Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00069

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

ТАТХ-холбогдох

Тус хэлтсийн даргын 2018.10.18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн төлөөлөгч З.А, өмгөөлөгч З.Б, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус хэлтэст жолоочоор ажиллаж байсан. З.Амгалан дарга ажилд томилогдож ирээд 2018 оны 5 сараас намайг жижүүрээр ажиллуулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр жижүүр хийж байхад 17.30 цагийн үед хэлтсийн дарга З.Амгалан чамайг ажлаас чөлөөлж байна гээд дараагийн жижүүрийг дуудан ажил авсан. Миний хувьд алдаа дутагдал гаргаж сахилгын зөрчил авагдаж байгаагүй учраас яагаад халагдах болсон шалтгааныг ойлголгүй ажлаа өгсөн. Хөдөлмөрийн гэрээг анх жолоочоор ажилд орохдоо байгуулсан, жижүүрээр шилжүүлэн ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаал танилцуулаагүй. Хууль бусаар үндэслэлгүй ажлаасаа халагдсанд гомдолтой байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өнгө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн дарга З.А-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2015 онд анх Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар ирсэн. Ажиллаж байх хугацаандаа жолооч ажиллуулж байгаагүй. Яагаад гэвэл жолооч өдөр бүр хөдөө орон нутагт явдаггүй. Нэгэнт жолоочийн хэрэг байхгүй тул жолоочийн орон тоон дээр татварын мөнгө хураагч ажиллуулж байсан. Энэ талаараа даргын зөвлөлийн хурлаар оруулж байсан. Ингээд Б.Б-ын хувийн амьдралын байдлыг харгалзаад улмаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр түүнийг жижүүрээр 3 сарын хугацаагаар томилсон. Энэ нь төсвийн хөрөнгийг үр дүнтэй хэмнэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Б.Б- нь жижүүрээр ажиллаж байх хугацаандаа ажилдаа ирсэн хүнийг ирээгүй гэх, ирээгүй хүнийг ирсэн гэх байдлаар ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж байсан. Энэ талаар удаа дараа хэлж байсан. Миний бие ажлын байрандаа гэнэтийн шалгалт хийхэд тухайн өдөр Б.Б- ажлын байрандаа байгаагүй. Бүтэн 1 цаг алга болсон. Үүнийг утсанд бичлэг хийх байдлаар баталгаажуулсан. Ийм учраас түүнийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Б-ыг Төв аймгийн Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 1.514.030 /нэг сая таван зуун арван дөрвөн мянга гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ТАТХ-даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ыг Төв аймгийн Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 1 514 030 /нэг сая таван зуун арван дөрвөн мянга гучин төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай гэж , тогтоох хэсгийн 3,4, 5,6,7-гэснийг 2, 3, 4, 5, 6 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн татварын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн дарга З.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Б.Б- нь 2016.12.15-ны өдрөөс жолоочоор ажиллаж байсан бөгөөд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр түүнтэй 2018.05.04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу жижүүрийн ажлын байранд ажиллах болсон. Ийнхүү жижүүрээр ажиллуулсантай холбогдуулан тэрээр өөр ажилд буруу шилжүүлсэн гэх гомдлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор харьяалах газарт нь хандаж шийдвэрлүүлж байгаагүй бөгөөд гэнэт ажиллуулсан, гэрээ огт байгуулж байгаагүй мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Б- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жижүүрийн ажил, албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд тэрээр 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байраа эзэнгүй орхиж явсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “...тухайн байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой буюу байгууллагын өндөр настнуудын ногоо савлах ажилд тусалсан байх...”, “...Б.Б-ын ажлын байранд байгаагүй нь ялимгүй хэлбэрийн төдий зөрчил байх бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4-д заасан заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил" гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Жижүүр нь ажлын байрны бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Татварын хэлтсийн нягтлан бодогч Л.Баярмаа, жижүүрийн ээлжгүй байсан Б.Б-, Я.Ганхүү нар Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар очиж, тус байгуулагын Зуунмод суманд харъяалагдах 11 өндөр настанд өгөх ногоог савлан ажлын байранд авчирсан бөгөөд энэ нь 1 цаг орчим хугацаа зарцуулсан байдаг бөгөөд дахин очих шаардлага байгаагүй. Гэтэл Б.Б- сайн дураар ажлын байраа орхин Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар очиж ногоо савласан гэх тайлбар нь Төв аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаатай хамааралгүй болно. Б.Б- тухайн өдөр жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ажлын байр буюу тус хэлтсийн байрыг эзэнгүй орхиж явсан болох нь түүний өөрийнх нь тайлбар, гар утсан дээр хийгдсэн бичлэг, уг бичлэгт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч А.Цолмон, Д.Энхбаатар нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах”, 3.6-д “байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан нь эргүүл шалгалтаар илэрсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар нэрлэн зааж тохиролцсон. Татварын өрөнхий газрын нийт орон тоог Сангийн яамнаас 1823-аар баталсан ба улсын хэмжээнд орон тооны илүүдэлтэй байгаа гэх шалтгаанаар ТАТХ-захиргаа хариуцсан ахлах ажилтан, хүний нөөцийн ажилтан томилогдоогүй байгаа тул гэнэтийн шалгалт хийсэн. Мөн сонсох ажиллагаа хийсэн баримт хэрэгт байгаа болохыг дурьдах нь зүйтэй. Б.Б-ын ажлын цагийг хөдөлмөрийн гэрээнд “ердийн ажлын өдрийн үргэлжлэл 24 цаг, ердийн ажлын өдөр 9 цагт эхэлж дараа өдрийн 9 цагт дуусна. Долоо хоногийн ажлын өдөр 2 хоног 48 цаг байна.” гэж заасан байх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр нь Б.Б-ын 24 цагаар ажиллах ажлын өдөр байсан. Б.Б- нь жижүүрээр ажиллаж ажлын өдрөө буюу 24 цагаар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 2.17-д “Ажлын цагаар ажлын байрыг сул орхин явахгүй байх” гэсэн үүргээ биелүүлээгүй байгууллагын эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, элдэв халдлагаас сэргийлэх үүргээ биелүүлэлгүй хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ажлын байрыг орхиж явсан нь түүнийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон. Анхан шатны шүүх Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь “...эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хуульд нийцсэн байх ёстой” гэжээ. Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд түүний зөрчлийг нэрлэн заагаагүй боловч ажлын байраа орхиж явсан ажилтны гаргасан сахилгын зөрчил нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байна. Хэдийгээр ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд түүний гаргасан зөрчлийг шүүхийн шийдвэрт тусгасанчлан ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж, чанар, үр дагаврыг зайлшгүй бичих шаардлагатай” гэх байдлыг тусгаагүй ч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар тусгасан сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдож байгаа тул энэ нь Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй юм. Дээр дурьдсанчлан Татварын ерөнхий газрын хэмжээнд орон тооны илүүдэлтэй байгаа учир орон тооны жижүүр ажиллуулж байгаа 12 албаны 40 орон тооны жижүүрүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 01-нээс чөлөөлж, гэрээт харуулаар гүйцэтгүүлэх чиглэл ирсний дагуу тус хэлтсийн орон тооны 3 жижүүрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан болно. Цаашид Татварын хэлтэст жижүүрийн орон тоо байхгүй, гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажиллана. Түүнчлэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговор нэхэмжилсэн шаардлагынхаа эрх зүйн үндэслэлийг тодруулаагүй, тодруулбал хэдийгээс хэдий хүртэлх хугацааны олговор нэхэмжилсэн нь тодорхойгүй байхад шүүх өөрийн санаачилгаар Б.Б-ын цалин хөлсийг тодорхойлсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжих учиртай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрөө нотлох баримтаар нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгчийн тодруулаагүй шаардлагыг шүүх санаачилгаараа шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар ногдуулсан үүргийг түүний өмнөөс хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б- ТАТХ-холбогдуулан тус хэлтсийн даргын  2018.10.18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх “...тушаал хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, ...тушаал хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангасныг хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

“...Б.Б- ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон атал түүнийг ажилд эгүүлэн тогтоосон нь буруу, ...ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлээ нэхэмжлэгч тодруулаагүй байхад шүүх санаачилгаараа шийдвэрлэсэн, ...тус байгууллага орон тооны илүүдэлтэй байгаа, ...жижүүрийн орон тоо байхгүй ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2018.10.18-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна гэж, уг асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулахаар магадлалд заасан нь үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Б.Б- хөдөлмөрийн гэрээний дагуу ТАТХ-жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байгаад тус хэлтсийн даргын 2018.10.18-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаас халагджээ. Ажил олгогчийн Б/39 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэсэн боловч тушаалд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эдгээр хуулийн зохицуулалтад заасан тухайлсан ямар зөрчлийг Б.Б- хэзээ, хэрхэн гаргасныг тодорхойлон заагаагүй нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч зөвхөн энэ үндэслэл нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. 

Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтэс нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа Б.Б- нь хөдөлмөрийн гэрээний 3.4-т “ажлын байраа орхин явсан” ноцтой зөрчлийг  гаргасан гэж тайлбарлаж, зохигч энэ хүрээнд мэтгэлцсэн байх тул зохигчийн хооронд үүссэн уг маргааны зүйлийн эрх зүйн үндэслэлд шүүх дүгнэлт хийнэ.

Б.Б- 2018.09.29-ний өдөр /бямба гариг/ ажил үүргээ гүйцэтгэхдээ 1 цагийн хугацаанд ажлын байраа орхисон нь тогтоогдсон боловч түүний энэхүү үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 3.4-т заасан ноцтой зөрчилд хамааруулах үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Тухайлбал, уг хугацаанд Б.Б- байгууллагын өндөр настнуудын ногоо савлах ажилд тусалж, ажлын байрандаа байгаагүйг байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц, сөрөг үр дагаварыг үүсгэсэн, ажлаас шууд халах хангалттай үндэслэл буюу ноцтой зөрчил гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтын агуулгад нийцэхгүй гэж үзснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд Б.Б-ыг ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

3. Б/39 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.5-д заасныг үндэслэсэн хэдий ч тухайн зохицуулалтад заасан ямар зөрчлийг нэхэмжлэгч гаргасан талаар хариуцагч тайлбарлаагүй тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэлдээ “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэж тодорхойлж, нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар гаргаж, шүүх хуралдаанд энэ шаардлагаа дэмжсэн байна.

Ажилтанг ажлаас үндэслэлгүйгээр халсан бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох үүргийг ажил олгогч хүлээхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан байна.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговорт 1.514.030 төгрөг  гаргуулахдаа хууль, баримталбал зохих Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөрчөөгүй байна.

5. Хариуцагч гомдолдоо, “...тус байгууллага орон тооны илүүдэлтэй байгаа, ...жижүүрийн орон тоо байхгүй, гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай гэрээ байгуулж ажиллана,..” гэж заасан нь зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ