Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр

           Дугаар

  128/ШШ2020/0031

               Улаанбаатар хот

                       

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Б даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.М, Д.М,

Нэхэмжлэгч: “ҮАК” ХХК

Хариуцагч: ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц.

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* тоот актын “Тогтоох” хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63,77,9900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар, 1.3-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар”-ыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Б.М, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, иргэдийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Унар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ҮАК” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нар нь манай компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* тоот актаар 358.518.495.9 төгрөгийн зөрчилд нийт 63.167.110.4 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан байдаг.

Манай компанийн зүгээс дээрх актын зарим хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор 26.279.830.2 төгрөгийн торгууль, 18.104.247.5 төгрөгийн алданги, нийт 44.384.077.7 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэгдэл 18.783.032.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Бид маргаан бүхий акт болон Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын үлдэгдэл төлбөр болох 18.783.032.7 төгрөгийн төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаар тогтоолоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хэвээр баталж, бидний гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Бид татварын улсын байцаагч нарын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* тоот актын “Тогтоох” хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63.779.900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар”, “Тогтоох” хэсгийн 1.3-д заасан “2013 онд 63.779.900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар" болон Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд:

1. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь “К” рестораны үйл ажиллагаа бөгөөд рестораны үйл ажиллагаа явуулахад бэлтгэн нийлүүлэгчдээс мах, гурил, будаа зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр авах шаардлагатай болдог. Мах нь Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдээр борлуулагдахдаа бидний нэрлэдгээр ченж гэх хүмүүсээр дамжуулж өртөг нь нэмэгддэг бөгөөд манай компанийн зүгээс өртгөө бууруулах зорилгоор ченж нараас бус хөдөө малчдаас махаа бэлтгэн нийлүүлсэн бөгөөд малчид нь нэхэмжлэл, падаан өгдөггүй тул уг асуудал зөрчилд тооцогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед мөрдөгдөж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй ноос, ноолуур, мах, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон  дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татаар ногдуулах орлогыг тодорхойлно.”,  12.1.1 түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур “ус, эрчим хүч, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал” гэж тус тус заасныг үндэслэн тайландаа хасч тайлагнасан ба энэ нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 25 дугаар тогтоолын “Үндэслэх” хэсэгт ч “...худалдан авалтын хасалт хийх нь зөв” гэж дүгнэсэн ч актын төлбөрөөс хасаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс манай компанийг шалгах болсон үндэслэл нь манай компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад зөрчил гаргаж халагдсан этгээд ажлаа /тооцооны баримт, санхүүгийн анхан шатны баримтууд/ бүрэн хүлээлгэж өгөөгүй, манай компанийг татвар ногдох орлогоо нуудаг мэтээр үндэслэлгүй гомдол гаргаж татварын байгууллагаас хяналт шалгалт хийж энэ актыг тавьсан. Энэ хугацаанд ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нарын 2017 оны  4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* тоот актаар зөрчилд тооцогдсон гэх уг актын “Тогтоох” хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377.990 төгрөгийн нөхөн татвар", “Тогтоох” хэсгийн 1.3-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар”-ын санхүүгийн анхан шатны баримтуудыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргаж өгсөн боловч Маргаан таслах зөвлөл үнэлээгүй, татвараас хасагдах зардлаас хасч тооцоогүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* тоот актын “Тогтоох” хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63.779.900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар”, “Тогтоох” хэсгийн 1.3-д заасан “2013 онд 63.779.900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990 төгрөгийн нөхөн татвар” оногдуулсныг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Моос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анх хяналт шалгалт хийх үндэслэл нь “К” ресторанд ажиллаж байсан нягтлан бодогч П.О гэх хүн компанитай муудалцаад ажлаасаа гарахдаа татварын байгууллагад “ҮАК” ХХК нь татвараа нуун дарагдуулдаг гэсэн гомдлыг гаргаж, уг гомдлын дагуу шалгасан. П.О нягтлан бодогч нь өөрөө “К” рестораны зардал, орлогыг хариуцаж байсан хүн юм. Энэ баримтуудаа өөрөө хүлээлгэн өгөөгүй явсан. Хяналт шалгалтын хугацаанд компанийн зүгээс анхан шатны баримтуудаа өгөөгүй байдаг. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд санхүүгийн анхан шатны баримтуудаа өгсөн байдаг. Харамсалтай нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн зүгээс тэдгээр баримтуудыг үнэлээгүй.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт материалууд ирсэн. Үүнийг шүүх үнэлж үзээд, акт тогтоосноос хасаж өгнө үү.

Хяналт шалгалтын үед гаргаж өгөх боломжгүй байсан нь гомдол гаргасан нягтлан бодогч нь ажлаа сайн хүлээлцээгүйгээс болоод энэ акт тавигдсан. Амьдрал өөрөө баялаг учир ийм тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй. Шүүх энэ байдлыг харгалзан үзэж хасч өгнө үү.

Маргаан бүхий актын “Тогтоох” хэсгийн 1.1 болон 1.3 дахь хэсэг нь нэг л агуулгатай. 63,000,000 төгрөгийн махтай холбоотой баримт байхгүй байна гэсэн зөрчил байдаг.

Нэхэмжлэлийн хоёрдугаар үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч ирсэн нөхцөл байдал юм. Татварын улсын байцаагчийн акт нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гарсан байдаг. Гэтэл хариуцагч талын хяналт шалгалтын томилолтын бичиг нь хяналт шалгалтыг сунгах хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгасан буюу томилолтын хугацаанаасаа нэг хоногоор хэтрүүлэн гаргасан. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглох тухай” тодорхой заасан. Нэг хоног хэтрүүлж байна гэдэг нь томилолтын хугацаа дууссан, томилолтгүй хяналт шалгалтын актыг тавьсан. Цаг хугацаа, хоног, минутыг нарийвчлан хуульчлан тогтоосон байдаг. Хэргийн оролцогч нар давж заалдах гомдол гаргахад нэг хоног хэтрүүлэхэд л давж заалдах гомдол хүлээн авахаас татгалзах үндэслэл болдогтой адил юм. Тийм учраас энэ хоёр хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нар нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “57******* тоот регистрийн дугаартай, “ҮАК” ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ХУДТХТУБ Б.А, Б.М, Ц.Ц нар 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний гаргасан өргөдлийн дагуу 23160500233 тоот томилолтоор татварын хяналт шалгалтыг хийв.

Татварын хяналт шалгалтын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* тоот акт тавигдаж, нийт 358.518.495.90 төгрөгийн зөрчил илэрснээс 349.851.495.90 төгрөгийн зөрчлийг татвар төлөгч үндэслэлгүй хэмээн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан. Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагчдын бичсэн актын 358.518.495.9 төгрөгийн зөрчилд 13.622.680.0 төгрөгийн нөхөн татвар, 29.637.249.0 төгрөгийн торгууль, 19.907.181.4 төгрөгийн алданги, нийт 63.167.110.4 төгрөгийн төлбөр тогтоосноос гомдлын дагуу Нийслэлийн Маргаан таслах зөвлөл 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25 тоот тогтоолоор 26.279.830.2 төгрөгийн торгууль, 18.104.247.5 төгрөгийн алданги бүгд 44.384.077.7 төгрөгийн төлбөрийг Анхны арчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд өршөөлд хамруулж хүчингүй болгон /Үүнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн торгууль, алдангийн төлбөр багтсан болно/, 358.518.495.9 төгрөгийн зөрчилд ногдуулсан 13.622.680.0 төгрөгийн нөхөн татвар, 3.357.418.8 төгрөгийн торгууль, 1.802.933.9 төгрөгийн алданги бүгд 18.783.032.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актыг өөрчилсөн болно.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд “ҮАК” ХХК нь дахин гомдол гаргасан боловч Нийслэлийн Маргаан таслах зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тус компанийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбарыг өгөх нь:

1. 2013 онд 63.779.900.0 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6.377.990.0 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2013 онд 63.799.900.0 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс худалдан авсан мах, сүү, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, дотооддоо үйлдвэрлэсэн гурил /үнэнд шингэсэн нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулахгүй/ хэсэгт тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 “мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар” гэсэн заасан бөгөөд дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол дээрх түүхий эдийн үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж хасалт хийсэн бол үндэслэх ямар ч баримт гарган өгөөгүй юм.

 “ҮАК” ХХК нь хяналт шалгалтын хугацаанд “2013 оны анхан шатны баримтууд байхгүй” гэх шалтгаанаар тус оны баримтуудыг өгөөгүй болно.

2. 2013 онд 63.779.900.0 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6.377.990.0 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2013 онд 63.779.900.0 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл “Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт”, 15.1-д “дараах тохиолдолд зардлыг албан татвараас хасч тооцохгүй.” 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэсэн заалтын дагуу хяналт шалгалт хийх хугацаанд тус компанийн баримтад дээрх зөрчилтэй холбоотой анхан шатны баримт байхгүй байсан болно. Маргаан таслах зөвлөлд тухайн хугацааны нотлох баримт бичгийг ирүүлээгүй байсан болно.” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 онд 63,779,900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс худалдаж авсан мах, сүү, өндөг, арьс, шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, дотооддоо үйлдвэрлэсэн гурил хэсэгт тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт “мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар” гэж заасны дагуу дотоодын үйлдвэрлэгч нарт борлуулсан бол дээрх түүхий эдийн үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, анхан шатны баримтад үндэслэн хасалт хийнэ.

Мөн тус компани нь хяналт шалгалтын хугацаанд буюу 2013 оны анхан шатны баримтууд нь шалгалт хийж байх явцад байхгүй байсан. Шалгалтын явцад тус баримтуудыг гаргаж өгөөч гэсэн боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий хуулийн этгээд нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу татварын хяналт шалгалтад хамрагдаж, татварын улсын байцаагчийн гаргаж өгөхийг хүссэн баримт мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Хасалт хийхээр баримт тогтоогдоогүй гэдгээ өөрөө хэлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байсан. Хасалт хийхийн тулд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу стандартын дагуу баримтыг бүрдүүлэх ёстой. Гэтэл энэ нь хуульд заасан шаардлага хангаагүй учир татварын улсын байцаагч юуг үндэслэж хасалт хийх вэ. Төлөх ёстой татвараа бууруулж төлсөн гэдэг үндэслэлээр татварын байцаагч акт тавьсан. Шүүхэд өгсөн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Хүлээлгэн өгсөн хүмүүсийн нэрс нь зөрүүтэй, хүлээн авагч нь байхгүй, нягтлан бодогч нь шалгах ёстой байтал шалгаагүй гэх мэтчилэн маш олон асуудал байдаг. Тамга тэмдгийн асуудал ч гарч ирдэг. Хэдийгээр багийн дарга гарын үсэг зурсан ч гэсэн “ҮАК” ХХК-д хэдэн төгрөгийн мах борлуулсан, хэдэн төгрөг өгсөн талаар нотлох баримт байхгүй. “ҮАК” ХХК нь мах худалдаж авсан гэж маргаж байдаг боловч малчдад мөнгө шилжүүлсэн гэх анхан шатны баримтууд байхгүй. Яг ийм баримтуудыг үндэслэж хасалт хийх боломж байхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“ҮАК” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан иргэн П.Оээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хандан “... “К” ресторан буюу “ҮАК” ХХК нь 2015 он кассаар бэлэн орсон орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа борлуулалтаар бүртгэж тайлагнадаггүй байсан. Зөвхөн картаар уншсан орлого болох “ХБ” ХХК, “ГБ” ХХК-ийн дансаар орсон орлогыг бүртгэдэг байсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг нэгж борлуулалтаар бүртгэдэг байсан. Иймд тухайн компанид хяналт, шалгалт оруулах хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23160500233 дугаар томилолт, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/102 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн хүрээнд тус хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Б.А, Ц.Ц нар нь “ҮАК” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийж, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* дүгээр улсын байцаагчийн актаар нийт 358.518.495,9 төгрөгийн зөрчилд 13.622.680 төгрөгийн нөхөн татвар, 29.637.249 төгрөгийн торгууль, 19.907.181,4 төгрөгийн алданги, нийт 63.167.110,4 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч “ҮАК” ХХК дээрх маргаан бүхий актын “Тогтоох” хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63,77,9900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар, 1.3-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар”  ногдуулсныг эс зөвшөөрч, “...2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй ноос, ноолуур, мах, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон  дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татаар ногдуулах орлогыг тодорхойлно”,  12.1.1-д “түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур “ус, эрчим хүч, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал” гэж тус тус заасныг үндэслэн тайландаа хасч тайлагнасан ба энэ нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй”, “...2008 оны Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглох тухай” тодорхой заасан байхад маргаан бүхий акт нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гарсан байдаг. Гэтэл хариуцагч талын хяналт шалгалтын томилолтын бичиг нь хяналт шалгалтыг сунгах хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгасан буюу томилолтын хугацаанаасаа нэг хоногоор хэтрүүлэн гаргасан” зэрэг үндэслэлээр маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлийн 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлд, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй,

албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй байхаар тус тус тодорхой хуульчилсан ба гаргасан зардлаа шаардлага хангасан баримтуудаар нотлох нь татвар төлөгчийн үүрэг бөгөөд зардлаа баримтаар нотлоогүй бол албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар ярилцлагын тэмдэглэл /”ҮАК” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Т/, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар тогтоолд дурдсанаас үзэхэд хариуцагчаас хийсэн хяналт, шалгалтын явцад “ҮАК” ХХК-ийн зүгээс 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, худалдан авалт хийсэн анхан шатны баримтууд болон 2015 онд хөтөлж байсан гэх мөнгөн орлого, зарлагын баримтуудыг гаргаж өгөөгүй буюу “....өмнөх нягтлан бодогч нь ажлаа сайн хүлээлцээгүйгээс олдохгүй байгаа” гэх тайлбарыг гаргаж, тайлангийн нотлох баримтууд болох анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй болох нь тогтоогдож байна.  

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох 6 ширхэг “орлогын баримт”, малын эмчийн тодорхойлолт, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Засаг даргын 2018 оны 172 дугаар албан бичиг, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 05/126 дугаар албан бичиг зэрэг 10 хуудас баримтын зарим хэсэг нь маргааны бүхий үйл баримтад хамаарахгүй огноотой,  зарим баримт нь гарын үсэггүй, хэнд хүлээлгэн өгч, хэн хүлээж авсан нь тодорхойгүй зэргээр шүүхээс үнэн зөв, эргэлзээгүй хэмээн үнэлэхэд хангалтгүй, “эдгээр баримтуудыг нөхөн бүрдүүлсэн байх боломжтой” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх аргаггүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2008 оны Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглох тухай” тодорхой заасан байхад маргаан бүхий акт нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гарсан байдаг. Гэтэл хариуцагч талын хяналт шалгалтын томилолтын бичиг нь хяналт шалгалтыг сунгах хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгасан буюу томилолтын хугацаанаасаа нэг хоногоор хэтрүүлэн гаргасан” гэж маргаж байгаатай холбогдуулан шүүхээс томилолтын хугацаанд хяналт шалгалтыг хийж дуусаад 1 өдрийн дараа улсын байцаагчын актыг үйлдсэн нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан үндэслээр нэхэмжлэгч “ҮАК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 ”Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.”, 10 дугаар зүйлийн 10.1” .Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” хэмээн тус тус заасныг үндэслэн ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нарын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* дүгээр актаар тогтоогдсон 358.518.495,9 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 63.167.110,4 төгрөгийн төлбөрөөс 29.637.249 төгрөгийн торгууль, 19.907.181,4 төгрөгийн алданги, нийт 49.544.430,4 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус үндэслэн “ҮАК” ХХК-ийн нэхэмжлэлтэй ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нарт холбогдуулан гаргасан “ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нарын оногдуулсан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* дүгээр актын “Тогтоох” хэсгийн 1.1-д заасан “2013 онд 63,77,9900 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар, 1.3-д заасан “2013 онд 63,779,900 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасч тайлагнасан зөрчилд 6,377,990 төгрөгийн нөхөн татвар”-ыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн ХУДТХТУБ Б.М, Б.А, Ц.Ц нарын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2300******* тоот актаар тогтоогдсон 358.518.495,9 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 63.167.110,4 төгрөгийн төлбөрөөс 29.637.249 төгрөгийн торгууль, 19.907.181,4 төгрөгийн алданги, нийт 49.544.430,4 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулсугай.

3.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг  гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ШҮҮГЧ                                                 Г.М