Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

0015 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

   2022        03        22                                            2022/ШЦТ/20

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д6 Т-т холбогдох 224........тоот эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны 0.. дугаар сарын 0...-ны өдөр Х аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Х аймгийн . сумын 2 дугаар баг, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл:

-Хэнтий аймгийн сум дундын 2-р шүүхийн 2001 оны 09 сарын 11-ний өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,

-Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2007 оны 04 сарын 26-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2012 оны 10 сарын 09-ний өдрийн 18А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д.Т. /РД:000000000000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 01 тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэрээсээ зайл гэж хөөж, түлхэн унагаж, нүүрэн тус газарт гутлаар шидсэний улмаас баруун, зүүн дээд зовхины хэсэг, хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан хэсгийн зулгаралт зэрэг гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан учраас уураа барьж чадалгүй, хохирогчид гэмтэл учруулсан нь миний буруу. Хохирогчоос уучлалт гуйсан, бидний найз нөхдийн харилцаа урьдын хэвээр байгаа. Хохирогч надаас хохирол нэхэмжлээгүй хэдий боловч би өөрийн үйлдэлдээ гэмшээд хохирогчид эмчилгээндээ зарцуулаарай гээд 500,000 төгрөг өгсөн...” гэв.

2.Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Т бид нар харилцан тохиролцож, эвлэрсэн. Д.Т надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 500,000 төгрөг өгсөн, надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Эрүүгийн 224.......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Э.Э-“...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой 46 дугаар байранд байх Х гэх айлд найз У-ын хамт 21 цагийн үед очиход Х ганцаараа байж байсан. Бид нар тэдний гэрт нэг шил "Хараа" нэртэй 0.5 литрийн архи авч орсон. Тэр архийг хамт ууж сууж байгаад би Э-ын утсаар У гэх хуурай эгчрүүгээ яриад би нөхрийгөө асуусан чинь манайд байна гэж байсан. Намайг чи хаана байна гэхээр би Х гэх айлд 46 дугаар байранд байна гэж хэлсэн. Удаагүй 10-20 мин дараа У эгч 46 дугаар байрны гадаа ирчихлээ гэхээр нь би гарч тосож аваад буцаад Х-ийн гэрт орж ирээд хамт нөгөө ууж байсан архинаасаа ууцгаасан. Архиа уугаад дуусаж байхад хаалга тогшоод гаднаас Т, О хоёр орж ирсэн. Тэгээд бөөнөөрөө тэнд юм ярьж сууж байгаад Т-ын гэрт очихоор болоод шөнө 01 цаг 40 минутын үед гэрээс нь гарсан. Т-ын гэрт ирэхэд Х гээд залуу унтаж байсан. Т-ын гэрт ороод том өрөөнд ороход зурагтын доод тавиур дээр "Хараа" нэртэй 0.75 литрийн тал шилтэй архи байсан чинь О аваад аягалаад тойруулсан. Бид хэд нилээн удаан суусан 3-4 цаг болж байсан байх сүүлдээ архи ч дууссан. Би том өрөөнд нь буйдангийн захад сууж байсан. Намайг сууж байхад Т газраар цаашаа хараад унтаж байх шиг байсан, тэгсэн чинь гэнэт босож ирээд миний нүүрлүү юугаар ч юм цохиод авсан. Би цохиулаад тэр үед нилээн манараад юу болоод байгааг ч анзаараагүй. Нэг гайгүй болоод харахад Т-рыг О гэх залуу хориод зүгээр байгаа хүнийг яагаад зодох гээд байгаан бэ гээд байсан. Тэгээд өглөө болтол тэдний гэрт сууж байгаад нүүрэндээ мөсөөр, төмсний хальсаар жин тавиад л байсан. Сүүлдээ харих гэсэн нөхөрөөсөө айгаад 11 өнгөрөөгөөд Т-ын гэрээс гараад гэртээ харьсан... Би тухайн үед харимаар байна гээд байсан юм...Т гэх залуу 44 дүгээр байранд байх гэртээ 2022 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 3-4 цагийн алдад намайг нэг удаа цохиод бас түлхэж унагаагаад миний нүүрэн тус газар гэмтэл учруулсан. Нэг цохиулаад л ухаан манараад хэсэг болж байгаа зүйлийг мэдээгүй... Би яг юугаар цохьсоныг мэдэхгүй байна. Нэг цохиод л авах шиг болсон. Бас түлхээд унагаах шиг болсон, тэгээд хэсэг зуур манараад болж байгаа зүйлийг мэдээгүй... Би бага зэргийн л согтолттой байсан...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний энэ шүд нь угаараа хорхойтсон байсан гэхдээ ил нээх харагдаад байдаггүй байсан. Бас өмнө нь хөдөлгөөнтэй, дээд талдаа хажуу хэсэгт цоорсон тэгээд нэг талын паалан нь үйрээд унасан байсан юм...Би өөрийн биеэр очиж үзүүлсэн. Цаанаасаа хорхойтсон өмнө тийм болсон байсан...Надад Д.Т нь эмчилгээний төлбөр 500.000 төгрөг өгсөн. гэх мэдүүлэг, /хх-ийн 8-10,  49-50 дугаар хуудас /

2.Гэрч Д.У-ын “2022 оны 02 дугаар сарын 06-ны орой надруу Э 21 цаг 30 минутын алдад утсаар яриад би 46 дугаар байранд айлд байна. Та хүрээд ирээч гэж надад хэлэхээр нь 46 дугаар байрлуу очиж байтал өөдөөс амдаад гараад ирсэн. Тэгээд хамт 46 байранд Х гэх айлд ороход "Хараа" нэртэй 0.5 литрийн архи ууж байсан. Би ороод удаагүй гарах гэтэл гаднаас Т, О 2 орж ирсэн. Тэгээд Э-ыг манай гэрлүү явъя нөхөр чинь манайд байгаа гэж хэлтэл Т-ын гэрээр орчихоод явъя гээд тэдний гэрт Ундрах, О, Э, Т  бид тав 01 цаг 30 минутын үед очсон. Гэрт нь ороход Т-ын хүргэн гээд нэг залуу унтаж байсан. Бид хэд том өрөөнд ороход зурагтны доод тавиур дээр тал шил "Хараа" нэртэй архи байсныг О аваад аягалаад хүмүүст өгөөд байсан. Бид нар юм ярьж сууж байгаад миний шүд өвдөөд түр суугаагаараа зүүрмэглэсэн байсан. Гэнэт л түс тас чимээ гарахаар би сэрээд харсан чинь ЭТ  яв, зайл гээд л хөөгөөд байсан...Намайг сэрээд харахад Эыг Т түлхээд чи зайл гээд байсан. Хаалга руу чирэхээр нь би, О-тай хамт очоод салгаад Э-ыг гал тогооны өрөөнд оруулаад нүүрийг нь харахад зүүн нүднийхээ дээд талд хавдсан байсан. Би сандраад хүйтэн жин, төмсний хальс тавьж өгөөд, 20-30 минутын дараа нүүр нь хөхрөөд ирсэн...Т,Э нар нилээн л согтолттой юм шиг харагдаж байсан...Тухайн үед Т, Э-зайл гээд түлхээд унагааж байсан. Барьж аваад зодож, цохьсон зүйл бол харагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас /

3.Гэрч Г.Х-ы “..Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны 22 цагийн алдад 44-01 тоотод байх хадам ахынхаа гэрт очсон. Гэрт нь нилээн хэдэн хүмүүс архи ууж байхаар нь би уурлаад яв гээд бүгдийг гаргаад өөрөө том өрөөний буйдан дээр нь унтаад өгсөн. Шөнө нэг харахад баахан хүмүүс ороод ирчихсэн байх шиг байсан. Би ч өөрөө анх орж ирэхдээ найз Б-д нэг шил "Соёрхол" нэртэй 0.75 литрийн архи хоёулаа уучихсан ирсэн болохоор тэр хэдийг хэзээ ирсэн, юу хийсэн талаар мэдэхгүй байна...Намайг сэрэхэд Э гэж хүн байгаагүй. Гэрт У, Т, манай эхнэр орж ирсэн байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас /

4.Гэрч Д.О-ийн “..Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой 23 цагийн алдад Д.Т-тай хамт 46 дугаар байранд байх Х-гэрт нь орсон. Гэрт нь У, Э, Ух, Х нар нэг шил "Хараа" нэртэй архи ууж байсан. Бид хоёр ороод тэр архинаас нь хоёр, хоёр л татаад л бараг дууссан. Тэгээд бөөндөө ярьж байгаад л Т-ын гэрт очиж шинэлэе гээд байсан. Х-ын гэрээс 2022 оны 02 дугаарын сарын 07-ны шөнө 01 цаг өнгөрөөгөөд Т-ын гэрт У, У, Э бид тавуулаа цуг орсон. Гэрт нь ороход Т-ын хүргэн Х унтаж байсан. Бид хэд гэрт ороод том өрөөнд орж суугаад би зурагтны доод тавиур дээр байсан "Хараа" нэртэй 0.75 литрийн задлаад дээрээс жоохон уусан байсан архийг тойруулаад аягалсан. Тэр архийг уугаад юм ярьж сууж байгаад бүгд орой болчихлоо унтаад явъя гээд бүгд хэвтсэн. Т явах нь яваад үлдэх нь үлдээд амраад өглөө яваарай гэж байсан. Би газраар буйдангийнх нь наагуур хэвтээд унтсан байсан. Шөнө хүн маргалдаад байгаа бололтой байхаар нь би сэрсэн. Тэгэхэд Т, Э гэрээсээ хөөгөөд байх шиг байсан. Би босоод юу болоод байгаа юм гээд асуухад Т, Э- хөөж байгаад хаалга руу чирээд манайхаас харь гээд байхаар нь би босож очоод угаасаа үүр цайх гэж байна согтуу хүнийг хааш нь хөөх гээд байгаа юм гээд би салгаад хартал Энүүр нь хавдсан байсан. Би яасан юм бэ гэхэд          Э дугарахгүй суугаад байсан. Т болохоор би яв гээд түлхээд унагаасан юм аа гэж байсан. Би тэгээд Э-ы нүүрэн дээр төмсний хальс, мөс тавьж өгсөн. Тэгээд нээх удаагүй 30 минутын дараа нүүр нь хөхрөөд ирсэн. Нээх удаагүй үүр цайгаад гэгээ орохоор нь би гэрлүүгээ харилаа гээд гараад явсан...Х, У нар унтаж байсан. Намайг Т, Э нарыг салгаж байхад У босож ирээд хамт надтай Энүүрэн дээр мөс, төмс тавьж өгөөд байсан...Т, Э-ны нүүрэнд үүссэн гэмтлийг хэзээ, юугаар учруулсан тэрийг бол ёстой хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас /

5.Гэрч Б.А-ы“..Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой би 21 цагийн үед найз Э, Э нарын хамт 46 дугаар байранд байх        Х гэх айлд нэг шил "Хараа" нэртэй архи авч орсон. Ороход гэрт нь         Х ганцаараа байсан. Бид нар ороод архиа ууж байхад гаднаас Т, О нар орж ирээд бид нарын ууж байсан архинаас 2, 2 татсан. Архиа дуусгаад гарах гэж байхад Т манай гэрээр орж шинэлье гээд тэгээд тэдний гэрээс би, У, Э, Т, О бид нар 44 тоотод байх тэдний гэрт 02 дугаарын сарын 07-ны 01 цаг 30 минутын үед ирсэн. Бид нар ороод том өрөөнд нь ороход Т-ын хүргэн Х гэх залуу унтаж байсан. Оа том өрөөнд нь орж ирээд зурагтны тавиурын хажууд байсан тал шил Хараа нэртэй архийг тойруулаад байх шиг байсан. Би нилээн согтсон болохоор стенкийн түшээд суугаагаараа унтаад өгсөн. Шөнө 03 цаг л өнгөрч байсан байх нойл орох гээд сэрэхэд Х, Т нар орон дээрээ унтаж байсан. О, У хоёр Э нүүрэнд хүйтэн жин тавиад, төмсний хальсаар жин тавиад байсан. Би гайхаад нүүр нь яачихсан юм бэ гээд асуухад Т түлхээд унахдаа сандал мөргөсөн гэж байсан...Би их чимээ шуугиан гарсан бол сэрмээр юм, тийм зүйл сонсогдоогүй...Би өглөө босоод Э-аас чамайг хэн ийм болгочихсон юм бэ гэхэд Т намайг түлхээд унагаад гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

6.Гэрч Н.Х -ийн “..Би тухайн өдөр гэртээ ганцаараа унтаж байхад 21 цаг өнгөрөөгөөд хүн хаалга тогшсон. Хаалга онгойлгоход У, У,         Э гэх гурван хүүхэн орж ирсэн. Тэр 3 орж ирэхдээ нэг шил "Elix" гэдэг ногоон шилтэй архи авч орж ирсэн. Би тэрийг нь тэр гуравтай хамт уусан. Бараг архи дуусах гэж байхад 23 цагийн үед гаднаас Т, О нар хамт орж ирсэн. Орж ирээд ууж байсан архинаас нэг, нэг аяга уугаад Т, О, У, У, Э нар цуг 01 цаг өнгөрөөгөөд л гараад л явсан. Би гэртээ амарлаа гээд үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас /

7.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн:

-Э.Э-ы биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 -Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 -Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас /

8.Шинжээч эмч Ж.А-ийн “...Намайг үзэхэд тухайн 21 дүгээр шүд нь хуучин үйрсэн, цөгц хэсгээрээ тархмал хорхойтсон шүд байсан. Тэгэхээр тухайн үед хугараагүй, өөрөө хорхойтсоноосоо болж үйрч унаж байгаа шүд байсан. Анх үзсэн эмч нь мэргэжлийн шүдний эмч биш болохоор хугарсан гэж хэлэхээр нь тэгж бичиж өгсөн байж магадгүй. Намайг үзэхэд хугарсан, гэмтсэн зүйл байгаагүй ээ. Би Э.Э-ыг Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсийн 304 тоот албан өрөөндөө дуудаж өөрийн биеэр нь үзэж үзлэг хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас /

9.Яллагдагч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой 23 цаг 30 минутын үед О-н хамт 46 дугаар байранд байх Х-гэрт очсон. Гэрт нь ороход ХУ, Э.Э, Д.У нар нэг шил "Хараа" нэртэй архи уугаад бараг дуусаж байсан. Бид хоёр ороод дуусаж байсан архинаас нь хоёр, хоёр л хундага архи уусан. ...Тэгээд Х-ийн гэрээс 01 цаг 30 минутын үед Э, Ундрах, У, О бид 5 гараад 44-01 тоотод байх манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд манай хүргэн Х унтаж байсан. Манай гэрт ороод том өрөөний зурагтны доод тавиур дээр байсан тал шилтэй "Хараа" нэртэй архийг Осороо аваад аягалаад тойруулсан. Сүүлдээ тэр архийг уугаад нилээн юм ярьж сууцгаасан. Нэг сэрсэн чинь намайг нэг хүн хөлнөөс чимхээд байсан. Сэрээд харсан чинь Э миний хажууд орон дээр сууж байсан. Би тэгэхээр нь  Э-д уурлаад яагаад байгаа юм, манай гэрээс зайл гээд орноос түлхсэн чинь газар унаад өгсөн. Ойчоод босоод ирэхээр нь би тайлаад буйдангийн урд тавьсан байсан хоёр гутлыг нь аваад эхлээд нэгийг шидэхэд бултах гээд газарт унасан. Нөгөө гутлын аваад араас нь шидсэн чинь яг нүүрэнд нь оночихсон. Би очоод цамцнаас нь татаж босгож ирээд манай гэрээс яв гээд түлхсэн чинь том өрөөний зүүн урд байх 2 түшлэгтэй төмөр сандалны голоор ороод унасан. Би дахиж босгож ирээд яв гээд хаалга руу чирэхэд О, У гар босож ирээд намайг салгасан...Санаатай бол би биед нь халдаагүй... Э бид хоёрын согтолтын зэрэг нилээн өндөр байсан. Гэхдээ тухайн шөнө болсон үйл явдлыг бол би санаж байна. Би өөрийн гэм буруугаа ойлгоод Э.Э-д учирсан гэмтэлд нь 500,000 төгрөг өгсөн...Миний буруу би алдаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/ зэрэг болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь Хэнтий аймгийн Б сумын 2 дугаар баг 44 дүгээр байрны 01 тоотод оршин суух өөрийн гэртээ 2022 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэрээсээ зайл гэж хөөж, түлхэн унагаж, нүүрэн тус газарт гутлаар шидсэний улмаас баруун, зүүн дээд зовхины хэсэг, хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан хэсгийн зулгаралт зэрэг гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч Д.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Т-ыгХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй байдал болон согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ зэрэг  шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц овогт Э-ийн Э /РД:........../-ы биед баруун, зүүн дээд зовхины хэсэг, хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан хэсгийн зулгаралт зэрэг гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүлэгт “...Д.Төмөрбаатар бид нар харилцан тохиролцож, эвлэрсэн. Д.Т надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 500,000 төгрөг өгсөн, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэв.

Иймд хохирогчийн “...гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгүүдийг үндэслэн  шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Т-ын  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүх шүүгдэгч Д.Т-рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогчид хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харгалзан үзсэн болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдрийн 8 /найм/ цагаар тооцож, 320 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосныг шүүгдэгч зөвшөөрсөн байх тул саналын хүрээнд өдрийн 8 /найм/ цагаар тооцож, 320 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Т-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:          

 

1.Шүүгдэгч Х овогт Д. Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д. Т-ыг  320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тооцон эдлүүлж,  шүүгдэгч Д.Т нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

            4.Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

6.Шүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ын нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 110 тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тээдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ