Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1513

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

        Дугаар 182/ШШ2017/01513

                  Улаанбаатар хот

 

   

         Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Худалдааны гудамж, Урт цагааны 3 дугаар блокт байрлах, “Говь-Урал” ХХК /РД:5049253/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 13/1, өөрийн байранд байрлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус холбогдох,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг хариуцагч зөрчсөн тул хариуцагчийн хууль бус ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж 35-д байрлах, “Тээвэр хөгжлийн банк” ХХК /РД:2078201/,

 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Ажнай ХХК-ийн байр, 4 тоотод байрлах, “Таван толгой транс” ХХК /РД:5000505/,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсүх, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, Э.Сугар-Эрдэнэ, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох “Тээвэр хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, “Таван толгой транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Говь-Урал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсүх шүүхэд хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна...” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар нэгэн тайлбар байхгүй” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Тээвэр хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Таван толгой транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар нэгэн тайлбар байхгүй” гэв.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Говь-Урал” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг хариуцагч зөрчсөн тул хариуцагчийн хууль бус ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Говь-Урал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байгаа болох нь түүний тайлбар, бичгээр гаргасан хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Говь-Урал” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг хариуцагч зөрчсөн тул хариуцагчийн хууль бус ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаахыг даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс 2015.05.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Х.ДАШДЭЧМАА