чадамжийн гэрчилгээ, үнэмлэх , чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109-130, 134 дэх тал/

 

-Гар утасны залгасан ярианы билл /хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

 

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 139-141 дэх тал/,

 

-Хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 143-153, 201 дэх тал/,

 

-Шүүгдэгч Г.Гын хохирол төлсөн баримтууд, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 159-169, 196-197 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Г.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Ц сум 2 дугаар багийн /Билгэх/ нутаг дэвсгэрт байрлах Орон нутгийн таван толгойн уурхайн амны хажуугийн нүүрс тээврийн сайжруулсан замын урд талаас 2 дахь километрт 2021 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн 04-өөс 05 цагийн орчимд “утасны цаанаас томорсон гэж зодлоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зэвсгийн чанартай зүйл болох хайчаар бөөрөн тус газар хатгаж, М.Т гийн биед “хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч М.Т гийн мэдүүлэг,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Т гийн өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед Ц сумын нутагт байдаг орон нутгийн Таван толгойн уурхайн амны “Хавцгайт” ХХК-ийн кемп дээрээс ажилдаа гараад шөнийн ээлжинд гарсан. Тэгээд шөнийн 23 цагийн үед шороо дуусаад ажил зогсоод кемп рүүгээ ирээд Оргил найз руугаа залгахад Сарантуяа эгчийн дэлгүүрт байна гэхээр би хүрээд очиход тэнд Оргил, Г, Ц /Сарантуяа эгчийн охины нөхөр гэх/ энэ гурав 2 литрийн савтай том сэнгүүр пиво уугаад байцгааж байсан. Би тэр пивоноос стакан /аягаар/ 2 удаа уусан. Тэгэхэд Г архи ууя гээд байхаар Оргил 20000 төгрөг өгчих надад нэг шил архи байсан гэж хэлсэн чинь архины мөнгийг Ц шилжүүлсэн. Тэгээд архийг аваад Г машин унаад Оргил, Ц, Цгийн эхнэр нь хамт бид тавуул явж хар амбаарын гэртээ дэлгүүрт орж тэндээ бид дөрөв 0.75 граммын Хараа архийг тал хүртэл уучихаад байж байхад Цгийн эхнэр нөхрөө аваад Гын машинаар хүргүүлсэн тэгэхэд Оргил бид хоёр гэрт нь үлдээд Оргил надад 2 литрийн савтай том пиво тэр дэлгүүрээс гаргаж надад өгсөн. Оргил тэр үед дэлгүүрийг харж үлдсэн хүмүүс нь эзгүй явсан байсан. Тэгээд би Оргилын өгсөн пиво бараг ганцаараа уучихаад байж байхад Г над руу утсаар залгаад намайг хаана байгаа юм гэхэд би нөгөө хар амбаарын дэлгүүрт Оргилтой хамт байна гэж хэлсэн. Түүнээс хойш Г ирээгүй надтай утсаар яриад намайг “танай аав та хоёр Үлэмжийг базна гэж байхгүй шүү гэхээр би Гыг “чи юу гээд байгаа пизда вэ" гэж хэлээд бид хоёр утсаар хоорондоо хэрэлдсэн. Би тэгээд Оргилын утсыг аваад Гын Үлэмж-Говь нэртэй кемп дээр очоод сурахад Г кемп дээрээ байхгүй байсан. Би 5 дугаартай гэрээс орж сурахад тэнд байсан Төмрөө гэдэг залуу Гыг байхгүй байна би ажлаасаа ирээд амрах гэж байна гэж хэлэхээр би Г руу утсаар залгаад “чи кемп дээрээ байхгүй байна шүү чи утасны цаанаас томроод байсан. Тэгэхэд Г намайг найз юм бол намайг ирээд авчих машин шаварт суучихлаа гэж хэлэхээр би Төмөрөөд хэлсэн чинь гадаа Ланд-80 маркийн машин байгаа гээд Төмрөө машиныг унаад би хажууд суугаад Г руу утсаар яриад яг хаана байгаа юм гэхэд Г суусан газраа тодорхой зааж өгч чадахгүй надтай утсаар хэрүүл маргаан хийгээд байсан тэгээд би Гтай бараг утсаар 2 цаг гаруй хэрэлдсэн тэгээд Төмөрбаатар бид хоёр 2-3 цаг гарантай хайж явахад нүүрс тээврийн сайжруулсан замын урд талд машин нойтон элсэнд суучихсан аваарын гэрлээ татчихсан байдалтай байсан. Тэгээд би машинаас буугаад машин дээр очиход Г машинаас буугаад ирэхээр би Гыг “чи яагаад утасны цаанаас томроод байгаа юм бэ” гэж хэлээд нүүр лүү гараараа түлхсэн \мангастсан\ тэгээд зүүн гараараа нүүр лүү нэг удаа алгадсан тэгтэл Г баруун талын өмдний хармаанаасаа нэг юм ухаж гаргаад миний зүүн талын бөөрний хавьд нэг удаа дүрчих шиг болсон тэгтэл миний зүүн тал руу халуу Од нэг л сонин болохоор би баруун гараараа барьж үзэхэд гарын хуруу цус болчихсон байсан би тэр үед зүүн гараараа Гын баруун гарыг нь барьчихсан байсан тэгээд би Төмөрөөд наадах чинь намайг нэг юмаар дүрчихлээ, наадахаа авдаа гэж хэлтэл Төмрөө хүрч ирээд Гыг надаас цааш нь холдуулсан тэгэхэд миний амьсгал давчдаад нэг л сонин болоод доошоо өвдөглөөд суусан тэгээд дээшээ хараад газарт хэвтсэн. Тэгтэл Төмрөө хүрч ирээд миний фудволкыг сөхөж үзээд хутгалчихсан байна ш тээ гэж хэлээд Төмрөө намайг шууд эмнэлэг рүү аваад явах гэхэд Г яах юм бэ эмнэлэг дээр очвол цагдаа намайг ирээд бариад хорино гэж хэлээд бид нар кемп явах замаараа Оргилыг аваад Гын кемп дээр 6 дугаартай гэрт намайг хэвтүүлсэн. Тэгээд өдөр 12 цагийн үед Г орж ирээд гайгүй юу гэхэд би гэдсээр л өвдөөд байна гэж хэлсэн чинь 100 грамм уучих гээд хэлээд надад аягаар архи хийж өгөхөөр би түүнийг уучихсан. Тэгэхэд миний гэдсээр их өвдөөд байхаар Таван толгойн эмч Баяраа руу Г залгаад асуухад тэр эмч зургийг явуул гэж хэлсэн. Тэгээд тэндээ хэвтэж байгаад орой болоход гэдэс бүүр их өвдөөд гэдэснээс шар өнгийн зүйл гараад байсан. Тэгэхэд Г тэр эмчтэй дахиад утсаар видеоколл хийгээд ярихад тэр эмч наадах чинь гэдэс нь цоорчихсон юм шиг байна сайн харагдахгүй сүлжээ муу байна гээд яаралтай эмнэлэгт хүргэж өгөө гэж хэлсэн. Тэгээд Г Оргил хоёр Ланд-80 маркийн машинаар явж сумын эмнэлэг дээр үзүүлэхэд эмч намайг үзээд яаралтай арга хэмжээ авч аймгаас эмч нарыг дуудаад намайг тэр шөнөдөө хагалгаанд оруулсан. Эмч нар миний нарийн гэдэс чинь тасарчихсан байна гэж хэлсэн... Г миний биеийн зүүн талын хажуу хэсэгт нэг удаа хайчаар дүрж хүнд гэмтэл учруулсан... Төмөрбаатар бид хоёрыг маргалдаж байхад байсан өөр хүн байгаагүй... Г нь утасны цаанаас манай аав бид хоёрыг доромжлоод байсан тэгээд бид хоёр утсаар л хоорондоо хэрэлдсэн... Г намайг эмнэлэг рүү явъя гэж хэлээгүй. Харин тэр уурхайн эмч Баяраа гэдэг хүнтэй яриад тэр эмч нь намайг яаралтай эмнэлэгт очиж үзүүлээ гэж хэлсэн... Гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  32-33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төмөрбаатарын өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ө аймгийн төв дээр албаны машинд ойр зуурын сэлбэг авч засварт оруулчихаад орой 22 цагийн үед Ц сумын нутагт байрлах 8 дугаар уурхайн амны хажууд байдаг кемп дээр ирсэн. Би тэгээд кемп дээрээ очоод өөрийн амьдардаг 5 дугаартай гэртээ ороод туслах ажилтан Баярбаттай нэг гэрт амарцгаасан тэгээд шөнийн 03 цагийн үед намайг гэрт амарч байхад Тэлмэн гэдэг залуу орж ирээд гэрлээ асаа гэхээр би гэрэл асаахад Тэлмэн нэлээн архи уучихсан согтуу байсан. Тэгээд надаас Ганбаа аль гэрт байгаа юм бэ гэхэд би Гын гэр нь манай хажуу талын гэр нь гэж хэлсэн чинь гэрт жаахан байж байгаад утсаар яриад гэрээс утсаар яриад “чи хаана байна, миний гарын чилээг гаргахгүй шүү, чи зугтаад алга болоод байна хоёулаа эр хүн зайгаа авчихъя чи кемп дээрээ байхгүй байна шүү дээ" гэж нэг хүнтэй утсаар гэрийн гадаа яриад байсан. Тэгээд 30-40 минутын дараа Тэлмэн гэрт орж ирээд Ганбаа утсаар яръя гэж байна гээд надад гар утас өгөхөөр нь би ярьсан чинь Г байна би замын хажуу руу ороод шаварт суучихсан байна хүрч ирээд татаад өгөх боломж байна уу" гэхээр би за тийм бол тэгье гэж хэлээд хувцсаа өмсөөд албаны Ланд круйзер маркийн машинаар явах гэхэд Тэлмэн надтай хамт явсан. Тэлмэн Гтай утсаар яриад хаана байгаа газрыг заалгаж авах гэж утсаар яриад байсан. Тэлмэн бид хоёр кемпээс зүүн тийш нүүрс тээврийн сайжруулсан замаар явж байхад кемпээс 8-9 км орчим газарт сайжруулсан замын урд талд замаас 2 метр зай газарт Старикс маркийн машин нь элсэнд суучихсан байсан Г дээр очих замд жаахан төөрөөд тэгээд Тэлмэн Гтай утсаар яриад хоорондоо хэрэлдээд нэг болохоор инээлдээд хоорондоо утсаар яриад байсан. Тэгээд машин дээр нь очоод би машинаас буугаад машин дээр очиход Г машинаасаа буугаад ирсэн чинь Тэлмэн машинаас бууж ирээд Ганбаатай уулзаад байсан. Тэгэхэд Ганбаа “чи надтай маргалдаад яах юм бэ” гээд байхад Тэлмэн нь “чи намайг үнэндээ л барахгүй" гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд Ганбаа нь хойшоо ухраад явж байсан. Би тэгээд өөрийн машин руугаа очоод арын хаалгаар ороод хойд талын суудал дээр суугаад арын суудлын ард байгаа татлага уяаг авах гэж байгаад хартал Тэлмэн нь Гын толгой нүүр хавьд нь 2 удаа гараараа цохиж байхаар би татлагаа ч аваагүй гүйж очоод тэр хоёр дээр очиход Тэлмэн дээшээ гэдийчихсэн “чи намайг юугаар цохичихов гэж хэлэхээр би “та хоёр одоо боль, битгий хоорондоо маргалдаад бай“ гэж хэлсэн. Тэгэхэд Тэлмэн "намайг кемп рүү хүргээд өгөөч, миний зүүн тал руу хөндүүр Од байна дээшээ гэдийхлээр нэг сонин хөндүүрлээд байна" гэж хэлэхээр би Тэлмэн, Г нарыг машинд суулгаад кемп дээр ирээд Тэлмэн Гын гэр лүү хамт дагаад орсон. Тэгээд би тэр хоёрыг кемп дээр хүргэж өгчихөөд үдээс хойш 13 цагийн үед Гын гэрт ороход Тэлмэн Гын орон дээр нь дээшээ харсан байдалтай дээгүүрээ хувцасгүй хэвтэж байсан. Тэгэхэд Тэлмэнгийн зүүн сүвээ хавьд нэг жижиг хэмжээтэй зүсэгдсэн нэг юмаар хатгасан шарх байсан түүнээс цус гарчихсан байсан. Тэр шархыг хөвөнгөөр арчиж цэвэрлэсэн байсан. Би тэгээд Тэлмэнд "наадахаа эмнэлэгт үзүүлсэн дээр байхаа" гэж хэлчихээд гараад гарсан. Тэгэхэд араас Г орж ирээд Тэлмэнг сум руу авч явмаар байна намайг машинаа өгчих гэж хэлэхээр би машинаа өг гэж хэлсэн. Тэгэхэд Г Тэлмэн эмнэлэг рүү явахгүй гээд байна гээд гар утсаар Таван толгойн эмч рүү утсаар яриулахад тэр эмч "наадах чинь дотроо юу болж байгааг нь мэдэхгүй байна, цус шүүс гарч байгаа бол хэцүү шүү гэж хэлсэн. Тэгээд Г Тэлмэнг сумын эмнэлэг рүү аваад явсан... Тэлмэнгийн зүүн талын бөөрний дээд хэсэгт зүсэгдэн нэг шарх байсан. Түүн дээрээ хөвөн маарал тавьсан байсан цус гарсан байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Оргилын өгсөн “...Би маргааш өдөр 13 цагийн үед “Үлэмж-Говь" ХХК- ний кемп дээр очиход Тэлмэн гэрийн зүүн талын орон дээр хэвтчихсэн унтаж байсан хажууд нэг архины шил хоосон тавиатай байсан. Тэр үед Г 6 дугаартай гэрт мөн унтаж байсан. Би тэгээд Тэлмэн, Г хоёртой уулзаагүй гар утсаа авчихаад явж байхад Тэлмэнгийн эхнэр залгаад “Тэлмэн урьд шөнө хутгалуулсан байна, та нар архи дарс уусан гээ биз дээ гэхээр би болсон зүйлийг хэлээд сая намайг очиход унтаж байсан гэж хэлсэн. Тэгээд орой 16 цагт буцаад очиход Тэлмэн Г хоёр сэрүүн байхаар юу болсон талаар асуухад Тэлмэн Гтай маргалдаж байгаад намайг хутгалчих шиг боллоо гэж хэлэхээр би шархыг үзэхэд зүүн гарын талын хавирганы доод талд нь зүсэгдсэн шарх цаанаас шар өнгийн шингэн зүйл гарч байсан. Тэгэхээр би Тэлмэнг эмнэлэг рүү аваад явах гэхэд явахгүй би зүгээр цагдаа сэргийлэх гээд бөөн юм болно гээд явахгүй байхаар наад гэдэснээс чинь шар өнгийн зүйл гараад гэдэс дотор чинь цуваад байгаа юм биш үү, явахгүй бол наад орон дээрээ хөшөөд үхнэ Г шоронд явна гэж хэлсэн чинь үгэнд орохгүй байхаар Тэлмэнгийн эхнэрийг нь утсаар яриулж байгаад тэгээд нэг юм сумын эмнэлэг рүү авч яваад сумын эмнэлэг дээр очоод үзүүлэхэд эмч зүсэгдсэн мэсний сорви байсан яаралтай хагалгаанд орно гэж хэлсэн. Г бид хоёр Тэлмэнг эмнэлэгт авчирсан юм...“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  38-39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б  өгсөн  “...Намайг 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх /өдрийг нь санахгүй мартсан байна/ Улаанбаатар хотод амарч байхад өдөр 12 цагийн үед "Ү.Г " ХХК-ний ажилтан Г над руу утсаар залгаад Энд нэг хүн юмаар сүвлэгдчихлээ, энийг яах вэ? гэхээр би юу болсон юм бэ тодорхой хэлээ юугаа сүвлэсэн юм бэ гэхэд Г “Урьд шөнө архи ууж байгаад нэг хүн нь намайг хөөгөөд тэгээд машинд байсан хайчаар хэвлий хэсэгт нь 1 удаа дүрчихсэн юм аа" гэж хэлэхээр би “за наадахаа эмнэлэгт очиж үзүүлээ" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, түүнээс ирүүлсэн 2 ширхэг гэрэл зураг /хавтаст хэргийн 52, 106-107 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 529 дугаартай шинжээчийн “1.М.Т гийн биед хэвлийд хөндийд нэвтэрч, нарийн гэдэс тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой 3. М.Т гийн биед учирсан гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.М.Т гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн  55-56 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар Сс хойш хэрэг үйлдэх хүртлээ Ө аймгийн орон нутгийн “Таван толгой" гэх хөрс хуулалтын компанид түлшний няраваар ажиллаж байсан. М.Т  нь урьд өмнө нь надтай хамт уг компанид ажиллаж байгаад одоо “Хавцгайт" гэх мөн хөрс хуулалтын компанид хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ныг шилжих шөнө М.Т  бид хоёр Ц суманд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй хүнсний дэлгүүрийн хоол зардаг 5 дугаартай Монгол гэрт хамт архи уучихаад салцгаасан. Тухайн үедээ бид хоёр маргалдсан зүйл болоогүй. Намайг ажлын амрах байр руу явж байхад М.Т  залгаад бид хоёр маргалдсан. Яг ямар шалтгааны улмаас маргалдсаныг би мэдэхгүй. Тэгээд 5 цагийн орчим амрах байрнаас 2 километр зайтай газар элсэнд суугаад зогсож байхад М.Т , Төмөрбаатар гэх хамт ажилладаг залуугийн хамт ирсэн. Тухайн үед М.Т  “Чи яадаг гэнэ ээ чамайг ална” гээд намайг ирж 2 удаа алгадаж өшиглөсөн. Тэгээд би “боль оо, хөгшөөн” гэж хэлсэн...Машинд байсан хайчийг аваад М.Т гийн гэдсэн тус газар нэг удаа дүрчихсэн... Энэ хэрэг болох үед Төмөрбаатар хажууд байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Гын яллагдагчаар дахин өгсөн “...Би хайчаар нэг удаа дүрж М.Т гийн биед гэмтэл учруулсан. Үүндээ их гэмшиж байна. М.Т  ямар нэг зүйл бариагүй байсан...Би М.Т гийн Хаан банкны 5074025138 тоот дугаарын дансанд нийт 7.223.000 төгрөг төлсөн. Би баримтыг өгсөн байгаа. Өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Ч.Ц: “Г.Гнь архидан согтуурсан үедээ хүний биед мэсээр хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч М.Т гийн биед “хэвлийд хөндийд нэвтэрч, нарийн гэдэс тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 529 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн М.Т г хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 27 дахь тал/

 

Хохирогч М.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс гэм хорын хохиролд 311.721 төгрөг болон 6 сар /1 сарын цалин 1.800.000 төгрөг/-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 10.800.000 төгрөг тус тус гаргуулах”-аар нэхэмжилсэн.

Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гаас гэм хорын хохиролд 311.721 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Т д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн “6 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 10.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гнь гэм хорын хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн 311.721 төгрөгийг хохирогч М.Т д бүрэн төлсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Гнь хохирогч М.Т д гэм хорын хохиролд 8.212.000 төгрөгийг төлсөн, үүнд хохирогч маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Г.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Ц сум 2 дугаар багийн /Билгэх/ нутаг дэвсгэрт байрлах Орон нутгийн таван толгойн уурхайн амны хажуугийн нүүрс тээврийн сайжруулсан замын урд талаас 2 дахь километрт 2021 оны 09 дүгээр сарын 22-23-нд шөнийн 04-өөс 05 цагийн орчимд “утасны цаанаас томорсон гэж зодлоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зэвсгийн чанартай зүйл болох хайчаар бөөрөн тус газар хатгаж, М.Т гийн биед “хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлээс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...гэмт хэрэг гарах нөхцөл байдал нь хохирогчоос шалтгаалсан үйлдэл байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Тэрээр 66 настай аавтайгаа, 12 настай өсвөр насны охин, эхнэртэйгээ амьдардаг. Хэрэгт холбогдсоноос хойш уурхайн үйл ажиллагаа зогссон учраас ажил хийхгүй байгаа. Уурхайн үйл ажиллагаа явж байх юм бол ажил хөдөлмөр эрхэлнэ. Тэрээр эзэмшсэн мэргэжилтэй, нийгэмд эзлэх байр суурьтай хүн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж заасны дагуу ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Гнь гэм буруугаа хүлээж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулахаар гаргасан хорих ялын хугацааг багасган хөнгөрүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Г 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

1 ширхэг фудволкийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Т д буцаан олгохоор тус тус шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Г 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Г оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэм хорын хохиролд 8.212.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 311.721 төгрөгийг хохирогч М.Т д тус тус төлсөн, хохирогч М.Т  нь үүнд маргаж мэтгэлцээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн “6 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 10.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

1 ширхэг фудволкийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Т д буцаан олгохоор тогтоосугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                               Г.ДАВААНАРАН

                                                                ШҮҮГЧИД                             Д.БАТТУЛГА

                                               Г.БАТМӨНХ