Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0428/З |
Дугаар | 128/ШШ2020/0051 |
Огноо | 2020-01-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2020/0051
2020 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 128/ШШ2020/0051 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: ТӨБЗГСХШУАБ С.Э, улсын байцаагч Д.З.
Гуравдагч этгээд: АШУҮИС.
Нэхэмжлэлийн шаардлага: “ТӨБЗГУАБийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-03, мөн өдрийн ТӨ-08 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан даалгавруудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч улсын ахлах байцаагч С.Э, улсын байцаагч Д.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Улсын байцаагч нар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захиргааны актын гаргахдаа нэг үндэслэл гаргасан. Тухайн нэхэмжлэл нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний заалтын дагуу хугацаа хожимдуулсан учир 10 хувийн алданги тооцох албан даалгаврыг гуравдагч этгээдэд үүрэг болгосон. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлыг хүлээлцэх байсан боловч 2018 оны 12 дугаар сар гэхэд хүлээлцээгүй байна гэсэн агуулга бүхий байсан. Эдгээр нөхцөл байдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдсөн. Гэрчээр тухайн барилгын ажилд хяналтын инженер хийж байсан Б.Х барилгын ажлын хувьд дулаантай холбоотой асуудал гарсан гэсэн агуулгаар ажил хойшилсон гэж мэдүүлсэн. Зарчмын хувьд энэ ажилтайгаа зэрэг явна гэсэн асуудал. Мөн 2017 оны 4 дүгээр сард АШУҮИСийг барих чиглэлээр компаниуд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа угсралтын ажил нь 2017 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дуусгавар болохоор ирүүлсэн. Угсралтын ажил дуусаагүй байхад шалны ажил болон, дотор заслын цахилгааны ажил хийгдэх боломж байхгүй. Гуравдагч этгээдийн угсралтын ажил нь дуусаагүй байсан гэдэг нь үйл баримтаар тогтоогдож байна. Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл өөрчлөлттэй, дулааны холбогдолтой өөрчлөлт гарсан. Үүнээс болж тодорхой хэмжээгээр хойшилсон гэдэг агуулгаар гэрчүүд мэдүүлэг өгсөн. Захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, үр нөлөөтэй байж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар үр нөлөөтэй байж чадаагүй. Эрх нь хөндөгдөж байгаа “Б” ХХК-г хяналт шалгалт хийхдээ Татварын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу мэдэгдээгүй, мөн таны ажил яагаад хугацаандаа яваагүй юм бэ? гэдэг талаар асуулга асуугаагүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний талуудын хооронд байгуулсан хугацаа яагаад хойшилсон талаар Г.О, Б.Х гэх гэрч нар мэдүүлсэн. Г.О гэрчийн мэдүүлгээр үндсэн гүйцэтгэгчийг олох гэхээр олдохгүй, мэдэгдэхгүй байна гэж мэдүүлсэн. Захиалагчийн хяналтын тавьж байгаа байгууллага нь гүйцэтгэгч байгууллагаа олохгүй байна гэхээр энэ ажил яаж явж байсан гэдэг нь ойлгомжтой байна. Манай ажил тодорхой цаг хугацаандаа явж сунгагдаж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.6 дахь хэсэгт эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан байна. Сая дурдсан үйл баримтуудыг “Б” ХХК-иас яагаад хоцорсон талаар асуулга асуусан тохиолдолд нөхцөл байдлыг бид тайлбарлах боломжтой байсан. Энэ утгаараа эрх нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдээгүй. Тийм утгаараа энэ захиргааны акт нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх үүргийг зөрчсөн.
Төрийн хяналт, шалгалтын тухай хууль болон холбогдох журмаар урьдчилан шийдвэрлэх хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гэсэн агуулга ярьдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд хяналт шалгалт хийсэн тохиолдолд хаана хандах талаар заадаг. Энэ хяналт шалгалтын хариуг бидэнд өгөөгүй, бид нарыг оролцуулаагүй тул хэзээ гаргасан акт болон, албан ёсоор үүнийг бидэнд хэзээ өгөх талаар тодорхойгүй юм. Тиймээс бид мэдсэн цагаас эхлэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүхэд хандсан учир шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа бол дуусаагүй.
Тухайн хоёр захиргааны актыг дүгнээд үзэх юм бол Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар “4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх”, 4.1.4 дэх хэсэгт зааснаар “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах”, 4.1.6 дахь хэсэгт заасан “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэх хуулиар зохицуулсан харилцааг зөрчсөн гэж үзэж байна.” гэв.
Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б” ХХК нь АШУҮИСтай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээ нэг удаа сунгасан. Үндсэн гэрээ, нэмэлт гэрээ, сунгалтын гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэж, ажлаа цаг тухайд нь гүйцэтгээгүй асуудал байна. АШУҮИСд тухайн цаг хугацаанд хохирол учирсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт манай байгууллагын зүгээс хяналт шалгалт хийгээд, АШУҮИСд албан шаардлага хүргүүлсэн. Тус албан шаардлагаар гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаагаа шийдвэрлэж, гэрээний дагуу арга хэмжээ аваач ээ гэж албан тоот явуулсан. Үүний дагуу АШУҮИС холбогдох “Б” ХХК болон бусад компаниудад гэрээний дагуу хариуцлага тооцох тухай мэдэгдсэн байдаг. Мөн “Б” ХХК-ийн гаргасан гомдолдоо энэ албан шаардлага нь 2019 оны 01 дүгээр сард ирсэн гэж дурдсан мөртлөө гомдлоо манай байгууллагад 2019 оны 3 дугаар сард гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмаар зохицуулахдаа улсын байцаагчийн холбогдох шийдвэрт 1 сарын дотор, ерөнхий байцаагчийн шийдвэрт 2 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан. Гомдол гаргах хугацаа нь дууссан байсан. Манай байгууллагад гомдол гаргах хугацаа нь дууссан байсан учир шүүхээр явсан байх. Манай байгууллагын зүгээс “Б” ХХК-д хяналт шалгалт хийгээгүй. АШУҮИСд шалгалт хийгдсэн. Шалгалт хийгдэхдээ гэрээний хэрэгжүүлээгүй байгаа тул гэрээний үүргээ барьж ажил гэж асуудлыг тавьсан. Гэрээний үүргээ яагаад хэрэгжүүлээгүй тухай гэрчийн асуудал яригдсан. Гэрч Г.О нь хангалттай тайлбар өгсөн. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлгосон мэтээр ярьж байна. Хангалттай тайлбар өгөхдөө барилгын ажлын түр тог болон дулаан өгсөн байхад шалны ажлыг хийхгүй, захиалагч нь өөрөө ирцээ бүртгэж ажилтан нь байн уу гэж байхад хүн нь байхгүй байх асуудал маш их тулгарч гэрээний дагуу үүргээ хэрэгжүүлээгүй.
Мөн тендерийн баримт бичиг дээр “Б” ХХК нь “бид ажлаа чанартайгаар, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ” гэж албан бичиг ирүүлсэн. Нэмэлт гэрээ байхад түүнийхээ ажлыг ч хийхгүйгээр хугацаа алдаж байгууллагыг хохироосон нь алданги тооцох үндэслэл болсон.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...АШУҮИСийн 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хийсэн баримтын шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаар “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоол гарсан.
Уг тогтоолд “... худалдан авах ажиллагааны зөрчил, дутагдлын дэлгэрэнгүй жагсаалтыг тайлангийн хавсралтаар хүргүүлсэн бөгөөд ... түүнчлэн тус сургуультай барилгын ажил гүйцэтгэхээр аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу цаг хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй байна гэж дүгнэсэн.
Энэ нь АШУҮИСийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байх ёстой байсан “Б” ХХК нь ажлаа хуваарийн дагуу хугацаандаа барилгын ажлыг гүйцэтгээгүй болно.
Компани нь барилгын ажлыг 2017 оны 12 дугаар сард дуусах байсан боловч шалгалтын хугацаанд дуусгаагүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан тул гэрээний холбогдох заалтыг үндэслэн алданги ногдуулах нөхцөл байдал үүсэж, төрийн өмчит хуулийн этгээдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, төсөв төлөвлөгөөг үндэслэлтэй зөв, төлөвлөгөөг биелүүлэх, гүйцэтгэлийг
хянаж ажиллах шаардлагатай талаар зөвлөмж, албан шаардлага ирүүлсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын баталсан 2018 оны төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх төлөвлөгөөг удирдлага болгон “Б” ХХК-тай 811.599.852 төгрөгийн барилгын ажил гүйцэтгэхээр байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/07/2016-4 тоот гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөх, нэмэлт гэрээгээр 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй тул дээрх гэрээний тусгай нөхцөлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувийн алданги тооцож 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-08 дугаартай албан даалгавар гарсан болно.
2019 оны 1 дүгээр улиралд багтаан албан шаардлагын дагуу зөрчлүүдийг арилгаж, биелэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтэст ирүүлэхийг АШУҮИСд ирүүлэхийг даалгасан.
“Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ заасан хугацаанд гүйцэтгээгүй нь үнэн тул гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардаж тооцсон нь үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-иас тус шүүхэд хандан ТӨБЗГУАБийн 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн ТӨ-03, болон ТӨ-08 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан даалгавруудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэг болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь АШУҮИС
Сургуулиас зарласан “АШУҮИСийн шинэ
цогцолбор А, Б блокийн барилгын ажил” А-07/2016 дугаар тендер сонгон шалгаруулалтад оролцон Багц-4 “Шалны ажил” болон Багц-5 “Дотор засал, цахилгаан холбооны ажил” шалгарч, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр АШУҮИСтай:
А-07/2016-04 дугаар “АШУҮИСийн шинэ цогцолборын А,Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” /Багц -4/,
А-07/2016-05 дугаар “АШУҮИСийн шинэ цогцолборын А,Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” /Багц -5 / -г тус тус байгуулжээ.
Дээрх хоёр гэрээний 6 болон 18 дугаар зүйлд заасанчлан гүйцэтгэгч нь ажлыг 2017 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс эхэлж, А-07/2016-04 дугаар гэрээгээр хүлээсэн үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэж, ашиглалтад оруулах, А-07/2016-05 дугаар гэрээгээр хүлээсэн үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэж, ашиглалтад оруулах, гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги ногдуулах үүргийг тус тус хүлээсэн.
Улмаар талууд нэмэлт гэрээгээр “Б” ХХК нь дээрх ажлыг 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
“Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан байдал ... зэргийг шалгаж, дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авах” зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “2018 онд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх төлөвлөгөө”, 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр батлагдсан 30 дугаар Шалгалтын удирдамжийн үндсэн дээр тус газрын улсын байцаагч Ц.Т, С.Э, Д.З нар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд АШУҮИСд шалгалт хийж,
ТӨБЗГУАБийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” ТӨ-03 болон ТӨ-08 дугаартай албан даалгавруудаар АШУҮИСд хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК дээрх албан даалгавруудыг эс зөвшөөрч
“...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах”, 4.1.6 “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” зарчмыг алдагдуулж, нөхцөл байдлыг тодруулах, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй” зэрэг үндэслэлээр маргаж байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэгээс үзэхэд,
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 17/27, 17/28, 17/34 болон 17/35 дугаар албан бичгүүдээр АШУҮИСд хүргүүлсэн мэдэгдэл,
2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр АШУҮИСтай байгуулсан А-07/2016-04 дугаар “АШУҮИСийн шинэ цогцолборын А,Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” /Багц -4/ болон А-07/2016-05 дугаар “АШУҮИСийн шинэ цогцолборын А,Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” /Багц -5 /-ний 6 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээг, “Б” ХХК нь А-07/2016-04 болон А-07/2016-05 дугаар гэрээ болон Тендерийн баримт бичгийн 5, 6 дугаар бүлэгт заагдсан Ерөнхий болон Тусгай нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, тус гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь багтааж /2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор/ гүйцэтгэж, ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээсэн байна.
2. А-07/2016-04 дугаар “АШУҮИСийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” /Багц -4/ болон А-07/2016-05 дугаар “АШУҮИСийн шинэ цогцолборын А,Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” /Багц -5 /-ний 18 дугаар зүйлд “гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги ногдуулах”, гэрээний тусгай нөхцөлийн 46.1 ”Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 1 хувь байна”, 46.2 “Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна” хэмээн тус тус заасан.
3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хяналт тавих бүрэн эрхтэй. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд, “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан байдал ... зэргийг шалгаж, дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авах” зорилгоор хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч нар нь “2018 онд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх төлөвлөгөө”, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан 30 дугаар Шалгалтын удирдамжийн үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд АШУҮИСд шалгалт хийж,
2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “АШУҮИС улсын төсөвт үйлдвэрийн газрын 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн байдалд хийсэн шалгалтын тайлан”-г гаргасантай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаар тогтоолоор “...АШУҮИСийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонд ...3.4. АШУҮИСийн шинэ цогцолборын А, Б блокын барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй компаниудад гэрээний дагуу алданги ногдуулах, төлүүлэх” арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгажээ.
Улмаар хариуцагч ТӨБЗГУАБ нараас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-03 болон ТӨ-08 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан даалгаврыг АШУҮИСд хүргүүлснийг шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах”, 66 дугаар зүйлийн 3 “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ талаархи хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр өмчийн ашиглалт, захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 “.Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна” хэсэгт тус тус нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байна хэмээн үзлээ.
Учир нь, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болох “АШУҮИС улсын төсөвт үйлдвэрийн газрын 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн байдалд хийсэн шалгалтын тайлан”, “АШҮИС-ийн шинэ цогцолборын А,Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл Багц-4, А-07/2016-04 (01,02,03,04)”, АШҮИС-ийн шинэ цогцолборын А,Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл Багц-5, А-07/2016 (01,02,03,04)” болон 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/88 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр “Б” ХХК нь гэрээгээ хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд /хэргийн оролцогчид эл асуудлаар маргаагүй/ энэхүү нөхцөл байдлыг хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан 30 дугаар Шалгалтын удирдамжийн 2.3-т “Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хэрэгжилт а. Худалдан авах ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, тайлагналт” заасан хяналт шалгалтын ажлын хүрээндээ тогтоож, уг асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээний холбогдох заалтын дагуу шийдвэрлэхийг АШУҮИСд даалгасныг хууль зөрчсөн хэмээн үзэж боломжгүй юм.
4. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарыг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зөрчлийн шалтгаан нөхцөлийг бүрэн шалгаж тогтоогоогүй хэмээн буруутгаж байх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж, Шалгалтын удирдамжид тус тус заасанчлан энэхүү асуудал нь хариуцагчаас хийсэн хяналт шалгалтад хамаарахгүй,
А-07/2016-04 дугаар “АШУҮИСийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” /Багц -4/ болон А-07/2016-05 дугаар “АШУҮИСийн шинэ цогцолборын А,Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ” /Багц -5 / гэрээний 20, 21 дүгээр зүйлд тус тус заасанчлан эл асуудал нь тухайн гэрээний талууд болох захиалагч АШУҮИС, гүйцэтгэгч “Б” ХХК нарын хоорондын асуудал байх бөгөөд үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талууд санал зөрөлдвөл шүүхээр шийдвэрлүүлэхээр гэрээний 22 дугаар зүйлд тусгайлан заасан байна.
Үүнтэй холбоотойгоор, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудаст заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” хэмээн заасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ТӨБЗГУАБийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-03 болон ТӨ-08 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан даалгаврын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус үндэслэн ТӨБЗГУАБ С.Э, улсын байцаагч Д.З нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “ТӨБЗГУАБийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-03 болон ТӨ-08 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан даалгавруудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.М