Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2022/0010/Э |
Дугаар | 2022/ШЦТ/10 |
Огноо | 2022-02-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/10
амыба
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157ыӨЫАЫЫЫЫ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Г-т холбогдох эрүүгийн 2240000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, яс үндэс халх, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, О.Н.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Н нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагийн орчимд О-ийн гэрт хохирогч Л.А-ийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь доод үүдэн баруун 2-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстын язрал бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Л.А-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд О-ийн гэрт Б.Х-ийн хамт мах идээд сууж байтал гаднаас Н.Горж ирээд “Миний архийг чи уусан байна” гэхээр нь “Би тэрийг мэдэхгүй байна 0.5 литрийн савлагаатай Ерөөл нэртэй архи байхаар нь уусан” гэж хэлтэл “Чи миний архийг уудаг яасан том хүн бэ?” гэж хэлж ирээд миний уруул хэсэгт 1 удаа цохьсон. Тэгээд миний амнаас маш их цус гоожихоор нь цусаа гараараа тосоод гараад явсан. Тэгтэл миний 1 шүд угаараа унасан байсан ба хажууд талын хоёр шүд хөдөлсөн байсан. Тэгээд цусаа арилгаад буцаж гэрт нь ороод “Чи намайг цохиж миний 1 шүдийг хугалж, 2 шүдийг маань хөдөлгөсөн байна, гарч ирээд эр хүн шиг уулзая” гэхэд гарч ирэхгүй байхаар нь машинд суугаад манай эгчийн хүүхэд А-ийн гэр рүү хүргүүлсэн. Тэнд очиход А миний амийг ангайлгаж байгаад зураг дарж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/
-Хохирогч Л.А-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин өгсөн: “...Яг тухайн үед Х гэрт байгаагүй. Би урьд өдөр нь Б-ийн машинд байсан 0.5 граммын архийг уусан байсан. Харин тэр өдөр архи уугаагүй байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Гэрч А.А-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “О-ийн гэрээс ирлээ гээд 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад Л.А ax “Би Н.Г-т цохиулаад 1 шүдээ хугалуулж, 2 шүд хөдөлж, уруул язарчихлаа” гээд ирсэн. Тэгэхээр нь би тухайн байгаа байдлын талаар өөрийн Самсунг Жи-7 маркийн гар утсаар 2 кадр зураг дарж баримтжуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/
Гэрч Г.Г-ын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “О гэх айлд очиход 16-17 цагийн үед Г, А хоёр сууж байсан гэрт нь ороод юм яриад сууж байтал А-ийг Г нэг цохиж-байгаа харагдсан. Тэгээд А шүд цохичихлоо амнаас нь цус гарч байхаар нь би А-ийг гэрээс аваад гарсан. Баруун талын Б-ийн гэр рүү оруулаад би гэр рүүгээ эхнэртэйгээ хоёулаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Б.Х-ын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны 16-17 цагийн орчимд Б ахтай юм яриад сууж байхад А хөгшин нь цохиулчихлаа гээд орж ирсэн. Амнаас нь жоохон цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд би нүүр амаа угааж цусаа арилга гээд гар дээр нь ус хийж өгсөн А шүд эвгүй болчлоо гээд ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч Н.Э-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “Тухайн өдөр 16 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр малдаа явангаа О-д очиход Г, А хоёр байсан. Тэгээд юм яриад сууж байтал Г миний төрсөн дүү А-ийн нүүрэн дундуур нь нэг л цохих шиг болсон. Г хөөе юу болоод байгаа юм бэ гээд тэр хоёрыг салгасан. А-ийг аваад хажуу айл руу оруулж өгсөн”гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
-Гэрч Ж.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би тэр өдрийн өглөө эрт үхэртээ яваад орой нар шингэж байхад үхрээ туугаад ирсэн, намайг гэртээ ирэхэд манайд хүн байгаагүй, сүүлд сонсоход манайд Г, Э, А нар сууж байхад Г орж ирээд А-ийг цохьчихсон гэж Б надад хальт хэлсэн юм. Тэрнээс бол тэр өдөр яг юу болсныг огт мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Л.А-ийн биед доод үүдэн баруун 2-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстын язрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна.
5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/
-Шүүгдэгч Н.Г-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Огэх айлаар зүгээр хэсээд гэрт нь орсон. Гэрт ороход Э эгч, Г ах, А нар сууцгааж байсан. Би гэрт нь орж суугаад А-аас “Чи яагаад миний захисан архийг уучихаж байгаа юм бэ?” гэж асуухад А “Чи ямар сүртэй писда вэ?” гэхээр нь гэнэт миний уур хүрээд зүүн гараараа А-ийн уруул, шанаа хэсэгт нь 1 удаа цохьсон. Намайг цохьсны дараа уруул нь язарчихсан, цус гарч байсан. А намайг цохичихлоо, чи гараад ир гэхээр нь би гарах гэсэн Э эгч, Г ах хоёр битгий гар гэхээр нь би гэрээс гараагүй. Аяваад өгсөн. Би О-ийн гэрт удалгүй гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
- Шүүгдэгч Н.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би Л.А-ийн шанаа хэсэг рүү нэг удаа цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Г нь “2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагийн орчимд О-н гэрт хохирогч Л.А-ийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь доод үүдэн баруун 2-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстын язрал бүхий гэмтэл учруулж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.А, гэрч А.А, Г.Г, Б.Х, Н.Э, Ж.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №25 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №25 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.А-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь хохирогч Л.А-ийн нүүрэн тус газар гараараа цохиж гэмтэл учруулах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн бөгөөд хохирогч Л.А-ийн биед доод үүдэн баруун 2-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстын язрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Г нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Г нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.А-ийн биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Л.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүхээс шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Г өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 62/
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Н.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ