Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­35    

 

 

2022 оны   02 сарын 28 өдөр                                  Дугаар 2022/ШЦТ/­­­­35                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: И.Н  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И.Нд холбогдох 2229000000021 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч И.Н  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Ямаан хүрэнгийн 7-12 тоот хашааны гадаа төрсөн эгч Б.Саранцацралыг “архи уулаа гэж загналаа” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Н  нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Саранцацралын өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед ...эгч Түмэнчимэг утсаар над руу “Н, Буянбат хоёр архи уучихсан согтуу хөлчүү гадуур яваад байна, гадаа хашааны хажууд зогсож байна” гэхээр би гэрээс гараад гэрийн зүүн хойд талын хашааны гадаа очиход тэнд Н, Буянбат хоёр архи уучихсан, согтуу байдалтай байсан. ...Би тэгээд тэр хоёртой уулзаад “та нар яах гэж архи дарс уусан юм, яагаад Түмэнчимэг эгчийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэж хэлээд Нийн хацар дээр 2 удаа зөөлөн алгадаж авсан чинь Н шууд намайг барьж байгаад зүүн талын нүд рүү нэг удаа цохиж авсан. Тэгэхэд миний зүүн талын нүднээс цус гараад хавдчихсан... тэр хоёр нэлээн их согтуу байсан... Н миний зүүн талын нүд рүү нэг л удаа хүчтэй цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Түмэнчимэгийн өгсөн: “... би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22-23 цагийн үед ...манай хашааны зүүн талын гудамжинд хүмүүс шүгэлдээд “хөөе хүрээд ир” гээд байхаар би очоогүй, чигээрээ явж байхад тэр хүмүүс над руу хүрээд ирсэн... намайг янхан, гичий гэж хэл амаар доромжлоод байхаар би Нийн төрсөн эгч Саранцацралыг утсаар дуудсан юм. Тэгээд удаагүй Саранцацрал ирээд тэр хоёрыг “яахаараа архи дарс уучхаад явж байдаг юм” гээд Н- нэг удаа алгадаж авсан чинь Нацагдорж Саранцацралын зүүн талын нүд хавьд нэг удаа цохиж авсан. Тэгтэл Саранцацралын нүднээс цус гарахаар нь би дагуулаад гэр лүүгээ явсан... Н нь нэлээн их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Буянбатын өгсөн “... би Н ахыг дагуулаад гэр лүүгээ явж байх замд эгч Саранцацрал таарсан чинь Саранцацрал эгч Н- архи уулаа, яагаад гудамжинд хүн амьтан дуудаад байгаа юм бэ гээд Нацагаа ахыг нэг удаа алгадсан чинь На нүүр хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохиж авсан чинь Саранцацрал эгчийн хөмсөгнөөс цус гарсан... Н ах их согтсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-р хуудас/

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаартай “1. Б.Саранцацралын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Б.Саранцацралын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Саранцацралын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч И.Н ийн яллагдагчаар өгсөн: “... би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ...2,5 л савтай 2 ширхэг нийслэл пивыг худалдаж аваад Хангайбазар, Буянбат бид гурав хувааж уучхаад дахиад 2,5 л савтай 4 ширхэг Нийслэл пиво худалдаж аваад Хангайбазарын гэрт нь Буянбат бид хоёр хоёулаа хувааж ууж байгаад би тасарчихсан байна, ...Тэгээд маргааш өглөө нь манай эхнэр над руу утсаар залгаад “Саранцацрал эгчийг чи урьд шөнө зодсон байна, уучлалт гуй, нэг нүд нь хөхрөөд хавдсан байна” гэж хэлсэн... Саранцацрал эгчтэй уулзахад зүүн талын нүд хөхрөөд хавдчихсан байсан. Саранцацрал эгч “чи эгчийнхээ нүдийг цохиод ийм болгочихсон.” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/

             Шүүгдэгч И.Н ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 5, 38-42-р хуудаст/,

И.Н ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 36-р хуудаст/,

И.Н ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 45-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч И.Н ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 Шүүгдэгч И.Н  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Ямаан хүрэнгийн 7-12 тоот хашааны гадаа төрсөн эгч Б.Саранцацралыг “архи уулаа гэж загналаа” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Н  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч И.Н ийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Саранцацралын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч И.Н  нь хохирогч Б.Саранцацралын эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Н  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч И.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Н ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Саранцацралын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаартай “1. Б.Саранцацралын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Б.Саранцацралын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Саранцацралын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Хохирогч Б.Саранцацрал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “... Батхуяг овогтой Саранцацрал миний бие 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн дүү Идэр-Од овогтой Нд зодуулан миний биед хөнгөн гэмтэл учирсан. Иймд Идэр-Од овогтой Н- өөрийн гэмээ ухааран гэмшиж ойлгосон болохоор гомдолгүй гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгч И.Н ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-н 55 дугаар хуудас/

Хохирогч Б.Саранцацрал нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч И.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.Н  урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч И.Н ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н ид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч И.Н  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Н ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н ийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч И.Н  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч И.Н  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Н ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ