Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

 

 

Амыба

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

157ыӨЫАЫЫЫЫ 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.У-д холбогдох эрүүгийн 2240000000011 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, яс үндэс халх, , эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.У

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.У нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед ........................ оршин суух өөрийн гэртээ согтуугаар Т.Э-тэй “...хүний гар утас архинд тавиулчихаад авахгүй байгаа” гэсний улмаас хоорондоо маргалдаж, түүний нүүр рүү шилэн сав шидсэний улмаас дээд уруул болон шүдийг гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-Хохирогч Т.Э-н 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:Би  ..... 5 км-т байрлах 16-гийн 3 гэдэг нэртэй жоншны уурхайд ажиллахаар нөхрийн хамт ирсэн. Манай нөхөр Э 2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой 15-16 цагийн үед Бор-Өндөр сум руу хүнтэй уулзах ажил байна гэхээр нь би машин бариад хүргэж өгчихөөд буцаад уурхай руу явсан. Орой нөхрөө авах гээд 21 цагийн үед А гэдэг айл руу очиход манай нөхөр байхгүй А гэдэг хүний эхнэртэй цуг гараад явсан гэж байсан. Би нилээн хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаад уурхай руугаа явсан. Маргааш нь үдээс хойш нэг айлд байна гэхээр нь 14 цагийн үед ирж аваад уурхай дээр байж байхад манай нөхөр гap утсаа айлд архинд тавьсан гэхээр нь уур хүрээд гар утсын авахаар ирээд тавьсан айл руу нь ярьсан чинь байхгүй гээд байсан. Тэгээд А гэдэг залуу руу ярьсан чинь манай эхнэр гэртээ ирчихсэн байна гэхээр нь очоод чи яахаараа хүний гар утас архинд тавиулчаад яагаад авахгүй байгаан гэтэл намайг очиход байхгүй гээд өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би уурлаад гараараа зүүн гарын бугалга руу нь нэг удаа цохьсон. Бас гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь та уур чинь хүрээд байгаа бол намайг нэг алгад гэхээр нь би нэг удаа алгадсан. Тэгээд гараад шууд уурхай руугаа явсан. Тэгээд орой 20 цагийн үед У над руу яриад Э ахыг аваад ирээ хэдүүлээ учир зүйгээ олъё гээд байхаар нь аваад гэрт нь ирсэн. Тэгээд гэр рүү нь ороод ахыг чинь аваад ирлээ ахыгаа ав гэсэн чинь У архи уучихсан угаасаа авна ш дээ гээд уурлаад байсан. Тэгээд яг гэрээс нь гарах гээд эргэтэл миний нүүр рүү юу гэдэг нь мэдэхгүй шилэн сав над руу шидсэн. Тэр шил нь яг миний нүүрний уруул дээр оноод миний нэг шүд бүр сул болоод дахиад хоёр шүд хөдөлчихсөн. Тэгэхээр нь би уурлаад галын хайч аваад цохих гээд дайртал нөхөр нь салгаад боль гээд тэгээд гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

-Хохирогч Т.Э-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн: Хэрэг яг 2022 он 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед болсон. Би цагдаад өгөхгүй өөрсдийн уулз гээд хүлээгээд байсан болохоор цаг хугацаагаа  анх буруу өгсөн байна. ...Тухайн хэргээс болж миний 3 шүд хөдөлсөн. Нэг нь бүр бол бүр унах гэж байгаад 10 хоногийн дараа өөрөө унасан. Би Бор-Өндөр сумын хувийн шүдний эмчид үзүүлсэн. Унахгүй шүдэлбэр 250,000 төгрөгөөр хийнэ гэж хэлсэн. Би Д.У-с 250,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

Гэрч Я.А-ын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн:Манай гэрт 2022 оны 01 дүгээр сарьн 10-нд Э гэрт өглөө 08 цаг өнгөрч байхад ороод ирсэн. Тэгээд миний дотор эвгүй байна гээд байхаар “Шар” гэдэг нэртэй дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи авч өгсөн. Тэгээд би машиныг нь бариад 16-гийн уурхайд байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн чинь эхнэр нь би Бор-Өндөр явах ажилтай байна гээд цуг буцаад Бор-Өндөр сум руу ирсэн. Тэр хэд шууд манай гэрт ирэхээр нь хоол унд хийж өгөөд би дахиад нэг шил “Хараа” нэртэй архи аваад задлаж өгсөн. Тэгээд ууж байхад манай эхнэр хүн дуудаад байна гээд гараад яваад өгсөн. Дараа нь нээх удаагүй Э гараад явсан. Тэгээд гадаа гудманд манай эхнэртэй таарсан юм шиг байна лээ. Тэгээд таараад тэр 2 нэг айлд очиж архи уусан гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь манай эхнэр гэртээ ирсэн. Би тэгэхээр нь хаана хонов хаагуур явав гэсэн чинь зураг зурдаг айлд хоносон. Э бас таараад хамт байсан гэж надад тэгж байсан. Тэгээд орой 19 цагийн алдад Э-ын эхнэр Э нөхөрөө асуугаад манай гэрт ирсэн. Тэгээд уурлаад л нөхөрөө манай эхнэртэй хардаад л байсан. Манай нөхрийн гар утас байхгүй байна, хаана байна гээд л уурлаад л байсан. Тэгээд манай эхнэрийг цохиж аваад, өшиглөөд байсан. Би тэгээд боль гээд салгасан. Тэгсэн гарч яваад нээх удаагүй орж ирээд уурлаад л нөхөрөө хардаад муу янхан гэж хэлээд л байсан. Тэгсэн чинь манай эхнэр ширээн дээр байсан чихрийн тавга аваад шидсэн чинь яг нүүрэнд нь оночихсон. Тэгсэн цус гараад байх шиг байсан, тэгсэн орилж байгаад шууд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч З.Б-ы 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20:30 цагийн үед найз Я гээд залуутай хамт нэг шил “Хараа” нэртэй архи аваад А гэдэг найзынхаа гэрт ороод юм яриад уугаад сууж байхад гаднаас 21 цагийн үед Т.Э гэдэг хүүхэн орж ирээд орилж хашгираад чи манай нөхөртэй явалдлаа тэр гар утас нь хаана байна. Одоо танай ахыг чинь аваад ирлээ гээд шууд У-ыг мөр рүү нь цохиж аваад бас өшиглөөд байсан. А эхнэр маань бие муутай шүү чи одоо боль гээд байсан. Тэгэхэд болихгүй дайраад л байсан. Тэгсэн чинь У ширээн дээр байсан чихрийн таваг аваад шидсэн чинь Э-ийн нүүрэн дээр оночихсон. Тэгээд нүүрнээс нь цус гараад байх шиг байсан. Тэгээд Э орилж байгаад шууд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.А-ийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Т.Э-ийн биед дээд уруулын баруун дээд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, дээд уруулын  дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 2, 3-р шүднүүдийн сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/

-Шүүгдэгч Д.У-н 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:...Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Надад ямар нэгэн шалтгаан байхгүй, гэрт орж ирээд агсараад орилоод байхаар нь чихрийн таваг шидсэн чинь нүүрэн дээр нь оночихсон. Хэрэг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн .... болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

- Шинжээч Ж.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би хохирогчийн биед үзлэг хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Э-ийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоож дүгнэлт гаргасан. Тухайн үед хохирогчийн 2 шүд булгарч, хөдөлж гэмтэл учирсан, 2 шүд нь эмзэглэлтэй байсан. Хохирогч Т.Э 3 шүд хөдөлсөн гэсэн боловч 1 шүд нь өмнө нь хөдөлчихсөн, хуучин хөдөлгөөнтэй шүд байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийг гаргасан” гэх мэдүүлэг

            - Шүүгдэгч Д.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би Т.Э рүү чихрийн таваг шидсэн нүүрийн оноод гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Д.У нь “2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед ..... оршин суух өөрийн гэртээ согтуугаар хохирогч Т.Э-тэй “...хүний гар утас архины барьцаанд тавиулчихаад буцааж авахгүй байгаа” гэсний улмаас хоорондоо маргалдаж, түүний нүүр рүү шилэн сав шидсэний улмаас дээд уруул болон 2, 3-р шүднүүдийг гэмтээж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Э, гэрч Я.А, З.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

 Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №36 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Э-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.У нь хохирогч Т.Э-ийн нүүрэн тус газар руу шилэн сав шидэж, гэмтэл учруулах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал  нөлөөлсөн бөгөөд хохирогч Т.Э-ийн биед дээд уруулын баруун дээд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, дээд уруулын  дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 2, 3-р шүднүүдийн сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.У нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.У нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э-ийн биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь нотлогдсон, хохирогч Т.Э-т шүүгдэгч Д.У нь эмчилгээний зардал 250,000 төгрөгийг өгсөн нь хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан хохирогч Т.Э-ийн хүсэлтээр тогтоогдож байна.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.У-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.У өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 73/

            Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр нэг сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, энэ хугацаанд өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 Учир нь шүүгдэгч Д.У нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвд оршин суудаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын техникийн хяналт тавих боломжит бүс нутагт хязгаарлалтыг тогтоох шаардлагатай байна.

Шүүгдэгч Д.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих ба оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

              Шүүгдэгч Д.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.У-г өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.У-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч Д.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ