Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

 

2022           02             28                                                        2022/ШЦТ/37                                  

      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Хохирогч: Б.У /цахимаар/,

Шүүгдэгч: Б.Э /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхбаатарт холбогдох эрүүгийн 2229000000025 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Бүндэр транс” ХХК-ний тусгаарлах байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Уртнасантай ам руу нь толгойгоороо мөргөж, баруун дээд 2, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод уруул, баруун шуунд шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхбаатарт холбогдох эрүүгийн 2229000000025 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйлгүй. Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би хохирогчтой нотариат дээр очиж 5.400.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба үүнээс 1.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 4.400.000 төгрөг болон шүүхийн хэлэлцүүлэгт нэмж нэхэмжилсэн 721.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлье. Би 8 сарын эхээр Цагаан хаданд ирсэн. Гэр рүүгээ ганц ч яваагүй. Түүнийг харгалзан үзэж бага торгуулийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. Манай эхнэр элэгний хавдартай гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У гаргасан тайлбар мэдүүлэгтээ:

Би шүүгдэгч Б.Этай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Тэрээр 5,400,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг өгсөн. Компани дээр энэ асуудал болоод компани миний нийгмийн даатгалыг төлсөн. Сүүлд 1,081,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан шүүхэд өгсөн баримтаар 721.000 төгрөг байгаа учраас нэмж 721.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч нь хохирлыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлье гэж байгааг зөвшөөрч байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Э өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Б  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

-Хохирогчийн эмчлүүлэгсдийн карт, эмийн жор, гэрэл зургийн үзүүлэлт, хохирол нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 48-53, 92-111 дэх тал/

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У Б аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 56 дахь тал/

 

-Шүүгдэгч Б.Э оршин суугаа газрын тодорхойлолт, дипломын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58, 59, 60 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Бүндэр транс” ХХК-ийн тусгаарлах байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.У ам руу нь толгойгоороо мөргөж, түүний биед “баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруул, баруун шуунд шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

    

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Б аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Бүндэр транс” ХХК-ийн бөмбөлөг тусгаарлах байранд байж байхад жолооч нар хоорондоо ярилцаж тохироод Энхтөр бид нараас шинэ жил тэмдэглэх гээд бид нараас мөнгө хурааж аваад торт жимс архи авахаар болоод ажил дээрээ бид нар шинэ жилээ тэмдэглээд байж байхад хамт архи ууж байсан жолооч Э над руу агсраад цохих гэхээр нь би гарыг нь барьж аваад та согтсон байна гэж хэлээд өрөөнөөс гарах гэхэд араас Энхбаатар хүрч ирээд надаас зуураад татахаар нь би эргээд хартал миний нүүр лүү шууд духаараа мөргөхөд миний ам хамраас цус гарч үүдэн хоёр шүд уначихсан...Би Э гэдэг хүний биед халдаж зодож цохисон зүйл байхгүй. Харин намайг Э мөргөөд миний шүд унагаасны дараа бид хоёр заамдалцаж авсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Э өгсөн "...Би тасраад унтаад өгсөн.. Тэгээд өглөө сэрээд байж байтал Б.У гэдэг залуу би Б.Энхбаатарт цохиулсан би явлаа гэж хэлээд яваад өгсөн...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н Ганхуягийн өгсөн "...2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Б аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Бүндэр транс” ХХК-ийн тусгаарлах байранд амарч байсан юм өөр өрөөнд байдаг хэдэн жолооч нар ганц хоёр шил архи хувааж уусан байсан. Тэгээд өрөөндөө амарч байхад Б.У өрөөндөө амрах гээд орж ирэхдээ уруул амнаас нь цус гарчихсан орж ирээд Б.Э намайг цохисон гээд орж ирээд агсан согтуу тавиад намайг унтаж амар гэхэд миний үгэнд орохгүй орж гарч гүйгээд тэр шөнөдөө бараг унтаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Б өгсөн “...Б.У өрөөнд орж ирэхдээ ам хамраас нь цус гарчихсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн "1.Б.У биед баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруул, баруун шуунд шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын "1.2.1-т зааснаар Эрүүл мэндийн хохирол" гэж гадаад орчны хүчин зүйл /механик, физик, хими биологи, сэтгэцийн/-ийн үйлчлэлийн улмаас хүний эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа алдагдахыг” хэлэх ба хиймэл шүд унах, хугарах зэрэг нь эрүүл мэндийн хохиролд хамаарахгүй ба гэмтлийн зэрэгт хамааруулж үзэхгүй" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой Энхтөр, Гантулга, Уртнасан нарын хамтаар “Бүндэр Транс” ХХК-ийн ажилчдын тусгаарлах байранд орой 16 цагийн орчимд 0.75 литрийн савлагаатай Эдэн нэртэй архи 2-ыг уучихаад орой 19 цагийн үед дахиж 0.75 литрийн савлагаатай Эдэн нэртэй архи нэгийг уугаад Энхтөр согтоод унтчихсан тухайн үед Гантулга бас гарч яваад Уртнасан бид 2 үлдээд хоорондоо маргалдсан. Тухайн үед бид хоёр хоёулаа согтчихсон байсан учраас хоорондоо маргалдаад Уртнасанг гэрээс гарах гэхээр нь араас татахад миний цамцнаас бариад зууралдаж байгаад би Уртнасангийн нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөчихсөн чинь Уртнасангийн амнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд бид 2 салаад Уртнасан өрөө руүгээ яваад би тухайн гэрт амарсан. Унтчихаад өглөө боссон чинь Уртнасан Улаанбаатар хот руу явчихсан байсан...бид 2 эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулж хоорондоо эвлэрсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал” зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Э нь санаатай үйлдлээр хохирогч Б.У эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Б.У биед “баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруул, баруун шуунд шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/-ээр тогтоогдож байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Уртнасанг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 19 дэх тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч, хохирогч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нотариат дээр эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийн гэрээгээр: “шүүгдэгч Б.Э нь гэм хорын хохиролд нийт 5.400.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор хохирогч Б.Уртнасанд төлөх”-өөр тохиролцож, үүнээс шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн, үүнд хохирогч маргаагүй ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь 721.000 төгрөгийг нэмж шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн. /хавтас хэргийн 56 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Уртнасанд гэм хорын хохиролд 5.121.000 төгрөг /эвлэрлийн гэрээнээс үлдсэн 4.400.000 төгрөг+шүүхийн хэлэлцүүлэгт нэмж нэхэмжилсэн 721.000 төгрөг/-ийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөхөө илэрхийлсэнийг хохирогч Б.У зөвшөөрсөн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас гэм хорын хохиролд нийт 5.121.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Уртнасан олгохоор, шүүгдэгч нь “гэм хорын хохирол болох 5.121.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөх”-өөр хохирол төлөх хугацаан дээр талууд тохиролцож эвлэрсэн, шүүгдэгчээс хохирогчид гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Бүндэр транс” ХХК-ийн тусгаарлах байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.У ам руу нь толгойгоороо мөргөж, түүний биед “баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруул, баруун шуунд шарх, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 60 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас гэм хорын хохиролд нийт 5.121.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Уртнасанд олгохоор, шүүгдэгч нь “гэм хорын хохирол болох 5.121.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөх”-өөр хохирол төлөх хугацаан дээр талууд тохиролцож эвлэрсэн, шүүгдэгчээс хохирогчид гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.  

6. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН