Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.Отгонболор,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Х.Анхцэцэг,

насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаа, Ж.Төгсжаргал, тэдний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0165/,

насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч В.Оюунчимэг,

шүүгдэгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Боржигин овгийн Буяндэлгэрийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 201526011707 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигин овгийн Буяндэлгэрийн Жаргалсайхан Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 6-10 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30 дугаар гудамж 530б тоотод орших суух бүртгэлтэй, одоо тус хорооны Орбитын задгайд оршин суудаг гэх, НМ8408110 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь согтуурсан үедээ 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30-530-б тоот гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж төрсөн охин 10 настай Ж.Маралмаа, хүү 6 настай Ж.Төгсжаргал нарыг “Гаднаас угаасан хувцас оруулаагүй байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан шүүрэн шанагыг зэвсгийн чанартай хэрэглэн зодож Ж.Маралмаагийн биед зүүн гуяанд цус хуралт гэмтэл, Ж.Төгсжаргалын биед баруун гарын сарвуунд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт,

-Мөн согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр давтан Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30-530-б тоот гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж төрсөн 10 настай охин Ж.Маралмаа, 6 настай хүү Ж.Төгсжаргал нарыг шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож давтан үйлдлээр танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ: Би Ч.Насанжаргалтай 2000 онд гэр бүл болоод бид хоёрын дундаас охин Ж.Маралмаа 2005 онд, хүү Ж.Төгсжаргал 2009 онд тус тус төрсөн. Эхнэр Ч.Насанжаргал нь 2012 оноос хойш архи уугаад гэртээ ирэхгүй алга болсон. Үүнээс хойш хугацаанд би хүү Ж.Төгсжаргалыг өөр дээрээ авч, охин Ж.Маралмааг ээжид нь өгсөн юм. Гэтэл охин Ж.Маралмаа ээжийнхээ хамт Хөвсгөл аймагт байх үедээ над руу утсаар ярьж “ээж архи уугаад зодоод байна, намайг ирээд аваач” гэж ярьсан. Ингээд охин Ж.Маралмааг мөн би өөрөө дээрээ авч сургуульд оруулж, хүү, охин нарынхаа хамт, мөн өөрийн ээжийн хамт ам бүл дөрвүүлээ  амьдарч байсан.

Ингээд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн хувцасаа угааж гадаа тавиад хүнтэй уулзах ажилтай байсан учир охин Ж.Маралмааг угаасан хувцас оруулчихаарай  гэж хэлээд явсан. Тэгээд орой ирээд угаасан хувцас оруулсан юм уу гэж охин Ж.Маралмаагаас асуухад “оруулаагүй” гэж хэлэхээр нь охиноо “яадаг муу мал бэ, охин хүүхэд байж” гэж хэлээд, би өөрөө газар сууж байхдаа зуухны хажууд байсан боорцог хайрч шүүж авдаг шүүрэн шанагаар охин Ж.Маралмаагийн баруун гуяан дээр нь нэг удаа цохисон юм. Тухайн үед охин Ж.Маралмаа өмд өмсөөгүй, шорттой байсан болохоор баруун гуян дээр нь шүүрэн шанагны мөр гарсан байсан. Би шүүрэн шанагыг халааж цохиогүй.  Мөн хүү Ж.Төгсжаргалыг “эгчдээ угаасан хувцсаа оруулая гэж хэлж сануулахгүй яасан юм бэ” гэж хэлээд түүний баруун гар руу нь шүүрэн шанагаар нэг удаа цохих үед хүү Ж.Төгсжаргалын баруун гарын долоовор хуруунаас цус гараад байхаар нь охин Ж.Маралмааг хурууны лент аваад ир гээд явуулсан юм. Гэтэл охин Ж.Маралмаа ирээгүй, харин В.Оюунчимэг эгчийн гэрт очсон байсан. Тэгээд гайгүй байх гэж бодсон чинь цагдаад мэдэгдсэн байсан, би цагдаа дээр очсон.

Дараа нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Ж.Маралмаагийн ангийн багштай нь очиж уулзахад “танай хүүхэд хичээлдээ муудаад байна, мөн 2-3 дэлгүүрээс хулгай хийсэн талаар хэлсэн. Тэгээд гэртээ очоод охин Ж.Маралмааг “арчаагүй юм” гэж хэлээд шилэн хүзүүн дээр нь нэг удаа алгадсан. Хүмүүсийн өгсөн мэдүүлэг дээр байгаа шиг сүртэй зодсон зүйл байхгүй. Би ээжийгээ охин Ж.Маралмаагийн хамт хоёр шил пиво аваад ир гэж явуулж, авчруулсан пивоны нэгийг нь уусан байсан, согтуу байгаагүй. Тухайн өдөр хүү Ж.Төгсжаргалыг зодоогүй. Өөрийн буруугаас болж, хүүхдээ зодож хөгийн, жижиг хэрэгт холбогдож, өөрөө маш их зовлон амсаж байна. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Миний буруу байгаа. Урьд нь би архи уудаг байсан. Одоо архийг хаясан. Хоёр хүүхдээ бодохгүй бол амьдрал хэцүү болж байна. Хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаа мэдүүлэхдээ: 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр аав бага зэргийн архи уусан байсан. Тэгээд аав хувцасаа угааж тавьчихаад гадагшаа гарахдаа угаасан “хувцас оруулчихаарай” гэж хэлэхээр нь би цамц, өмдийг нь оруулахаа мартсан байсан. Тэгээд орой унтах гэж байхад аав ирээд “өмд оруулсан юм уу” гэж хэлэхээр нь мартсан гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь аав “яадаг муу мал бэ” гэж хэлээд газар байсан шүүрэн шанагаар миний баруун хөл рүү цохисон. Миний баруун гуян дээр шүүрэн шанаганы ором гарч улайсан байсан. Тэгээд Оюунчимэг эмээдээ очиж хэлсэн.

 Дараа нь хичээлдээ яваад ирсэн чинь аав согтуу орж ирээд эмээ бид хоёрыг “хоёр шил пиво аваад ир” гэж хэлээд дэлгүүр явуулсан. Тэгээд буцаад гэрт ирсэн чинь аав намайг “наашаа хүрээд ир” гэж дуудаад очсон чинь “аавдаа хайргүй юм уу” гэж хэлээд миний шилэн хүзүүн дээр нэг удаа алгадсан. Тэгээд эмээ “чи болиоч” гэсэн чинь аав эмээг “гар зайл” гэж хэлсэн. Эмээ гараад Буянжаргал ахыг дуудаж ирсэн. Эмээ бид хоёрыг дэлгүүр яваад ирсэн чинь дүү Ж.Төгсжаргалын хамраас цус гарсан байсан. Урьд өмнө нь аав, дүү бид хоёрыг байнга зодож байгаагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргал мэдүүлэхдээ: Аав боовны шүүрээр миний гар руу цохисон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч В.Оюунчимэг гаргасан тайлбартаа: Би Б.Жаргалсайханы ээжийнх нь төрсөн дүү юм. Ж.Жаргалсайханы эхнэр нь хаяад явсан. Б.Жаргалсайханы хоёр хүүхдийг би багаас нь мэднэ. Насанд хүрээгүй хоёр хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эмээ нь ажил хийдэггүй, эцэг нь энэ хоёр хүүхдээ тэжээдэг юм гэв.

 

Мөн эрүүгийн 2015 2601 1707 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад гэрч болон насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаагийн 2016 оны 04  дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...өнгөрсөн 2015 оны хичээл орохоос өмнө нэг өдөр аав Жаргалсайхан өөрийнхөө хувцасаа угааж, гадаа дэлгэж тавьчихаад, намайг хатахаар нь оруулаарай гэж хэлээд явсан. Би хувцасыг нь оруулахаа марчихсан чинь аав орой ирээд угаасан хувцас оруулсангүй гэж уурлаад боовны шүүрэн шанагаар миний ...гуя руу цохиод, манай дүү Төгсжаргалыг хажууд зогсож байхад нь баруун гарын долоовор хуруу руу нь боовны шүүрэн шанагааар бас оночихсон. Тэгээд Төгсжаргалын хуруунаас цус гараад аав намайг марл аваад ир гэхээр нь би марл авчирч өгөөгүй, Оюунчимэг эгчийнд очсон. Дүү Төгсжаргал бид хоёроос өөр хүн байгаагүй.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ ирээд эмээ Уранчимэг, дүү Төгсжаргал гурвуулаа байхад 22 цагийн үед аав архи уусан байдалтай ирээд эмээг дэлгүүр рүү пивонд яваад ир гээд эмээд мөнгө өгөхөд эмээ бид хоёр дэлгүүр рүү яваад 2 шил Боргио пиво, 1 ширхэг лаа аваад гэртээ ирэхэд манай дүү Төгсжаргалын хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд “намайг нааш ир, энд суу” гэхээр нь би урд нь очоод суухад  “чи аавдаа хайргүй юм уу” гээд дух руу гараараа цохиод дүү Төгсжаргалыг “хутга аваад ир” гэхэд нь Төгсжаргал хутгыг нь авчирч өгөхгүй байсан чинь ууж байсан пивоныхоо шилийг барьж аваад над руу далайгаад тэгтэл Буянжаргал ах орж ирээд аавыг барьж аваад цагдаа дуудаж өгч явуулсан. ...” гэх мэдүүлэг [1],

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргалын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...Тэр орой аав Жаргалсайхан  архи уусан согтуу Маралмаа эгчийг гаднаас угаасан хувцас оруулсангүй гэж уурлаад Маралмаа эгчийн гуя руу боовны шүүрэн шанагаар цохиод, та нар аавыгаа боддоггүй гээд миний гарын хуруу руу /баруун гарын долоовор хуруугаа гозойлгож харуулж байв/ боовны шанагаар цохисон. ...Миний хуруунаас цус гарсан. Тэр үед Маралмаа эгч бид хоёроос өөр хүн байгаагүй, эмээ хөдөө явсан байсан. Аав өмнө нь хааяа уурлахаараа цохидог байсан, гэхдээ чанга цохидоггүй. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай аав орой согтуу ирээд эмээ, Маралмаа эгч хоёрыг пиво аваад ир гээд дэлгүүр явуулсан. Тэгээд намайг “нааш ир миний урд сөгд” гэхээр нь урд нь очоод сөгдөөд суусан чинь “чи яах гээд байгаа юм, аавдаа хайргүй” гээд гараараа миний хамар руу цохисон. Тэгээд миний хамарнаас цус гараад байсан чинь эмээ, Маралаа эгч хоёр орж ирсэн. Тэгээд аав хутга аваад ир гэхээр нь би хутга авчирч өгөхгүй байсан чинь ална шүү гээд байсан. Тэгэхэд Улаанаа ах орж ирээд аавыг “чи муу яах гээд байгаа юм, өгдөг газар чинь өгнө” гээд цагдаа дуудаад аавыг өгөөд явуулсан. Би аавдаа гомдохгүй байна. ...” гэх мэдүүлэг [2],

Мөн түүний 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “... Аав Жаргалсайхан архи уусан согтуу, Маралмаа эгчийг угаасан хувцас оруулсангүй гээд Маралмаа эгчийн гуя руу боовны шүүрэн шанагаар цохиод намайг хажууд нь байсан чинь гарын хуруу руу боовны шанагаар бас цохисон. Аав Маралмаа эгчийг гадаа угааж тавьсан хувцасаа оруулсангүй гээд боовны шанагаар гуя руу нь цохисон. Өөр хүн байгаагүй, эмээ байхгүй байсан.

   -Аав бас согтуу ирээд эмээ, Маралмаа эгч хоёрыг пиво аваад ир гээд явсаных нь дараа намайг сууж байсан чинь хамар руу цохиод цус гарчихсан. Тэгээд Маралмаа эгч, эмээ хоёрыг ирэхэд Маралмаа эгчийн толгой руу нь бас цохисон. Тэгээд аав хутга аваад ир гэхээр нь би хутга авчирч өгөөгүй. Эмээ Улаанаа ахынх руу яваад дуудаж ирэхэд Улаанаа ах ирсэн. ... гэх мэдүүлэг [3],

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Буянжаргалын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын задгайд байдаг. Манай ээж Уранчимэг манайхаас зүүн тийш 300 орчим метр газарт тусдаа хашаанд амьдардаг. Ах Жаргалсайхан Таван шард хамтран амьдрагч Гэрлээ гэх эмэгтэйгийнд амьдардаг. Жаргалсайхан 4-5 жилийн өмнө эхнэрээсээ салаад 1 жил орчмын өмнөөс Гэрлээ гэх хүүхнийд амьдрах болж Маралмаа, Төгсжаргал гэх хоёр хүүхэд нь манай ээж Уранчимэгийнд байдаг. 2015 оны 08 дугаар сард ээж Уранчимэг Төв аймгийн Жаргалант сум руу явсан болохоор Жаргалсайхан ах ээжийнд хүүхдүүд дээрээ ирж, манайд хүн байхгүй, манай түлхүүр Маралмаад байсан болохоор манайд тэд хоносон байсан. Би маргааш өглөө нь гэртээ ирэхэд Жаргалсайхан ах байхгүй, Маралмаа, Төгсжаргал хоёр хоёулхнаа байж байсан. Маралмаа надад хандаж “өчигдөр орой аав согтуу ирээд намайг цохисон” гэхээр нь “яаж байгаа юм” гэсэн чинь “шүүрэн шанагаар хөл рүү цохисон” гэж хэлсэн. Тэр үед гаднаас хүүхдийн эрхийг хамгаалах төвөөс явж байна гээд нэг хүн хоёр хорооны цагдаагийн хамт ирээд Маралмаа, Төгсжаргал хоёртой уулзаж байснаа дараа нь надаас “танай ах чинь байнга архи дарс уудаг юм уу”, хүүхдүүдээ байнга зодож дарамталж байдаг юм уу” гэж асуухаар нь би “манай ах архи уудаг нь үнэн, гэхдээ хүүхдүүдээ зодож дарамтлаад байдаг эсэхийг нь мэдэхгүй” гэдгийг хэлсэн. ...Маралмаа ...шүүрэн шанагаар Төгсжаргал бид хоёрыг зодсон гэдгээс өөр юм хэлээгүй. Тэгэхэд харахад Маралмаагийн хөл нь гуяндаа хөхөрчихсөн, Төгсжаргалын гарын хуруу зүсэгдсэн бололтой  шархтай байсан. ...” гэх мэдүүлэг [4],

-Мөн түүний 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 10 дугаар сарын 13-ны орой намайг гэртээ байхад 00 цагийн орчим ээж Уранчимэг орж ирээд Жаргалсайхан агсам тавиад хүүхдүүдээ зодож цохиод байна, чи хурдан оч гэхээр нь би тэр даруй хувцасаа өмсөөд ээжийн хамт гэрт нь очиход Жаргалсайхан ах Маралмааг хажуу талдаа газарт суулгачихсан баруун талынхаа орон дээр шилтэй пиво уучихсан сууж байсан. Би та яагаад нялх хүүхдүүдийг зодож цохиод байдаг юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм, чи муу өөрөө дуугай гэр лүүгээ зайл гэхээр нь та зүгээр байж чадахгүй, ингэж агсам согтуу тавиад байх юм бол цагдаа дуудлаа гэхэд тэгж л байхгүй юу гэхээр нь би тэр даруй цагдаа руу утсаар мэдэгдсэн. Намайг харахад Маралмаа Төгсжаргал хоёрт ил харагдах шарх сорви байгаагүй, Маралмааг царайнаас нь ажиглахад их айсан байдалтай харагдсан. Жаргалсайхан нилээд согтолттой харагдсан, өөрийн ухаантай байсан...” гэх мэдүүлэг [5],

 

Мөрдөн байцаалтад В.Оюунчимэгийн гэрчээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний мэдүүлсэн “...2015 оны 8 дугаар сарын сүүлээр нэг орой 21 цагийн үед Маралмаа манайд ганцаараа ирээд “аав намайг зодсон” гэхээр нь “яагаад зодож байгаа юм” гэхэд гадаа “угаасан хувцас оруулсангүй” гэж уурлаад зодсон гэхээр нь “ганц, 2 алгадсан юм байлгүй” гэж бодоод хоол цай идэж уулгаад гэртээ хонуулаад маргааш нь дагуулаад гэрт нь очиход Жаргалсайхан гэртээ байхгүй байхаар нь Буянжаргалынд ороход Төгсжаргал тэднийд байсан. Тэгээд би Буянжаргалд Жаргалсайхан “энэ хоёрыг зодсон гэж байна” гэхэд Буянжаргал “харин тийм гэнээ, би байхгүй байж байгаад өнөөдөр гэртээ ирлээ” гэж байсан. Би Маралмаагаас “аав чинь тэгээд чамайг яаж зодсон бэ” гэхэд “шүүрэн шанагаар цохисон” гээд гуяа үзүүлэхэд нь харахад гуяных нь гадна талд хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг [6],

-Мөн түүний 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...80200135 дугаар утас нь тухайн үед дүү Буянжаргалын барьж байсан дугаар бөгөөд би уг дугаарын утсаар нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүүхдийн тусламжийн 108 тоот дугаарын утас руу ярьж Жаргалсайханыг хүүхдээ зодсон талаар мэдээллийг өгсөн. Надад сонсгож байгаа бичлэг дээрх хүний дуу миний өөрийн дуу авиа мөн байна. ...” гэх мэдүүлэг [7],

-2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Жаргалсайханы хүү Төгсжаргал нь аавдаа их сүрхий ойрхон байдаг, охин Маралмаа ч мөн гайгүй харилцаатай байдаг юм шиг санагддаг. Би үргэлж хамт байгаад байдаггүй болохоор гэртээ ямар байдалтай байдгийг нь мэдэхгүй. ...Одоо энэ шалгагдаж байгаа хэрэг буюу 2015 оны 08 дугаар сарын сүүлээр 21 цагийн орчим намайг гэртээ байхад Маралмаа манайд ганцаараа ирээд аав намайг угаасан хувцас оруулсангүй гээд зодоод би зугтаагаад ирлээ гэж ирсэн. ...” гэх мэдүүлэг [8],

 

Мөрдөн байцаалтад гэрч В.Уранчимэгийн 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2015 оны 08 дугаар сард Төв аймгийн Жаргалант суманд охиныдоо очиж байж байгаад 2015 оны 08 дугаар сарын сүүлээр сургууль орохын өмнөхөн ирсэн. Намайг ирэхэд Жаргалсайхан хоёр хүүхдээ зодсон асуудлаар цагдаад шалгагдаж байгаа гэж сонсоод Маралмаагаас асуухад “аав архи ууж ирээд угаасан хувцас гаднаас оруулсангүй гэж уурлаад шүүрэн шанагаар Төгсжаргал бид хоёрыг цохисон” гэж байсан.

...Харин 2015 оны 10 дугаар сарын 13-ны орой Маралмаа, Төгсжаргал бид гуравыг гэртээ байхад 23 цагийн орчимд Жаргалсайхан архи үнэртүүлсэн байдалтай ирээд надад 3,000 төгрөг өгөөд дэлгүүрээс пиво аваад ир гэхээр нь би Маралмаагийн хамт дэлгүүр ороод 2 шил Боргио пиво, 1 ширхэг лаа аваад ирэхэд Төгсжаргалын хамраас цус гарчихсан зогсож байсан. Жаргалсайхан намайг лаа яах гэж авсан юм гэж уурлаад гар зайл гэж хөөхөөр нь би гарч зогсоод чагнаж байтал гэр дотор Жаргалсайхан “чи аавдаа хайртай юмуу, үнэнээ хэл” гэж ярих сонсогдоод Маралмаа ёолох дуу гарахаар нь би яваад ортол Жаргалсайхан Маралмаагийн үснээс зулгаагаад суулгачихсан байхаар нь би буцаж гараад хүү Буянжаргалынх руу очиж хэлэхэд Буянжаргал ирээд цагдаад дуудлага өгсөн. Би Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотод өөрийн хүү Жаргалсайханыд ирж өнөөдрийг хүртэл хамт амьдрах болсон. Намайг ирэхэд Жаргалсайхан нь эхнэр Насанжаргал болон охин Маралмаа, хүү Төгсжаргал нарынхаа хамт амьдардаг байгаад эхнэр Насанжаргал нь архи ууж хэсэж тэнээд гэртээ ирэхгүй болчихсон, одоо  2 жил гаран болж байна. Эхнэр нь байхгүй, би ажил төрөлгүй болохоор Жаргалсайхан янз бүрийн ажил төрөл хийж хэдэн төгрөг олж хүнс хоолоо залгуулж амьдрал ахуйгаа авч явах гэж зүтгэдэг байсан. Хэдий тийм ч Жаргалсайхан хоёр хүүхэддээ сайн халамжтай, эцэг хүний байдлаар хандаж харьцдаг. Гэхдээ Жаргалсайхан хааяа бухимдаж охин Маралмаа, Төгсжаргал нарыгаа үгэнд нь орохгүй үед загнаж зандрах байдал гаргадаг ч байнга зодож цохиод дарамтлаад байдаггүй. Жаргалсайхан нь Маралмаа, Төгсжаргал нарын төрсөн эцэг нь болохоор үглэж загнах, зандрах байдал гаргадаг байсан, гэхдээ байнга зодож цохиод тарчлаан зовоох үйлдэл хийж байгаагүй...” гэх мэдүүлэг [9],

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Буянтогтохын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хүүхдийн тусламжийн 108 дугаартай утсаар Оюунчимэг гэх эмэгтэй ярьж “хоёр хүүхдийн эрх зөрчигдөж байна, аав болох Жаргалсайхан нь архи ууж зодож байна, энэ үйлдэл нь удаа дараагийн үйлдэл юм. Аав нь 2 хүүхдийг боовны шүүрэн шанагаар цохиж зодсон байна” гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд ахлах мэргэжилтэн Алтанцоожийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30-530 тоотод Жаргалсайханы гэрт очиход гэр нь цоожтой байхаар дүү Буянжаргалынх нь гэрт очиход Жаргалсайханы хоёр хүүхэд болох Маралмаа, Төгсжаргал хоёр тэднийд байсан. Буянжаргалаас юу болсон талаар асуухад манай эгч Оюунчимэг бид хоёр зөвлөлдөж байгаад 108 утсанд хандсан юм. Би байнга хамт байдаггүй болохоор харж хандаж чаддаггүй юм. Жаргалсайхан ах эрүүлдээ бол зүгээр байдаг. Архи уусан үедээ хоёр хүүхдээ зодож цохидог гэсэн. Ээжийгээ хүртэл хөөж туугаад хөдөө явуулчихсан талаар ярьсан. ...” гэх мэдүүлэг [10],

Мөн түүний 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүүхдийн тусламжийн 108 дугаарын утаснаас мэдэгдсэний дагуу очиж уулзаад аав нь яасан юм гэж асуухад Маралмаа өмдөө тайлаад гуяа харуулахад гуянд нь шүүрэн шанаганы ором бололтой, олон нүхтэй ул мөр үүссэн, Төгсжаргалын баруун гарын долоовор хуруунаас цус гараад нойлын цаасаар боочихсон байсныг би гар утсаараа зургийг нь дарж авсан. Тэгээд миний гар утсанд хадгалаастай байсныг цагдаагийн хүмүүс татаж авсан...” гэх мэдүүлэг [11],

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Золбоогийн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30-530б тоотод Б.Жаргалсайхан эх Уранчимэг, охин Маралмаа, хүү Төгсжаргал нарын хамт амьдардаг. Жаргалсайхан, Уранчимэг нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тааруухан амьдралтай хүмүүс байдаг. Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс Жаргалсайхан нь хүүхдүүдээ шүүрэн шанагаар цохиж зодсон талаар надад мэдэгдээд очиж авчирч байсан. Эхнэр Насанжаргал нь 2-3 жилийн өмнө архины хамааралтай болоод салсан гэж байсан. Жаргалсайханаас салаад архинд ороод хэсэж тэнээд явчихсан гэдэг тул манай хорооны архинд хамааралтай хүмүүсийн бүртгэлд хамрагдаагүй...” гэх мэдүүлэг [12],

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Цогзолмаагийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Насанжаргал нь миний 2 дахь төрсөн охин. 2004 онд Жаргалсайхантай гэр бүл болж охин Маралмаа, хүү Төгсжаргал нарыг төрүүлсэн боловч одоогоос 2 жилийн орчмын өмнө Насанжаргал, Жаргалсайхан хоёр салаад Жаргалсайхан хүү охин хоёроо харж хандаж үлдсэн. Учир нь Насанжаргал архинд орчихсон, гэр бүл үр хүүхдээ асарч хамгаалж чадахгүй болохоор Жаргалсайхан болон эмээ Уранчимэг нар нь тэднийг асарч байгаа юм. Би олон хүүхэд асардаг учир тэднийг авахад хүндрэлтэй, Маралмаа Төгсжаргал хоёр Уранчимэг дээр өссөн болохоор тэдэндээ илүү сэтгэлтэй байдаг. Хэрвээ Уранчимэг тэднийг өөр дээрээ авч байлгахгүй гэж өөрөө хүсэх юм бол би яаж ийж байгаад авч болох л байх. Насанжаргал бүр архинд орчихсон болохоор хаагуур юу хийгээд явдгийг мэдэхгүй. Манайхаар ирээгүй, уулзаагүй, хараагүй удаж байна. Хамт байдаггүй болохоор Жаргалсайхан болон хүүхдүүдийн харьцааг мэдэхгүй. Миний мэдэхээр Жаргалсайхан Насанжаргал хоёр нийлээд архи уудаг байсан учраас Уранчимэг хоёр хүүхдийг нь эргэж тойрч асарч байгаад сүүлдээ Насанжаргал архинд нэвт ороод яваад өгчихсөн юм. Насанжаргал одоо тэдэнд нэмэр болно гэж байхгүй. Хаагуур явж байдгийг ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг [13],

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Дэлгэрмөрөнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Би хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа хүүхдийн тусламжийн утас 108-д зөвлөх буюу дуудлага мэдээлэл хүлээн авч ажилладаг. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 29 минутад Сараа гэж өөрийгөө нэрлэж хэлсэн хүн мэдээллийн нууцлалыг хадгалахыг хүсээд аав Жаргалсайхан нь архи ууж хоёр хүүхдээ байнга зодож дарамталдаг, боорцогны шүүрээр Маралмаагийн гуяыг түлсэн байсан гэх мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг хүлээн авч бүртгэлийн программд бүртгэн ахлах ажилтан Ж.Нарангэрэлд шилжүүлсэн. Ахлах мэргэжилтэн Ж.Нарангэрэл уг мэдээллийг хүлээн авч харъяа дүүргийн буюу Сонгинохайрхан дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг [14],

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Гандуулгын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...2015 оны 10 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд орой 00 цагийн үед үүрэг гүйцэтгэхэд “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд Жаргалсайхан гэдэг хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага ирлээ, Толгойтын хуучин эцсээс хойш цагаан худаг дээр хүн тосч очино гэж цагдаагийн хэлтсийн жижүүрээс холбооны хэрэгслээр мэдэгдснээр очиход Буянжаргал гэх хүн тосож аваад Жаргалсайханыд дагуулж очсон. Жаргалсайхан дунд зэргийн согтолттой, сандал дээр суусан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад ээж нь гэх хөгшин манай хүү Жаргалсайхан байнга архи ууж агсам согтуу тавьж байдаг, өнөөдөр бас агсам тавиад байна. Жаргалсайхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн тул түүнийг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Жаргалсайханы охин, хүү гэх хоёр хүүхэд байсан тэдэнд ил харагдах шарх сорви ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг [15],

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Жаргалсайханы 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр байцаагдахдаа өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би өмд хувцасаа угааж гэрийнхээ гадна хэтсэн дээр хатааж тавиад охин Маралмаад угаасан хувцасыг хатахаар нь оруулаарай гэж хэлчихээд хүнтэй уулзахаар яваад орой 22 цагийн үед гэртээ ирэхэд угаасан хувцас оруулаагүй байхаар нь уурлаад Маралмаагийн хөл рүү гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Төгсжаргал намайг ирэхэд өдөр нь гадаа тоглож байгаад гараа зүсчихсэн гээд долоовор хуруунаас нь цус гоожоод хатсан байсныг би боож өгсөн. Би ямар нэг зүйлээр Маралмааг цохиогүй, гараараа л нэг удаа цохисон. Би эх Уранчимэг, охин Маралмаа, хүү Төгсжаргал нарыг зодож цохиж, хөөж тууж дарамталж айлган сүрдүүлж байсан асуудал байхгүй. Харин ч хүүхдүүдийнхээ төлөө, ахуй амьдралынхаа төлөө зүтгэж явдаг. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би дүү Буянжаргалыг манай гэрт ирэхэд чи ахыгаа цагдаад шалгагдаж хэцүү байхад мөнгө төгрөг өгч тусалсангүй гэхэд Буянжаргал чадахгүй гээд тэгээд хоёулаа хоорондоо маргалдаад дүү цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирж намайг эрүүлжүүлсэн. Би өөрөө 2 шил Боргио авч гэртээ ганцаараа уусан болохоор согтоогүй, зүгээр байсан...” гэх мэдүүлэг [16],

-шүүгдэгч Б.Жаргалсайханы 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа өгсөн: “...Би эцэг хүний хувьд охин Маралмаа, хүү Төгсжаргал хоёрыг хайрлаж сайн явуулах гэсэндээ хааяа зэмлэх, үглэх, гар хүрэх асуудлууд байдаг. Харин үр хүүхдээ тамлах, зовоох, гэмтээе гэсэн санаа зорилго байхгүй. ...Тухайн өдөр угаасан хувцас оруулсангүй, охин хүүхэд байж гэрийнхээ ажлыг хийсэнгүй гэж бухимдан үглэж боовны шүүрээр гуя руу нь дэлсээд авсан нь үнэн. Гэхдээ миний охин өмдгүй шорттой байсан болохоор биенд нь эмзгээр нөлөөлсөн байна. Харин 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би архи уусан байхдаа бухимдаад охин Маралмааг хичээл сурлагандаа муудаад байна, хүүхдийн юм авчихдаг гэх зэргээр сайнгүй зүйлийг багштай  нь уулзахад ярьж хэлдэг байсан болохоор нь тэр байдлыг ойлгуулж эцэг хүний хувьд сургамжилж цохиж авсан нь үнэн. Гэхдээ би гэмтэл учруулахаар сүртэй цохиж зодсон зүйл байхгүй. Хүү Төгсжаргалыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [17],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12271 дугаартай дүгнэлтийн:

1.Ж.Төгсжаргалын биед баруун гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /шинжээч Г.Ханхүү/ гэсэн хэсэг [18],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12270 дугаартай дүгнэлтийн:

1.Ж.Маралмаагийн биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй /шинжээч Г.Ханхүү/ [19] гэсэн хэсэг,

-Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан тоот [20],

-Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 2015 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн “Хүүхдийн тусламжийн 108” утсанд ирүүлсэн дуудлагын дагуу ажилласан тухай илтгэх хуудас [21],

- Эд мөрийн баримтаар шүүрэн шанагыг хураан авах тогтоол, тэмдэглэл [22],

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл [23],

- Эд мөрийн баримтаар 3 ширхэг гэрэл зургийг хураан авах тогтоол, тэмдэглэл [24],

- Хохирогч Ж.Төгсжаргал, Ж.Маралмаа нарыг цохисон гэх шүүрэн шанага, хохирогч нарын гэмтлийг харуулсан гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан талаарх мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол [25],

-Хүүхдийн төлөө үндэсний газрын “Хүүхдийн тусламжийн утас-108—д” холбогдох үйлчилгээ авсан ярианы бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол

-Насанд хүрээгүй хохирогч нарын төрсний гэрчилгээний хуулбарууд [26],

-Дуудлагын мэдээллийн хуулбар [27],

-Шүүгдэгч Б.Жаргалсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [28],

-Д.Даваажаргалын дипломын хуулбар [29],

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/2229 дугаартай “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох” тухай захирамж [30] болон бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жаргалсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, шүүрэн шанагыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан, мөн давтан үйлдлээр шалтаг шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогч нарыг зодож танхайрсан гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 181.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

Шүүх хуралдаанаар насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл:

Шүүхээс Б.Жаргалсайханыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан, танхайрах гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Б.Жаргалсайхан нь согтуурсан үедээ 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30-530-б тоот дахь өөрийн гэртээ “угаасан хувцас гаднаас оруулсангүй” гэх шалтгаанаар 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 10 настай охин Ж.Маралмааг шүүрэн шанагаар баруун гуя руу нь цохиж, биед зүүн гуянд цус хуралт гэмтэл, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 6 настай хүү Ж.Төгсжаргалыг шүүрэн шанагаар гар руу нь цохиж биед нь баруун гарын сарвуунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

-мөн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30-530б тоот дахь өөрийн гэртээ 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 10 настай охин Ж.Маралмааг “нааш ир, урд суу” гэж дуудан урдаа сөгдүүлэн толгой руу нь цохиж зодсон, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 6 настай хүү Ж.Төгсжаргалыг “аавдаа хайргүй” гэж хамар руу нь цохиж зодох зэргээр насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаа, хүү Ж.Төгсжаргал нарыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаагийн мөрдөн байцаалтад 2016 оны 04  дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...аав Жаргалсайхан өөрийнхөө хувцасыг угааж, гадаа дэлгэж тавиад, намайг хатахаар нь оруулаарай гэсэн. Би хувцасыг нь оруулахаа марчихсан чинь аав орой ирээд угаасан хувцас оруулсангүй гэж уурлаад боовны шүүрэн шанагаар миний ...гуя руу цохиод, манай дүү Төгсжаргалыг хажууд зогсож байхад нь баруун гарын долоовор хуруу руу нь боовны шүүрэн шанагааар бас оночихсон.  ...2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...эмээ Уранчимэг, дүү Төгсжаргал гурвуулаа байхад 22 цагийн үед аав архи уусан байдалтай ирсэн. ...эмээ бид хоёр дэлгүүр рүү яваад, 2 шил Боргио пиво, 1 ширхэг лаа аваад гэртээ ирэхэд манай дүү Төгсжаргалын хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд “намайг нааш ир, энд суу” гэхээр нь би урд нь очоод суухад  “чи аавдаа хайргүй юм уу” гээд дух руу гараараа цохисон ...” гэх мэдүүлэг [31], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “....аав хувцасаа угааж тавчихаад гадагшаа гарахдаа угаасан “хувцас оруулчихаарай” гэж хэлэхээр нь би цамц, өмдийг нь оруулахаа мартсан байсан. ...аав ирээд “өмд оруулсан юм уу” гэж хэлэхээр нь мартсан гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь аав “яадаг муу мал бэ” гэж хэлээд газар байсан шүүрэн шанагаар миний баруун хөл рүү цохисон. Миний баруун гуян дээр шүүрэн шанаганы ором гарч улайсан байсан. Дараа нь ...аав эмээ бид хоёрыг “хоёр шил пиво аваад ир” гэж хэлээд дэлгүүр явуулсан. ...буцаад гэрт ирсэн чинь аав намайг “наашаа хүрээд ир” гэж дуудаад очсон чинь “аавдаа хайргүй юм уу” гэж хэлээд миний шилэн хүзүүн дээр нэг удаа алгадсан. ...Эмээ бид хоёрыг дэлгүүр яваад ирсэн чинь дүү Ж.Төгсжаргалын хамраас цус гарсан байсан. ...гэх мэдүүлэг,

   -насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргалын “...2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...аав Маралмаа эгчийг гаднаас угаасан хувцас оруулсангүй гэж уурлаад Маралмаа эгчийн гуя руу боовны шүүрэн шанагаар цохиод, та нар аавыгаа боддоггүй гээд миний гарын хуруу руу /баруун гарын долоовор хуруугаа гозойлгож харуулж байв/ боовны шанагаар цохисон. ...Миний хуруунаас цус гарсан. ...манай аав орой согтуу ирээд эмээ, Маралмаа эгч хоёрыг пиво аваад ир гээд дэлгүүр явуулсан. Тэгээд намайг “нааш ир миний урд сөгд” гэхээр урд нь очоод сөгдөөд суусан чинь “чи яах гээд байгаа юм, аавдаа хайргүй” гээд гараараа миний хамар руу цохисон. Тэгээд миний хамарнаас цус гараад байсан. ...” гэх мэдүүлэг [32], мөн түүний 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “... Аав ...Маралмаа эгчийг угаасан хувцас оруулсангүй гээд Маралмаа эгчийн гуя руу боовны шүүрэн шанагаар цохиод намайг хажууд нь байсан чинь гарын хуруу руу боовны шанагаар бас цохисон. ...Аав бас согтуу ирээд ...намайг сууж байсан чинь хамар руу цохиод цус гарчихсан. Тэгээд Маралмаа эгч, эмээ хоёрыг ирэхэд Маралмаа эгчийг толгой руу нь бас цохисон. ... гэх мэдүүлэг [33],

-гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтад 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Маралмаа надад хандаж “өчигдөр орой аав согтуу ирээд намайг цохисон” гэхээр нь “яаж байгаа юм” гэсэн чинь “шүүрэн шанагаар хөл рүү цохисон” гэж хэлсэн. ...Тэгэхэд харахад Маралмаагийн хөл нь гуяндаа хөхөрчихсөн, Төгсжаргалын гарын хуруу зүсэгдсэн бололтой  шархтай байсан. ...” гэх мэдүүлэг [34], мөн түүний 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 10 дугаар сарын 13-ны орой намайг гэртээ байхад 00 цагийн орчим ээж Уранчимэг орж ирээд Жаргалсайхан агсам тавиад хүүхдүүдээ зодож цохиод байна, чи хурдан оч гэхээр нь би тэр даруй хувцасаа өмсөөд ээжийн хамт гэрт нь очсон. ...” гэх мэдүүлэг [35],

-В.Оюунчимэгийн гэрчээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...2015 оны 8 дугаар сарын сүүлээр нэг орой 21 цагийн үед Маралмаа манайд ганцаараа ирээд “аав намайг зодсон” гэхээр нь “яагаад зодож байгаа юм” гэхэд гадаа “угаасан хувцас оруулсангүй” гэж уурлаад зодсон гэхээр нь ...би Маралмаагаас “аав чинь тэгээд чамайг яаж зодсон бэ” гэхэд “шүүрэн шанагаар цохисон” гээд гуяа үзүүлэхэд нь харахад гуяных нь гадна талд хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг [36],

-гэрч В.Уранчимэгийн мөрдөн байцаалтад 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Маралмаагаас асуухад “аав архи ууж ирээд угаасан хувцас гаднаас оруулсангүй гэж уурлаад шүүрэн шанагаар Төгсжаргал бид хоёрыг цохисон” гэж байсан. ...Харин 2015 оны 10 дугаар сарын 13-ны орой Маралмаа, Төгсжаргал бид гуравыг гэртээ байхад 23 цагийн орчимд Жаргалсайхан архи үнэртүүлсэн байдалтай ирээд ...пиво аваад ир гэхээр нь би Маралмаагийн хамт дэлгүүр ороод 2 шил Боргио пиво, 1 ширхэг лаа аваад ирэхэд Төгсжаргалын хамраас цус гарчихсан зогсож байсан. Жаргалсайхан ...гар зайл гэж хөөхөөр нь би гарч зогсоод чагнаж байтал гэр дотор Жаргалсайхан “чи аавдаа хайртай юмуу, үнэнээ хэл” гэж ярих сонсогдоод Маралмаа ёолох дуу гарахаар нь би яваад ортол Жаргалсайхан Маралмаагийн үснээс зулгаагаад суулгачихсан байсан. ...” гэх мэдүүлэг [37],

-гэрч Б.Буянтогтохын мөрдөн байцаалтад 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хүүхдийн тусламжийн 108 дугаартай утсаар Оюунчимэг гэх хүн холбогдоод 2 хүүхдийн эрх зөрчигдөж байна, аав болох Жаргалсайхан нь архи ууж зодож байна, энэ үйлдэл нь удаа дараагийн үйлдэл юм. Аав нь 2 хүүхдийг боовны шүүрээр цохиж зодсон байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд ахлах мэргэжилтэн Алтанцоожийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 30-530 тоотод ...дүү Буянжаргалаас юу болсон талаар асуухад ...Жаргалсайхан ах эрүүлдээ бол зүгээр байдаг. Архи уусан үедээ 2 хүүхдээ зодож цохидог гэсэн....” гэх мэдүүлэг [38],

-Мөн түүний 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүүхдийн тусламжийн 108 дугаарын утаснаас мэдэгдсэний дагуу очиж уулзаад аав нь яасан юм гэж асуухад Маралмаа өмдөө тайлаад гуяа харуулахад гуянд нь шүүрэн шанаганы ором бололтой, олон нүхтэй ул мөр үүссэн, Төгсжаргалын баруун гарын долоовор хуруунаас цус гараад нойлын цаасаар боочихсон байсныг би гар утсаараа зургийг нь дарж авсан. ...” гэх мэдүүлэг [39],

-гэрч Ц.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “... 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 29 минутад Сараа гэж өөрийгөө нэрлэж хэлсэн хүн мэдээллийн нууцлалыг хадгалахыг хүсээд аав Жаргалсайхан нь архи ууж 2 хүүхдээ байнга зодож дарамталдаг, боорцогны шүүрээр Маралмаагийн гуяыг түлсэн байсан гэх мэдээлэл өгсөн ...” гэх мэдүүлэг [40],

-шүүгдэгч Б.Жаргалсайханы 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа өгсөн: “...Тухайн өдөр угаасан хувцас оруулсангүй, охин хүүхэд байж гэрийнхээ ажлыг хийсэнгүй гэж бухимдан үглэж боовны шүүрээр гуя руу нь дэлсээд авсан нь үнэн. ...2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би архи уусан байхдаа бухимдаад охин Маралмааг хичээл сурлагандаа муудаад байна, хүүхдийн юм авчихдаг гэх зэргээр сайнгүй зүйлийг багштай  нь уулзахад ярьж хэлдэг байсан болохоор тэр байдлыг нь ойлгуулж эцэг хүний хувьд сургамжилж цохиж авсан нь үнэн. Гэхдээ би гэмтэл учруулахаар сүртэй цохиж зодсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [41],

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12271 дугаартай дүгнэлт[42],

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12270 дугаартай дүгнэлт [43],

-шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг [44],

-Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 2015 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн “Хүүхдийн тусламжийн 108” утсанд ирүүлсэн дуудлагын дагуу ажилласан тухай илтгэх хуудас [45],

-хохирогч Ж.Төгсжаргал, Ж.Маралмаа нарыг цохисон гэх шүүрэн шанага, хохирогч нарын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан талаарх мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол [46],

-Хүүхдийн төлөө үндэсний газрын “Хүүхдийн тусламжийн утас-108—д” холбогдох үйлчилгээ авсан ярианы бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, дуудлагын мэдээллийн хуулбар [47] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоодож байна.

Шүүх дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай үзсэн болно.

Тухайн хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Жаргалсайхан нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, догшин авирласан, үйлдлээ удтал үргэлжлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин шүүгдэгч Б.Жаргалсайхан нь өөрийн төрсөн охин Ж.Маралмаа, төрсөн хүү Ж.Төгсжаргал нарыг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр угаасан хувцас оруулсангүй гэх шалтгаанаар шүүрэн шанагаар цохиж зодон, тэдний биед гэмтэл учруулсан, мөн дараа нь тэднийг “аавдаа хайргүй, урд ир, сөгд” гэх зэргээр дарамталж, насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмааг толгой руу нь цохиж зодсон, насанд хүрээгүй Ж.Төгсжаргалыг хамар руу нь цохиж цус гаргах зэргээр зодсон байна. Энэхүү зодох тарчлаах үйлдлээ шүүгдэгч Б.Жаргалсайхан нь насанд хүрээгүй хохирогч нарт бие махбодийн болон сэтгэл санааны өвдөлт, шаналал учруулахаа ухамсарлаж, хүсэж үйлджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Жаргалсайханыг мөрдөн байцаалтаар тогтоогдсоноор насанд хүрээгүй хохирогч нарыг 4 удаа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу хохирогч нарт бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байнга зодож тарчлаасан гэж үзнэ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нараас “насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргалын “баруун гарын сарвуунд учирсан” хөнгөн гэмтлийг хохирогч Ж.Төгсжаргал өөрөө нохойтой тоглож байгаад шилэнд зүсэж учруулсан байдаг юм, дараа нь Ж.Төгсжаргалыг хамар руу нь цохисон асуудал байхгүй гэж маргаж тус тус мэтгэлцсэн.

Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргалаас ”... аав “аавдаа хайргүй” гээд гараараа миний хамар руу цохисон...” гэж 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг, мөн уг мэдүүлгийг насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаа мөн мэдүүлдэг ба мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргал “нохойтой тоглож байгаад шилэнд гараа зүссэн” талаар огт мэдүүлээгүй.

Нөгөө талаас шинжээч Г.Ханхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... С.Төгсжаргалын сарвуунд учирсан гэмтэл нь зах ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зурагт авагдсан шүүрэн шанаганы ирмэгээр цохиход Төгсжаргалын биед учирсан гэмтэл үүсэх боломжтой гэж мэдүүлсэн ба үүнийг үгүйсгэсэн, няцаасан баримтгүй, насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргалын баруун гарын сарвуунд учирсан гэмтлийг шүүгдэгч Б.Жаргалсайхан учруулаагүй гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд 10 настай, насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаад үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан түүний гаргасан мэдүүлгийг сонсоход тус насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал тогтоогдоогүй, харин насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаа нь мэдүүлэг гаргахдаа эмх цэгцтэй, дараалалтай, ойлгомжтой байдлаар хэлж, ярьж мэдүүлж байсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Жаргалсайханыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр түүнд ял оногдуулах үндэстэй байна.  

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаагаас 2015 оны 09 дүгээр сарын 28, 2015 оны 10 дугаар сарын 20, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргалаас 2015 оны 09 дүгээр сарын 28, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус авсан мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаагийн биед зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргалын биед баруун гарын сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан ба, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч В.Оюунчимэгээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Насанд хүрээгүй хохирогч Ж.Маралмаа нь 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 10 настай, насанд хүрээгүй хохирогч Ж.Төгсжаргал нь 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 6 настай байх ба тэдний төрсөн эх Ч.Насанжаргал нь архины хамааралтай болсон гэх шалтгаанаар хамт амьдардаггүй, төрсөн эцэг Б.Жаргалсайхан нь тус хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан ба, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байсан В.Уранчимэг нь шүүгдэгчийн төрсөн эх тул түүнийг өөрчилж, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн ажилтан Б.Байгалмааг тогтоожээ. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/2229 дугаартай “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох” тухай захирамжаар Ж.Маралмаа, Ж.Төгсжаргал нарын асран хамгаалагчаар В.Оюунчимэгийг тогтоосоныг үндэслэн шүүх хууль ёсны төлөөлөгчөөр В.Оюунчимэгийг тогтоож, түүнийг шүүх хуралдаанд оролцуулсан болно.

 

Шүүгдэгч Б.Жаргалсайхан нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

 Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөлд, түүний согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Ж.Жаргалсайханы тус хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 146 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн шүүрэн шанага 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Си Ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.                                                                                                                                          

Шүүгдэгч Б.Жаргалсайханы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 165-166, 213-124 дүгээр тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дүгээр тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дугаар тал.

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дугаар тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр тал.

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 12, 13 дугаар тал.

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дугаар тал.

[25] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[26] 1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 192 дугаар тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 76, 77, 115 дугаар тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал.

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар тал.

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 165-166, 213-124 дүгээр тал.

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр тал.

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал.

[37] 1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дүгээр тал.

[38] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал.

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар тал.

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дугаар тал.

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар тал.

[42] 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал.

[43] 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал.

[44] 1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр тал.

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 192 дугаар тал.