Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­36

 

 

 

 

2022 оны   02 сарын 28 өдөр                                  Дугаар 2022/ШЦТ/­­­­36                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгч: Х.Т  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Тд холбогдох 2229000230026 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Х.Т  нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Бадамзавтай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны цус харвалт, нулимсны сувгийн гэмтэл үүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т  нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Бадамзавын өгсөн: “...2021 оны 12дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим намайг гэртээ байж байхад Т  гаднаас ганцаараа орж ирчхээд манай гэрийн утсаар ярих шиг болсон тэгээд ярьж дуусчхаад та яагаад хавь ойрын хүмүүстэй яриад байгаа юм бэ гэж хэлсэн тэгэхээр нь би олон жил саахалт байсан хүмүүстэйгээ ярилцахгүй яахав дээ гэж хэлэхэд Т  зүүн орон дээрээс босож ирээд намайг баруун орон дээр сууж байхад гараараа нүүрний хэсэг рүү нэг удаа цохиход би ухаан алдаад уначих шиг болсон.Тэгээд намайг сэрсэн чинь Т  гэрээс гараад явчихсан эхнэр намайг дээрээс дараад хамгаалаад хэвтчихсэн байсан. Намайг босоход хамар, нүднээс цус гараад амьсгаа давхцаад байхаар нь эхнэр маань сум руу ярьж цагдаад мэдэгдсэн...Миний эмчилгээний зардал төлбөр, эм эмнэлгийн хэрэгсэл авахад шаардлагатай байсан мөнгийг гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-17-р хуудас/

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч М.Бадамзавын дахин “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар хоорондоо эвлэрч ямар нэгэн гомдол санал байхгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Т ийн сэжигтнээр өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа байхдаа авдарт байсан задалчихсан тал шил архийг уучхаад хойд эцэг Н.Бадамзавын гэр лүү утсаар ярих санаатай очсон юм....юу гээд байгаа гуйлгачин бэ гэж загнаад тэгэхээр нь миний уур хүрээд Н.Бадамзавыг баруун орон дээр сууж байгаад босоод зогсохоор нь очоод нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон тэгсэн чинь Н.Бадамзав орон дээрээ буцаад суусан чинь тэгсэн чинь манай ээж босож ирээд намайг загнаад яв гээд хөөгөөд байхаар нь би гараад гэрлүүгээ явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Н.Бадамзавын биед тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны цус харвалт, нулимсны сувгийн гэмтэл зэрэг гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-25 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Т ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны орой гэртээ байж байгаад авдарт байсан 0.5 литрийн савлагаатай “Тундра” нэртэй тал шилтэй архийг ганцаараа уучхаад хойд эцэг Н.Бадамзавын гэрт утсаар ярих гээд очсон юм.Намайг очиход ээж, хойд эцэг Н.Бадамзав. манай дүүгийн 5 настай хүүхэд 3 байсан. Би ороод утсаар ярих гэтэл утасны сүлжээ унаад оролдоод байж байхад Н.Бадамзав нь утас сүлжээгүй байхад яах гэж утсаар ярих гээд байгаа гуйлгачин бэ гэхээр миний уур хүрээд баруун орон дээр сууж байгаад босохоор нь очоод нэг удаа нүүр хэсэг рүү нь цохичихсон гэтсэн чинь буцаад орон дээрээ унаж байх шиг байсан тэгээд ээж намайг босож ирж загнаад байхаар нь гэрээс нь гараад өөрийнхөө гэрт хариад унтчихсан...Би Бадамзавын эм, эмнэлгийн үйлчилгээнд нийтдээ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг өгч барагдуулсан...Цаашдаа ямар нэгэн хохиролтой холбоотой зүйл гарвал төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/  

 Шүүгдэгч Х.Т ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 51-55, 57-62-р хуудаст/,

Х.Т ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 56-р хуудаст/,

Х.Т ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 64-72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Т ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 Шүүгдэгч Х.Т  нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Бадамзавтай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны цус харвалт, нулимсны сувгийн гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Т  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Т ийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бадамзавын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.Т  нь хохирогч Н.Бадамзавын нүүрэн тус газар нь цохиж, тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны цус харвалт, нулимсны сувгийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бадамзавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Н.Бадамзавын биед тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, нүдний алимны цус харвалт, нулимсны сувгийн гэмтэл зэрэг гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 23-25 дугаар хуудас/

Хохирогч Н.Бадамзав нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “... надад эмчилгээнд шаардлагатай 1 сая төгрөгийг төлж барагдуулсан. ...” гэж мэдүүлжээ.

Хохирогч Н.Бадамзав нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “...Нанзад овогтой Бадамзав миний бие 2229000230026 тоот хэрэгт хохирогчоор оролцож байна. Уг хэрэгт надад гомдол санал байхгүй тул Х.Т д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байх тул шүүгдэгч Х.Т ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  /хх-н 79 дүгээр хуудас/

Хохирогч Н.Бадамзав нь гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.Бадамзав нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Х.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Т ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Т  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Т ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т ийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Т  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч Х.Т  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.Бадамзав нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Т ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ