Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 57/2022/0005/Э |
Дугаар | 2022/ШЦТ/08 |
Огноо | 2022-01-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
ТГЭХ ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А-т холбогдох эрүүгийн 2140000590077 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.А нь .................. аймгийн .................. сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 7 цагийн орчим эмнэлгийн 1 давхарт байрлах гал тогооны өрөөнд орж эмнэлгийн ажилтан Н.А-гийн мах эвдэж байгаад хажуудаа тавьсан хутгыг авч, чамайг ална гэж дайрч, эмнэлгийн ажилчид зугтаахад тус өрөөнд мах эвдэж байсан Ц.Э-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний баруун цээж хэсэгт хутгалж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Н.Э-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...унтаж байтал сумын эрүүл мэндийн төвийн нярав М.Э 2021 оны 07 дугаар сарын 09-ний 05 цаг өнгөрч байхад орж ирээд 3 хонины гулууз эвдээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд эрүүл мэндийн төвийн 1 давхарт 3 хонио эвдээд дуусч байтал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан А ах гарч ирээд эрүүл мэндийн төвийн үйлчлэгч А-ийн хажуу талаас хутга авахад нь Э эмч, Э нар хутгаа өгчих гээд гуйгаад байхад өгөөгүй. Тэгээд тэндээс алнаа гээд А дайрахад эмнэлгийн ажилчид зугтаагаад, би жижиг өрөөнд үлдсэн. Махаа хийж байхад үгийн зөрөөгүй баруун цээж хэсэгт хутгалсан, хутгалаад дахиад хутгалах гээд байхаар нь гарнаас барьж аваад цусаа гоожуулаад ноцолдож байгаад эмнэлгийн хаалгаар гаргаад би өөрөө зугтаахад А урагшаа явж байсан. Тэгээд би эмнэлэг рүү орж баруун цээжин хэсэгт 4 оёдол тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/
-Хохирогч Н.Э-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
-Гэрч М.Э-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 05 цагийн орчимд Э-ийн гэрт очоод “Эгчдээ гулууз мах эвдээд өгөөч, өртөг хөлсийг нь өгөе” гээд гуйгаад эмнэлэг дээр авч ирээд 3 гулууз мах эвдээд Э, Абид гурав байж байтал тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан А бид нарын хажуугаар гараад буцаж орж ирэхдээ гал тогооны өрөө рүү орж байхаар нь тогооч А “Та хаашаа орох гэж байна” гэж асуухад “Би өрөө рүүгээ орж байна” гэхээр нь А хариуд нь “Энэ танай өрөө биш гал тогооны өрөө” гээд гаргаж явуулахад төд удалгүй буцаж ирээд бид нарыг хараад зогсож байсан ба тогооч А хааны мах эвдэж байгаад модон иштэй ахуйн хэрэглээний хутга хажуудаа тавихад А гэнэт шүүрч аваад хойш ухарч байхаар нь “Найз яах гэж байгаа юм бэ? найз тэгж болохгүй, хутгаа өгчих, найзынхаа үгэнд ор доо” гэж хэлэхэд “Чамайг ална” гээд дайрахаар нь би гараад зугтаасан. Гарахдаа “Э эмчээ А хутга авчихлаа” гэж хэлсэн. Тэгээд араас удалгүй Э гарч ирээд намайг хутгалчихлаа гэхээр нь би шууд цагдаа руу яарч гүйж очиж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
-Гэрч Н.А-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өглөө гэртээ унтаж байхад 05 цаг 30 минутын үед эмнэлгийн нярав М.Э манайд махны хил авъя гээд ирсэн. Тэгээд бид 2 манай гэрээс гараад эмнэлэг явсан, очиход Э няравын өрөөний үүдэнд мах эвдээд сууж байсан. Бид гуравыг цуг байж байхад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан А 2 давхраас бууж ирээд эмнэлгийн гадаа тамхи татаад эргээд өрөө рүүгээ орсон. Ойр ойрхон бууж ирээд бид гуравын хажуугаар хэд хэдэн удаа гарч ороод байсан. Бид 3 мах эвдээд байж байхад А эмнэлгийн гаднаас орж ирээд эвдэж байсан махны хажууд байсан хүрэн бариултай хутгыг булааж аваад эмнэлгийн 2 давхар руу гараад эргээд бууж ирсэн. М.Э болохгүй А хутгаа надаа өгөө гэж хэлсэн чинь чамайг ална гэж дайрсан, нярав эмнэлгийн зүүн талын хаалгаар гараад явсан. Би гал тогооны өрөө рүү орсон. Э няравын өрөө рүү орсон. Удаагүй байж байтал Э ахаа та намайг аллаа шүү дээ гээд ноцолдоод эмнэлгийн зүүн талын хаалгаар гадаа гарсан. Би эмнэлгийн урд талын хаалгаар гараад эмнэлгийн зүүн талаар тойроод очиход А, Э-ийн цээж рүү хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №348 тоот:
1.Ц.Э-ийн биед цээжний баруун талд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,
-Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 9-12/,
-Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот шинжилгээний дүгнэлтэд “...Д.А нь хэрэг болох үед DS:F10.4 Ухаан дэмийрэн баларталт бүхий шартах хам шинжтэй, өөрийн ухамсарт ухаан алдагдалтай байсан тул сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 дүгээр хуудас/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №820 тоот: “1.Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна. Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэл багатай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-67 дүгээр хуудас/
-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №1047 тоот:
1.Д.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан.
2.Д.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа буюу одоо хэрэг хариуцах чадвартай байна.
3.Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай “хэрэг хариуцах чадваргүй” гэсэн нь Д.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт тул үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 162-165/
-Шүүгдэгч Д.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Д.А нь Хэнтий аймгийн Галшар сумын төвд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 7 цагийн орчим хохирогч Ц.Э-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний баруун цээж хэсэгт хутгалж, хохирогчийн цээжний баруун талд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Э, гэрч М.Э, Н.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №348 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ архины идэвхтэй хараат байдал бүхий сэтгэцийн эмгэгтэй, сэтгэцийн хувьд DS:F10.4 ухаан дэмийрэл баларталт бүхий шартах хам шинжтэй, болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байсан нь Хэнтий аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн № 26 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ.
Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Н.Э-ийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №348 тоот шинжээчийн дүгнэлтээр Н.Э-ийн биед цээжний баруун талд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан буюу хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.А-т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.А-т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №348 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Н.Э нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгч Д.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Д.А өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 115/
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Д.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 1 сарын хугацаагаар хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №1047 тоот “Д.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан. Д.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа буюу одоо хэрэг хариуцах чадвартай байна. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай “хэрэг хариуцах чадваргүй” гэсэн нь Д.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт тул үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан боловч одоо хэрэг хариуцах чадвартай болсон нь тогтоогдож байна.
Гэвч шүүгдэгч Д.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №820 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Д.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэл бага болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №820 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж, 7.4 дүгээр зүйлийн 9-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, согтуурах, мансуурах донтой байдлыг харгалзан сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-д “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно” гэж заасан.
Иймд шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан тул ял оногдуулахгүйгээр сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгчид хэрэглэсэн сэтгэл засал хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 1 сарын хугацаагаар хэрэглэхийг тогтоож, шүүгдэгч Д.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгах нь зүйтэй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-240/А/369 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих журам”-д заасны дагуу шүүгдэгч Д.А-т холбогдох хэргийн шийтгэх тогтоол, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтийн хамт албадан эмчлэх эмнэлэгт хүлээлгэн өгөхийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 28 см урттай, ажлын хэсгийн урт 16 см, бариул 12 см урттай ахуйн зориулалтай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шүүгдэгч Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т хэрэглэсэн сэтгэл засал хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 1 /нэг/ сарын хугацаагаар хэрэглэхийг тогтоосугай.
4.Шүүгдэгч Д.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 28 см урттай, ажлын хэсгийн урт 16 см, бариул 12 см урттай ахуйн зориулалтай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.
6.Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ