Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­34 

 

 

 

2022 оны   02 сарын 28 өдөр                                  Дугаар 2022/ШЦТ/­­­­34                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Э  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э т холбогдох 2229000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 4 дүгээр баг, Зүүн суугийн 10-13 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ хадам ээж Д.Ганцэцэгийг “архи уулаа” гэж загналаа гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  нь мэдүүлэхдээ: “Би 16 цагийн үед караоке ороод 17 цагийн үед гараад гэртээ очиход гэрт хадам ээж ирсэн байсан. Тэгээд ээж намайг ууж идлээ гэхээр нь би  миний ууж идэх танд хамаагүй гэсэн. Тэгээд ээж босоод гэрийн хойно байсан жижиг зурагт авахаар нь зурагт над руу шидэх гэж байна гэж ойлгоод би очоод зурагтаа буулгаж аваад баруун нүд рүү нь цохиод хөл рүү өшиглөсөн. Тэгээд манай эхнэр намайг гаръя гэж хэлээд би гарсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ганцэцэгийн өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой ...хүргэн хүү Э  архи уучихсан халамцуу орж ирэхээр би хүргэн хүүд “яагаад архи дарс уугаад байгаа юм бэ” гэхэд өөдөөс “миний архи уух нь танд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. ...бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би гэрийн хойд талд байсан жижиг зурагтыг аваад газар тавих гэтэл хүргэн хүү хүрч ирээд миний нуруу руу хөлөөрөө өшиглөөд зүүн талын нүд рүү нэг удаа цохиж аваад тэгээд миний араас нуруу руу 1 удаа өшиглөж авсан. Тэгэхэд миний охин боль гээд Э ыг гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Нандинболорын өгсөн: “...нөхөр бид хоёр 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн үед ...хамтдаа караокед нэг цаг дуулсан. Караокед дуулж байхдаа манай нөхөр Э  6 ширхэг сэрүүн пивыг ганцаараа уусан. ...19 цагийн үед гарч ...гэр лүүгээ харьсан чинь манай гэрт манай ээж Ганцэцэг ирчихсэн байсан. Тэгээд ээж манай нөхөр Э ыг “архи дарс уулаа” гэж хэлсэн чинь өөдөөс нь хэрэлдээд тэгээд гэрт хэрүүл маргаан болж байхад Э  ээжийн баруун талын нүдний хавьд 2-3 удаа гараараа цохиж авчхаад мөн зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн чинь ээж газар уначихаар би ээжийг гэрээс аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаартай “1. Д.Ганцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Д.Ганцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Д.Ганцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э ын яллагдагчаар өгсөн: “... эхнэр бид хоёр 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн үед ...караокед нэг цаг дуулсан. Караокед дуулж байхдаа би 6 ширхэг Сэрүүн пивыг ганцаараа уусан. ...Тэгээд бид хоёр 19 цагийн үед гарч гэр лүүгээ харьсан чинь манай хадам ээж Ганцэцэг ирчихсэн байсан. Тэгэхэд хадам ээж намайг архи дарс уусан байна гэхээр би өөдөөс нь “та зүгээр гэр лүүгээ яв, миний архи дарс уух нь танд хамаагүй” гэж хэлсэн чинь гэрт байсан зурагтыг авахаар над руу шидэх гэж байна гэж бодоод би хүрч очоод зурагтаа авчхаад баруун, зүүн талын нүдний хавьд нэг нэг удаа гараараа цохиж авчхаад мөн зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд хадам ээж газар уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/

             Шүүгдэгч Б.Э ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 6, 27, 38-47-р хуудаст/,

Б.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 36-р хуудаст/,

Б.Э ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 48-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 Шүүгдэгч Б.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 4 дүгээр баг, Зүүн суугийн 10-13 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ хадам ээж Д.Ганцэцэгийг “архи уулаа” гэж загналаа гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ганцэцэгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Э  нь хохирогч Д.Ганцэцэгийн эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ганцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаартай “1. Д.Ганцэцэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Д.Ганцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Д.Ганцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Э аас хохирогч Д.Ганцэцэгийн эмчилгээний төлбөрт 1,000,000 /нэг сая/-н төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Ганцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “...Миний бие Дүнжингарав овогтой Ганцэцэг нь 2022 оны 01-р сарын 15-нд Э  гэгч этгээдэд миний бие нь зодуулж бие сэтгэлээрээ хохирч хөнгөн гэмтэл авсан юмаа. Одоо надад Э  гэдэг хүнд ямар нэгэн санал гомдолгүй болсон.  ...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  /хх-н 60 дугаар хуудас/

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Б.Э ыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э  урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Э ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Б.Э  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч нь ямар нэгэн санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ