Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

 

2022           02             28                                                         2022/ШЦТ/38                                  

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Ө аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.М /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2229000000017 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой Ө аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг, Цэций уул 509 тоот хашаанд байрлах дугуй засварын гаднаас иргэн Ц.Л эзэмшлийн 5 тонны машин өргөх данкратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2229000000017 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Л Ө аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн фото зураг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Л өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Солонгоогийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваахүүгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-921/2757 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

-Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын үнэмлэх, мэргэжлийн гэрчилгээний хуулбар, мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хувийн хэргийн хуулбар /хавтаст хэргийн 45-50, 54, 56-65 дахь тал/,

 

-Хохирогч Ц.Л Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

-Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн Ө аймгийн Ханбогд сумын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой Ө аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг, Цэций уул 509 тоот хашаанд байрлах дугуй засварын гаднаас иргэн Ц.Л эзэмшлийн 5 тонны машин өргөх данкратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Л өгсөн “...Би Ө аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг Цэций-Уул 509 тоотод нөхрийн хамтаар дугуй засвар ажиллуулдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр...19 цаг 30 минутын үед 88406240 утасны дугаараас үл таних эрэгтэй залгаад “дугуй хийлүүлье” гэсэн. Тэгэхэд нь би манайх хаалттай ажиллахгүй байгаа гэж хэлсэн...үүний дараа би дугуй засвар луугаа 5 тонны машин өргөх данкратаа оруулах гээд дугуй засварынхаа гадна гарч ирэхэд манай данкрат алга болчихсон байсан. Тэгээд би дугуй засварын гадна байх камерын бичлэг шүүж үзэхэд Бонго пронтер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй 19 цаг 30 минутад залгаж “дугуй хийлүүлье” гэж 88406240 утасны дугаараас залгасан үл таних залуу манай машин өргөх данкратыг өөрийн машин дотроо хийгээд аваад явж байсан бичлэг харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

- Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ- 921/2757 дугаартай “5 тонны машин өргөх данкрат- 500.000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Мийн яллагдагчаар өгсөн  “...би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр... миний 31-80 ӨМЭ улсын дугаартай цагаан Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн дугуйны хий сул байхаар дугуйгаа хийлүүлэх гэж сумын төвд байдаг хойшоо харсан дугуй засвар байсан. Тэгэхэд дугуй засвар нь хүнгүй байхаар...машинаасаа буугаад дугуй засварын гадаа нь тавиатай байсан улаан өнгийн 5 тонн даацтай байсан данкратыг аваад машиныхаа кабиндаа оруулж тавиад Баян-Овоо сум руугаа явах гэж байхад цагдаагийн байгууллагаас ярьж байна гээд нэг эрэгтэй хүн над руу утсаар яриад "та хүний эзэмшлийн хөрөнгө болох машин өргөдөг данкратыг авсан байна. яаралтай ирж уулз" гэхээр би айгаад уг авсан данкратыг дугуй засварын эзэн болох үл таних эмэгтэйд буцааж өгөөд цагдаагийн хэлтэс дээр ирж болсон зүйлийнхээ талаар үнэн зөвөөр хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  42 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4 Хууль зүйн дүгнэлт.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдэл буюу хохирогч Ц.Л зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйлийг нь өөрийн эзэмшилдээ авч, хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Мийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

 

1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Ц.Л эд хөрөнгөд 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-921/2757 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дэх хавтас хэргийн 29-31 дэх тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Лхамууг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 10 дахь тал/

 

Хохирогч Ц.Лхамуу нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Цэмбэ овогтой Лхамуу миний бие өөрийн эзэмшлийн данкратаа алдаад данкратаа буцаагаад авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 70 дахь тал/

    

Иймд хохирогч Ц.Лхамуу нь шүүгдэгчээс хулгайд алдсан данкратаа буцаан авсан, шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой Ө аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр баг, Цэций уул 509 тоот хашаанд байрлах дугуй засварын гаднаас иргэн Ц.Л эзэмшлийн 5 тонны машин өргөх данкратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” тухай санал гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд тогтоосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Мд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь хохирогч Ц.Лхамууд данкратыг буцаан өгсөн, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН