Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 2235000000030 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, С ургийн овогт Б М /РД:ОЮ99072035/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл-1 нэртэй үсчний газраар үйлчлүүлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус үйлчилгээний төвд ажилладаг иргэн Ц.Хгийн эзэмшлийн Самсунг галакси А-50 загварын гар утас, утасны ар хэсэгт байсан Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 453,300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000030 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 02-05 дугаар хуудас),

 

-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 06-08 дугаар хуудас),

 

-2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд өөрийн ажпын байр болох тус аймгийн Улаангом сумын 3 дугаар баг “Мишээл-1” нэртэй үсчний газарт очсон ба 13 цаг 30 минутын үед цайндаа яваад 14 цаг 20 минутын орчимд буцаж ажил дээрээ ирсэн. ...гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тухайн хоёр хүний эрэгтэйгийнх нь үсийг би засч эхэлсэн. Тухайн үед ажпын газрын дүү Алтанцэцэг “та утсаараа нэг яриулаач” гэж хэлэхээр нь би “тэг тэг” гэж зөвшөөрсөн. Уг залуугийн үсийг засч дууссаны дараагаар би өөрийнхөө гар утсыг ширээн дээрээс авах гээд очтол миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь нөгөө өрөө рүү орж Алтанцэцэгээс утсаа асуухад “Таны утсыг би ширээн дээр тавьсан” гэж хэлсэн. ...ажлын хүмүүс “Таны утас руу залгасан чинь холбогдох боломжгүй гэж байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар үсчний салон дотор миний гар утсыг хайсан боловч олдоогүй учир цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Би Самсунг А50 загварын гар утсыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд өөрийн танидаг хүнээр дамжуулан Улаанбаатар хотоос 650,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний хулгайд алдсан гар утас цайвар ногоон өнгийн хавтастай, шилэн наалттай, утасны ар тал нь гялтганасан гөлгөр цайвар гадаргуутай, утасны хүрээ нь хар өнгөтэй байсан. Утасны хавтсанд миний иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт байсан. Уг утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би утасны шилэн наалтыг 10,000 төгрөгөөр, хавтсан гэрийг 28,000 төгрөгөөр 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Улаанбаатар хотоос худалдан авсан. Мөн хулгайлагдсан утас нь дэлгэцэндээ зураг кодтой байсан. Надад Самсунг А50 загварын гар утсыг худалдан авсан тооцооны баримт болон утасны имей код байхгүй байна. Манай үсчний газарт хяналтын камер байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

 

-2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Ц.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд гадуур ажилтай явж байтал манай ажлын газрын үсчин Оюунгэрэл миний гар утас руу залгаад “таны гар утсыг оллоо, та ирж авах уу?” гэж хэлэхээр нь би “за, одоо очлоо” гэж хэлээд утасны дуудлагаа тасалсан. Ажил дээрээ очиход үсчин, шивээсчин Хүрэлсүх надад миний гар утсыг өгөхөөр нь би “чи хаанаас олж авсан юм бэ?” гэж асуухад “сая намайг шивээс хийж байтал коридорт утас дуугараад байхаар нь гоо сайхны өрөөнөөс коридор луу гарахад жижиг хайрцаг дотор утас дуугарч байсан. Тэгэхээр нь уг утсыг авахад нууцлагдсан дугаар залгаж байсан бөгөөд утсыг ажпын хүмүүст харуулахад таны хулгайд алдсан утас мөн байна гэж таньсан” гэж хэлсэн. Би өөрийнхөө гар утсыг Хүрэлсүхээс авсны дараагаар гар утсаа шалгаж үзэхэд үйл ажиллагаа нь хэвийн байсан ба гар утсанд 88457710 гэсэн дугаараас 2 дуудлага, нууцлагдсан дугаараас 2 дуудлага ирсэн байсан. Миний гар утсыг хулгайлсан хүн утсыг манай ажлын газрын үүдэнд авч ирж тавьсан тухай цагдаагийн газрын алба хаагчид тухайн үед нь утсаар мэдэгдэж хэлсэн. Би өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд ажил дээрээ байтал миний гар утсанд 91814496 гэсэн дугаараас дуудлага ирсэн ба дуудлагыг авахад “та түр гараад ирээч эгч” гэж хэлэхээр нь би “чи ямар учиртай хүн юм бэ?, яах гээд хүн дуудаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нөгөө хүн “би таны гар утсыг хулгайлсан хүн байна, та түр гараад ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажпаасаа гарахад ажпын үүдэнд хүн байгаагүй ба би 91814496 гэх дугаар луу залгаад “чи хаана байгаа юм бэ?” гэж хэлэхэд нөгөө залуу “би замын эсрэг талд Зүчи төвийн дэргэд байна” гэж хэлээд утасны дуудлагаа тасалсан. Би зам хөндлөн гарч Зүчи төвийн дэргэд очиход миний гар утас хулгайлагдсан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 40 минутын орчимд эхнэрийнхээ хамт манай үсчний газарт орж ирээд би үсийг нь засаж өгсөн залуу зогсож байсан бөгөөд уг залуу “намайг уучлаарай эгч, би үсээ засуулчихаад танайхаас гарахдаа хаалганы дэргэд байрлах ширээн дээр байсан гар утсыг аваад явчихсан юм, таны гар утас гэдгийг би тухайн үед мэдээгүй, тэр ширээн дээр сууж байгаад босож явсан хүний гар утас гэж бодоод авчихсан юм. Таны утсыг аваад гэртээ очсны дараагаар цагдаагийн газраас мэдүүлэг авна гэж дуудсан. Тухайн үед би буруу юм хийсэн гэдгээ мэдээд таны утсыг үсчний газрын үүдэнд хүргэж тавьсан. Таныг гарч ирээд утсаа авах байх гэж бодоод би залгаад байсан юм. Залгаж байтал хүн гар утасны дуудлагыг авахаар нь би салгаад дахиж залгаагүй юм” гэж хэлээд уучлалт гуйсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

-2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрч О.Хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг Мишээл-1 үсчний газарт ажилладаг ба 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цагийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна манай үйл ажиллагаа явуулж байсан байрнаас хамт ажилладаг Хишгээ эгчийн СамсунгА50 загварын гар утас алга болчихсон. Тухайн үед манай ажилчид болон үйлчлүүлж байсан хүмүүс байсан. Би арын өрөөнд шивээс хийж байсан. Тэгээд бид нар гар утсыг хайгаад олоогүй, хөдөө амьдардаг нэг ах, эгч байсан бөгөөд тэд нар аваагүй гэж хэлсэн, тэгээд орой боллоо гээд тэд нар явчихсан юм. Бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй бол болохгүй гээд мэдэгдсэн. Түүний дараа 2 хоноод бүтэн сайн өдөр намайг ажпын байрандаа байхад утас дуугараад байсан, гоо сайхны өрөөн дотор миний өрөө байдаг бөгөөд гоо сайхны өрөөнд утас дуугараад байх шиг болохоор нь харахад байхгүй байсан, дахиад дуугараад байхаар нь харахад коридорт хаалганы хажууд сальфетикны /амны цаасны/ хайрцаг дотор хийчихсэн гар утас байхаар нь би уг гар утсыг аваад энэ гар утас хэний гар утас болох талаар асуухад манай ажлынхан Хишгээ эгчийн гар утас мөн байна гэж хэлсэн. Би гар утсыг ажлынхаа нэгэнд нь өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

 

-Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчийн Я.Нарантуяагийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 01 дүгээр сарын байдлаар ашиглаж байсан Самсунг-А50 загварын гар утас, иргэний үнэмлэх, шилэн наалт, хавтсан гэр, Хаан банкны виза картны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 453,300 төгрөг болохыг тодорхойлов” гэх 28 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

 

-2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би эхнэр Б.Цгийн хамтаар тус аймгийн Улаангом сумын төв рүү орж ирсэн бөгөөд тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Мишээл-1 үсчний газарт ойролцоогоор 13-14 цагийн үед байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна үсээ засуулсан. Манай эхнэр Б.Ц мөн үсээ засуулсан. Хаалганы хажуугийн ширээнд нэг эгч сууж байгаад гараад явчихсан. Би үсээ засуулж дууссаны дараагаар эхнэр удах шинжтэй байхаар нь би гараад хоол идчихээд ирье гэж хэлээд гарахаар явж байхад хаалганы хажуу талын ширээн дээр ногоон өнгийн хавтастай гар утас 1 ширхэг байсан, тэгэхээр нь би ширээний хажууд суусан эмэгтэйг орхичихоод явчихсан юм байна гээд аваад гараад явчихсан. Би гараад гуанзанд хоол идэж байхад манай эхнэр над руу залгаад энд үсчний гар утас алга болчихлоо гэж хэлсэн. Би яваад очиход миний үсийг засаж өгсөн үсчин эгчийн гар утас алга болчихлоо гээд хайж байсан. Надаас асуухаар нь би айж сандарсандаа аваагүй гээд худал хэлчихсэн. Би гаргаж өгч чадаагүй юм. Эхнэр бид хоёр гар утасны дугаараа үлдээчихээд явчихсан. Маргааш нь би эхнэрт “нөгөө гар утсыг чинь би авчихсан юмаа, өөр хүний гар утас гэж бодоод авчихсан, тэгтэл үсчний гар утас байсан юм байна шүү дээ, одоо яах вэ” гэхэд манай эхнэр Б.Ц надад уурлаад “чи наад гар утсаа яах гэж авч байгаа юм, чамд утас байхгүй биш, гар утастай байж илүү зүйл хийгээд, яаралтай хүргэж өг” гэж хэлсэн. Би эхнэртэйгээ харилцаад өөрөө ч гэсэн буруу зүйл хийснээ ухаараад хүргэж өгөхөөр болоод тэр өдрөө гэртээ хоноод маргааш нь Улаангом сумын төв ороод сүүгээ зарчихаад Мишээл-1 үсчний газрын үүд рүү ороод хаалга онгойлгоод тэр хэсэгт тавьчихсан. Тавьчихаад тухайн дугаар луу өөрийнхөө 88457710 дугаараас залгаад байсан. Тэгтэл үсчин эгч гар утсыг аваад “байна уу?” гэхээр нь би тасалчихсан юм. Түүний маргааш нь би Улаангом сум орохдоо ерөөсөө гар утасны эзэмшигчтэй уулзахгүй бол болохгүй, уулзаж уучлалт гуйя гэж бодоод очоод гар утсаар залгаад Зүчи худалдааны төвийн урд талын хэсэгт үсчин эгчтэй уулзаад “би таны гар утсыг авсан юмаа, намайг уучлаарай” гэж хэлэхэд “би чамайг авсан гэж бодоогүй” гээд тэр эгч уурласан. Тэгээд би уучлалт гуйхад “чи энэ хэргийг шалгаж байгаа цагдаагийн алба хаагчтай уулз, цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Гантулга гэх хүнтэй очиж уулзаад гар утас хулгайлсан болохоо хэлсэн. Үсчний газарт миний танидаг хүмүүс байсан, тэгэхээр нь би санаа зовоод гаргаж өгч чадаагүй юм. Ногоон өнгийн хавтастай мэдрэгчтэй дэлгэцтэй, Самсунг-А50 загварын гар утас байсан. Гар утасны хавтсанд иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт байсан өөр зүйл байгаагүй. Би хохирогчид учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Би гар утсыг буцаан өгсөн, уг гар утас нь дэлгэцний хэсэгт шилэн наалттай байсан, гар утсанд ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө: -2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр Б.М нь тус аймгийн Улаангом сумын нутагт хадам аав Б 4 дэх хүүхэд болж мэндэлсэн бөгөөд нэг ах, 2 эгч, нэг эмэгтэй дүүтэй. ...Б.М нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, мал маллах ажилдаа сайн, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, ямар нэг муу зуршилгүй, хүнд тусархуу зантай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, хүмүүстэй боловсон харилцдаг, урьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Аж амьдралын хувьд бид хоёр тус аймгийн Улаангом сумын 2 дугаар багт байнга оршин суух хаягтай, одоогоор Улаангом сумын 8 дугаар багийн нутагт түр оршин сууж мал маллаж амьдарч байгаа юм. Эдийн засгийн хувьд сарын тогтмол орлого гэх зүйл байдаггүй, одоогоор сард олгодог хүүхдийн мөнгө авдаг, цөөхөн тооны малтай, малынхаа ашиг шимээр амьдардаг, нөхөр бид хоёр эрхэлсэн ажил байдаггүй, мал маллаж малын ашиг шимээр амьдардаг,” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

-2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай төрсөн ах Б.М нь хүүхэд байхдаа аав, ээжийн үгнээс гардаггүй, цовоо сэргэлэн зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, ажилсаг, хөдөлмөрч, тусархүү хүүхэд байсан. Манай ах М нь хүүхэд байхдаа дуу дуулдаг, бүжиг бүжиглэдэг байсан, сургуульд байхдаа дуу, бүжгийн тэмцээнд удаа дараа орж шагналт байранд шалгарч байсан удаатай. Б.М ах монгол хэл, бичиг үсэг мэддэг, монгол хэлээр уншиж бичиж чаддаг, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, тус аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байнга оршин сууж амьдардаг, одоо Улаангом сумын 8 дугаар багийн нутагт байдаг тэндээ амьдарч байгаа, мал маллаж амьдардаг, эхнэр 2 хүүхдийн хамтаар оршин сууж амьдардаг, 2 охинтой. Б.М нь зан байдлын хувьд цовоо сэргээн, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, мал маллах ажилдаа сайн, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, ямар нэг муу зуршилгүй, хүнд тусархуу зантай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

 

-Хохирогч Ц.Хгийн Увс аймгийн Цагдаагийн газарт “Миний бие Ц.Х нь утсаа алдаж 2 хоногийн дараа М гээд энэ авч ирээд ажил дээр тавьчхаад утсаар ярьж уучлалт гуйсан. Миний утсанп ямар нэг гэмтэл гараагүй бүрэн бүтэн байсан учраас энэ залууд гомдолгүй” гэх өргөдөл (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл-1 нэртэй үсчний газраар үйлчлүүлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус үйлчилгээний төвд ажилладаг иргэн Ц.Хгийн эзэмшлийн Самсунг галакси А-50 загварын гар утас, утасны ар хэсэгт байсан Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 453,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан:

 

1. Хохирогч Ц.Хгийн “...Уг залуугийн үсийг засч дууссаны дараагаар би өөрийнхөө гар утсыг ширээн дээрээс авах гээд очтол миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь нөгөө өрөө рүү орж Алтанцэцэгээс утсаа асуухад “Таны утсыг би ширээн дээр тавьсан” гэж Алтанцэцэг хэлсэн. Тэгэхээр нь буцаж ширээн дээр очиж үзэхэд утас байхгүй байсан ажлын хүмүүс “Таны утас руу залгасан чинь холбогдох боломжгүй гэж байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар үсчний салон дотор миний гар утсыг хайсан боловч олдоогүй учир цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Миний хулгайд алдсан гар утас цайвар ногоон өнгийн хавтастай, шилэн наалттай, утасны ар тал нь гялтганасан гөлгөр цайвар гадаргуутай, утасны хүрээ нь хар өнгөтэй байсан. Утасны хавтсанд миний иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт байсан. Уг утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

 

-Хохирогч Ц.Хгийн “...Би өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд ажил дээрээ байтал миний гар утсанд 91814496 гэсэн дугаараас дуудлага ирсэн ба дуудлагыг авахад “Та түр гараад ирээч эгч” гэж хэлэхээр нь би “Чи ямар учиртай хүн юм бэ? Яах гээд хүн дуудаад байгаа юм” гэж хэлэхэд нөгөө хүн “Би таны гар утсыг хулгайлсан хүн байна. Та түр гараад ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажпаасаа гарахад ажпын үүдэнд хүн байгаагүй ба би 91814496 гэх дугаар луу залгаад “Чи хаана байгаа юм бэ?” гэж хэлэхэд нөгөө залуу “Би замын эсрэг талд Зүчи төвийн дэргэд байна” гэж хэлээд утасны дуудлагаа тасалсан. Би зам хөндлөн гарч Зүчи төвийн дэргэд очиход миний гар утас хулгайлагдсан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 40 минутын орчимд эхнэрийнхээ хамт манай үсчний газарт орж ирээд би үсийг нь засаж өгсөн залуу зогсож байсан бөгөөд уг залуу “Намайг уучлаарай эгч. Би үсээ засуулчихаад танайхаас гарахдаа хаалганы дэргэд байрлах ширээн дээр байсан гар утсыг аваад явчихсан юм. Таны гар утас гэдгийг би тухайн үед мэдээгүй. Тэр ширээн дээр сууж байгаад босож явсан хүний гар утас гэж бодоод авчихсан юм. Таны утсыг аваад гэртээ очсоны дараагаар цагдаагийн газраас мэдүүлэг авна гэж дуудсан. Тухайн үед би буруу юм хийсэн гэдгээ мэдээд таны утсыг үсчний газрын үүдэнд хүргэж тавьсан. Таныг гарч ирээд утсаа авах байх гэж бодоод би залгаад байсан юм. Залгаж байтал хүн гар утасны дуудлагыг авахаар нь би салгаад дахиж залгаагүй юм” гэж хэлээд уучлалт гуйхаар нь би ...“Чи надтай биш цагдаагийн газрын алба хаагчтай очиж уулз” гэж хэлээд тэр залууг явуулсан. Тухайн залуу нь өөрийгөө М гэж надад танилцуулсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

2. Гэрч О.Хийн “...Бүтэн сайн өдөр намайг ажпын байрандаа байхад утас дуугараад байсан, гоо сайхны өрөөн дотор миний өрөө байдаг бөгөөд гоо сайхны өрөөнд утас дуугараад байх шиг болохоор нь харахад байхгүй байсан, дахиад дуугараад байхаар нь харахад коридорт хаалганы хажууд сальфетикны хайрцаг дотор хийчихсэн гар утас байхаар нь би уг гар утсыг аваад энэ гар утас хэний гар утас болох талаар асуухад манай ажлынхан Хишгээ эгчийн гар утас мөн байна гэж хэлсэн. Би гар утсыг ажлынхаа нэгэнд нь өгсөн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

 

3. Шүүгдэгч Б.Мын “...Би үсээ засуулж дууссаны дараагаар эхнэр удах шинжтэй байхаар нь би гараад хоол идчихээд ирье гэж хэлээд гарахаар явж байхад хаалганы хажуу талын ширээн ногоон өнгийн хавтастай гар утас 1 ширхэг байсан, тэгэхээр нь би ширээний хажууд суусан эмэгтэйг орхичихоод явчихсан юм байна гээд аваад гараад явчихсан. Би гараад гуанзанд хоол идэж байхад манай эхнэр над руу залгаад үсчний гар утас алга болчихлоо гэж хэлсэн. Би яваад очиход миний үсийг засаж өгсөн үсчин эгчийн гар утас алга болчихлоо гээд хайж байсан. Надаас асуухаар нь би айж сандарсандаа аваагүй гээд худал хэлчихсэн. Би гаргаж өгч чадаагүй юм. Тэгээд тэр өдрөө гэртээ хоноод маргааш нь Улаангом сумын төв ороод сүү зарчихаад Мишээл-1 үсчний газрын үүд рүү ороод хаалга онгойлгоод тэр хэсэгт тавьчихаад тухайн дугаар луу өөрийнхөө 88457710 дугаараас залгаад байсан. Тэгтэл үсчин эгч гар утсыг аваад байна уу? гэхээр нь би тасалчихсан юм” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас) тус тус нотлогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.

 

Шүүгдэгч Б.М нь хохирогч Ц.Хгийн гар утсыг түүнд мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх тул “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Хд 453,300 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаартай хөрөнгийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)-ээр нотлогдсон бөгөөд хохирогч Ц.Х нь “гар утсаа буцаагаад авсан, ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан. Миний хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх өргөдөл (хавтас хэргийн 69 дүгээр хуудас) гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагджээ.

            2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанХулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

            Шүүгдэгч Б.Мын хувийн байдлын талаар гэрч Б.Цгийн “Манай нөхөр Б.М нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, мал маллах ажилдаа сайн, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, ямар нэг муу зуршилгүй, хүнд тусархуу зантай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, хүмүүстэй боловсон харилцдаг, урьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), гэрч Б.Бийн “...Зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, ажилсаг, хөдөлмөрч хүн юм. Манай ах Б.М нь 20 гаруй үхэртэй, малынхаа ашиг шимээр амьдардаг, бог мал гэх зүйл байдаггүй, 6 ишиг байдаг, 1 тооны морьтой, 8 ханатай монгол гэр 1 ширхэг байдаг, Мустанг-5 загварын хар хөх өнгийн мотоциклтой, цагаан өнгийн портер загварын автомашинтай, сарын тогтмол орлогогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Б М /ОЮ99072035/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 8 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 71 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын Хоёрдугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Улаангом сумын 2 дугаар багийн иргэн Батсүх овогтой М нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тус багт оршин суудаг. Б.М нь өрхийн амьжиргааны түвшин 3 дугаар түвшинд эмэрбэлэгдсэн. 2022 онд хонь-20, ямаа-70, адуу-10, үхэр-50, нийт 150 мал тоолуулсан. Б.М нь муу зуршилгүй төлөв даруу, багаас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог манлайлагч залуу юм” гэх 37 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Мт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

            Бусад хариуцлагын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ургийн овогт Б Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт хорих ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Мт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг шүүгдэгчийн оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН