Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 177/2022/0034/э |
Дугаар | 2022/ШЦТ/47 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч Д.Б, хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т ургийн овогт Бын Бд холбогдох 2235002000021 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хороолол 110 байр 12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Бын Б /РД: ОЮ75102377/.
Холбогдсон хэргийн талаар товч агуулга:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Их наяд” зочид буудлын урд хатуу хучилттай зам дээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эзэмшлийн 35-53 УВХ улсын дугаартай УАЗ-220695 пургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.1, 12.2 дахь хэсгүүдийг зөрчиж зам хөндлөн гарч байсан хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр 2235002000021 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: -2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Их наяд” зочид буудлын урд талын замын явган хүний гарцны хэсэгт 3553 УВХ улсын дугаартай УАЗ пургон маркийн саарал өнгийн, чиргүүл чирсэн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан байдалтай зогсож байв. Үл хөдлөх цэгээр “Их наяд” зочид буудлын гадна байрлах төмөр хашааны хаалгаар авч “В” цэгээр тэмдэглэв. Хүн мөргүүлсэн гэх замын хэсгийг “А” цэгээр тэмдэглэв. Тээврийн хэрэгсэлд хүн мөргүүлж шидэгдэж унасан замын хэсгийг “1” дугаарын цэгээр тэмдэглэв. “А” цэгээс “1” дугаарын цэг хүртэл тодорхой ул мөр байхгүй боловч “1” дугаарын цэгээр тэмдэглэсэн хэсгийн зам дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр 6х6 см хэмжээтэй талбайд бохирлогдсон байв. Мөн тээврийн хэрэгслийн нүүр хэсгийн баруун дээд хэсэгт байрлах гэрлийн зүүн дээд хэсэгт 20х20 см хэмжээтэй талбайд кабины арьс дотогш хонхойсон байх ба жолооч явган зорчигчийг мөргөснөөс болж үүссэн гэж байв. ...Үл хөдлөх “В” цэгээс хүн мөргүүлсэн гэх “А” цэг хүртэл тэгш өнцөгтөөр хэмжихэд 9.80х8.24 метр, хүн мөргүүлсэн гэх “А” цэгээс уг тээврийн хэрэгслийн баруун урд дугуй хүртэл 2.30 метр, хүн мөргүүлсэн гэх “А” цэгээс баруун талын замын хашлага хүртэл 8.15 метр, уг тээврийн хэрэгслийн хойд баруун талын дугуйнаас замын хашлага хүртэл 6.55 метр, замын хэсгийн өргөн 10.40 метр байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зургийг (хавтаст хэргийн 03-10 дугаар хуудас),
-2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилууд болох У, Б нартай өдрийн 12 цагийн үед хоолонд орсон, хоолонд орж гараад бид 3 “Гоулд” паб руу караокед дуулахаар орсон, караокед ороод 1 цаг аваад хүний 1 нийлээд 3 лааз пиво аваад дуулсан. Дуулж дуусаад караокены өрөөнөөс гарч ирээд пабд нь суухаар болж үргэлжлүүлэн пабд 0.5 литрийн Соёрхол гэх нэртэй архи аваад мөн 2 лаазтай Сэнгүр гэх пиво зэргийг аваад сууцгаасан. ...Тэгээд би гэртээ ирээд байж байтал У, Б нар тооцооноос мурьчихлаа гээд дуудаад байхаар нь би 19 цагийн үед буцаад паб дээр очиход У, Б нар их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гадаа зогсож байсан. Тэгээд би У, Б хоёрыг унтуулж амруулах зорилгоор “Их наяд” гэх зочид буудал руу орохоор гадна нь тэр хоёрыг сугадаж авч ирсэн. Гадна авч ирээд Бг гадаа модны хажууд зогсоочихоод Уг дагуулаад “Их наяд” руу ороод өрөө байгаа эсэх талаар асуугаад ...гарахад Б автомашины зам дээр пургон маркийн автомашинд мөргүүлчихсэн байдалтай хэвтэж байсан юм” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “1. Б-н биед гэмтэл тогтоогдлоо. 2. Цээжний битүү гэмтэл зүүн талын 5-8 хавирганы тогтворгүй хугарал, зүүн уушги бүрэн унах, цээжний хөндийд хий, шингэний хуралт, зүүн суганы хэсгийн шарх, толгой, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь 10 хоногоос дээш хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цээжний битүү гэмтэл зүүн талын 5-8 хавирганы тогтворгүй хугарал, зүүн уушги бүрэн унах, цээжний хөндийд хий, шингэний хуралт, зүүн суганы хэсгийн шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Толгой, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. 6. Д.Б-н биед гэмтлийн зэрэгт хамаарах урьд нь учирсан гэх гэмтэл, архаг хууч өвчин тогтоогдоогүй. 7.Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг үлэмж хугацаанд сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн 426 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас),
-Хохирогч Д.Бгийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарыг (хавтаст хэргийн 37-56 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газрын дахин үзлэг хийсэн “...Дахин үзлэгээр: Хэрэг учрал болсон гэх газар нь Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” цогцолборын урд орон нутгийн чанартай хатуу хучилттай асфальтан зам дээр үйлдэгдсэн, тухайн замын өргөн 10.40 метр хэмжээтэй 1 урсгалтай, 2 эгнээ зам байх бөгөөд ертөнцийн зүгээр хойноос урд чиглэлтэй замын урсгалын эгнээнд хохирогч Д.Бг мөргөсөн гэх бөгөөд хохирогчийн мөргөсөн газарт анхны тэмдэглэлээр “А” цэгийг тавьж байрлуулжээ. Мөн хохирогчийн газар уначихсан байсан гэх газарт мөн адил “1” цэгийг байрлуулсан байх бөгөөд урьд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зургийн дагуу цэгүүдийг байршуулав. Тухайн газарт явган зорчигчийн гарц, гарам байх бөгөөд гарцны өргөн 4 метрийн өргөнтэй, уг гарцнаас ертөнцийн зүгээр урд зүгт 2.15 метрийн зайтай “А” цэг байрлуулсан байна. Мөн “А” цэгээс урд зүгт байрлах “1” цэг хүртэлх 3.95 метр хэмжээний зайтай хохирогч газар унасан байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд асфальтан замын каналнаас машин байрласан цэг буюу “А” цэг хүртэл 2.30 метрийн зайтай, мөн эсрэг урсгалын каналнаас “А” цэг хүртэл 8.15 метрийн тус тус зайтай байна. Үл хөдлөх цэгийг “Их наяд” цогцолборын хар өнгийн төмөр хашаагаар авсан байх тул тухайн цэг болох “В” цэгийг тус тус байрлуулж, үзлэгийг үргэлжлүүлэхэд үл хөдлөх “В” цэгээс тэгш өнцөгт гарган асфальтан зам руу хэмжихэд 8.24х9.80 метрийн тус тус хэмжээтэй байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын бүдүүвч зургийг (хавтаст хэргийн 90-95 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.Б согтуурлыг шалгах үйл явцыг бэхжүүлсэн 0:19 секунтын гар утсан дээр бичсэн видео бичлэг бүхий СиДи-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 сард Улаанбаатар хот руу сургалтанд явсан. Улмаар тухайн сургалтан дээр очоод М, У гэх 2 Увсын хүүхэдтэй танилцаад найзууд болсон. Ингээд 2021 оны 10 дугаар сарын эхээр Увс аймагт бид нар ирээд 2021 оны 10 сарын 05-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар дээр очиж ажлаар хүмүүстэй уулзахаар болж У, М бид нар очсон. Очоод ажлаа бүтээчхээд хоолонд орохоор болж “Хан-Хөхий” рестранд М, У бид нар хоолонд орсон. Хоолоо идэнгээ бид гурав 2, 2 шил пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад “Гоулд” караокед орж 1 цаг дуулсан. Тухайн үед дуулахад 1 шил вино задлаад 1 хундага вино уусан. Ингээд дахин пабд нь үргэлжлүүлэн суухаар болсон. Тэнд Соёрхол гэх нэртэй 0.5 литрийн архи авсан, тухайн архинаас уугаагүй. Хэсэг сууж байгаад хэн авсан нь мэдэхгүй дахин нэг 0.5 литрийн Соёрхол архи авсан байсан тухайн архинаас У, М нар уугаад сүүлд 4 хуруу үлдсэн байснаас би 2-3 хундага архи уусан, тухайн үед би паб дотор байхдаа болсон явдлаа мэдээд согтоогүй байсан пабаас гарахдаа би 13.000 төгрөгийн тооцоо хийгээд Утай хамт гарч байснаа санаж байна. М байсан үгүйг мэдэхгүй байна. Угийн хамт гараад такси авна гэж бодож байсан, тэгээд яасан, юу болсон талаараа юу ч санахгүй байна. Салхинд гараад тасарчихсан юм шиг байсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...Осол болох үед миний хажууд хэн байсан талаар юу ч санахгүй мэдэхгүй байна. Би эмнэлэгт хэвтэж байгаад сүүлд Мтай чатлахад “чамайг гарцаар гарч байхад машин ирээд мөргөсөн” гэж хэлж байсан. Би өөрөө бол юу ч мэдэхгүй байна. Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Замын цагдаагийн шинжээчийн 144 дугаартай дүгнэлттэй танилцсан. Би хэдий гарцгүй газраар явсан байсан боловч жолооч хурд хэтрүүлэн явсны улмаас намайг хүчтэй мөргөсөн гэж үзэж байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн улмаас миний биед хүнд гэмтэл учирч 5-8 дугаар хавирга хугарсан, зүүн талын сүүжний ясны мах тасарсан, гэмтлийн улмаас дандаа толгойн эм хэрэглэж мөн гишгэхэд сүүж ясанд өвчтэй байгаа тул бариа хийлгэж байгаа, хавирганы урд хэсэгт хатгаж өвдөөд байгаа юм. Мөнгөний боломжгүй тул зарим нэг эмээ авч ууж чадахгүй байна. Улмаар би асаргааны байдалтай байгаа бөгөөд эрэгтэй дүү минь сургуулиасаа чөлөө аваад намайг асарч байгаа юм. Би маш их гомдолтой байна, эмчилгээний зардал болон цаашид үзүүлэх эмчилгээний зардлыг гаргуулан авах болно. Би гэрээ авч явдаг хүн байсан, одоо би өвдсөн тул амьдрал их хэцүү байна, аавынхаа малаас зарж байж би эм, тариа авч байна. Аав надад морио зарж энэ сарын уух эм, миний ойр зуурын хэрэгцээг авч өгсөн” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би тухайн автомашинд мөргүүлж гэмтэл авснаас хойш тодорхой хэмжээний эм тариа хийгдсэн тухайн эм тариа хийлгүүлсэн баримтуудыг бүрдүүлэн авч ирж өгөх болно. Одоо надад ямар нэгэн баримт байхгүй байна. Мөн манай дүү нар хичээлээсээ чөлөө авч ирсэн. Дүү Д.Б нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас Улаанбаатар хот руу жижиг машинаар очоод Улаанбаатар хотоос Увс аймаг руу ирсэн. Дүү Д.Б нь намайг хагалгаанд ороход Улаанбаатар хотоос Увс аймаг руу дуудагдаж ирээд буцаад Улаанбаатар хот руу жижиг машинаар явсан. Мөн дүү Ч нь Улаанбаатар хотоос ирээд намайг асарч байгаад 2021 оны 12 сарын дундуур сургууль руугаа яваад чөлөө аваад буцаж ирсэн. Эдгээр замын унааны мөнгө болон манай аав адуугаа 1,400,000 төгрөгөөр зарж өөртөө эм тариа авч хийлгүүлсэн, эмнэлгээс гараад боолт, такси унаа, хоол хүнс гээд нийтдээ бодоход 5,000,000 төгрөгийн хохирол учирсан юм. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Би Улаанбаатар хот руу явж томографт үзүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би гомдолтой байна, надад учирсан хохирлыг төлж барагдуулж өгнө үү“ гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 110 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Тухайн жолооч өнөөдөр болтол миний хохирол, гомдол, санальг барагдуулаагүй байгаа. Би бодит хохирлын тооцоог ерөнхийд нь 5,000,000 төгрөгөөр гаргасан байгаа, тухайн жолооч өнөөдөр хүртэл холбогдоогүй, би хохирлоо барагдуулж аваад Улаанбаатар хотод очиж бүтэн биеийн бүрэн оношилгоонд ормоор байна. Зам тээврийн ослын улмаас 3 сарын дараагаас зүүн талын ташаа, оёдол тавьсан талын хавирга хүчтэй хатгаж өвдөж байгаа, тиймээс гэмтлийн улмаас өдөр бүр өвчин намдаах эм хэрэглэж байна. Би маш их гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 112 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 116 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн 24 цагийн үүрэг гүйцэтгэж айлуудаар дуудлагатай явж байтал манай 103-ын дуудлага авах утсанд Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Их наяд” цогцолборын өмнө зам дээр зам тээврийн осол гарсан байна гэх дуудлага өгсөн. Тухайн дуудлага 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн оройны 20 цагийн үед ирээд 4-5 минутын дараа явж очиход асфальтан зам дээр эмэгтэй хүнийг саарал өнгийн пургон машин мөргөсөн байдалтай зам дээр хэвтэж байсан бөгөөд тухайн мөргөсөн машины жолооч нь бололтой нэг ах толгой хэсгээр нь тэвэрчихсэн сууж байсан. Мөн цагдаагийн байгууллагаас цагдаа нар ирчихсэн байсан тул тухайн иргэн дээр очоод амин үзүүлэлтийг нь үзэхэд ухаангүй байдалтай байсан бөгөөд тээвэрлэх толгой мөрний хамгаалалт хийж 103-ын яаралтай тусламж үзүүлэх өрөөнд авч ирээд гэмтлийн эмч Энхжаргалыг ирэх хүртэл хүчил төрөгч залгаад уян зүүгээ тавьж байтал ухаан орсон. Тэгээд тухайн иргэнийг Энхжаргал эмчид хүлээлгэн өгсөн. ...хэргийн газар дээр очоод Б амин үзүүлэлтийг үзэж байхад тэвэрч байсан ахыг цагдаа нар үлээлгэж байсан бөгөөд би “та согтуу байсан юм уу” гэхэд “үгүй ээ, ах нь эрүүл, сая цагдаа нар үлээлгэж байна” гэж хэлсэн. Тухайн ахаас ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, хэрэглээгүй байдалтай эрүүл байсан. Харин би Бг 103-ын яаралтай тусламж дээр авч ирээд хэвтүүлэхэд их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан бөгөөд ухаан орсны дараа ар гэрийхнийх нь дугаарыг асуухад хэлж чадахгүй, буруу, зөрүү хэлж байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 122 дугаар хуудас),
-Увс аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн “MNS4598:2020 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан уг тээврийн хэрэгслийг шалгахад: 1. 3553 УВХ улсын дугаартай УАЗ маркийн 220695-355 загварын тээврийн хэрэгсэлд дараахь эвдрэл гэмтэл гарсныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд: Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналт үзлэгт суурин тоног төхөөрөмжөөр оруулж шалган үзэж дүгнэлт хийхэд эвдрэл гэмтэл байхгүй байв. Жич: 1138218572 дугаартай дүгнэлтийн хуудсыг хавсаргав. 2. Тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйл байхгүй байна” гэх шинжээчийн 21 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаарай мөрдөгчийн “1. Хохирогч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 5.12.а-д заасан “Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай, замын гарамгүй зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “УАЗ-220695” загварын 35-53 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б овогтой Б /ОЮ75102377/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байна. 3. УАЗ-220695” загварын 35-53 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б овогтой Б нь тээврийн хэрэгсэл жолоодох “В, С, D” ангиллын эрхийн 116365 дугаартай үнэмлэхтэй байна” гэх магадлагааг (хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би Увс аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт жолооч албан тушаал эрхэлдэг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр УАЗ пургон маркийн 35-53 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ээжийнхээ гэрээс гараад явж байгаад Тобу төвийн авто замын уулзвар зөрөөд “Их наяд” цогцолборын урд явган хүний замын ойролцоо ирж байтал хажуунаас гэнэт нэг эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Тухайн үед би тэр хүнийг хараад шууд зогсоох арга хэмжээ авсан боловч тухайн иргэнийг мөргөөд, тэр эмэгтэй зам дээр газар унасан. Ингээд би буугаад 103 болон 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин тухайн зам дээр машинд мөргүүлээд унасан охиныг очоод тэврээд өндийлгөж байтал тухайн охиноос их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн үед цагдаагийн алба хаагч нар миний согтуурлыг шалгаж драгер үлээлгэсэн. Би тухайн үед явган зорчигч Д.Бг зам хөндлөн гарч байгааг хараагүй, гэнэт гарч ирсэн, тэгээд би хараад зогсоох арга хэмжээ авсан. Тухайн үед би 20-30 км/цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 150 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа: -2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу сургалтад яваад 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймагт ирсэн. Тухайн үед сургалтад хамт нэг баг болж явсан У, М гэх хүмүүстэй 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хоолонд орохоор болж өдөр үдийн цайны цагаар хоолонд орцгоосон. Ингээд У, М бид 3 Гоулд гэх нэртэй караокед орж дуулахаар болж караокед ороод 2 цаг аваад дуулсан. Дуулж байх үед М, У нар архи уумаар байна гээд архи биш 1 вино, мөн У, М нар 1, 1 буюу хүний 1 пиво авч уусан. Ингээд би виноноос М, У нартай хамт хувааж уусан. Ингээд 2 цагийн дараа гараад бид пабд нь суусан. Пабд суухад М, У Соёрхол 0,5 литрийн архи аваад У, М нар хувааж уусан. Би тухайн архинаас уугаагүй. Удалгүй дахин Соёрхол гэх нэртэй 0.5 литрийн архи авчихсан байсан. Тухайн архинаас би 3 удаа хундаганд хийж уусан. Тухайн үед цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд У бид хоёр үлдсэн байсан. Тэгээд пабын тооцоог У бид хоёр хийгээд гарсан. Гоулд пабын гадна зогсож байснаа санаж байна. Өөр юу болсон талаар санахгүй байна. Орой нэг сэрэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан юм. Би бодохдоо гадаа салхинд гараад өөрийгөө тасарсан байх гэж бодож байна. ...Миний зүүн талын 4 хавирга хугарсан, хавирга хугарахдаа уушги, өрц /өвчүү/-г цоолсон гэж байсан. Ингээд хугарсан 4 хавиргандаа хадаас хадуулсан. Чухам хэдэн хадаас хадуулсан талаар мэдэхгүй байна. Мөн цоорсон уушги, өрц /өвчүү/ оёулсан мэс засалд орсон. Өөрөөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг мөргөсөн жолооч эрүүл бөгөөд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан учир би өөрийн буруутай үйлдлээс болж осолд орсон гэж бодож байна” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),
-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
-2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Замын цагдаагийн тасгийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Пүрэвням шинжээчийн 144 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 426 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас),
-Хохирогч Д.Бгийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарыг (хавтаст хэргийн 37-56 дугаар хуудас),
-Хохирогч Д.Б, түүний аав О.Д нарын иргэний үнэмлэхийн лавлагааг (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),
-2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” мөрдөгчийн саналыг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 362 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолыг (хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Увс аймгийн Прокурорын газрын прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай” 09 дугаартай тогтоол, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын 213500200 дугаартай тогтоолыг (хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг (хавтаст хэргийн 105 дугаар хуудас),
-2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 05-ны орой гэртээ байж байтал манай байгууллагын жолооч Б гэгч нь орой 19 цагийн орчим байх “Даргаа Их наядын урд зам дээр явган зорчигч урдуур орж ирээд мөргүүлчихлээ” гэж надад хэлсэн. Ингээд би тухайн үед “чи архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу” гэхэд “үгүй ээ, намайг цагдаа нар үлээлгэсэн, би ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байна, харин миний урдуур орсон охин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан” гэж надад хэлсэн. Ингээд би “за, цагдаа, шүүх нь шалгаад үнэн зөвийг нь шийдэх байлгүй дээ” гэж хэлээд утсаа салгасан. Уг машин нь манай байгууллагын нэр дээр байдаг автомашин юм. Би тухайн байгууллагын дарга нь байгаа юм. Манай байгууллага хохирогч Д.Бд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Уг тээврийн хэрэгсэл нь хэдий манай байгууллагын нэр дээр байгаа боловч тухайн үед жолооч Б.Б жолоодож явсан тул Б өөрөө хохирлоо төлж барагдуулах болно. Манай байгууллагаас хохирлыг төлж барагдуулахгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 118 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаарай мөрдөгчийн магадлагааг (хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас),
-Хохирогч Д.Бгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарыг (хавтаст хэргийн 176-181 дугаар хуудас),
-Иргэн М.Бийн үйлчилгээнд явсан тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 173 дугаар хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Сгийн “Хохирогч нь эм, тариа худалдан авч хэрэглэж байсан. Мөн 1 сарын 900,000 төгрөгийн цалинг 4 сараар тооцож 3,600,000 төгрөг, Тариалан сум руу машин хөлсөлж авч явж толгойгоо бариулахад 100,000 төгрөгийн зарлага гарсан, нийт 3,700,000 төгрөгийн тооцоо гарсан” гэх хохирлын тооцоог гаргасан (хавтаст хэргийн 185 дугаар хуудас) нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав: Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),
-2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 362 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолыг (хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас),
-Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг гэрчилсэн: “...Б нь туршлагатай жолооч бөгөөд төлөв, даруу хүмүүст тусархаг, дандаа тусалж байдаг, ажилдаа сайн. Түүний эхнэр Б нь аймгийн Засаг даргын Тамгын газарт соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, мөн Б.Б нь одоогоор Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг Багш нарын байранд 2 өрөө байранд эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Б.Б хувийн зан байдлын талаар их нийтэч, хэлсэн зүйлдээ эзэн болж заавал биелүүлдэг, машин техникт сайн, найз нөхөд болон ажил албан дотроо нэр хүнд сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хааяа нэг баяр ёслолын үеэр чухал үед хэрэглэдэг. Өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил гэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 120 дугаар хуудас),
-Гэрч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б.Б нь 2001 оны орчим байх Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Б гэх хүнтэй албан ёсны гэр бүл болон хамтран амьдарч мөн дундаасаа 6-14 орчим насны хооронд 3 охинтой болсон. Б.Б нь 2010 оны үед байх аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жолоочоор ажилладаг. ...Б.Б нь туршлагатай, төлөв, даруу сайн жолооч. Түүний эхнэр Б нь Засаг даргын Тамгын газарт соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, ...Б.Б хувийн зан байдлын талаар их нийтэч, машин техникээ сайн мэддэг, найз нөхөд болон ажил албан дотроо нэр хүнд сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 154 дугаар хуудас),
-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг (хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас),
-Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Б овогтой Б нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жолоочоор ажилладаг бөгөөд сарын 569,585 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно” гэх 18 дугаартай тодорхойлолтыг (хавтаст хэргийн 169 дүгээр хуудас),
-Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын “Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Б овогтой Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар тус багийн Галданбошигт хороололд ошин суудаг...” гэх албан тоотыг (хавтаст хэргийн 170 дүгээр хуудас),
-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Өнгөлөг трейд ХХК-ийн “Д овогтой Б нь манай компанид талх баригчаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон ослын улмаас ажиллах боломжгүй болсон нь үнэн болно. Ажиллаж байх хугацаандаа сард дунджаар 850,000-1,000,000 төгрөгийн цалинтай байсныг тодорхойлов” гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 172 дугаар хуудас),
-Иргэн М.Бийн үйлчилгээнд явсан тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 173 дугаар хуудас),
-Хохирогч Д.Бгийн эмнэлгийн ор хоногийн төлбөр, мэс засал хийх эмчийг Улаанбаатар хотоос онгоцоор ирүүлсэн зардал, уушгины аппарат, бусад эм тарианд зарцуулсан /зарлагын падаан, НӨАТ-ын баримт/ нийт 2,725,900 төгрөгийн баримтыг шүүх хуралдааны шатанд шинээр гаргаж өгсөн бөгөөд уг баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Б “би өөрт учирсан хохирлын баримтуудыг хэрэгт бүрдүүлж өгч чадаагүй, гэхдээ гомдолтой байна, цаашид эмчилгээ хийлгэнэ, эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг, шүүгдэгч Б.Б “өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байгаа. Энэ охиныг хөл дээр нь босгохын тулд чадах бүхнээ хийхийг хичээсэн. Хотоос эмч ирэхэд нь түүний онгоцны зардлыг, уушгины аппарат аймагт байтугай хотод олдохгүй байхад танил найз, нөхдөөрөө дамжуулан арай гэж олж авч ирүүлсэн, тэгээд ачтай эмч нарын буянаар ингээд хөл дээрээ босоод ирсэн, шүүх хуралдаанд оролцоод өөрийнхөө санаа бодлоо хэлээд зогсож байгаад нь баярлаад барахгүй байна. Мэдээж цаашид хохирогчоос гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөх болно” гэх мэдүүлгийг гаргасан болно.
Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Их наяд” зочид буудал /цогцолбор/-ын урд хатуу хучилттай зам дээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эзэмшлийн 35-53 УВХ улсын дугаартай УАЗ-220695 пургон загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.1, 12.2-т заасан заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч байсан хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд тодорхойлсон зам тээврийн осол мөн бөгөөд энэ талаар мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Сгийн 01 дугаартай “УАЗ-220695 загварын 35-53 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б овогтой Б /ОЮ75102377/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас) нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Уг зам тээврийн осол гарах үед шүүгдэгч Б.Б нь эрүүл буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон СиДи-д хадгалагдаж буй /шүүгдэгч Б.Бар драгер багаж үлээлгэсэн видео бичлэг/ бичлэгээр тогтоогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэхүү дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулжээ.
Өөрөөр хэлбэл, хохирогч Б биед цээжний битүү гэмтэл зүүн талын 5-8 хавирганы тогтворгүй хугарал, зүүн уушги бүрэн унах, цээжний хөндийд хий, шингэний хуралт, зүүн суганы хэсгийн шарх, толгой, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд учирсан байх бөгөөд дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэлд хамаарч байгаа тухай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 426 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас)-ээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Б нь 35-53 УВХ улсын дугаартай УАЗ-220695 пургон загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч шүүгдэгч мэдэлгүй хүний биед хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр мөрдөгч, цадгаагийн дэслэгч Д.С “Хохирогч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 5.12.а-д заасан “Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай, замын гарамгүй зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх 01 дугаартай магадлагааг (хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас) гаргасан байх бөгөөд хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйлдэл нь гэмт хэрэг гарахад шалтгаалжээ.
Тиймээс шүүгдэгч Б.Б үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Б нь “надад гэмт хэргийн улмаас 5,000,000 төгрөгийн хохирол учирсан” гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт уг нэхэмжилж буй хохиролтой холбоотой баримт хавсаргагдаагүй байна.
Харин мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.С “Хохирогч нь эм, тариа худалдан авч хэрэглэж байсан. Мөн 1 сарын 900,000 төгрөгийн цалинг 4 сараар тооцож 3,600,000 төгрөг, Тариалан сум руу машин хөлсөлж авч явж толгойгоо бариулахад 100,000 төгрөгийн зарлага гарсан, нийт 3,700,000 төгрөгийн тооцоо гарсан” гэж хохирлын тооцоог (хавтаст хэргийн 185 дугаар хуудас) гаргажээ.
Хохирогчоос “Өнгөлөг трейд” ХХКомпанид ажиллаж байсан гэх тодорхойлолтыг, М.Б гэгчээр Увс аймгийн Тариалан сум руу 2 удаа хүргүүлж 100,000 төгрөг өгсөн гэх гар бичмэлийн хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргасан боловч энэхүү баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, “Өнгөлөг трейд” ХХК-иас “Д.Бг талх баригчаар 2018-2021 оны 10 сар хүртэл ажилласан, ...ослын улмаас ажиллах боломжгүй болсон нь үнэн болно” гэж тодорхойлсон боловч хохирогч Д.Б нь хохирогчоор өгсөн биеийн байцаалтдаа эрхэлсэн тодорхой ажилгүй гэж удаа дараа мэдүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд уг компанид ажиллаж байгаад ажлаасаа гарсан, тэгээд Улаанбаатар хот руу сургалтад суухаар явсан гэх мэдүүлгээр түүнийг дээрх компанид ажиллаж байсан гэж үзэх боломжгүй, 4 сарын /ажилгүй байсан хугацааны/ цалинг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн М.Б гэгчээр Увс аймгийн Тариалан сум руу 2 удаа хүргүүлсэний хөлсөнд 100,000 төгрөг төлсөн гэх боловч уг баримтыг М.Б нь өөрийн гараар бичсэн эсэх нь эргэлзээтэй, нотариатчаар гэрчлүүлээгүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.
Харин шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд зарцуулсан гэх эм, тарианы, оношлуур, эмчилгээний тоног төхөөрөмжийн, эмнэлгийн ор хоногийн тооцоог хийсэн, эмчлэгч эмчийн Улаанбаатар хотоос ирсэн зардлын нийт 2,725,900 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд зарцуулагдсан хохиролд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчээс хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,725,900 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Харин хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирол, хор уршигтай холбоотой /цаашид гарах эмчилгээний зардлын хамт/ баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч байгууллагаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Б.Б хувийн байдлын талаар гэрч С.Сгийн: “...Б нь туршлагатай жолооч бөгөөд төлөв, даруу хүмүүст тусархаг, дандаа тусалж байдаг, ажилдаа сайн. Түүний эхнэр Б нь аймгийн Засаг даргын Тамгын газарт соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, мөн Б.Б нь одоогоор Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг Багш нарын байранд 2 өрөө байранд эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Б.Б хувийн зан байдлын талаар их нийтэч, хэлсэн зүйлдээ эзэн болж заавал биелүүлдэг, машин техникт сайн, найз нөхөд болон ажил албан дотроо нэр хүнд сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хааяа нэг баяр ёслолын үеэр чухал үед хэрэглэдэг. Өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дугаар хуудас), гэрч Г.Хын: “Б.Б нь 2001 оны орчим байх Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Б гэх хүнтэй албан ёсны гэр бүл болон хамтран амьдарч мөн дундаасаа 6-14 орчим насны хооронд 3 охинтой болсон. Б.Б нь 2010 оны үед байх аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жолоочоор ажилладаг. ...Б.Б нь туршлагатай, төлөв, даруу сайн жолооч. Түүний эхнэр Б нь Засаг даргын Тамгын газарт соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, ...Б.Б хувийн зан байдлын талаар их нийтэч, машин техникээ сайн мэддэг, найз нөхөд болон ажил албан дотроо нэр хүнд сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 154 дугаар хуудас), Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Б овогтой Б нь Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жолоочоор ажилладаг бөгөөд сарын 569,585 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно” гэх 18 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 169 дүгээр хуудас), Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын “Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Б овогтой Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар тус багийн Галданбошигт хороолол албан тоот (хавтаст хэргийн 170 дүгээр хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 110 байрны 7-12 тоотод ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “энэ хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс оногдуулж байгаа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг, уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг, мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахыг эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх /ЭХЕА-ийн 7.1 дүгээр зүйл/, хорих ял оногдуулахыг тэнсэх /ЭХЕА-ийн 6.7 дугаар зүйл/ гэсэн ойлголтууд байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байхыг шаарддаг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн /хор уршиг арилгасан байхыг шаардаагүй/ бол ялаас чөлөөлөх, ...тэнсэж үүрэг хүлээлгэхээр зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд хохирогч Д.Б нь “гомдолтой, цаашид эмчилгээ хийлгэнэ, эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс оногдуулж буй хорих ялыг нийгмээс тусгаарлан заавал биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бд хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Бусад хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасанаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Бын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бд хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Бд нийт 2,727,900 төгрөгийн хохирол нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирол, хор уршигтай холбоотой гарсан баримтыг бүрдүүлэн шүүгдэгч болон иргэний хариуцагч байгууллагаас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
10. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН