Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Э-т холбогдох 2240000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, яс үндэс халх, 29 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Э

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө 00 цагийн үед согтуугаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” баарны гадна Б.У-тай маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь цохиж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.У-ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ш, О гэдэг хоёр найзынхаа хамт Сэнгүр нэртэй 2.5 литрийн шар айрагнаас 2 ширхгийг хувааж уусан. Хувааж ууж дуусаад 20 цаг өнгөрөөгөөд Гуа тээг баар руу гурвуулаа орсон. Гуа тээг баар ороод гурвуулаа нэг нэг шил шар айраг уусан. Гуа тээг дотор Бор-Өндөр сумын Э.Э ах сууж байхаар нь сайн байна уу ах гэсэн сайн сайн гэж байсан. Тэгээд Гуа тээгээс гарч тамхи татсан. Тамхи татаж байх үед Э.Э ах зүгээр зогсож байгаад гэнэт намайг нэг удаа цохиод авахаар нь ах яаж байгаа юм бэ гэсэн манай О гэдэг найз голоор ороод салгасан. Тэгээд бид гурав зодоон болно явъя гээд манай гэр рүү явсан. Манай гэрт очоод Сэнгүр нэртэй 2.5 литрийн шар айрагнаас 3 ширхгийг хувааж уусан. Тэрийгээ гэрт ууж дуусаад ахиад шар айраг авах гээд Ш-ийн хамт Хаан банкны бэлэн мөнгөний машин орох гээд явсан. Гэрээс гараад Гуа тээгийн хажуугаар явж байх үед Гуа тээгийн үүдэнд Э.Э ах зогсож байхаар нь очсон. Намайг очоод удаагүй байхад миний толгой руу юмаар цохьсон, би юугаар цохьсон гэдгийг нь хараагүй мэдэхгүй байна. Миний толгой руу цохисны дараа толгойноос цус гарахаар нь цагдаад ирж хэлээд эмнэлэг орж үзүүлсэн. Миний толгойн зүүн талд язарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/

-Хохирогч Б.У-ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн:...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08/

-Гэрч Ц.Д-ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...Манай нөхөр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр найз Н.Б-ын хамт Arkhiнэртэй 0.75 литрийн архийг хоёулаа хувааж уусан. Тэр архиа ууж дуусгаад Гуа тээг бааранд очиж караокед орж дуулцгаасан. Караокед дуулах үед С.Э нэмэгдэж ирээд нэмж 0.75 литрийн архинаас нэг ширхгийг уусан. Караокены өрөөнөөс гараад зааланд ширээн дээр сууцгаасан. Зааланд суухын өмнө бид 4 дөрвүүлээ Гуа тээгээс гарч үүдэнд нь тамхи татсан. Тамхи татаж байх үед Б.У хаалганы хажууд зогсож байгаад чи хэний хүүхэд вэ гээд Э.Э-ийн өөдөөс олон юм яриад байсан. Тэгсэн Э.Э юм хэлэхгүй байж байгаад арагш нь түлхээд унагасан. Түлхээд унагасан араас нь хүрэн пальтотой залуу ирээд Э.Ээй муудалцсан. Гадаа муудалцаж маргалдаж байгаад болиод хүрэн пальтотой залуу ахаа уучлаарай гээд Э.Ээс уучлалт гуйсан. Б.У хажуунаас нь хүн рүү залгаад та нар араа дааж чадах уу гээд хүн рүү утсаар залгаад байсан. Тэр хүн нь утсаа аваагүй. Тэгээд Гуа тээг баар руу орцгоож сууцгаасан. Бааранд сууж байгаад баар хаах болохоор нь би машинаа асаах гээд түрүүлээд гарсан. Түрүүлж гараад машинаа асаагаад машин дотроо сууж байсан. Э.Э, Б.У, пальтотой залуутай цуг гарч ирээд Гуа тээгийн баруун талын эвдэрхий байшингийн буланд хоорондоо зодолдсон. Би зодолдохоор нь машинаасаа буугаад очиж салгасан. Салгах үед Гуа тээгийн зөөгч М ах гарч ирж салгасан. Би тэр хэдийг салгачихаад эргээд харсан Н.Б зогсож байхаар нь очсон. Н.Б дээр оччихоод эргээд харсан Э.Э, Б.У-ын толгой руу цохьчихсон толгойноос нь цус гарчихсан байсан. Би Э.Э-ээс юу болсон талаар асуухад цохьсноо мэдээд, юугаар цохьсон гэдгээ мэдэхгүй байсан. Энэ үед С.Э бас цуг хараад байж байсангэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

-Гэрч Б.О-ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:Би Б.У-ын гэрт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэнгүр нэртэй 2.5 литрийн шар айраг 2 ширхгийг Ш, Б.У нарын хамт хувааж уусан. Тэр шар айрагнуудаа ууж дуусаад 21 цагийн үед Гуа тээг баар орсон. Гуа тээг бааранд гурвуулаа шил шар айраг авч уусан. Гуа тээгийн зааланд шар айраг ууж байгаад тамхилах гээд гарцгаасан, үүдэнд тамхи татаад зогсож байх үед Э.Э Гуа тээг баарнаас гарч ирээд Б.У-ыг шууд нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би голоор нь орж салгасан. Намайг салгаж байх үед Э.Э ах та нар намайг мэдэх үү, чатын Б гэж мэдэх үү гээд орилоод байсан. Би тэр хүнийг өмнө харж байгаагүй. Тэгээд муудахаа болиод салаад Б.У-ын гэр рүү явсан. Б.У-ын гэрт очоод шар айраг дуусчихаар нь ахиж шар айраг авах гээд Б.У, Ш нар Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд ирэхгүй байж байгаад 01 цагийн үед ирсэн. Гэрт ирэхдээ Б.У-ын хувцас цус болчихсон байхаар нь хэн ийм болгосон юм гэсэн. Нөгөө Э.Э ах чинь намайг цохьчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

-Шүүгдэгч Э.Э-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Ц.Д, найз Н.Б-ын хамт гэртээ “Arkhi” нэртэй 0.75 литрийн архинаас хоёр ширхгийг хувааж уусан. Тэр архинаас манай эхнэр уугаагүй би найзтайгаа хоёулаа л хувааж уусан. Гэрт архиа ууж дуусгаад 20 цагийн үед гэрээс гарч Гуа тээг бааранд очсон. Гуа тээг баар ороод караокед нь 1 цаг дуу дуулсан. Тэнд сууж байх үедээ найз С.Э-г дуудаж цуг суусан. Караокед нэг цаг суучихаад зааланд нь ороод Edenнэртэй 0.75 литрийн 1 шил архи аваад баруун талын урд талаасаа хоёр дахь ширээнд дөрвүүлээ суусан. Тэгээд ширээндээ архи уугаад сууж байх үед хажуу талын ширээнд гаднаас Б.У, шар пальтотой нэг залуутай хамт орж ирээд хажуу талын дүү нарын ширээг нь цохих шиг болохоор нь би ширээнээсээ босч очоод чи одоо яагаад байгаа юм гэсэн. Б.У-тай хамт явж байсан залуу нь намайг гараад ир, хоёулаа зодолдъё гэхээр нь цуг гарсан. Бид хоёр Гуа тээг баарнаас гараад ярилцаад хоорондоо муудалцаж зодолдоогүй. Тэгээд орой 00 цаг өнгөрөөд Гуа тээг баар хаасан. Баар хаахаар нь баарнаас бөөндөө гарцгаасан. Би Б.Уай хамт явж байсан залуутай гарснаас хойш зарим зүйлийг бүдэг санаж байна. Би Гуа тээг баарнаас бөөндөө гарснаас хойш юу болсон талаар огт санахгүй байна. Би гадаа зогсож байгаад Б.У-ын толгой руу юмаар цохьсон. Би хаана байсан юугаар толгойг нь цохьсон гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд Гуа тээг баарны гаднаас Б.У би цагдаа руу явлаа, цагдаад өгнө гэж хэлсэн. Намайг эхнэр түшиж яваад машинд суулгаад аваад явсан. Гэр рүүгээ явах замд цагдаа зогсоож жижүүртэй орж уулзаад явсан. Гэр рүү явах замд эхнэр машин бариад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                1.Б.У-ын биед толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/

                        - Шүүгдэгч Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би Б.У-ын толгой руу цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин юугаар толгой руу нь цохьсоныг мэдэхгүй байна. Б.У-ыг зүс мэднэ. Нэрийг нь мэдэхгүй. Баарны гадна муудалцсан. Эмчилгээний зардал 60.000 төгрөгийг Б.У-т өгсөн. Өөр зүйл нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

  Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Э.Э нь “2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө 00 цагийн үед согтуугаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” баарны гадна хохирогч Б.У-тай маргалдан, улмаар түүний толгойн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.У, гэрч Ц.Д, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №22 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

 Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №22 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.У-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Энь хохирогч Б.У-ын толгойн хэсэгт цохиж гэмтэл учруулах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан байдал нөлөөлсөн бөгөөд хохирогч Б.У-ын биед толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Б.У-ын биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх мэдүүгийг өгсөн байх тул шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогчид 60000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 62/

            Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Шүүгдэгч Э.Э-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрвөн) сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ