Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

 

 

амыба

ТГЭХ ТОГТООЛ

  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

157ыӨЫАЫЫЫЫ

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогч Н.Д

            Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О.Н-д холбогдох эрүүгийн 2240000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, 25 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, О.Н

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байх үед хохирогч Н.Д-ын нүүрэн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь дээд үүдэн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны баруун хэсэг, баруун чамархай хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Н.Д-ын  2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:Би 2021 оны 12 сарын 25-ны орой ажлын газрынхаа хамт олонтой Билгүүн тулга бааранд 22 цагийн үед ороод 23 цагийн үед гараад шууд гэр рүүгээ харьсан. Тэгээд амрах гээд хэвтэж байтал 01 цагийн үед О.Н манай руу архи уучихсан орж ирсэн. Тэгээд ийм орой юу хийж яваа юм гэсэн чинь чи яасан гэрээсээ хөөгөөд байгаа юм уу гэж хэлээд намайг ямар том болчихсон юм гээд өдөөд  байсан. Би чи одоо хариа, би хэрүүл хиймээргүй байна гэсэн чинь босож ирээд шууд гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд хоёулаа гадаа гараад уулзая гээд байхаар нь яах гээд байгаа юм, чи гэсэн чинь намайг чи гэж дууддаг яасан том бацаан бэ гээд байсан. Тэгээд би гараад аятайхан учраа олох гэтэл намайг шууд нүүр рүү гурав, дөрвөн удаа цохьсон. Намайг унагаагаад газар чирээд байсан. Тэгээд муудалцаж байхад манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би гадаа зодуулаад байж байхад О.Н-ийн эхнэр нь ирээд бид хоёрыг салгаад Н-г гэр рүү нь дагуулаад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 05/

Гэрч М.Я-ийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: Би 2021 оны 12 сарын 25-ны орой 22 цагийн үед найз залуу Н-ын хамт ажлын газрынхантайн “Билгүүн тулга бааранд ороод хамт сууж байгаад 23 цагийн үед гараад харьж амрая гээд шууд гэртээ ирсэн. Тэгээд бид 2 амрах гээд байж байтал манайхантай цуг нэг хашаанд байдаг О.Н гэх залуу манай гэр рүү ороод ирсэн. Тэгэхээр нь манай найз залуу Н.Д орой болсон байна харьж амар, чи гээд хэлсэн чинь намайг чи гэж дууддаг яасан том болчихсон бацаан бэ гээд сууж байсанаа босож ирээд Н.Д-ын гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд О.Н, Н.Д-ыг гараад ир гэсэн. Тэгсэн манай найз залуу гараад учраа олчихоод ирье гээд гэрээс гарсан. Тэгээд нээх удалгүй уруул нь хавдчихсан, хүзүү нь улайцан, толгойн энэ тэндээ зулгарсан ороод ирэхээр нь би шууд цагдаа дуудсангэх мэдүүлэг /хх-ийн 07/

Гэрч Д.Э-ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:Би 2021 онь 12 сарын 26-ны орой 19 цагийн үед ажлынхантайгаа Билгүүн тулга бааранд сууж байгаад нэг шил Эдэн нэртэй 0,75 литрийн архийг 4 үүлээ хувааж уугаад би тэндээс 20 цагийн үед гараад харих гэж байхад манай хуурай дүү Д хаана байгаа юм гэхээр нь би ажлынхантайгаа сууж байгаад харих гэж байна. Манайд яваад ир гэсэн. Тэгээд би гэрт нь очиход эхнэртэйгээ байж байсан. Д ажлынхаа хүмүүстэй уусан гээд нилээн ссгтуу байж байсан. Би гэрт нь ороод ажилд орсонд нь баяр хүргээд юм яриад сууж байтал Н гэх залуу гаднаас 01 цагийн үед тэдний гэрт ороод ирсэн. Би сайн байна уу гээд мэнд мэдчээд сууж байтал Н пийшингийн баруун талд зогсож байгаад баруун орон дээр сууж байсан Д-ыг шууд очоод алгадаад авсан. Тэгэхээр нь би очоод салгаад Н-г дагуулаад гарсан. Гадаа гараад наадах чинь нилээн уучихсан байна, өглөө та 2 учраа ол гэж хэлсэн чинь за за гээд буцаад гэр рүү ороод учраа олчихъё гээд гэр рүү орсон. Би гадаа тамхи татаад үлдсэн. Тэгээд тамхиа татчихаад ороод очтол Н зөрөөд гараад явсан. Тэгсэн Д араас нь гараад явчихсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм гээд араас гараад очтол Д-ыг газар унагаачихсан нүүр рүү нь цохьсон байдалтай хамраас нь цус гарчихсан байсан. Би шууд очоод салгаад Д-ыг аваад гэр рүү нь оруулж өгөөд гэр рүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

-Шүүгдэгч О.Н-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:Би 2021 оны 12 сарын 25-ны орой ажлынхаа Ж гэдэг ахынд 21 цагийн үед очиж Соёрхолнэртэй 0.75 литрийн архийг дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад 00:10 минутын үед тэдний гэрээс гараад гэр рүүгээ харих гээд ганцаараа явсан. Тэгээд гэртээ иртэл гэрт цоожтой байхаар нь хажуу айл руугаа ороод гэрийн түлхүүр үлдээгээгүй биз гэж асуусан тэгэхэд үгүй гэж хэлсэн. Тэдний гэрт Янжинсүрэнгийн найз залуу Д бас өөр нэг залуу байсан. Намайг ороход Д нилээн согтчихсон байдалтай сууж байсан. Тэгээд би пийшингийн хажууд зогсож байгаад тамхи гаргаж ирээд тамхи татсан. Тэгсэн чинь Д чи хаана орж ирчихээд тамхи татаад байгаа юм гээд маргаан үүссэн. Тэгээд Э та нар согтуу байна, яах гээд байгаа юм эрүүлдээ учраа ол гээд байсан. Тэгсэн чинь эр хүн гараад учраа олъё гээд гэрээс Д, Э, бид 3 гарсан. Тэгээд гадаа гараад би Д-той заамдалцаад би нүүр рүү нь хоёр удаа л цохьсон. Тэгсэн чинь Э нь боль гэсэн. Би салаад гэрийнхээ цоожийг эвдээд гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                1.Н.Д-ын биед дээд үүдэн зүүн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны баруун хэсэг, баруун чамархай хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/

- Хохирогч Н.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шөнө 00 цагийн үед О.Н гэрт орж ирсэн. Яасан том болсон бацаан болсон юм гээд миний гэдэс рүү О.Н өшиглөсөн. О.Н нэлээн согтуу байсан. Тэгээд гэрээс гарсан. Гадаа гараад миний толгой, нүүр хэсэг рүү 3-4 удаа цохьсон. Д.Эзодоонд оролцоогүй. Зодооныг Д.Э салгасан. Би болсон асуудлыг заримыг нь санахгүй байна. Би О.Н-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, саналгүй” гэх мэдүүлэг,

                        - Шүүгдэгч О.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би Н.Д-ын гэдэс рүү өшиглөсөн, нүүр рүү цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би архи уусан байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч О.Н нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байх үед хохирогч Н.Д-ын нүүрэн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нь дээд үүдэн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны баруун хэсэг, баруун чамархай хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл учруулж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Д, гэрч М.Я, Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №16 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

 Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №16 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Д-дын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Н нь хохирогч Н.Д-ын нүүрэн тус газар гараараа цохиж гэмтэл учруулах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан байдал нөлөөлсөн бөгөөд хохирогч Н.Д-ын биед дээд үүдэн зүүн 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагзны баруун хэсэг, баруун чамархай хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Н нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Н нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Н.Д-ын биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч О.Н-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч О.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Н өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 56/

            Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Н-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгч О.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл  36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч О.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ